Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 40

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,  

Хохирогч Б.О , М.Н ,

Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б эд холбогдох эрүүгийн 1815001800198 дугаартай, 163/2019/0041/э индэкстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... оршин суух, 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Булган аймгийн сум дундын шүүхийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар торгох ялаар, 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Булган аймгийн сум дундын шүүхийн 90 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, А овогт С.Б  ,   

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Б  нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын Балигын гол гэх газраас хохирогч Б.О ийн 50 тооны адуу хулгайлан авч 26800000 төгрөгийн хохирол, хохирогч М.Н ийн 2 тооны адууг хулгайлан авч 1600000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О ийн өгсөн: Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өөрийн дүү Ө ийн хуриманд оролцоод 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд ирсэн. Тэгээд 50 тооны адуугаа алдсан гэдгээ мэдсэн. Ингээд 38 тооны адууг нь эргүүлж авсан. 12 адууг нь аваагүй. Энэ адуунаас 7 нь нас бие гүйцсэн бүдүүн адуу, 5 унага байсан. 1 адуугаа зах зээлийн ханшаар бодуулж үнэлгээ гаргуулсанХөдөлмөрийн чадвар байхгүй, хохирол төлөх боломжгүй, малгүй гэж худлаа мэдүүлэг өгч байна. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд С.Б ийнх дандаа мянгат малчин гэж тоологдож байгаа . Миний хохирлыг маань барагдуулаад өгчихвөл гомдол, саналгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Н ийн өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр адуугаа алдсан. Манай адуу үнэгт гэх газраас ерөөсөө холддоггүй юм. Би тэр хавиас хайгаад олдохгүй байсан. Тухайн үед өвс муутай байсан болохоор энэ хавьд байгаа байлгүй дээ гэж найдаад яваад байсан. Сүүлд манай нутгийн ах адууг чинь олчихлоо гээд аваад ирсэн. Ингээд адуугаа бүртгэхэд цавьдар морь, хүрэн морь хоёр байхгүй байсан. Манайх нийт 32 тооны адуутай. Ингээд 30 адуу ирсэн. Энэ адуугаа тууж явахад нь манай дүү нар тааралдаад та хаа хүрч явна вэ? гэхэд ах нь Бугат сум орох гээд төөрчөөд явж байна гэж хэлсэн байна. Гэхдээ С.Б  хэзээ ч төөрөхгүй хүн. С. Б  миний хоёр морины хохирлыг барагдуулаад өгчихвөл гомдол, саналгүй гэжээ.

1815001800198 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:  

Яллагдагч С.Б ийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 10-ны үед манай хүү Н  над руу залгаад манай адуу  Баян-Агт сум руу гүйчихлээ та өөдөөс тосоод олоод аваад ирээч гэж хэлсэн. Тухайн үед манай хүү Н  Булган аймгийн Бугат сумын нутагт Г  гэдэг айлын малыг малладаг байсан. Тэгээд би гэрээсээ 22 цагийн үед харанхуй болсон байхад морьтой гараад Бугат сум руу явж байтал манай адуу Баян-Агт сумын нутаг Балигийн гол гэдэг газар ирсэн байсан мөн манай сумын У  гэдэг айлын 50 орчим тооны Хүрэн азрагатай адуу бас тэнд байхаар нь өөрийнхөө адуутай У ын адууг хамт туугаад 7-8 км орчим туугаад Хануй голын ойролцоо аваачаад хашаанд хашиж байгаад У ын адуунаас хар, хүрэн, бор /цагаан/, халтар зүсмийн 4 тооны морь барьж аваад хооронд нь холбоод өөрийнхөө адуунд нийлүүлээд Бугат сум руу туусан, урагшаа даваад Цагаан гол гэдэг газар очоод өөрийнхөө адууг орхиод унаж явсан морио тавиад тэр 4 адуунаас хар морийг нь эмээллэж унаад нөгөө 3 морио хөтлөөд шөнөжин яваад Эрдэнэт рүү үүрээр орж явтал Эрдэнэтийн захад дарханы дугаартай портер машинтай хүн таараад намайг адуу зарах уу гэхээр нь зарна гээд тэгээд нэг адууг нь 500000 төгрөгөөр бодоод 2 сая төгрөгөөр зарахаар болоод машин дээр нь ачиж өгөөд явуулсан. Тухайн үед таарсан залуу махны ченж юм шиг байсан намхан бор залуу байсан ганцаараа явж байсан. Тэгээд би эмээлтэйгээ үлдээд Булганы таксынд суугаад Булганд орж ирээд Янжинлхам гэдэг эгчийнд нэг хоноод маргааш нь Баян-Агт сум руу хөдөө гэрлүүгээ харьсан. Тэгээд гэртээ ирээд 4-5 хоногийн дараа адуугаа очиж аваад Бугат сум руу явсан, тэгэхэд манай адуу Цагаан гол дээр байсан бөгөөд манай адуутай хамт хүрэн азрагтай адуу байхаар нь хүрэн морь, цавьдар морь хоёрыг барьж аваад холбоод адуундаа оруулж хамт туугаад шөнө замдаа мод руу орж унтаад өглөөгүүр Бугат сум руу орсон. Н  Бугат сумын  Арбулаг гэдэг газар байсан бөгөөд Цагаан голоос 80 орчим км зайтай байдаг. Намайг Н  дээр очиход Н  ганцаараа байсан бөгөөд Г  хашаа барих гээд Сэлэнгэ голын захад байдаг өвөлжөөрүүгээ явсан байсан. Тэгээд би тэндээ хоноод нөгөө хоёр адуугаа өглөө эрт нядлаад Эрдэнэт рүү ачиж оруулаад зарсан. Миний машин тухайн үед Н ий байсан газар байсан юм. Тэгээд машин дээрээ ачаад Эрдэнэт рүү ороод Хүлэг зах руу оруулж махны ченжид өгсөн, танихгүй ченжид өгсөн эрэгтэй ченж байсан. Нэг адууны мах нь 500000 төгрөг болсон нийлээд 1 сая төгрөг болсон. Арьс толгой бүгдийг нь хамт өгсөн. Гарал үүслийн бичиггүй өгсөн. Тэгээд буцаад Бугатад ирээд Н ийд хэд хоноод буцаад Баяг-Агт сум руу гэртээ ирсэн гэх мэдүүлэг /хх-55-56 тал/

Хохирогч Б.О ийн өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлүүнхээ хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өөрийн дүү Ө ийн хуриманд оролцоод 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд ирсэн. Тэгээд маргааш нь адуугаа бүртгэж үзэхэд манай 8 азарга адуунаас 5-ын тоон тамгатай хүрэн азргатай адуу байхгүй байсан ба уг адуун дунд байсан бор зүсмийн морь маань толгойндоо мяндсан ногттой өөр адуунд нийлсэн байсан. Тэгээд адуугаа хайж эхэлсэн ба сураг гарахгүй байсан. Үүнээс хойш нэг сарын дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны үед манай адуунууд Баян-Агт сумын Баянхайрхан багийн Дөхөм гэх газар ирсэн байсан гэж манай дүү Ө  хэлсэн. Тэгээд Дөхөм гэх газар очиж адуугаа харахад уг адуунууд манай 5-ын тоон тамгатай адуунууд мөн байсан ба бүртгэж үзэхэд 12 тооны адуу алга байсан ба тэнд 38 тооны адуу буцаж ирсэн байсан юм” гэх мэдүүлэг /хх-20-22 тал/

Хохирогч М.Н ийн өгсөн: би 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орчимд би өөрийн Хүрэн азрагтай 32 тооны адуугаа 10 орчим хоног хайаад олоогүй. Тэгтэл манай нутгын ах Г  гэх хүн 2017 оны 08 дугаар сарын 20-ны орчим манай адуунууд  Хутаг-Өндөр сумын Уньт багийн Тамагт хад буюу Нарийн төлбөр гэх газар байж байхаар нь туугаад ирлээ гээд надад авч ирж өгсөн. Би адуугаа аваад бүртгэж үзэхэд Хүрэн морь, Цавьдар морь хоёр маань алга байсан учраас би цагдаагийн байгууллагад хандах болсон юм гэх мэдүүлэг /хх-25-26 тал/

Гэрч М.Н ын өгсөн: “... П / Б / гэх хүнтэй 2017 оны 08 дугаар сарын  дундуур Баян-Агт сумын Дулаанхаан багийн Цагаан гол гэх газар тааралдсан, тэгж таарах үед би Батчулуун, Самдан нартай хамт явж байхад П  /Б / гэх хүн нь 50 орчим  тооны өтгөн адуу туусан явж байсан. Бид нар очиход П / Б / нь Э  гэх залуутай юм яриад сууж байсан бөгөөд та хаа хүрч яваа юм гэхэд ах нь Бугат сум руу нүүсээн, тийшээ явж байна гэж хэлсэн. Би тууж явсан адуун дээр нь биеэрээ очоогүй ээ, тийм учраас тамгыг нь анзаарч хараагүй, харин тууж явсан адуу нь олон тооны цагаан зүсмийн адуутай байсан бөгөөд нэг тооны дэлийг нь дарсан хойд хөл доголсон хар морь явж байсан юм  гэх мэдүүлэг /хх-30 тал /

Гэрч Б.О ийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 25-ны үед адуугаа бүртгэж үзэхэд манай нэг азрага адуу байхгүй байсан бөгөөд уг адуунд байсан бор морины хүзүүнд мяндсан бугуйлны тасархай үлдсэн байсан бөгөөд уг бор морь адуунаасаа ганцаараа үлдсэн байсан ба манай нөхөрийн уядаг 6 адуун дунд нийлсэн байсан. Нийт унагатайгаа нийлээд 50 гаруй адуу байсан. Тэгээд адуугаа нэг сар орчим хайхад олдоогүй бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны үед манай адуунууд Баянхайрхан багийн Дөхөм гэх газар ирсэн байсан. Тэгээд адуугаа бүртгэж үзэхэд 6 бүдүүн морь, нэг даага, 5 унага байхгүй байсан бөгөөд 38 тооны адуу буцаж ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-31-32 тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-02 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14 тал/, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-42 тал/, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-44 тал/, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-49 тал/, 2016, 2017 оны жилийн эцсийн тоологдсон малын А дансны тодорхойлолт /хх-59-62 тал/, эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.    

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б ийн нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын Балигын гол гэх газраас хохирогч Б.О ийн 50 тооны адуу хулгайлан авч 26800000 төгрөгийн хохирол, хохирогч М.Н ийн 2 тооны адууг хулгайлан авч 1600000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэгт шүүгдэгч С.Б ийн  гэм буруугийн талаар өгсөн... У  гэдэг айлын 50 орчим тооны Хүрэн азрагатай адуу байхаар нь өөрийнхөө адуутай У ын адууг хамт туугаад 7-8 км орчим туугаад Хануй голын ойролцоо аваачаад хашаанд хашиж байгаад У ын адуунаас хар, хүрэн, бор /цагаан/, халтар зүсмийн 4 тооны морь барьж аваад хооронд нь холбоод өөрийнхөө адуунд нийлүүлээд Бугат сум руу туусан, урагшаа даваад Цагаан гол гэдэг газар очоод өөрийнхөө адууг орхиод унаж явсан морио тавиад тэр 4 адуунаас хар морийг нь эмээллэж унаад нөгөө 3 морио хөтлөөд шөнөжин яваад Эрдэнэт рүү үүрээр орж явтал Эрдэнэтийн захад ДАы дугаартай портер машинтай хүн таараад  адуу зарах уу гэхээр нь зарна гээд  нэг адууг нь 500000 төгрөгөөр бодоод 2 сая төгрөгөөр зарахаар болоод машин дээр нь ачиж өгөөд явуулсан. ...Мөн манай адуу Цагаан гол дээр байсан бөгөөд манай адуутай хамт хүрэн азрагтай адуу байхаар нь хүрэн морь, цавьдар морь хоёрыг барьж аваад холбоод адуундаа оруулж хамт туугаад шөнө замдаа мод руу орж унтаад өглөөгүүр Бугат сум руу орсон.. Тэгээд би Н ийд хоноод нөгөө хоёр адуугаа өглөө эрт нядлаад Эрдэнэт рүү ачиж оруулаад зарсан. Миний машин тухайн үед Н ийд байсан  юм. Эрдэнэт рүү ороод Хүлэг зах руу оруулж махны ченжид өгсөн, танихгүй ченжид өгсөн . Нэг адууны мах нь 500000 төгрөг болсон нийлээд 1 сая төгрөг болсон. Арьс толгой бүгдийг нь хамт өгсөн. Гарал үүслийн бичиггүй өгсөн. Тэгээд буцаад Бугатад ирээд Н ийд хэд хоноод буцаад Баяг-Агт сум руу гэртээ ирсэн гэх мэдүүлэг /хх-55-56 тал/, хэрэг үйлдэгдсэн цаг  хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч Б.О ийн өгсөн... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны үед манай адуунууд Баян-Агт сумын Баянхайрхан багийн Дөхөм гэх газар ирсэн байсан гэж манай дүү Ө  хэлсэн. Тэгээд Дөхөм гэх газар очиж адуугаа харахад уг адуунууд манай 5-ын тоон тамгатай адуунууд мөн байсан ба бүртгэж үзэхэд 12 тооны адуу алга байсан ба тэнд 38 тооны адуу буцаж ирсэн байсан юм гэх мэдүүлэг, М.Н ийн  өгсөн... 2017 оны 08 дугаар сарын 20-ны орчим манай адуунууд  Хутаг-Өндөр сумын Уньт багийн Тамагт хад буюу Нарийн төлбөр гэх газар байж байхаар нь туугаад ирлээ гээд надад авч ирж өгсөн. Би адуугаа аваад бүртгэж үзэхэд Хүрэн морь, Цавьдар морь хоёр маань алга байсан учраас би цагдаагийн байгууллагад хандах болсон юм гэх мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч М.Н ын өгсөн... П  /Б / гэх хүн нь 50 орчим  тооны өтгөн адуу туусан явж байсан. Бид нар очиход П / Б / нь Э  гэх залуутай юм яриад сууж байсан бөгөөд та хаа хүрч яваа юм гэхэд ах нь Бугат сум руу нүүсээн, тийшээ явж байна гэж хэлсэн. Би тууж явсан адуун дээр нь биеэрээ очоогүй ээ, тийм учраас тамгыг нь анзаарч хараагүй, харин тууж явсан адуу нь олон тооны цагаан зүсмийн адуутай байсан бөгөөд нэг тооны дэлийг нь дарсан хойд хөл доголсон хар морь явж байсан гэх мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-02 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14 тал/, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-42 тал/, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-44 тал/, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-49 тал/, 2016, 2017 оны жилийн эцсийн тоологдсон малын А дансны тодорхойлолт /хх-59-62 тал/, эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгч С.Б  нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын Балигын гол гэх газраас хохирогч Б.О ийн 50 тооны адууг тууж яваад 4 тооны адуу авч зарж борлуулсан, мөн  хохирогч М.Н ийн 2 тооны адууг тус тус хулгайлсанаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 Хэрэгт авагдсан дээрхи баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч С.Б  нь хохирогч Б.О ийн 50 тооны адууг тууж явсан. Үүнээс 4 тооны адууг зарж борлуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг нь  хохирогч Б.О ийн мэдүүлэгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн... 50 тооны адуугаа хулгайд алдаад сураггүй олон хоносон 38 тооны адуугаа олж, 12 тооны адуу дутсан манай адуунууд хол явдаггүй гэх мэдүүлэг, хохирогч М.Н  2 тооны адууг хулгайд алдсан гэх мэдүүлэг, гэрч Н ийн...С.Б  нилээн  тооны мал тууж явсан ба цагаантай  адуу олон байсан Бугат сум руу нүүж яваа талаар ярьж байсан гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б  нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын Балигын гол гэх газраас хохирогч Б.О ийн 50 тооны адууг хулгайлан авч 26800000 төгрөгийн хохирол, хохирогч М.Н ийн 2 тооны адууг хулгайлан авч 1600000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг орон нутгийн үнэлгээний комисс  гаргажээ.      

Иймд хэргийн талаар нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч С.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч С.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О , М.Н  нарт 28400000 төгрөгийн хохирол учирчээ.

 Үүнээс хохирогч Б.О   38 тооны адууг олж авсан  ба үлдэгдэл 12 тооны адууны үнэ болох 5350000 төгрөг, хохирогч М.Н ийн 2 адууны үнэ 1600000 төгрөгийг тус тус шүүгдэгч С.Б ээс гаргуулж олгох нь зүйтэй байна.    

Шүүгдэгч С.Б эд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б ийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тоцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч А овогт С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ийг 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Б эд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.                                   

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Б ээс 6950000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Н ид 1600000 төгрөг, хохирогч Б.О д 5350000 төгрөгийг тус тус олгосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б ийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б эд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭРЭНДУЛАМ