Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00312

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй С.Батсайхан, Ж.Далай-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00289/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Зүүнтүрүүний 12-05 тоотод оршин суух, Хаан банкны Булган аймаг дахь салбарт зээлийн менежир ажилтай, Боржигон овогт Дашийн Болдхүү /РД:ГЮ85012710/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны малчдын 1 дүгээр гудамжны 11-5 тоотод оршин суугч иргэн Сэр-Од овогт Батсайхан, Жигжид овогт Далай-Эрдэнэ нар Булган аймгийн Хялганат тосгоны ХААН банкнаас 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 3000000 /гурван сая/ төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт 1000000 /нэг сая/ төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт 800000 /найман зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг тус тус нэмж авсан. Зээлдэгч зээлийн гэрээний 2.3.1 дэхь /Зээлийн хугацаанд үндсэн зээл, хүүг хэсэгчилэн төлөх хуваарийг хавсралт 1-ээр тохиролцов/ хэсгийг зөрчсөн бөгөөд энэхүү гэрээнд заасан нөхцөл байдал бий болсон ба зээлдэгч зээл авах үед оршин суужбайсан хаягтаа байхгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй байгаа бөгөөд зээл авах үед Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны малчдын 1 дүгээр гудамжны 11-5 тоотод оршин суудаг байсан, одоо тус хаягт оршин суудаггүй болох нь тогдоогдсон бөгөөд зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтэрч 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 679 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймээс иргэн С.Батсайхан, Ж.Далай-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэр-одын Батсайхан, Жигжидийн Далай-Эрдэнэ нар Хангал сумын 4 багт оршин суух хаягтай, Шахмал түлшний үйлдвэрт ажиллаж байхдаа манайхаас цалингийн зээл авсан. Одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Батсайхан, Ж.Далай-Эрдэнэ нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын Хялганат тооцооны төвөөс 4800000 төгрөгийн цалингийн зээл авсан боловч зээлийн гэрээг зөрчиж зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат малчны 1-11-05 тоот хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Хялганат тосгоны захирагчийн албаны тодорхойлолт, Хаан банкны Булган аймаг дахь салбарын зээл буцаан дуудах мэдэгдэл зэрэгнотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Батсайхан, Ж.Далай-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзэв. С.Батсайхан, Ж.Далай-Эрдэнэ нарын байж болох хаяг Булган аймаг, Хангал сум, Орхон аймаг, Улаанбаатар хотод байж болохыг дурьдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шартайж овогт Сэр-Одын Батсайхан /РД:ХЖ67053014/, Шарнууд овогт Жигжидын Далай-Эрдэнэ /РД:РХ71091504/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаарС.Батсайхан, Ж.Далай-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилах ажиллагааг Булган аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулахаар гомдол гаргах хугацаа тоолохыг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН