Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2025/00007

 

          *******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  11 дүгээр сарын 22-ны өдрийн 135/ШШ2024/01514 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Газрын эрх шилжүүлэх гэрээг цуцалж, 42,950,000 төгрөг гаргуулах тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...Миний бие ******* нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр *******ын *******оос Дархан-Уул аймаг, *******,*******,*******,******* тоот 540 м.кв амины орон сууцны зориулалтын газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж 40,000,000 төгрөгөөр худалдан авсан.

2023 оны 12-р сарын 27 өдөр захирамж гарч миний нэр дээр газар шилжин цахим бүртгэлд шивэгдээд 2024 оны 4 дүгээр сард цахим бүртгэлд орсны дараа 540 м.кв биш 457 м.кв болж 83 м.кв хасагдаж шилжсэнийг нь мэдсэн.
            ... мэдсэн даруйдаа *******т мэдэгдэж 2023 оны 6 дугаар сард гадаадаас ирсэн газрын албаны хүнтэй уулзаж явна гээд тэрнээс хойш утсаа авахгүй чатад хариу өгөхгүй удаа дараа би байшин барих гээд газрын хэмжээг 540м2 болгож өгөхийг шаардсан боловч хариу өгөхгүй утсаа авахгүй байгаа учраас уг газрыг 540м2 болгож шийдвэрлэж өгнө үү. / х.х 1 /

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ...газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж 40,000,000 төгрөгөөр худалдан авсан. Газрын төлбөрт 1,300,000 төгрөг тушаасан.

Би худалдан авсан газар дээрээ байшингийн суурь тавих гэж байгаад газар доогуур авто тээврийн үндэсний төвийн цэвэр усны 1000 мм диаметртэй ган хоолой байрласан байгааг мэдэж газрын алба руу өргөдөл гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байна. Мөн надад газраа худалдсан *******т энэ шаардлага гаргахад ******* нь хариу тайлбар ирүүлэхдээ газар эзэмших эрхийн гэрээг цуцалж төлбөрийг буцаан олгоход татгалзахгүй гэсэн.

Иймд *******той байгуулсан газрын эрх шилжүүлэх гэрээг цуцалж, газрын төлбөрт төлсөн төлбөр болон надаас гарсан хохирол зардал нийт 42,590,000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ. / х.х 31-32 /

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

...******* би Дархан-Уул аймаг, *******,*******,*******,******* тоот 540 м.кв амины орон сууцны зориулалттай газрын Аймгийн Засаг даргын 2023 оны 04501/А135/2023 захирамжаар 20 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Дээрх газрын иргэн *******ид газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр эзэмшилд шилжүүлж өгсөн.

Газрын гэрээ үндэслэж захирамж гарахад миний эзэмшиж байсан 540 м.кв газрын хэмжээ өөрчлөгдөн 457 м.кв бол хасагдаж эзэмших эрхийн захирамж гарсан байна. ...Миний бие эрх бүхий албан тушаалтан биш учраас дээрх газрын хэмжээг өөрчлөх шийдвэр гаргах боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй.

Харин газар эзэмших эрхийн гэрээг цуцалж төлбөрийг буцаан олгоход татгалзахгүй гэх тайлбарыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан юм. Нэхэмжлэгч тайлбарыг танилцан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч надаас газрын татвар, кадастрын төлбөр, нотариатын хөлс, хадгаламж цуцалсан хүү, цэг тавиулсны хөлс 42,590,000 төгрөг нэхэмжилсэн байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хүлээн зөвшөөрч байна. Газрын төлбөр 40,000,000 төгрөг төлөхийг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрч бусад шаардлагын зөвшөөрөхгүй байна. Учир нь миний буруутай үйл ажиллагаанаас дээрх хохирол учраагүй гэж үзэж байна гэжээ.  / х.х 51-52 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч *******оос 41,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,290,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,900 төгрөгөөс 300,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 364,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Миний бие газрын хэмжээ гэрчилгээнд өөрчлөгдөж гарсан асуудалд буруугүй боловч газраа буцааж аваад төлбөрт төлсөн 40,000,000 төгрөгийг *******ид буцаан төлөхийг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар бичгээр тайлбараа гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг үндэслэн газрын төлбөр 40,000,000 төгрөгийг худалдан авагч *******ид буцаан олгохоор шийдвэрлэсэн атлаа *******ид шилжүүлсэн газрыг *******т буцаан шилжүүлэх талаар огт шийдвэрлэлгүй үлдээсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний эзэмшлийн газрыг надад буцаан олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 80 /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

   1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан *******оос худалдан авсан газрын хэмжээг гэрээнд заасан 540 м.кв болгож гаргуулан авах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын эрх шилжүүлэх гэрээг цуцалж, 42,950,000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн. /х.х 1-2, х.х 31-33 /

Хариуцагч газрын эрх шилжүүлэх гэрээг цуцалж, 40,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хохирол 2,950,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. / х.х 51, 52 /

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Э- нэгж талбарын дугаартай, Дархан-Уул аймаг, *******,,,******* тоот 8490 м.кв газраас 540 м.кв газрын эрхийг 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд талууд газрын хэмжээг 540 м.кв гэж тохиролцсон боловч газрын гэрчилгээ *******ийн нэр дээр гарах үед газрын хэмжээ 457 м.кв болж буурсан байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг тодорхойлсон нь хуульд нийцсэн.

5. Зохигчид дээрх газрыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйлийг шилжүүлсэн эсэх асуудал, гэрээний төлбөрт 40,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3638 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр нотлогдож байгаа ба талууд энэ талаар маргаагүй.

   6. Нэхэмжлэгчийн “газрын эрх шилжүүлэх гэрээг цуцлах” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй, түүнчлэн хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцааж байгаа тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн байна.

   7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,590,000 төгрөгийн хохирлоос газрын эрх борлуулсны орлогын албан татвар 1,300,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр гаргуулахаар шийдвэрлэсэн байх боловч хариуцагч уг төлбөрийг зөвшөөрсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

   7.1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэж заасан. Худалдагч ******* нь газрыг худалдан борлуулж, ашиг олсон тул иргэний газрын эрх борлуулсны орлогын албан татварыг төлөх үүрэгтэй.

   7.2. Гэвч энэ үүргээ биелүүлэлгүй *******оор уг татварыг төлүүлсэн болох нь татвар төлсөн баримт /х.х 45 /, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул  үүнийг хохиролд тооцож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах үндэстэй гэж үзлээ.

   7.3. Харин нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж буй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-д заасныг баримтлан бусад хохирол 1,290,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.

   8. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх бөгөөд үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй.

   8.1. Нэгэнт хариуцагч гэрээний зүйлийн буюу газрын үнийг буцаан шилжүүлж байгаа тул нэхэмжлэгч газрын эрхийг шилжүүлэх, энэ ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй.

   8.2. Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт “газар эзэмших эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэх”-ийг даалгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  11 дүгээр сарын 22-ны өдрийн 135/ШШ2024/01514 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“...нэхэмжлэгч *******ийн нэр дээр олгогдсон дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг *******ын*******, 3 дугаар хороолол Нүүдэлчдийн-14*******з хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 457 м2 газрыг *******ын нэр дээр шилжүүлэхийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ                                                     

                                            ШҮҮГЧИД                                      Г.МЯГМАРСҮРЭН                                       

                                                                                                         Р.ҮҮРИЙНТУЯА