| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 223/2025/00001 |
| Дугаар | 223/МА2025/00001 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 223/МА2025/00001
2025 1 23 223/МА2025/00001
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2024/00930 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: У................... хот С................ дүүрэг .............дүгээр хороо, ............. гудамж ............, ......................, “Ж...Т...К...ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...............Т аймгийн Ж................. сум, .............аг, ................ тоотод оршин суух, Т............ овогт Д.............. Э................-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 23,769,390.12 төгрөг гаргуулах, мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О............,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М.............,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ж...Т...К...ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргилын гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч "Капитал Континент Инвестмент" ББСБ буюу одоогийн нэр нь “Жэй Траст Кредит ББСБ" ХХК нь хариуцагч Д.Этай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 7,800,000 төгрөгийг зээлүүлсэн. Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба Зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийхээр талууд харилцан тохиролцсон.
Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт зээлдэгч гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр заасан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ФГХ18/408 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу Фидуцийн гэрээ байгуулж, KIA Bongo-3, KN3HNP6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн.
Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь 2018 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн 15-ны өдөр зээлийн төлбөрийг эргэн төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчих болсон ба нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 1680 хоног хоцорсон. Иймд нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, шаардлага тавьсан боловч зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй ба холбогдохгүй алга болсон.
Мөн Фидуцийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн эзэмшилдээ хураан авч, худалдан борлуулна" гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох KIA Bongo-3 маркийн автомашиныг хураан авах, барьцааны эрхээ хэрэгжүүлэх ажиллагааг хийх гэсэн боловч Фидуцийн зүйл хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан.
Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т "Зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн, эсхүл зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 /нэг/ хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн" бол гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Дээр дурдсанчлан зээлдэгч зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.
Мөн "Капитал Континент Инвестмент" ББСБ нь хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-т "Б тал нь Даатгуулагчид зээл олгох үед нэр нь "Ж...Т...К...ББСБ ХХК болон "Мандал Даатгал" ХХК нарын хооронд байгуулсан даатгалын хураамжийг даатгуулагчаас хүлээн авч өөрийн дансанд түр төвлөрүүлэх ба сар бүрийн 15 болон 30-ны өдрүүдэд А талтай тооцоо нийлнэ" гэж, 2 дугаар зүйлийн 2.9-т "Даатгуулагч даатгалын хураамжийг Б талын дансанд төлсөн нь даатгагч, даатгуулагчийн хооронд даатгалын гэрээ байгуулсан гэж үзэн даатгуулагчид тооцно" гэж тус тус заасан.
Үүнээс гадна зээлийн гэрээний 2.1.9-т барьцаа автомашиныг “...зээлийн хугацаатай адил хугацаагаар даатгуулна..." гэж заасан. Хариуцагч Д.Э нэхэмжлэгчтэй гурван жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулахдаа нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Уг даатгалын гэрээний хугацаа дууссан. Харин хариуцагч Д.Э даатгалын хураамжийг төлж даатгалын гэрээний хугацаагаа сунгуулаагүй. Иймд нэхэмжлэгч тал 2019 оноос 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл даатгалын хураамж нийт 428,044.50 төгрөгийг төлсөн.
Фидуцийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.9-т “өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон үйл ажиллагааны бүхий л зардал, татвар, төлбөр, хураамж болон энэхүү гэрээг биелүүлэхтэй холбоотой бусад төлбөрийг үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч хариуцахаар заасан. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан энэхүү зардлыг хариуцагч этгээд төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
Зээлдэгч нь төлбөрийн үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2023 оны 10 дугаар сараас тасалбар болгон Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөр 7,391,910.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,295,649.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,355,119.53 төгрөг, даатгалын хураамж 428,044.50 төгрөг, хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтэд хамаарах улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын төлбөр 87,400 төгрөг, орчуулгын хөлс 30,000 төгрөг нийт 20,658,323.40 төгрөг гаргуулахаар шаардсан.
Мөн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаан дахь зээлийн хүүгийн төлбөр 2,592,555,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 518,511.12 төгрөг, нийт 3,111,066.72 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.
2. Хариуцагч Д.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: “...Д.Э нь “Капитал континент Инвестмент ББСБ”-тай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7,800,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч нь Х.Портер маркийн автомашиныг худалдан авч амьжиргаандаа хэрэглэж байтал зам тээврийн осолд орсон. Д.Э хохирогчид учирсан хохирлоо барагдуулахын тулд өөрт байгаа хөрөнгө, мөнгөө зарцуулсан. Иймд Д.Э зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь хийж чадаагүй. Нэхэмжлэгч анх 20,658,323.40 нэхэмжилж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа буюу зээлийн хүүг 2,592,555.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 518,511,12 төгрөг, нийт 3,111,066.72 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Хариуцагч Д.Э зээлийн хүүгээс бусад нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй. Харин дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг багасгаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Эгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,658,323.40 /хорин сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун хорин гурван төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Ж...Т...К...ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,111,066.72 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар KN3HNP6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ улсын дугаартай KIA bongo-3 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,718.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас 400,991.62 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч “Ж...Т...К...ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч “Ж...Т...К...ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхтуяагийн давж заалдах гомдолд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргилын гаргасан тайлбарын агуулга: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасан үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн шүүх хэрэглэх ёсгүй буюу өөр хуулийг хэрэглэсэн алдаа гаргажээ. Үүнд:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,111,066.72 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг хэрэглэсэн буюу тайлбарлаж иш татжээ. /Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн 17, 18, 19 дүгээр дүгнэлтүүд/ Гэвч, нэхэмжлэгч компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос авсан зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дээрх Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэхгүй. Харин, ББСБ болон Иргэн хоорондын зээлийн гэрээ, зээлийн үйл ажиллагаатай холбоотой харилцаанд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэрэглэгддэг. Гэтэл, шүүх зохигч талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанд үл хамаарах, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,111,066.72 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "...тухайн зээлийн гэрээ нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болж тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрх дуусгавар болно. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нийт 3,111,066.72 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй..." /Шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн 19/ гэж дүгнэсэн байна.
1.Гэрээний хугацаа дууссан нөхцөл байдал нь зээлдүүлэгч хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс шаардахад саад болохгүй буюу зээлдэгчийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй", мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заагдсан байдаг.
2.Шүүх анх шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хангасан мөртлөө нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш шүүх хуралдаан хийгдэж, шийдвэр гарахаас өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүү, нэмэгдүүлсэн хүүг чухам ямар шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Уг нь шүүх "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т "Иргэний хуулийн 451.1-т заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ" гэж зааснаар хариуцагч зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч шийдвэр гаргахдаа хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй хугацааг яагаад "анх нэхэмжлэл гаргасан өдөр"-өөр тасалбар болгож хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. "Анх нэхэмжлэл гаргасан өдөр" болон "нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдөр" гэсэн 2 хугацаа нь шаардлага гаргах шаардлагаа нэмэгдүүлэх эрх зүйн харилцаа шүүхэд нэхэмжлэл гаргах үйл ажиллагааны шинж чанарын хувьд ялгаагүй нэг төрлийн шаардлага юм.
Гэтэл шүүхээс "анх нэхэмжлэл гаргасан өдөр" хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг зөвшөөрсөн атлаа "нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдөр" хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2024/00930 дугаар шийдвэрийн "нэхэмжлэлийн шаардлагаас 3,111,066.72 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 930 дугаартай шүүхийн шийдвэрээс нэмэгдүүлсэн шаардлагыг хүчингүй болгуулах, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан байна. Зээлийн гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Хариуцагч зээлийг хуваарийн дагуу хугацаандаа төлж барагдуулах үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчээс зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл, шаардлагуудыг хүргүүлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Хэрэв зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй нэг хоног хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээг цуцалж, буцаан шаардах эрхийг эдэлнэ гэж зээлийн гэрээний 6.1.1-т заасан. Үүний дагуу шаардах эрхээ тухайн үед хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэрээний хугацаа дуусгавар болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Барьцааны хөрөнгө болох автомашин одоо эвдэрсэн байдалтай байгаа. Уг шалтгааны улмаас зээлээ төлж чадаагүй. Анхан шатын шүүх хэргийг фидуцийн гэрээгээр барьцаалсан зүйлээр үүргийг хангуулах, зээлийн төлбөрт нийт 20,658,323.40 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн нэхэмжлэгч “Ж...Т...К...ББСБ ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчмыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээг тогтоов.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчсөн зүйлгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон, хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч тухайн харилцааг зохицуулаагүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “Ж...Т...К...ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 23,769,390.12 төгрөг гаргуулах, мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Фидуцийн гэрээний дагуу KIA Bongo-3, KN3HNP6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжихдээ “...хариуцагч Д.Этай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаартай зээлийн болон Фидуцийн гэрээ байгуулж, 7,800,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ноцтой зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 7,391,910.33 төгрөг, хүү 11,295,649.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,355,119.53 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалын хураамж 428,044.50 төгрөг, хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын төлбөр 87,400 төгрөг, орчуулгын хөлс 30,000 төгрөг нийт 20,658,323.40 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 3,111,066.72 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Мөн хариуцагч Д.Э зээлийн гэрээний үүрэг 23,769,390,12 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Фидуцийн гэрээний дагуу KIA Bongo-3, KN3HNP6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна...эвлэрэх боломжгүй” гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргахдаа: “...Хариуцагч Д.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 19,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүгээс 4,769,390.12 төгрөгт холбогдох хэсгийг төлөх боломжгүй тул багасгаж өгнө үү...” гэсэн үндэслэлээр татгалзаж мэтгэлцсэн.
Харин зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаартай зээлийн гэрээ байгуулсан, 7,800,000 төгрөг шилжүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор KIA Bongo-3, KN3HNP6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ маркийн автомашиныг Фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн, зээлийн гэрээний үүргээс үндсэн зээл 408,089.67 төгрөг, хүү 1,641,410.33 төгрөг төлсөн үйл баримт болон нэхэмжлэлээс тээврийн хэрэгслийн даатгалын хураамжид 428,044.50 төгрөг, хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн баримтын төлбөрт 87,400 төгрөг, орчуулгын хөлс 30,000 төгрөгт холбогдох шаардлагын талаар маргаагүй байна.
3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл:
Нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК нь “Капитал Континент Инвестмент” ББСБ” гэсэн хуулийн этгээдийн нэрээ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрчлөн бүртгүүлсэн.
Нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК /“Капитал Континент Инвестмент” ББСБ/ нь хариуцагч Д.Этай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаартай зээлийн болон Фидуцийн гэрээ байгуулж, 7,800,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, хариуцагчийн өмчлөлийн KIA Bongo-3, KN3HNP6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.
Нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК /“Капитал Континент Инвестмент” ББСБ/ нь “Мандал даатгал” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17/155 дугаартай хамтран ажиллах гэрээнд заасны дагуу хариуцагч Д.Эгийн тээврийн хэрэгслийн даатгалын төлбөрт 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 157,950 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 142,155 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 127,939.50 төгрөг төлсөн.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/01941 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Эг эрэн сурвалжилж, нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн баримтыг орчуулсан орчуулгын хөлсөнд 30,000 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн төлбөрт 87,400 төгрөг төлсөн.
Хариуцагч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтөөс үндсэн зээл 408,089.67 төгрөг, хүү 1,641,410.33 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгдээгүй, нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар шаардлага болон гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн М20/247 тоот, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Ш20/116 тоот, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ш21/13 тоот, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн М21/178 тоот, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Ш22/012 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 7,391,910.33 төгрөг, хүү 13,888,204.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,873,630.65 төгрөг, нийт 23,173,745.62 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй талаарх үйл баримт хавтаст хэргийн 10, 17-18, 22-26, 27-33, 39-40, 42-51 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтын талаар “...Зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаар зээлийн гэрээ, ФГХ18/408 дугаар фидуцийн гэрээний үүргийг нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК шаардах эрхтэй байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтад нийцсэн гэж үзлээ.
4.Хууль хэрэглээний талаар:
4.1. Зохигчдын хооронд үүссэн зээлийн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан байхаас гадна тусгайлан зохицуулсан хуулиар буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж заасан байхаас гадна 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна.
Мөн зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаартай зээлийн гэрээг байгуулахдаа 2.4-т “Зээлдэгч нь зээлийн хүүг Эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй бол энэхүү Гэрээний 2.1.4-т заасан хугацаа хэтрүүлсэн хүүгээр тооцно.”, мөн гэрээний 2.5-т “Зээлдэгч нь Гэрээнд заасан Зээлийн хугацаа дуусахад Зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид Зээлийн төлбөр, Хугацаа хэтрүүлсэн хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ” гэж харилцан тохиролцжээ.
Иймд хариуцагч Д.Э зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлсөн тохиолдолд гэрээ дуусгавар болох тул нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК нь шүүхэд анх гаргасан 20,658,323.40 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн хүүг 2,592,555.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 518,511.12 төгрөг, нийт 3,111,066.72 төгрөгөөр нэмэгдүүлж шаардах эрхийг хуулиар хязгаарлаагүй бөгөөд шаардах эрхтэй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Эгаас 20,658,323.40 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК-д олгож, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 3,111,066.72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэх хэсгийн 17-т “...Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан зээлийн гэрээ нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан ба энэ үед гэрээний харилцаа Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмаар тус тус зохицуулагдаж байсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээлийн харилцааг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болжээ.
18-т “...Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.7-т зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь хөдлөх хөрөнгө барьцаалахаас гадна батлан даалтын арга хэмжээг авах эрхтэй болж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-т зааснаар анзыг хэрэглэхийг хориглосон хэм хэмжээ тус тус шинээр бий болжээ. Мөн хуулийн 29.1-т талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэж заасан байна.
19-т “...Иймд зээлийн гэрээ байгуулсан, тухайн гэрээ хэрэгжиж байх үед хуулиар анз тохирохыг хориглоогүй, харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах журмыг хуулиар тогтоосноор буюу тухайн зээлийн гэрээ нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болж тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрх дуусгавар болно...” гэх дүгнэлтүүдийг хийсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.
Өөрөөр хэлбэл, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид "мөнгөн зээлийн үйл ажиллагаа" гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна” гэж хуулийн үйлчлэх хүрээг заасан.
Нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд тул Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хууль үйлчлэхгүй юм.
Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан “...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч, хариуцагч Д.Эгаас 23,769,390.12 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
4.2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Фидуцийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн эзэмшилдээ хураан авч, худалдан борлуулна" гэж гэрээний талууд тохиролцсон байна.
Иймд нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК нь хариуцагч Д.Эгаас гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр, эсхүл фидуцийн гэрээнд заасан хөдлөх хөрөнгөөр хангуулах, эсхүл эхлээд мөнгөөр шаардаж, мөнгөө сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйлээр хангуулах аргын аль нэгийг сонгон шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.
Хариуцагч Д.Э нь фидуцийн гэрээний зүйл болох KIA Bongo-3, KN3HNP6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ маркийн автомашиныг эвдэрч гэмтсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд уг тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байгаа ч тогтоох хэсэгт дурдах нь зүйтэй ба хариуцагчийн эрх ашгийг дордуулахгүй болно.
4.3.Мөн зохигчид нэхэмжлэлээс тээврийн хэрэгслийн даатгалын хураамжид 428,044.50 төгрөг, хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн баримтын төлбөрт 87,400 төгрөг, орчуулгын хөлс 30,000 төгрөгт холбогдох шаардлагын талаар маргаагүй тул шүүх гэрээнээс учирсан хохиролд хууль зүйн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх диспозитив буюу талуудын зарчимд нийцсэн гэж дүгнэв.
5.Нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,727.06 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2024/00930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Д.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 20,658,323.40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,111,066.72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...хариуцагч Д.Эгаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,769,390.12 /хорин гурван сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун ерэн төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг...” гэж,
2 дугаар заалтад “...KN3HNP6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ улсын дугаартай, KIA bongo-3 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг “...KN3HNP6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ улсын дугаартай, KIA bongo-3 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдсугай...” гэж,
3 дугаар заалтад “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,718.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгаас 400,991.62 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК-д олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 гэж..., ...хариуцагч Д.Эгаас улсын тэмдэгтийн хураамж 465,718.68 /дөрвөн зуун жаран таван мянга долоон зуун арван найм төгрөг жаран найм мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК-д олгосугай...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ" ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,727.06 /жаран дөрвөн мянга долоон зуун хорин долоо зуун төгрөг зургаа мөнгө/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС