| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0040/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 38
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М. Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б д холбогдох эрүүгийн 1815001870006 дугаартай 163/2019/0040/Э индэкстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Б овогт Ц.Б,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутаг Овоотой гэх газраас иргэн П.О ын 4 тооны адууг хулгайлж, 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
1815001870006дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч П.О ын өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Могод сумын төвийн баруун урд талд Хонгор халзан азаргатай 17 тооны адуу, хар азаргатай 27 тооны адуунууд маань байсан. Тухайн өдөр нь очиж харахад бүрэн байсан. Тэгээд би орой 17 цагийн орчимд адуу хайгаад Хайрханы өвөрт явж байтал манай найз Б надруу залгаад танай Хонгор халзан азаргатай адууг М хашаанд хашиж байна гэсэн. Тэгэхээр нь шууд сумын төвд орж ирээд Сайхнаа гэх залууг машинаараа айл руу яваад өгөөч гэж гуйгаад Б бид 2 суугаад замаараа бид 3 манай Хонгор халзан азаргатай адуугаа олоод бүртгэхэд 3 байдас, 1 даага байхгүй дутуу байсан. Тэгээд бид 3 М гэх айлд 21 цагийн орчимд очсон. Тэгэхэд гэрийн гадаа очиход манай адуунаас 1 тооны хязаалан хээр байдас хонины хашаанд уяатай байсан. Тэгээд М гийн гэрт ороход М эхнэрийн хамт 2 уулаа байж байсан. Тэгээд гэрт ороод өөрийнхөө адууг асуухад М өөдөөс юм хэлэхгүй байгаад байсан. Тэгээд би чи яахаараа хүний адууг авдаг юм гэхэд М миний өөдөөс би танай адууг авсан. Нэг хүний нэр хэлээд тэр хүнд алж өгөх гэж байсан гэж хэлсэн. Тэгээд би манай адуунаас 4 тооны адуу байхгүй байна хаана байна гэхэд М би нэгийг авсанаа хүлээнэ бусдыг нь мэдэхгүй гэсэн. Тэгж хэлээд бид хоёрын хажууд надтай хамт явсан 2 хүн М гийн эхнэр зэрэг хүмүүс байсан. Тухайн үед бариад уячихсан байсан хээр байдсыг М сул тавиад явуулчихсан байсан. Тэр байдас нь эргээд М гийн адуунд нийлчихсэн явж байгаа одоо хүртэл надад өгөхгүй байгаа. Надтай таарахаараа өгнө гээд л байгаа гэх мэдүүлэг /хх-13-14 тал/
Гэрч П.С гийн өгсөн: “...О ынх 3 азаргатай адуутай. Хонгор халзан азаргатай адуунаас 3 байдас, 1 даага алга болсон байсан. Тооны үеэр бол тухайн адуунууд байсан. Алга болох үе нь малын тооны дараахан байсан...Б гэх айлаас 1 тооны хээр зүсмийн адуу авсан. Тэр үед нь би О ынд байсан болохоор ирэхэд хараад шүдэлж үзэхэд ногооны шүдлэн байдас байсан. Тэгэхээр тухайн үед алдсан хээр даага нь мөн болсон ” гэх мэдүүлэг /хх-19-20 тал /
Гэрч Л.Б гийн өгсөн:...” Б гийн гэрийн гадаа очиход хонины хашаан дотор хээр зүсмийн үрээ юм уу байдас байсан. О бол манай хээр байдас мөн байна гэж байсан. Тэгээд бид 3 гэрт нь ороход Б эхнэрийн хамт байсан. О адуугаа харсан уу гэж асуухад эргэлзээд хаана харлаа гээд будилаад байсан. Тэгээд бид 3 эргэж гараад сүлжээтэй газар очоод цагдаа дуудах гэтэл сумын цагдаа хөдөөгүүр ажилтай явсан байхгүй байна гэж байсан. Тэгээд эргээд Б гийнд очиход нөгөө уяатай байсан хээр байдсыг тавиад хөөгөөд явуулчихсан байсан. Тэгээд гэрт ороод О та яагаад хүний байдас барьж уясан одоо хаана байна гэхэд сая тавиад явуулчихсан. Маргааш өглөө олж өгнө гэж байсан. Эр хүн олзонд, эрвээхэй зуланд гэж ах нь идэх гэж байсан юмаа гэж хэлсэн... бор хээр зүсмийн насаар хязаалан байх шиг харагдсан. Даага бол биш байсан арай том харагдаж байсан. О тухайн үед манай хээр байдас байна гэж шууд таньсан” гэх мэдүүлэг /хх-21-23 тал/
Гэрч Э.Д ы өгсөн: “...Б гийн гэрийн гадаа очиход хашаан дотор нь 1 адуу уяатай байсан. Тэгээд бид 3 Б гэх айд ороход Б эхнэрийн хамт байсан. О ах ороод өөрийнхөө адууг асуухад мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь бид буцаж гараад цагдаад хэлье гээд сүлжээтэй газар ороод залгахад цагдаа нар суманд байхгүй ажилтай явчихсайн байсан. Тэгээд эргээд очиход хашаанд уяатай байсан байдас байхгүй байсан. Тэгээд ороод О миний байдас гадаа уяатай байсан та хүний мал авдаг хэн юм гэхэд Б ах нь хулгай хийгээд авчихсан юмаа би идэш идчих санаатай авчихсан юм гэсэн утгатай юм ярьсан...О манай хээр байдас мөн байна гэж шууд таньсан” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 7 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47 тал/, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Могод сумын малын үнэлгээ /хх-34 тал/, бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутаг Овоотой гэх газраас иргэн П.О ын 4 тооны адууг хулгайлж, 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар өгсөн... би тухайн үед П.О ын адуунаас идэшиндээ хэрэглэх гэж нэг даагыг нь тасалж туусан юм. Тэгээд таслах гэж байгаад дөрвөн тооны адуу азарганаасаа тасарсан болохоор тэр чигээр нь туугаад гэртээ аваачсан гэх мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.О ын мэдүүлэг, гэрч П.С , Л.Б , Э.Д нарын мэдүүлэг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Могод сумын малын үнэлгээ, зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд хэргийн талаар нотолвол зохих зүйл бүрэн нотлогдсон, мал хулгайлах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан байх тул бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О т 2000000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ц.Б нь 4 тооны адууны үнэ болох 2000000 төгрөгийн хохирлыг мөнгөн төлбөр болон биет байдлаар буцаан төлсөн байх тул хохирол хор уршиг арилсан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохмрлыг төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл айдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөнүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөнүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ