Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00309

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хорооны Хайлаастын 24-583 тоотод оршин суух Авга хариад овогтой Шагдарсүрэнгийн Пүрэв-Очир /РД:УХ75031312/-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хужиртын Б-4-14 тоотод оршин суух Харчин овогт Алтангэрэлийн Үүрийнтуяа /РД:ГЮ75061315/-д холбогдох зээл, зээлийн хүү, алданги 5285000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00303/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Пүрэв-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны хавар буюу цагаан сараар өөрийн төрсөн нутаг Булган аймагтаа очоод багийн найз А.Үүрийнтуяатай уулзаж аж амьдрал, ахуй байдлаа ярилцах явцад манай эхнэр Амгалан ломбард ажиллуулдаг. Булганы хүмүүсийг сайн таньдаг болохоор найдвартай хүмүүст зээл өгдөг болохоор эргэлт гайгүй байдаг гэхээр нь харилцан ярилцаад хэдэн төгрөг оруулж хамтран ажиллахаар болж ашгийг нь адил тэнцүү буюу тав таван хувиар авахаар тохиролцон би өөрийн данснаас 6000000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Үүрийнтуяагийн 5270347651 тоот дансанд шилжүүлсэн. Шилжүүлээд удалгүй надад мөнгөний хэрэг гарсан тул 3 дугаар сарын 11-ний өдөр 600000, 03 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөгийг буцаан авсан. Ингээд үлдсэн 5300000 төгрөгийн ашиг болох сарын 265000 төгрөгийг /04 дүгээр сарынхыг/ 05 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн түүнээс хойш 6,7 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус бүр 200000 төгрөг шилжүүлсэн. Хүү бүрэн орж ирэхгүй найдвар муутай байсан тул би өөрийн биеэр 8 дугаар сарын 17-ны өдөр ирж Үүрийнтуяагаас мөнгөө авъя гэхэд тэр өдөр дансаар 1300000 төгрөг бэлнээр 200000 төгрөг нийт 1500000 төгрөг өгөөд үлдсэн 3800000 төгрөгийг өгөх боломжгүй байгаагаа учирлаад цагаан сар өнгөртөл буюу 7 сарын хугацаантай зээлийн гэрээ байгуулах санал тавьсан. Би өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулах гэтэл тухайн үед иргэний үнэмлэхгүй, Булганы лавлагааны машин ажиллахгүй байсан учраас өөрийн нагац ах болох Цогтсайханы хамт нотариатч дээр очиж түүнтэй зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлийг төлөөгүй тул Үүрийнтуяаг багийн найз чинь юм, төрийн тодорхой алба хашдаг нэр төрийг нь бодоод эвийн журмаар эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээр хандсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч болох эхнэр Амгалан нь уг төгрөгнөөс 700000 төгрөгийг өгсөн тул хүүгийн үлдэгдэл 820000 төгрөг, 35 хоногийн алданги 665000 төгрөг нийт 5285000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүрийнтуяа нь 2 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 16 хоногийн хүү 160000, 7 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 20 хоногийн хүү 176000 төгрөг нийт 336000 төгрөгийн ашгийг өгөөгүй боловч нэхэмжлээгүй болно гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ш.Пүрэв-Очир хариуцагч А.Үүрийнтуяа бид харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5285000төгрөгийг хариуцагч А.Үүрийнтуяа төлөхийг хүлээн зөвшөөрч 800000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор, үлдэгдэл 4485000 төгрөгийн өрөнд УАЗ-469 /1994 оны супер/, УАЗ-469-ын мотор, кроп, дугай 2ш хамт 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд гарийн үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Пүрэв-Очир нь А.Үүрийнтуяагаас зээл, зээлийн хүү, алданги 5285000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Пүрэв-Очир хариуцагч А.Үүрийнтуяа нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5285000 төгрөгийг хариуцагч А.Үүрийнтуяа төлөхийг хүлээн зөвшөөрч 800000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор бэлнээр, үлдэгдэл 4485000 төгрөгөнд УАЗ-469 машин /1994 оны супер/, УАЗ-469 машины мотор, кроп, дугай 2ш хамт 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Ш.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй, А.Үүрийнтуяад холбогдох 5285000 /таван сая хоёр зуун наян таван мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцожхариуцагч А.Үүрийнтуяа нь нэхэмжлэгч Ш.Пүрэв-Очирын нэхэмжилсэн 5285000 /таван сая хоёр зуун наян таван мянган/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 800000 /найман зуун мянган/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор бэлнээр, үлдэгдэл 4485000 /дөрвөн сая дөрвөн зуун наян таван мянган/төгрөгөнд УАЗ-469 машин /1994 оны супер/, УАЗ-469 машины мотор, кроп, дугай 2ш хамт 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Пүрэв-Очирын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 99500 /ерэн есөн мянга таван зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Үүрийнтуяагаас 49750 /дөчин есөн мянга долоон зуун тавин/ төгрөг, Төрийн сангаас 49750 /дөчин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Пүрэв-Очирт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН