| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00962/и |
| Дугаар | 209/МА2025/00005 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 209/МА2025/00005
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2024/01442 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 төгрөг гаргуулах",
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: "*******т илүү төлсөн 9,980,000 төгрөгийг буцаан гаргуулах" тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ...******* нь Дархан хотод будааны бизнес эрхэлдэг бөгөөд намайг өөрийн бизнест хөрөнгө оруулж хамтран ажиллах санал тавьсны дагуу хамтран ажиллахаар тохирсон. Миний бие *******д 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ******* нь миний мөнгийг будааны эргэлтийн мөнгөндөө оруулж ашиг олох, олсон ашгаасаа надад сар бүр 2,000,000 өгөхөөр тохиролцсон. Бид ойр дотно, найз нөхдийн харилцаатай байсан учраас бичгээр гэрээ байгуулаагүй ба 2010 оны 11 сарын 05-ны өдөр 70,000,000 төгрөгийг *******ын Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлсэн.
Ингээд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *******аас миний данс руу эхний 2,000,000 төгрөгийн ашиг орж ирсэн. Түүнээс хойш коронавирусын халдвар дэлхий нийтээр гарсан байсан тул ******* нь байдал хэцүү байна, сар бүр боломжоороо мөнгийг чинь өгөөд явна гэж хэлж байсан. Би нөхцөл байдлыг нь хүндэтгэн үзэж, дараа нь нөхөөд өгөх байх гэж итгэн өнөөдрийг хүртэл өгсөн мөнгийг нь аван хүлээцтэй хандаж ирсэн.
Хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба анх ярилцаж тохирсон ашгаа цаг хугацаандаа өгөхгүй байгаа тул 2024 оны 03 дугаар сард *******тай уулзаж үндсэн мөнгөө буцааж авч өөрөө хэрэглэмээр байна гэдгээ хэлсэн. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан ба дахин дахин шаардсан боловч үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байна.
******* нь 2020 оны 12 дугаар сараас эхлэн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 39 сарын хугацааны ашиг 78,000,000 төгрөгийг өгөх ёстойгоос нийт 43 удаагийн гүйлгээгээр 52,980,000 төгрөгийг шилжүүлсэн. Би одоо энэхүү ашгийн зөрүүг нэхэмжлэхгүй, өөрийн үндсэн мөнгөний үлдэгдэл 50,000,000 төгрөгөө буцаан гаргуулах хүсэлтэй байх тул хариуцагчаас төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ. / 1-р х.х 1 /
1.2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:
Миний хувьд их хэмжээний мөнгөө олон жилийн хугацаагаар бусдад ямар ч үр ашиггүй хадгалуулах шаардлага байхгүй. Банканд хадгалуулсан бол *******аас авахаас илүү хэмжээний хүү авах боломжтой байсан. Өнөөдрийг хүртэл хүний мөнгөөр ашиг олсон хэр нь одоо ингэж илтэд худлаа ярьж байгаад харамсаж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. /1-р х.х 205 /
2. Хариуцагч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
******* нь намайг хадгалж байгаач гээд Хаан банкны ******* тоот данс руу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 70,000,000 төгрөг шилжүүлсэн. ******* нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөнгөний хэрэг боллоо гэхээр нь түүний данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн.
2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 03 сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн.
Миний бие *******т 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 79,980,000 төгрөг өгсөн.
Надад хадгалуулсан мөнгөө хөрөнгө оруулалт хийсэн, ашиг олох тохиролцоо хийсэн гэх мэтээр худал зүйл бичиж намайг гүтгэсэн байна. Нарийн тооцоог гаргавал 82,000,000 төгрөг миний данснаас *******ийн данс руу орсон нь дансны хуулгаас харагдана. Надад *******т төлөх, буцаан өгөх, мөнгөний өглөг байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / 1-р х.х 145 /
3. Хариуцагч *******ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...******* нь хадгалж байгаач гээд миний ХААН банкны ******* тоот данс руу 2020 оны 11 сарын 05-ны өдөр 70,000,000 төгрөг шилжүүлсэн.
******* нь 2020 оны 12 сарын 17-ны өдөр мөнгөний хэрэг боллоо гэхээр нь түүний данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. ******* нэхэмжлэл бичихдээ намайг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд мөнгө буцаан шилжүүлсэн гэсэн байсан. Миний 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг тооцоондоо оруулаагүй байна. Миний дансны хуулгаар түүнд нийт 82,000,000 төгрөг өгсөн нь тооцоолоод үзэхэд тодорхой болно.
Миний хувьд *******ийн надад хадгалуулсан 70,000,000 төгрөгийг 82,000,000 төгрөг болгон өгсөн байхад дахин 50,000,000 төгрөг надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна.
Нарийн тооцоог гаргавал 82,000,000 төгрөг миний данснаас *******ийн данс руу орсон нь дансны хуулгаас харагдана. Буцаан өгсөн 82,000,000 төгрөгөөс жижиг сажиг өгч байсан мөнгөө хасаад 9,980,000 төгрөгийг *******т илүү өгсөн гэж буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. /1-р х.х 142, 165 /
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч *******аас 50,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, 9,715,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 407,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 174,630 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлсэн тухай:
Анхан шатны шүүх ...гэрчүүдийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дүгнэж чадаагүй. Шүүхээс гэрчийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй чухам ямар баримтаар давхар нотлогдох ёстойг, эсвэл ямар баримтаар мэдүүлэг няцаагдаж байгаа талаар ойлгомжтой, тодорхой, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан.
Харин ...Хариуцагчаас нэхэмжлэгчийн данс руу нийтдээ 55 удаагийн гүйлгээ хийгдсэн үүнээс зөвхөн 3-хан гүйлгээний утгыг үндэслэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг шүүх тодорхойлох нь учир дутагдалтай. Учир нь дээрх гүйлгээний утгууд ямар утгыг илэрхийлж байгаа нь ойлгомжгүй, энэ талаар шүүх тодруулаагүй. Шууд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй сар бүр ашиг өгч байсан гэх тайлбартай шууд тохирч байна гэж үзэх ч боломжгүй байна. Гэтэл шүүх дээрх байдлаар эрх зүйн харилцаан тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
5.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухай:
“...хариуцагч нь 79,715,000 шилжүүлсэн гэж маргасан боловч 2021 оны 02 сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 26-нд дансаар 33,000 төгрөг түүний данснаас *******ийн дансанд орсон эсэх нь нотлогдоогүй байхаас гадна нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 21-нд дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлснийг нэхэмжлэгч 10 сарын 24-ний өдөр орсон гэж зөрүүтэй бичсэн байдал тогтоогдсон.” хэмээн маш ойлгомжгүй дүгнэлт хийж хэрэгт цугларсан дансны хуулгаар нотлогдсон үйл баримтыг үгүйсгэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 2 хх 44-46 дугаар тал/
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбарын агуулга:
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийг үгүйсгэж ямар үндэслэлээр талуудын хооронд хадгалалтын гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа болох, энэхүү гэрээ хэрхэн байгуулагдаж, яаж хэрэгжсэн, энэ нь ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, дансны гүйлгээний хуулга, талуудын тайлбар мэдүүлэгт үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж гэрээ цуцалсантай холбоотойгоор шаардсан мөнгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. /2 х.х 54 /
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 50 000 000 төгрөг гаргуулах, / 1-р х.х 1, 2/
Хариуцагч ******* нэхэмжлэгч *******т холбогдуулан илүү шилжүүлсэн 9,980,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан ба шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 9,715,000 төгрөг болгож бууруулсан. /1-р х.х142, 2-р х.х25 /
Зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан. / 1-р х.х 145/
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч ******* Улаанбаатар хотод байсан 14 өрөө бүхий нийтийн байраа зарж, борлуулсан мөнгөнөөс 70,000,000 төгрөгийг *******д 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр түүний Хаан банкны 504,525,2086 тоот дансанд шилжүүлсэн үйл баримтыг зөв тогтоосон байна.
4. Нэхэмжлэгч “...бид хамтран ажиллахаар тохиролцсон”, хариуцагч “...бид хамтран ажиллаагүй, би *******ийн шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг хадгалсан” гэж маргаж байгаа бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тогтоосон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4.1. Тодруулбал хариуцагч ******* нь Дархан-Уул аймагт 2002 оноос хойш будааны бизнес буюу гурилын үйлдвэр болон тариалан эрхэлдэг хүмүүсээс будаа авч, тодорхой хэмжээгээр мөнгө нэмж, савлаж худалддаг үйл ажиллагаа эрхэлдэг болох нь талуудын тайлбар, хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдсон.
4.2. Хариуцагч “...би *******тэй хамтран ажиллаагүй, мөнгийг нь хадгалж байгаад буцааж өгсөн” гэж маргадаг боловч хэрэгт авагдсан / 1-р х.х 146 / түүний Хаан банкны дансны хуулгаас үзэхэд ******* 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *******ээс 70,000,000 төгрөг шилжүүлэн авсан, үүнээс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12,000,000 төгрөгийг ******* дансанд “хивэг үнэ”, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 51,614,400 төгрөгийг ******* дансанд “будааны үнэ Баянаа” гэсэн утгаар шилжүүлж, 8,125 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн байгаа нь *******ээс шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг өөрийн бизнесийн үндсэн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж будаа, хивэгний үнэд шилжүүлсэн нь тогтоогдож байна.
4.3. Иймд гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг, хариуцагчаас “Оёод будааны урамшуулал”, “будаа урам”, “Оёод урам” гэсэн агуулгаар нэхэмжлэгчид мөнгө шилжүүлж байсан, *******ээс шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг “хивэг үнэ”, “будааны үнэ Баянаа” гэсэн утгаар бусдад шилжүүлсэн үйл баримтаас шүүх уг харилцаа нь бүхэлдээ хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан, зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй гэж үзлээ.
5. Талууд хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд ашгийн төлөө хамтран ажиллах этгээдүүдэд тавигдах нэг шаардлага нь хураамж төлсөн байх явдал юм.
5.1. Хамтран ажиллах гэрээний оролцогчдын хураамж, хувь хэмжээг Иргэний хуулийн 477 дугаар зүйлээр зохицуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2.-д зааснаар хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор заасан.
5.2. Зохигчдын хувьд нэхэмжлэгч ******* 70,000,000 төгрөгийн, хариуцагч ******* будаа авч, худалдах буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэж хамтран ажиллахаар тохиролцсон байна.
5.3. Хамтран ажиллах гэрээний талууд зүй нь хөрөнгө оруулж байгаа тал хураамжаа төлж байна гэдгээ ойлгож үйл ажиллагаанд ямар үүрэгтэй оролцохоо, ажил үйлчилгээг гардан гүйцэтгэж байгаа этгээдийн хувьд ажил үйлчилгээний аль хэсэг нь хураамжид хамаарах аль нь хамтын ажиллагааны хэсэг болохыг тодорхой тогтоосон тогтоосон байх ёстой.
5.4. Гэвч зохигчид энэ тухай амаар гэрээ байгуулахдаа тодорхой зааж, тохиролцоогүй байх тул шүүх хураамжийг хамтын үйл ажиллагаа явуулахад оролцох үйл ажиллагаанаас зааглан, талуудын тохиролцооны агуулгаар тодорхойлох учиртай бөгөөд нэхэмжлэгчийн оруулсан 70,000,000 төгрөгийн хураамж талуудын дундаа хамтран биш харин дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө болдгийг харгалзан, хэрэгт авагдсан баримтад үндэслэн дараах байдлаар тооцож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.Үүнд:
5.5. Хэрэгт авагдсан хариуцагчийн Хаан банкны дансны хуулгаас шүүж үзэхэд ******* *******т нийт 78,920,580 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдож байх ба үүнээс / хариуцагчийн сайн дураар шилжүүлсэн, нэхэмжлэгч өөрөө үндсэн төлбөрөөс хасуулна гэж зөвшөөрч байгаа/ 20,000,000 төгрөгийг хасч, үлдэх 58,920,580 төгрөгийг талуудын олсон ашиг гэж үзлээ.
5.6. Энэхүү ашгийг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан ашгийн талаарх талуудын тохиролцоо тодорхой бус гэж үзэж талуудад хувь тэнцүүлэн буюу 1 хүнд ногдох ашиг 29,460,290 төгрөг болж байна.
5.7. Ингээд нэхэмжлэгчийн оруулсан 70,000,000 төгрөгийн хураамж талуудын дундаа хамтран биш харин дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө болно гэж үзэж, 70,000,000 төгрөгөөс хариуцагчийн сайн дураар шилжүүлсэн, нэхэмжлэгч өөрөө үндсэн төлбөрөөс хасуулна гэж зөвшөөрч байгаа 20,000,000 төгрөг, *******д ногдох ашиг 29,460,290 төгрөгийг хасаж, үлдэх хураамж 20,539,710 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
6.1. Хариуцагч “...бидний хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан” гэж маргаж байгаа боловч тэрээр шүүх хуралдаанд “...70,000,000 төгрөгийг хариу төлбөргүй хадгалсан” гэсэн тайлбар өгсөн.
6.2. Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг. Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ.
6.3. Хариуцагчийн хувьд хэрэв 70,000,000 төгрөгийг хариу төлбөргүй хадгалсан бол хариуцагчийн тодорхойлж байгаагаар 9,715,000 болгож илүү төлөөд байгаа нь хадгалсан гэсэн түүний тайлбар үндэслэлгүй болохыг нотолж байна.
6.4. Шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг хамтран ажиллах гэрээ гэж, мөн *******ын *******т шилжүүлсэн нийт 78,920,580 төгрөгийг хамтран ажиллах гэрээний үүрэг гэж дүгнэсэн учраас хариуцагчийн “...нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2024/01442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан хариуцагч *******аас 20,539,710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,460,290 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад
нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174,630 төгрөгийг төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 260,649 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Р.ҮҮРИЙНТУЯА