Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 44

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,  

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, шүүгдэгч Ш.Н  түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгнмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б , Ш.Н  нарт холбогдох эрүүгийн 1815004140246 дугаартай, 163/2019/0051/э индэкстэй хэргийг 2019 оны 02 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил 2 сарын хугацаагаар ялыг хойшлуулсан, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар 1 жил 6 сарын  хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Г овогт Б.Б  

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн ... оршин суух, Г овогт Ш.Н  

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Б.Б  нь 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ш.Н ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Ш.Н  нь 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н  өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

 1815004140246 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч, хохирогч  Б.Б ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын ... өөрийн  гэртээ найз Э , Ш , О  нартай архи ууж байсан. Тэгсэн манайд гаднаас От , Ш.Н  2 орж ирсэн. Тэгээд От  төд удалгүй яваад Ш.Н үлдсэн. Би хэсэг унтчихсан байсан ба сэргэсэн чинь Н том том юм яриад хэрүүлийн чанартай би бол зодоон цохион хийдэг, алдаг барьдаг гээд байхаар нь би чи юу яриад байгаан бэ одоо харь гэсэн чинь чи муу хөөгөөд байгаа юм уу гээд миний өөдөөс хэрүүл хийж эхэлсэн. Тэгэхээр нь би хүүхдийн түмпэн яасан юм гэхэд чи Булганд амьдарч байж өөрөө тэр түмпэнгээ ороод авчихаж чаддаггүй юм уу хөл гаргүй юм уу гэхээр нь хүнээс юм гуйж авчихаад буцаагаад оруулаад өгчихөж чаддаггүй яасан өөдгүй залуу вэ гээд бид 2 маргалдсан. Тухайн хэрүүл маргаан болоход Ш  тасраад унтчихсан байсан ба Э , О  2 зүгээр сууж байсан. Тэгээд Ш.Н  бид 2 гэрээс маргалдаж гадаа гарсан Н  намайг хавсарч унагаагаад миний дээр сууж байгаад миний нүүр лүү гараараа 4-5 удаа л лав цохисон. Тэгсэн Э , О  2 бид 2-г салгаж гэрт оруулж ирсэн. Тэгсэн миний хамраас цус гараад, толгой оройн баруун хэсэгтээ хагараад цус гарчихсан байсан. Тэгээд байж байсан Н утсыг маань булааж аваад чи цагдаа дуудаж байгаа юм уу би тэгвэл чамайг нэг мөсөн алчихаад тэр шоронд чинь явчихья гээд гараараа цохиод зүүн нүдний хөмсөгийг цохиж тэс цохиод авахад О , Н ыг араас нь тэвэрч авч салгаад Э  намайг тэвэрч бид 2-ыг салгасан. Тэгээд салгахад нь би Н ын зүүн эрүү рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд Н цагдаа чинь ирвэл намайг гэрээс ороод авчихаарай гээд гараад явчихсан. Тэгээд би ус уух гэсэн ам нээгдэхгүй болчихсон, эрүү хөдлөхгүй болчихсон байсан. Тухайн үедээ эрүү хугарчихсан гэж бодолгүй эмнэлэг цагдаад хандаагүй юм. Тэгээд гэртээ унтаж байсан дахиж Н ирж гэрийн хаалга цоожтой болохоор цонх нүдээд хаалгаа онгойлгохгүй бол цонхыг чинь хагаллаа шүү пизда минь гээд орилоод байсан. Тэгээд би дахиж 102 луу залгаж манай хаалгыг согтуу хүн  нүдээд унтуулахгүй байна гэсэн чинь наад хүнээ таних уу гэхээр нь манай найз байгаа юм архи уучихаад ингээд байна гэсэн наад хүнтэйгээ яриулаадахаач гэхээр нь Н той яриулсан. Тэгээд утсаар ярьчихаад Н  гэрлүүгээ ямар нэг элдэв ааш гаргалгүй яваад өгсөн. Тэрнээс хойш дахиж Н  ирээгүй гэх мэдүүлэг /хх-37-38 тал/

Яллагдагч, хохирогч  Ш.Н ын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой найз Б ийн гэрт би Б , хуурай дүү О , Э , Ш  нартай бид нар пиво ууцгаасан. Тэгээд сууж байгаад Б  бид 2 толгой угаадаг түмпэн дээрээс болж маргалдсан. Тэгээд Б  намайг нүүрлүү гараараа 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь бид 2 гарч зодоо хийх гэж гадаа гарсан ба Б  намайг дахиж гараараа 1 удаа нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би барьж аваад түүний хоолойг боогоод цохих гэхээр цохих газар олдохгүй байна гэж хэлээд  бид 2 салсан. Тэгээд буцаж гэрт нь орж ирээд юм яриад сууж байсан Б  дахиад нөгөө түмпэнгээ яриад унахаар нь би юун сүртэй юм бэ би мөнгийг нь өгчихье гэсэн 35000 төгрөг гэсэн ба би өгчихье гэсэн чинь яасан их баян юм гээд тэгээд бид 2 барьцалдаж аваад харилцан бие биенээ 2 удаа цохиод авсан чинь хамт байсан О , Э  нар бид 2-г салгасан ба О  намайг орон дээр дээш нь харуулаад дарчихсан хэвтэж байхад Э  Б ийг салгаад авсан байсан ба тэгсэн л Б  эргэж ирээд л миний зүүн хацар луу /эрүүний орчим/ 1 удаа гуталтай хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгээд бид 2 эвлэрээд юм яриад сууж байгаад би гэртээ орж амарсан. Тэгээд унтаж болохгүй байхаар нь Б ийн гэрт орж миний бие өвдөөд байна гэж хэлчихээд тэгээд амарсан. Маргааш нь өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн эрүүний яс хугарсан байна Орхон аймаг явж рентгэнд харуул гээд Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд үзүүлж рентгэн зураг авахуулсан. Ингэж явахдаа Б өөс эхлээд 20000 төгрөг, очоод 20000 төгрөг авсан ба аппарат хийлгээд 100000 төгрөг гээд 140000 төгрөг авсан. Б  миний зүүн эрүүний яс хугарсанг мэдэж байгаа. Эмч үзээд яаралтай хагалгаа хийлгэж, эрүүний ясаа хадуулж, шүдэндээ аппарат авч зүү гээд байгаа ба хагалгааны төлбөр нь эхний ээлжинд 1 сая гаран төгрөг болно л гэсэн. Би гомдолтой байна. Миний зүүн эрүүний яс хугарсанаасаа болоод ангайж чадахгүй байгаа учир хагалгаа хийлгэ гэсэн. Тэгээд хагалгаа хийлгэе гэхээр мөнгөгүй байгаа ба 1 сая гаран төгрөг болно гэсэн. Ингээд удаад байвал улам хэцүү болно үнэ нь нэмэгдэнэ гэсэн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл би амаа ангайлгаж чадахгүй шингэн усан бантан л идэж байна. Тийм учраас мэс засал хийлгэх болон эмчилгээний зардалаа нэхэмжлэнэ гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,

Гэрч Н.Э ын өгсөн: Тэр өдөр би Б , О , Ш  бид хэд Б  ахын гэрт байсан. Тэгсэн гаднаас Н  ах өөр нэг залуугийн хамт орж ирсэн. Тухайн үед нь бид хэд пиво угаад дуусаад унтах гээд байж байсан. Тухайн үед Н  ах архи уучихсан бололтой байсан ба хамт ирсэн залуу нь орж ирээд л удалгүй гараад явчихсан. Н  ах Б  ахынд бид нартай үлдсэн. Тэгээд бид нар зүгээр юм яриад сууцгааж байгаад Б  ах Н  ахаас чи хөгшнийхөө түмпэнг авчираад өгчихгүй юм уу сар гаран болчихлоо гэсэн нөгөөх нь өөдөөс нь гэрт маань байгаа өөрөө очоод авахгүй юу гэсэн ба Б  ах чи гуйж авч явчихаад түүн шигээ хүний юмыг авчираад өгч яагаад болохгүй байгаам гээд л тэр 2 маргалдаж эхэлсэн. Н  ах чадахгүй өөрөө очиж авахгүй юу пизда минь өөрөө очиж авахгүй юу албатай юмуу гээд л тэгээд тэр 2 үзчихье гээд л тэгье гээд л гэрээс нь 2 уулаа гараад явсан ба гадаа гараад пижигнээд явчихсан. Тухайн үед Ш  тасраад унтчихсан гэрт О  бид 2 байж байгаад гарах уу гээд л нэг их удалгүй гараа ирсэн. Н  ах Б  ахын дээр гараад суучихсан цохиод л чи намайг барахгүй шүү муу пиздаа минь гээд сууж байхаар нь бид 2 салгаж аваад гэрт оруулж ирсэн. Тэгээд нэг юм хэрэлдэхгүй гэрт орж ирээд байж байсан Н  ах дахиж Б  ахыг чи барахгүй шүү гээд гараараа биеийнх нь хаа сайгүй цохиж зодоод унахаар нь О  Н ыг араас нь тэвэрч аваад та одоо болиоч дээ гээд салгасан ба би Б  ахыг бас боль гээд хориглоод байж байсан чинь Б  ах Н  ахыг өшиглөсөн үү, гараараа цохисон уу ямар ч байсан нэг цохиод авсан Н  ах яая гээд дугараад та 2 намайг барьж байгаад цохиуллаа гээд уурлаад байсан. Тэгээд салцгаасан. Тэгэхэд Б  ах цагдаа дуудаж байгаад  найз нөхөд юм гээд больсон ба нүүр нь хамар нь хавдаад, хамраас нь цус гараад зүүн талын шанаа нь хавдчихсан байсан ба Н  ах зүгээр байсан. Б  ах намайг хориглож байхад Н  ахыг 1 удаа өшиглөөд яасан их дээрэлхдэг пизда вэ чи гээд өшиглөөд авсан. Б  ах үндсэндээ Н  ахад зодуулсан. Тэгээд л Н  ах гараад явсан бид нарыг унтаж байсан чинь Н  ах буцаж ирээд үүдээ тайл гээд хаалга цонх балбаад байхаар нь хаалгаа тайлж өгч оруулж ирсэн ба Н  ах баахан л хашгичиж элдэвээр хэлж харааж зүхэж ямар нэг юм идэж чадахгүй олон хоног явсан. Би 1 удаа боорцог аваачиж өгсөн идэж чадахгүй байсан гэх мэдүүлэг

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 307 дугаартай

1. Ш.Н ын биед эрүү ясны зүүн булангийн ташуу хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 30 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 306 дугаартай

  1. Б.Б ийн биед эрүү ясанд хугарал, цээж, баруун даланд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт зүүн хөмсөгөнд сорви гэмтэл тогтоогдлоо.  
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи цээж, баруун даланд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт зүүн хөмсөгөнд сорви гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Эрүү ясны хугарал гэмтэл нь рентген шинжилгээг үндэслэж байгаа тул цаг хугацааг тогтоох боломжгүй байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 32 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-3 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45, 50 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Б.Б  нь 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ш.Н ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Ш.Н  нь 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол харилцан бие биедээ учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.

Энэ үйл баримтаас дүгнэлт хийхэд  мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, тэлгээрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Б , Ш.Н  нарын өгсөн мэдүүлэг,

гэрч Н.Э  өгсөн мэдүүлэг, хохирогч нары биед учирсан, гэмтлийг “хүндэвтэр” зэргийн гэмтэл болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 306, 307 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.      

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.    

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн шүүгдэгч Б.Б , Ш.Н  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б , Ш.Н  нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна .

Шүүгдэгч Б.Б , Ш.Н  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба энэ талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Б.Б , Ш.Н  нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч  Б.Б , Ш.Н  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Б.Б , Ш.Н  нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б , Ш.Н  нар нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Г овогт Б.Б , Б овогт Ш.Н  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б , Ш.Н  нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Ш.Н  нарт оногдуулсан  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б , Ш.Н  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Б.Б , Ш.Н нар цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдврлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

6. Шүүгдэгч Б.Б , Ш.Н  нар нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтнүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Ш.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ