Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00183

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05362 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хууль бус үйлдлийг зогсоож, газарт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах буюу газрыг анхны байдалд оруулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие ******* тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч. Тухайн газрын урд талд хашааны орох, гарах гарц байрладаг, явган хүний зориулалттай цементэн шаттай. Энэ гарц бүхий хэсэг нь *******ын өмчлөлийн газартай хиллэдэг.

1.2. ******* нь 2023 оны 9 дүгээр сард мэдэгдэлгүйгээр тус хиллэж буй гарц хэсгээр зааглаж, тус хэсгийн газрыг хөндийлөн ухсанаар явган хүний шат нурж, өөрийн газартаа орох, гарах боломжгүй буюу ердийн байдлаар ашиглах боломжгүй болж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан. Энэ газрын урд хэсгээр их хэмжээний нуралт үүсэж, хашааны том хаалганы шон нурсан, хаалга эвдэрч цаашид тус газарт оршин суух эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.

1.3. Энэ талаар иргэн *******т шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй. *******ын үйлдлийн улмаас амины сууцад орох, гарах, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байгаа учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн газарт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч *******ын хууль бус үйлдлийг зогсоож, миний өмчлөлийн газарт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах буюу газрыг анхны байдалд оруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ******* тоот хаягт байршилтай газрыг худалдаж авсан. *******той 2023 оны 9 дүгээр сард утсаар болон биеэр уулзаж харилцан тохиролцож хуучин шатыг авч, контейнер тавьж хажууд нь шинээр явган хүний шатыг хийж өгсөн. Хуучин шат нь миний өмчлөлийн газар дээр байсан. Автомашин болон явган хүний орж гарах гарц байсаар байхад заавал миний эрхийг зөрчиж явган хүний зам гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******т холбогдуулан өмчлөлийн газартаа өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хууль бус үйлдлийг зогсоож, нэгж талбарын ******* дугаартай газарт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах буюу газрыг анхны байдалд оруулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүссэн харилцаа нь харилцан нөлөөлөл бүхий хөршийн эрхийн харилцаа мөн болохыг дүгнэсэн. Улмаар хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн үйлдэл нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлд заасан зааснаар газраа эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байтал шүүхийн шийдвэрт хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Тухайн газрыг хууль ёсoop өмчлөх эрхийн гэрчилгээтэй, энэ хүрээнд газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах буюу гэр бүлийн зориулалттай газартаа өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд аливаа аюулгүй, саадгүйгээр нэвтрэх, гарах, аюултай эрсдэлтэй нөхцөлд анхан шатны тусламж хэрэгцээ авах зэргээр хангагдах бөгөөд эдгээр эрхээ бусдын эрхэд халдахгүйгээр хэрэгжүүлснээс өмчлөх эрхээ саадгүй хэрэгжүүлж байна гэж үзнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ******* нь гэр бүлийн зориулалтаар олгогдсон газартаа аж ахуйн үйл ажиллагаа явуулж, газар дээр барилга, байгууламж барьсан үйлдлийн улмаас хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчсөн.

4.3. Шүүхийн шийдвэрт хариуцагч өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашигласан үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан гэрэл зургaac хариуцагчийн аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулахдаа хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр, харилцан тохиролцохгүйгээр хиллэж буй газрыг ухсан, тухайн хэсэгт байрлуулсан нэхэмжлэгчийн нэвтрэх орох, гарах гарцыг шилжүүлсэн нь хууль бус үйлдэл юм.

4.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т гэрчийн мэдүүлгийг үндэслэн мэдээллийн сан дээрээс харахад орох гарах гарцтайгаа шийдвэрлэж өмчилсөн байна гэх мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн газраар дамжин өнгөрөх шаардлагагүй гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан тус гэрчийн мэдүүлэг нь газрын зөвхөн кадастрын зургийг үндэслэн асуултад хариулт өгсөн бөгөөд гэрчийн газар дээр очиж үзээгүй гэх тайлбараар хөрш залгаа газруудад үүссэн бодит нөлөөллийг тогтоох боломжгүй.

4.5. Түүнчлэн нэхэмжлэгч өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч өөрийн биеэр оролцож, үүссэн нөхцөлийн талаар гэрчээс мэдүүлэг асуух үеэр тайлбар гаргасан, мөн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс маргаан бүхий газруудад үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй.

Хариуцагч *******ын үйлдэл нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлд заасан зайлшгүй шаардлагатай нөлөөллийн хэмжээнээс хэтэрсэн, нэхэмжлэгчийн хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсныг анхан шатны шүүх зөв дүгнээгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* тухайн газрыг авч, улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 4 жилийн дараа буюу 2018 онд нэхэмжлэгчийн газар улсын бүртгэлийн газар бүртгэгдсэн байх бөгөөд үүнээс харахад уг газрыг авахдаа дэнж дээр байрлах жалганы өндөр нам газрыг зэрэгцэн авсныг нийтийн эзэмшлийн газар гэж ойлгоод цементээр шат хийсэн.

5.2. Дараа нь тухайн хэсгийг ашиглах болж, хилийн заагаас 210 см нааш болгож газраа тэгшилсэн. Учир нь хариуцагч нь мэргэжлийн байгууллагаар үзүүлэхэд 210 см-ээс доош газраа тэгшилсэн байх бөгөөд хэмжилт хийхэд нэхэмжлэгч талын хашаа нь *******ын хил рүү 50 см орсон нь хэрэгт авагдсан зургаар нотлогдоно. Гарцын тухайд нэхэмжлэгч талын кадастрын зураг дээр хашааны орох, гарах хаалга нь цаад талдаа буюу зам дагуу бууж орох зорилгоор урд талын айлуудын цементлэсэн газрыг хариуцагч тэгшилсэн тул бусдын эрхийг зөрчсөн зүйл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хууль бус үйлдлийг зогсоож, газарт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах буюу газрыг анхны байдалд оруулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг зогсоож, газарт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах буюу газрыг анхны байдалд оруулах гэж тодорхойлсон.

Харин анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ ...хил залгаа газраас тусдаа өөр талаар чөлөөтэй нэвтрэх боломжтой, хариуцагчийн өмчлөлийн газраар дамжин өмчлөх эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй болох нь, мөн шинээр явган хүний шат байршуулсан нь тогтоогдсон гэж зөвхөн орц, гарцтай холбогдох асуудлаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь нэхэмжлэлд хариуцагч газар ухснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын урд хэсэгт нуралт үүссэн гэх үндэслэл заасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын урд хэсэгт нуралт үүссэн эсэх, үүнээс шалтгаалж нэхэмжлэгчийн оршин суух эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн эсэх талаар шүүх дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйтэй холбоотой гэж үзнэ.

Дээрх шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд маргаан бүхий асуудлаар газрын бодит байдалд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба ийнхүү шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах зорилгоо тодорхойлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй.

Хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан журмаар гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ тухайн нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай эсэхийг тодруулах үүрэгтэй, ингэж тодруулснаар хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэл бүхий шийдвэрлэх боломжтой.

Мөн дээрх хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа хариуцагчийн үйлдлийн улмаас их хэмжээний нуралт үүссэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэснийг буруу гэж үзнэ.

4. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА