Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 45

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т д холбогдох эрүүгийн 1915000000033 дугаартай, 163/2019/0052/э индэкстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Э.Т  ,

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Э.Т нь 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын Хялганат нутаг дэвсгэрт хохирогч Э.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т ын өгсөн: Өгнө, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шөнийн 1 цагийн орчим нөхөр, хоёр хүүхдийн хамтаар амарч байхад манай нөхрийн  найз С , О  нар орж ирсэн. Бид хэд нийт 3 шил архи уусан. Тэгээд О ын гэрлүү дөрвүүлээ очиж хаалгыг нь тогшиход үүдээ онгойлгож өгөөгүй. Нөхөр, бид хоёр гэртээ машинаар хүргүүлж ирээд амрахаар орсон. Нөхөр маань гэртээ орж ирээд ширээ сандлаа өшиглөж, тавгийн идээгээ нураан агсарч эхэлсэн. Ингээд бид хоёр маргалдаж нөхөр С  намайг 2, 3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би махан дээр байсан хутгыг айлгах зорилгоор авахад надтай хутга булаацалдаж байгаад  баруун гарын тохой хэсэгт 1 удаа хутгаар санаандгүй хатгасан, мөн зүүн хөлний дотор талын булчинд нэг удаа санаатай хатгасан, баруун хөлийн булчинд 1 удаа хатгасан байсан. Тэгээд би цуг архи ууж байсан хоёр найзыгаа дуудсан. Тэр хоёр 1 шил архитай ирсэн. Нөхөр маань хөл гараа боолгуулчихаад 1 шил архи хоёр найзтайгаа хувааж уучихаад унтаж амарсан. Энэ үед 7 цаг болж байсан. 9 цаг болж байхад нөхөр маань ёолох шиг болохоор нь босоод хартал цус алдсан байсан. Тэгээд машинтай найзыгаа дуудаж эмнэлэгт очиж боолт хийлгэсэн. Энэ үед эмнэлэгийн дарга өөрөө байсан. Эмч юу болсныг асуухад нөхөр маань намайг өмөөрөөд машины чиргүүлнээс уначихсан гэж хэлэхэд эмч итгэхгүй байсан. Наадах чинь мэсний шарх байна гэж хэлээд цагдаа дуудсан. Энэ өдрийн орой нь нөхрийгөө Эрдэнэт рүү аваад явсан. Эрдэнэт хотод очоод 2, 3 хоносон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  

1915000000033 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Э.С ын өгсөн:…Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж түүний толгой руу гараараа 2 удаа цохиж, 2 удаа хацар луу нь алгадсан. Тэгтэл эхнэр маань хутга аваад өөрийгөө ална гээд байхаар нь би хутгыг нь булааж авах гэж ноцолдсон. Ингээд ноцолдож байхад миний баруун гарын тохой хэсэгт 1 удаа хутгаар хатгасан, мөн зүүн хөлний дотор талын булчинд нэг удаа хатгасан, баруун хөлийн булчинд 1 удаа хатгасан байсан. Тэгж тэгж хутгыг нь булааж аваад шүүгээний араар хийсэн гэх мэдүүлэг /хх-  тал/,

Гэрч С.С ын өгсөн: “... тэгтэл үүрээр 04-05 цагийн үед над руу залгаж би нөхрийгөө хутгалчихлаа, хүрээд ир гэхээр нь би ганцаараа гэрт нь очиход удаа ч үгүй араас О  гэрт нь  орж ирсэн. С ын гэрт ороход баруун гар болон 2 хөлнөөс нь цус гарч байсан бөгөөд юмаар боож өгсөн” гэх мэдүүлэг /хх-  тал/,

Гэрч Г.О ын өгсөн:...Тэгтэл үүрээр 04-05 цагийн үед над руу залгаж би нөхрийгөө хутгалчихлаа, хүрээд ир гэхээр нь би ганцаараа тэднийх рүү очсон. Тэгтэл С  миний өмнө очсон байсан. С ынд ороход баруун гар болон 2 хөлнөөс нь цус гарч байсан бөгөөд юмаар боож өгсөн гэх мэдүүлэг /хх- тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаартай

1. Э.С ын биед баруун бугалага, баруун, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 22 тал/,  

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Т  нь 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын Хялганат нутаг дэвсгэрт хохирогч Э.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.      

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Э.С , гэрч С.С , Г.О  нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.      

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.    

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.    

Иймд шүүгдэгч Э.Т  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Э.Т д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба,  мөн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч Э.Т ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдвал зохино.  

 Шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус ажиллагаа  нөлөөлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Т ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгуулийг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай, шар иштэй хутга 1 ширхэгийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгаж  шийдвэрлэлээ.   .  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Х овогт Э.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Т ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т ыг нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийг сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж,  торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай, шар иштэй хутга 1 ширхэгийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгасугай.

6. Шүүгдэгч Э.Т  нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ