| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0031/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 32
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Хохирогч Г.Х ,
Шүүгдэгч О.О , түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О т холбогдох эрүүгийн 1915000000010 дугаартай, 163/2019/0031/э индэкстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн ... оршин суух, Этүгэн дээд сургуульд инженер програмист 2 дугаар курсын оюутан, Х овогт О.О,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.О нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Г.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О ын өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орой 11 цаг 30 минут болж байхад хохирогч Г.Х гийн хоёр хүүхэд нь манайд байсан. Тэгэхэд хоёр хүүхэд нь уйлаад байсан. Уг нь Г.Х манайхаас 1 цагийн чөлөө аваад хүүхэд харж байгаарай гэчихээд явсан. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь “Ө” кафед ороход байхгүй байсан. Тэгээд Халиун булагт байгаа байх гэж бодоод ортол найзуудын хамт сууж байсан. Би явж очоод хоёр хүүхэд чинь уйлаад хэцүү байхад ингэж явлаа энэ тэр гэж янз бүрийн үгээр доромжилсон. Тэгээд би текний хажууд зогсож байтал Г.Х араас хүрч ирээд “чи намайг миний найзуудын хажууд доошоо хийлээ” гэж хэлээд миний күртекнээс зулгааж татаад урчихсан. Тэгэхээр нь би цааш нь түлхэхэд унасан. Ингээд байж байтал Халиун Булагийн зөөгч ирээд манайх хаалаа та нар гарцгаа гэсэн. Тэгээд Х г аваад явах гэтэл явж өгөхгүй байсан. Арай гэж дагуулаад явахад явж ядаад байхаар нь араас нь түлхсэн. Тэгтэл шат руу унасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Х гийн өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээсээ гарч найз нөхөдтэйгөө уулзах гэсэн боловч гаргахгүй байсан. Орой манай нэг найз бүсгүй эмнэлэг дээр явж байна хүрээд ир гэж дуудаад байсан. Тэгэхээр нь би очиж уулзчихаад доошоо уруудаад таксинд суулгаж өгчихөөд Б гэх найзтайгаа яриад хамт харих уу гэж асуухад “би Халиун булагт байна, хүрээд ир” гэхээр нь явж очсон. Тэнд М , нөхрийн хамт, Гэрлээ, Б бид хэд сууж байсан. Би гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гараад 11 цагийн үед Халиун булагт орсон. Ингээд сууж байтал О орж ирчихээд муухай хараад янз бүрийн ааш араншин гаргаад байсан. Би хүмүүсийн хажууд янз бүр болоод яахав гэж бодоод юу ч хэлээгүй. Цаашаа яваад текэн дээр очих үед нь явж очоод чи миний найзуудын дэргэд намайг эвгүй байдалд орууллаа гэж хэлэхэд цохиод авсан. Тэгээд намайг шууд чирч гаргаад түлхээд унагаасан. Нөгөө хэд араас гарч ирээд эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ? гээд түргэн тусламж дуудсан. Би сэтгэл санааны болон бие махбодын хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
1915000000010 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Г.Х гийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн үед Халиунбулаг бааранд гэр бүлийн найзуудтайгаа сууж байхад манай нөхөр О гаднаас ороод ирсэн. Орж ирээд намайг явахгүй юм уу гэж хэлсэн. Би баар одоо хаах гэж байна одоо гарлаа гэж хэлсэн. Гэрээс намайг гарахад бид 2 хоорондоо маргалдсан байсан. О ыг текин дээр сууж байхад би хойноос нь очоод чи одоо хүмүүсийн хажууд яаж байгаа юм гэж хэлэхэд шууд гараараа толгой руу зүүн талын шанаа руу нэг удаа цохиод авсан. Халиунбулагаас намайг чирч гаргаад Халиунбулагын гаднах шатруу түлхэж унагаасан. Би хөдлөж чадахгүй байсан учир манай найз охин Нямка түргэн тусламж дуудсан байсан. Би тэгээд ээжрүүгээ залгаж болсон явдлын талаар хэлсэн. Ээж цагдаад хандаж дуудлага өгсөн. Хэрэг болсоны маргааш орой нь О ын ээжээс манай ээжийн 5270167296 дугаарын дансанд 30000 төгрөг, 170000 төгрөг гээд нийт 200000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоогоор надад гаргаж өгөх баримт байхгүй. Хохирлоо барагдуулах саналтай байна гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,
Гэрч Б.Б ын өгсөн:...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Халиунбулаг караокед би Г.Х , М , түүний нөхөр Б , найз Г бид хэд сууж байсан гаднаас О.О ганцаараа согтуу орж ирээд Г.Х г элдэвээр хэлж доромжлоод байсан ба намайг ариун цэврийн өрөө орчихоод гараад ирсэн. Тэгсэн аваад гарчихсан гэхээр нь араас нь гараад иртэл Г.Х г О.О араас нь түлхээд шатнаас унагачихсан байсан. Г.Х босож чадахгүй газар өвдөөд байна гэхээр нь би эмнэлэг дуудаж түргэний машинд суулгаж өгөөд явуулсан. О.О бааранд орж ирээд Г.Х г янхан банзал, чи ингэж явдаг барьдаг гээд элдэвээр хэлж доромжлоод байсан. Харахад согтуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн харагдаж байсан ба өөрөөс нь ч гэсэн согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэр 2 юунаас болж тэгж хэрэлдэж маргалдсанг мэдэхгүй. Х тухайн орой надруу 23 цагийн багцаанд залгахаар нь Халиунбулагт байна гэхэд ганцаараа ирээд тэгээд харихдаа хамт явья гээд намайг хүлээгээд л сууж байсан. Би нөгөө хэдтэй нь хамт сууж байсан юм. Г.Х тэнд байхдаа ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй, намайг хүлээгээд сууж байсан. Гаднаас орж ирэхдээ тэр 2 таарамжгүй байсан гэх зүйл бол Х яриагүй. Би Г.Х , О.О нарын хоорондын харьцааг сайн мэдэхгүй, ямар ч байсан хамт амьдардаг. Г.Х нь жирэмсэн гэдгийг нь би мэдэх юм. Г.Х тухайн үед эрүүл байсан. Шатнаас түлхээд унагачихсанаас өөрөөр зодож цохиогүй байх. О.О ыг орж ирээд Г.Х г хэл амаар элдэвээр хэлээд байхад нь би ариун цэврийн өрөө орчихоод гараад ирсэн О.О, Г.Х г чирээд аваад гарчихлаа гэхэд нь би араас нь гарсан түлхээд унагаачихлаа, миний бие өвдөөд байна гэхээр нь би түргэн дуудсан гэх мэдүүлэг /хх-18-19 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаартай
1. Г.Х гийн биед зүүн шуу, сарвуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 21 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01-02 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 07 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-22-23 тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.О нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Г.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.Х , яллагдагч О.О , гэрч Б.Б нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдол гэж үнэлэв.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаагийн шүүгдэгч О.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.О ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.О т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тоогдохгүй, 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн харицлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.О нь гэм буруугийн талаар маргаагүй ба торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргасан байх тул шүүх түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.О ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт О.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.О ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О ыг 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Х нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,энэ хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ