| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0057/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 48
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга С.Гончигбал,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.М д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915000000017 дугаартай, 163/2019/0057/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ч овогт Ж.М,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ж.М нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Бумбаны ам гэх газарт хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
1915000000017 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Ж.М ын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би гэртээ байж байгаад 14 цагийн орчим хүүхдүүдээ ууланд аваачиж чаргаар гулгуулангаа түлшний мод бэлтгэхээр Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бумбаны ам гэх газар луу явцгаасан. Би гэрээсээ өөрийн эзэмшлийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүүхдүүдээ аваад гарсан. Надтай хамт миний хүү болох 4 настай Т , мөн эхнэрийн эгчийн хүүхдүүд болох А , Э нартай явцгаасан. Өдөр бид хэд Бумбаны ам гэх газарт 15 цагийн үед очсон. Тэнд очоод би хүүхдүүдийг цастай газарт чаргатай нь орхиод би ганцаараа машинтайгаа мод руу явсан. Хүүхдүүдээс дээшээ ойролцоогоор 150-200 метрийн зайтай мод руу очсон. Модонд ороод би нэлээд саглагар мод хөрөөдсөн. Тэгээд модыг хөрөөдөөд унагаасан чинь гэнэт хойноос юм цохих шиг болоод ухаан алдсан. Тэгээд хэр удсаныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь толгой өвдөөд, толгойноос жоохон ус гарчихсан газарт сэрсэн. Мөн миний нуруу маш их өвдөж байсан. Тэгээд сэргээд газарт хэсэг сууж байгаад өвдөлт маань арай гайгүй болохоор нь босоод машинаа асаагаад хүүхдүүд рүү очиж хүүхдүүдийг машиндаа суулгаад Бумбаны ам наас доохон байдаг Ж гэдэг айлд очиж тэндээс би Ж гаар машинаа бариулаад сумын төв рүү эмнэлэг орсон гэх мэдүүлэг /хх-54-55 тал/
Хохирогч Т.Г ын өгсөн: “...Хишиг-Өндөр сумын байгаль хамгаалагч М Хишиг-Өндөр сумын 1,2 дугаар багийн ойд бэлтгэх эрхийн бичиг өгөх ёстой. Гэхдээ 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай суманд тусгаарлалт хийсэн газар байхгүй байсан учраас ямар нэгэн албан тушаалтан эрхийн бичиг олгоогүй байх ёстой. Би Хишиг-Өндөр сумыг төлөөлж оролцож байгаа учраас иргэн Ж.М аас байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/
Гэрч О.М ын өгсөн: Би М д мод бэлтгэх эрхийн бичиг 01 дүгээр сарын 21-нд олгоогүй, манай сумаас ч гэсэн мод бэлтгэх эрхийн бичиг иргэдэд ерөөсөө олгохгүй байгаа гэх мэдүүлэг /хх-18-19 тал/
Насанд хүрээгүй гэрч Г.А ын өгсөн: “...Ж ахыг мод руу явсаныг би мэдэхгүй байна. Машин дээрээ цахилгаан хөрөө ачсан байсан. Тэр хөрөөтэйгээ машинаа ачаад мод руу орсон. Ж М ахыг мод руу орсоны дараа цахилгаан хөрөөний дуу 2 дахин гарсан...” гэх мэдүүлэг /хх-23-25 тал/
Насанд хүрээгүй гэрч Г.Э ын өгсөн: М ах өөрөө бид нараас ганцаараа салаад уулын дээшээ мод руу орсон. Бид хэд 40 минут орчим тоглоод байж байсан чинь Ж ах машинтайгаа модноос бид нарын байгаа газарт хүрч ирээд явья гэж хэлээд бид хэдийг машинд суулгасан. Ж М ахыг мод руу орсны дараа 5-10 минутын зайтай цахилгаан хөрөөний дуу 2 дахин гарсан...Гэх мэдүүлэг /хх-26-28 тал/
2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр эзэлхүүн нь 0.46м3 түлээний хуурай модны үнэлгээ 49680 төгрөг болохыг тогтоосон №03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-31 тал/,
2019 оны 02 дүгээр сарын 08-ний өдрийн Ж.М ын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 0.46м3 модонд Булган сум дахь ойн ангийн инженер, шинжээч Б.Ж гийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 49680 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 149040 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт /хх-35 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх-01-02 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-07 тал/, 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19/15 дугаартай Тольдох оюуны өгөөж ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-39-44 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60 ийн тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.М нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Бумбаны ам гэх газарт хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Т.Г , гэрч О.М , насанд хүрээгүй гэрч Г.А , Г.Э нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-07 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-08-09 тал/, 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19/15 дугаартай Тольдох оюуны өгөөж ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-39-44 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60 ийн тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.М ын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 49680 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 149040 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй боловч шүүгдэгч Ж.М хохирлыг нөхөн төлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тамгын газрын дансанд шилжүүлсэн байна.
2019 оны 01 дүгээр сарын 22-ны мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Ж.М ын зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн 1 ширхэг шинэс мод битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “цахилгаан хөрөө 1 ширхэгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.М д эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлого, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт Ж.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.М ыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 / дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.М ыг 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, 1 ширхэг буюу 0.46м3 шинэс мод, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 91-ын загвартай улаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ