| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00198/И |
| Дугаар | 00310 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 00310
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэндаргалж, хийсэн шүүх хуралдаанаар Д.Гантулгын нэхэмжлэлтэй, Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай 132/2016/00198/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүүний 27-07 тоотод оршин суух, Чонос овогт Дэмчигсүрэнгийн Гантулга /РД:ГЮ67060975/, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,
хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1978 онд төрсөн, дээд боловсролтой, Хаан банкинд хуулийн зөвлөх, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол, 107-17 тоотод оршин суух Туж овогт Нацагийн Ариунтуул. /ВЭ78062204/, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Баасанжав, гэрч Д.Лхагва, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны Булган салбарт галчаар ажилд орж, нярав, ерөнхий нягтлан бодогч, туслах аж ахуйн нярав, теллер, харилцагчийн зөвлөх, харуул зэрэг ажлыг 16 жил хийсэн. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс Хаан банкны Булган салбарын Жаргалант тооцооны төвд теллерээр ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 72 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр харилцагч Д.Лхагва 100000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгээд гарахдаа мөнгөө авалгүй мартаад гарсан байсан. 30-40 минутын дараа эргэж ирээд мөнгө авалгүй мартсан байна гэхээр нь би гүйлгээ хийсэн баримтаа хараад 100000 төгрөг өгөхөд тэрээр би 40000 төгрөг авах ёстой, 60000 төгрөг нь танай банкны мөнгө гэсэн. Орой нь гүйлгээ хаагаад кассаа тоолоход 60000 төгрөг илүү гарахаар нь би өөрөө авчихсан. 2-3 хоногийн дараа харилцагч Лхагва ирж мөнгөө дутуу авсан байна гэж хэлснээр энэ асуудал үүсч надад сахилгын арга хэмжээ авалгүй шууд ажлаас халсан. Би харилцагчид 60000 төгрөгийг нь буцаагаад өгчихсөн хэн нэгэнд ямар нэг хохирол учираагүй байхад шат дараалсан арга хэмжээ авалгүй шууд ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Надад тэр 60000 төгрөгийг хувьдаа завших санаа зорилго байгаагүй. Иймд намайг Хаан банкны Булган салбарын Жаргалант тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1702714 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
Хаан банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Гантулга нь Хөдөлмөрийн гэрээнд шууд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан тул 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 72 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болохыг ажилд олгогчид зөвшөөрсөн. Д.Гантулга 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр харилцагч зарлагын гүйлгээ хийхдээ мөнгийг дутуу өгсөн төдийгүй уг мөнгийг банкны зохих журмын дагуу бүртгэх, олгох зэргээр ажиллаагүй, хувьдаа авч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан. Мөн уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардалагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлартаа: Д.Гантулга нь Хаан банкны Булган салбарын Жаргалант тооцооны төвд теллерээр ажиллаж байсан ба Булган салбарын захирлын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 72 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь тэрээр 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр харилцагч Д.Лхагвад 100000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийхдээ мөнгийг дутуу өгсөн төдийгүй илүү гарсан 60000 төгрөгийг хувьдаа авч ашигласан. Харилцагч буруу, зөрүү ойлгож мөнгөө дутуу авсан байж болох ч теллер харилцагчид мөнгийг бүрэн олгох үүрэгтэй. Мөн кассын илүүдэл гарсан тохиолдолд зохих журмын дагуу ахлах теллерт мэдэгдэж кассын илүүдэлд бүртгээд зохих гүйлгээг хийж кассаа тааруулах ёстой. Кассын илүүдэл 60000 төгрөгийг Гантулга хувьдаа авсан учраас ахлах теллер мэдэх боломжгүй байсан. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр харилцагч Лхагва гүйлгээ хийлгэх гэж ирээд данснаасаа 60000 төгрөг дутсаныг мэдэж энэ асуудал илэрч Гантулга 60000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч харилцагчид өгсөн. Гантулга банкинд 15-16 жил ажилласан хүн энэ журмыг мэдэхгүй байна гэж байхгүй. Тэгэхээр түүнийг хувьдаа ашиглах санаа зорилго байгаагүй гэж үзэх боломжгүй юм. Гантулгын гаргасан зөрчил нь Банкс программ ашиглах технологи журмын хориглох зүйл хэсгийн 8.3.1, Кассын үйл ажиллагааны журам, мөн теллерийн ажлын байрны тодорхойлолтын 2.14 дэх заалтыг зөрчсөнөөс гадна ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.7-д нэрлэн заасан ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 5.7-д ..дор дурдсан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахыг ажилтан зөвшөөрсөн байна. Хөдөлмөрийн гэрээний 5.7.7-д ..албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал буюу байгууллагаас хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан /банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн/ аливаа үйлдэл гаргасан байхыг ойлгох бөгөөд Гантулга нь эрхэлсэн ажлынхаа давуу тал, байгууллагаас хүлээлгэсэн итгэлийг хувийн сонирхолд ашиглаж, тухайлбал банкны мөнгийг хувьдаа авч завшсан үйлдэл гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Энэ зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцсон учраас шат дараалсан арга хэмжээ авах шаардалагүй юм. Теллерээр ажиллаж байсан Гантулга нь хөдөлмөрийн гэрээнд шууд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 72 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гантулга нь, Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1702714 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч Д.Гантулга нь ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч..Д.Гантулга нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх 1, 11 тал/
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Гантулга нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс Хаан банкны Булган салбарын Жаргалант тооцооны төвд теллерээр ажиллаж байсан ба Хаан банкны Булган аймаг дахь салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 72 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна. / хх 2 тал/
Д.Гантулгыг ажлаас чөлөөлөхдөө 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр харилцагчид зарлагын гүйлгээ хийхдээ мөнгийг дутуу өгч, касс хаахдаа илүү гарсан 60000 төгрөгийг хувьдаа авч ашигласан гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг ту тус баримталжээ. /хх 2 тал/
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Гантулга нь Булган аймаг дахь ХАА-н банкны захирлын 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 26 тоот тушаалаар галчаар томилогдон түүнээс хойш Хаан банкны Булган аймаг дахь салбарт нярав, ерөнхий нягтлан бодогч, туслах аж ахуйн нярав, теллер, харилцагчийн зөвлөх, харуул зэрэг ажлуудыг хийж байгаад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс Хаан банкны Булган салбарын Жаргалант тооцооны төвд теллерээр ажиллаж байсан байна.
Д.Гантулга нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр харилцагч Д.Лхагвад 100000 төгрөгийн зарлагынгүйлгээ хийсэн байх бөгөөд харилцагч мөнгөө авалгүй гарч яваад 30-40 минутын дараа буцаж ирээд мөнгөө авахад нь дутуу өгч, илүү гарсан 60000 төгрөгийг өөртөө авсан байна. 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр харилцагч Д.Лхагва өөрийнх нь данснаас 60000 төгрөг дутсан талаар банкинд өргөдөл гаргаж үүний дагуу тухайн асуудлыг шалгаж теллер Д.Гантулга 60000 төгрөгийг харилцагчид буцааж өгсөн болох нь зохичгдын тайлбар, харилцагч Д.Лхагвын Хаан банкинд гаргасан өргөдөл, /хх 76 тал/, теллер Д.Гантулгын 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр бичсэн тайлбар, /хх 75 тал, зөрчил тогтоосон акт, /хх 74 тал/, гэрч Д.Лхагвын шүүх хуралдаанд өгсөн ....би 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны Булган салбарын Жаргалант тооцооны төвөөр үйлчлүүлж 100000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэсэн. Мөнгөө авахаа мартаж гарч яваад 30-40 минутын дараа эргэж ирсэн. Теллер баримтаа үзээд надад 100000 төгрөг буцааж өгөхөөр нь би 40000 төгрөг авах ёстой гэж хэлээд 60000 төгрөгийг нь авалгүй гарч явсан. 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр дахин гүйлгээ хийлгэхээр ирсэн. Дансанд 260000 төгрөг байх ёстой гээд үлдэгдлээ шалгуулахад 200000 төгрөг байна гэсэн. Тэгээд би 60000 төгрөг дутсан байна гэж банкинд өргөдөл гаргаж, энэ асуудал үүсч теллер Гантулга надад 60000 төгрөгийг буцааж өгсөн гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд илүү гарсан 60000 төгрөгийг теллер Д.Гантулга өөрөө авсан гэдэгт талууд маргахгүй байна.
Харин нэхэмжлэгч нь ..би кассаас илүү гарсан 60000 төгрөгийг хувьдаа ашиглах санаа зорилго байгаагүй, харилцагчийг авах гээд ирэх үед нь өгнө гэж бодож байсан, кассын илүүдлийг ахлах теллерт мэдэгдэж бүртгүүлээгүй буруу байгаа ч энэ нь ажлаас халах хэмжээний зөрчил биш, шат дараалсан сахилгын арга хэмжээ авч болох байсан гэж маргаж байгаа хэдий ч гүйлгээ хийсэн теллер нь зарлагын баримттай тулгаж мөнгийг харилцагчид бүрэн олгох, кассын илүүдлийг өөртөө авах биш ахлах теллертээ мэдэгдэж кассын илүүдлийн бүртгэлд бүртгүүлэээгүй нь Хаан банкны банкс программ ашиглах технологи журмын хориглох хэсгийн 8.3.1, теллерийн ажлын байрны тодорхойлолтын 2.14 дэх заалтыг / хх 71 тал/ зөрчсөн байна. Нэхэмжлэгч Д.Гантулгын дээрх гаргасан зөрчлийг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцжээ. /хх 67-68 тал/. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 5.7-д ..дор дурдсан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах, 5 дугаар зүйлийн 5.7.7-д .....албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал буюу байгууллагаас хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан /банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн/ аливаа үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд хамаарч байна.
Харилцагч буруу ойлгож мөнгөө дутуу авсан байж болох ч теллер харилцагчид мөнгийг бүрэн олгож, кассын илүүдэл гарсан тохиолдолд зохих журмын дагуу ахлах теллерт мэдэгдэж кассын илүүдэлд бүртгээд зохих гүйлгээг хийж кассаа тааруулах ёстой байжээ.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгч Д.Гантулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байх тул Хаан банкны Булган салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1702714 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Д.Гантулгын гаргасан гэх зөрчийг хариуцагч байгууллага CD бичлэгээр баталгаажуулж, бичлэгийн агуулгыг тайлбарласан албан бичгийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх ба тайлбарын сүүлийн 2 хэсэг CD-ний бичлэгт харагдахгүй байгаа боловч кассын илүүдэл 60000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Гантулга өөрөө авсан гэдэгтээ маргахгүй байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хаан банкны Булган салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1702714 /нэг сая долоон зуун хоёр мянга долоон зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН