Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 036

 

М.Базарханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 369 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух Сарыбас шугыл овогт Малгажийн Базарханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч М.Базархан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ербол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн жинхэнэ албан хаагчид олгох 36 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжаас үлдсэн 12025468 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: Би 1981 оны 7 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал тасралтгүй 33 жил 6 сар төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ... үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасны дагуу Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3 дахь хэсэгт Төрийн захиргааны болон тусгай албан тушаалд ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанд нийт 26 болон түүнээс дээш жил ажилласан бол хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын сарын буюу үндсэн цалинг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно гэжээ. Мөн энэ талаар Сангийн сайдын 2015 4-1/416 албан тоотын 1 дүгээр хавсралтад Иймд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол батлагдсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө өргөдөл өгч ажлаас чөлөөлөгдөх шийдвэр нь гарсан иргэдийн хувьд өмнө нь мөрдөж байсан хуулийн заалтын дагуу олгоно гэж энэ асуудлаар бүх шатны төсвийн захирагч нарт чиглэл өгсөн. Миний тэтгэвэрт гарахын өмнөх хашиж байсан албан тушаалын сарын үндсэн цалин 733863 төгрөг. Дээр дурдсан журмын дагуу /733863 х 36 сар/ 26419068 төгрөгийг зохих хууль тогтоомжийн дагуу авах ёстой. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс 14393600 төгрөгийг олгосон, үлдсэн 12025468 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй 1 жил 5 сар чирэгдүүлж байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2, Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид олгох 36 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийн үлдэгдэл 12025468 төгрөгийг гаргуулан өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Тус байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан М.Базархан нь Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2015 оны 4-1/146 тоот албан бичгийг баримтлан 26419068 төгрөгийн буцалтгүй тусламж авахаар нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өндөр настан М.Базарханы буцалтгүй тусламж авах тухай дээрх тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолын 2 дахь заалтаар хүчингүй болсон. М.Базархан нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул 2009 оны 164 дүгээр тогтоол нь хамаарахгүй юм. Сангийн сайдын 4-1/416 албан тоотод заасан үндэслэлээр Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол гарч 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс мөрдөх болсон нь зөвхөн эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүмүүст хамаарах юм. Бид М.Базарханд олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолыг үндэслэн тооцож нийтдээ 20737695 төгрөг олгохоос 14393600 төгрөгийг /2015 онд/ олгосон ба үлдэх 6344095 төгрөгийг энэ онд багтаан олгоно. Уг мөнгө нь тус оны төсөвт сууж 7 дугаар сард олгогдох төсвийн хуваарьтай тул түүнээс өмнө олгох боломжгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 369 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын санхүүгээс 6417454 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Базарханд олгож, илүү нэхэмжилсэн 5608014 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Базархан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын санхүүгээс 117629 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг шинэчлэн баталж, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төсвийн тодотгол батлагдсан 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, ажлаас чөлөөлөгдсөн улсын хэмжээний олон мянган төрийн албан хаагчдын эрх ашгийг хохироохгүйгээр зохицуулах үүднээс Сангийн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4-1/416 албан тоотын 01 дүгээр хавсралтад ..... Иймд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол батлагдсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө өргөдлөө өгч, ажлаас чөлөөлөгдөх шийдвэр нь гарсан иргэдийн хувьд өмнө нь мөрдөж байсан хуулийн заалтын дагуу олгоно.... гэж заажээ. Энэхүү зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй орхисонд миний бие гомдолтой байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоол нь хамгийн сүүлд гарсан шийдвэр бөгөөд цоо шинэ шийдвэр биш, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан, уг тогтоолын мөрдөх хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс мөрдөхийг заасан шийдвэр гэж ойлгож байна. Уг журмын 6 дахь заалтаар төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно гэж заасан бөгөөд үүний дагуу авч үзвэл миний тасралтгүй төрд ажилласан хугацаа 33 жил учир 2009 оны 164 дүгээр тогтоолын дагуу урьд нь мөрдөж байсан журмын дагуу олгогдох бас нэгэн бодитой үндэслэл гэж бодож байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад тохирох Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож хэрэглэсэн боловч тухайн үйл баримт болсон үед мөрдөгдөж байсан, хүчин төгөлдөр хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж маргааныг шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т заасныг баримтлан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул тус газарт бэлчээр, тариалангийн газрын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Базарханыг ажлаас чөлөөлжээ. М.Базархан нь төрийн албанд 33 жил 6 сар ажилласан байх бөгөөд түүний албан тушаалын үндсэн цалингийн хэмжээ нь 733863 төгрөг болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Төрийн албан хаагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч С.Базархан нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.-т зааснаар хууль, тогтоомжид заасан хэмжээгээр нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй ба тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолыг үндэслэн нэг сарын үндсэн цалингийн хэмжээг 36 дахин (жилээр) үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний 26419068 төгрөг авахаас 14393600 төгрөгийг авсан, зөрүү 12025468 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, М.Базарханд олгох тэтгэмжийн хэмжээг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2. (2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрчлөлт орсон), Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолын дагуу ажилтны сүүлийн 3 жилийн албан тушаалын үндсэн цалингийн дундажийг (628415 төгрөг) ажилласан жилээр (33 жил) нь үржүүлэн, олговол зохих тэтгэмжийн хэмжээ 20737695 төгрөгөөс олгосон гэх 14393900 төгрөгийг хасч, үлдэгдэл мөнгөн тэтгэмжийн хэмжээг 6344095 төгрөгөөр тооцож, хариу тайлбар болон тооцооны хүснэгтийг ирүүлжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийсэн боловч хариуцагчийн үгүйсгэлийн үндэслэлийг зөвтгөж, ажилтны сүүлийн 3 жилийн цалин хөлсний дундажийг ажил олгогч буруу тооцсон талаар дурдаж, С.Базарханы сүүлийн гурван жилийн дундаж цалин хөлсийг 630638 төгрөгөөр тогтоож, үүнийг 33 жилээр үржүүлэн, түүнд олгогдох нийт мөнгөн тэтгэмжийн хэмжээг 20811054 төгрөгөөр тодорхойлсон нь ажилтан тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдөх үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3 дахь заалтад нийцээгүй байна.

2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.-т Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. гэж заажээ. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай[1] 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2. дахь хэсгийг Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална. гэж өөрчилж, уг хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Түүнчлэн, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3.-т Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2.-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. гэж заасан ба Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолоор тус журмын 3 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно. гэж өөрчилж, уг өөрчлөлтийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл, М.Базарханд олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг түүний төрийн албанаас чөлөөлөгдсөн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, тогтоомжийн дагуу тооцоход, ажилтны нэг сарын үндсэн цалин болох 733863 төгрөгийг төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор буюу 33 дахин нэмэгдүүлсэнтэй[2] тэнцэх хэмжээгээр 24217479 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна. Үүнээс М.Базарханд олгогдсон 14393900 төгрөгийг хасвал, түүнд олгогдох нэг удаагийн буцалтгүй тусамжийн мөнгөн дүнгийн зөрүү нь 9823579 төгрөг байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор батлагдсан[3] Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3 дахь заалтад Тайлбар: Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан хаагчийн сүүлийн гурван жилийн нэг сарын үндсэн цалингийн дунджаар тооцож олгоно. гэж тайлбар хийснийг шүүхээс хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5.-д Хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно. гэж заасан ба Засгийн газраас гаргасан дээрх журмын 3 дахь заалтад тусгагдсан тайлбар-ыг хэм хэмжээ агуулсан, хэм хэмжээ тогтоосон журмын заалт гэж үзэх үндэслэлгүй байна. Харин уг журмын 3.-т ...төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг... гэж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.-т ...албан тушаалын цалинтай нь тэнцэх... гэж тодорхой тусгасныг шүүхээс дээрх байдлаар тайлбарлаж хэрэглэлээ.

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын санхүүгээс 9823579 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Базарханд олгож шийдвэрлэв. Шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэсгийг өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй тул хангахгүй орхиж, хуульд зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн гэсний дараа /2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөгдөж байсан/ гэж нэмж, тус заалтын 6417454 /зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга, дөрвөн зуун тавин дөрвөн гэснийг 9823579 /есөн сая найман зуун хорин гурван мянга, таван зуун далан ес/ гэж, 5608014 /таван сая зургаан зуун найман мянган арван дөрвөн/ гэснийг 2201889 /хоёр сая хоёр зуун нэг мянга, найман зуун наян ес/ гэж, 2 дахь заалтын 117629 гэснийг 172127 гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч М.Базарханы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК

 

 

 

 

[1] Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2015 оны №05 /866/-д нийтлэгдсэн.

[2] Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 6.-д Төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно. гэжээ.

[3] Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2015 оны №10 /871/-д нийтлэгдсэн.