Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00311

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1966 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, ажилгүй, Монгол овогт Сэмжидийн Энхтуяаг /РД:ГМ66052705/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00300/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн. Би Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд1981-1982 онд саальчнаар, мөн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ленины зам нэгдэлд 1983-1990 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнтул дээрх онуудад малчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1981-1982 онд саальчнаар, мөн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ленины зам нэгдэлд 1983-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Энхтуяа нь Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1981-1982 онд саальчнаар, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ленины зам нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхийБулган аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай лавлагаа, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаартай цалингийн лавлагаа, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч П.Эрдэнэчимэгийн өгсөн ... Миний бие 1981 онд Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд саальчнаар ажилд ороход С.Энхтуяа нь тус нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. С.Энхтуяа нь 1983 онд хүнтэй гэр бүл болж Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ленины зам нэгдэл рүү шилжин ажилласан. 1981-1983 он хүртэл С.Энхтуяаг Орхон сумын Чойбалсанч нэгдэлд ажиллаж байсныг нь мэднэ гэх... мэдүүлэг, гэрчТ.Хишигжаргалын өгсөн ...1981 онд С.Энхтуяа нь Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан. Тухайн үед Чойбалсанч нэгдлийн 1 дүгээр бригадын даргаар манай аав ажиллаж байсан. 1982 оноос байхаа С.Энхтуяа гуай хүнтэй сууж нөхрийгөө дагаад Хишиг-Өндөр сумын Ленины зам нэгдэлрүү шилжин ажилласан. Чойбалсанч нэгдэлд С.Энхтуяа нь 1981-1982 он хүртэл ажиллаж байсныг нь би мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 1987, 1990 онуудад хүүхэд төрүүлж байсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнийг дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Монгол овогт Сэмжидийн Энхтуяаг Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ленины зам нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 9 /есөн/ жил ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН