| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0053/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 10.4., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 51
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ж.Энхжаргал,
шинжээч Э.Өлзийсайхан,
хохирогч Б.Д ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С
шүүгдэгч С.Ж , түүний өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж д холбогдох 163/2019/0053/Э индекстэй, 1803000010038 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөнгөн хүнсний механикч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот ... суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С.Ж ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Улаан шороот” гэх газарт **-** УБП улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б. Д гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, С.Т , С.О нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж ы өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 26-ны орой 10 цагийн үед УБ хотоос эгч, дүү нарынхаа хамт гарч явсан. Тухайн үед Д тэй цуг явж байсан ба Д жолоо барьж явсан. Орой 18, 19 цагийн Булган аймгийн Булган сум өнгөрч зогсоод Д нойр хүрээд байна, ахаа та жаал бариад явчих гэхээр нь за тэгвэл ах нь бариад явъя гээд жолоогоо надад шилжүүлсэн. Тухайн үед бид нар яаруу ажилтай явсан учраас замдаа амарч унтах бололцоо байгаагүй. Д надад жолоогоо шилжүүлж өгөхдөө энэ машин баруун тийшээ жолоогоо булаагаад байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд цаашаагаа явж байтал машин баруун тийшээгээ жолоо булааж байхаар нь зүүн тийшээ дараад тоормозоо гишгэтэл тас хийгээд явчихсан. Цаашаа юу болсныг сайн санахгүй байна нэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ж ах, О эгчийг ажлаас нь аваад Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу эмээ, өвөөгийн газрыг тахих ажлаар явсан. Би энэ машиныг аваад 2, 3 хонож байсан. 5 дахь өдөр явсан болохоор жаахан яаруу явсан. Учир нь 1 дэх өдөр нь бүгд ажилтай байсан. Тэгээд би Улаанбаатар хотоос гарснаас хойш шөнөжингөө машин барьж яваад Булган аймгийн Булган сум өнгөрөөд онгоцны буудлын харалдаа зогсож цайлсан. Тэгэхэд миний нойр хүрээд болохгүй болохоор нь Ж ахыг та жаахан бариад явчих уу? миний нойр хүрээд байна гэж хэлсэн. Намайг машин бариад явж байхад дандаа баруун тийшээгээ жолооныхоо хүрдийг булаагаад байсан. Жолоогоо нөгөө тийшээ далий барьж байж замаа голлож явж байсан. Үүнийг би Жагаа ахад хэлсэн. Би Ж ахад жолоогоо шилжүүлээд унтсан. Яаж осол болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд ийм асуудал болсон байсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө над руу Хөвсгөл аймгаас манай аавын дүү Ууганбаяр над руу ярьсан. Тухайн үед энэ хэд Хөвсгөл аймаг руу эмээ, өвөөгийн газрыг тахих ажлаар явсан байсан. Би ийм асуудал болсонд маш их харамсаж байна. Тухайн үед би эд нартай хамт яваагүй юу болсныг мэдэхгүй. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг,
1803000010038 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.С өгсөн…2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас эгч маань залгаад болсон явдлын талаар хэлсэн. Би тэгээд Улаанбаатар хотоос шууд гараад Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Машинд явсан бусад хүмүүс Орхон аймагт эмнэлэгт ирсэн байсан. Д хөл нь хугарсан нүүр, хөл, гар нь хавдчихсан байдалтай Ж ахын хувьд нуруу нугасандаа гэмтэлтэй Орхон аймагт нарийн шинжилгээ гарахгүй гээд Улаанбаатар хотруу явуулсан. Биеийн байдал хоёулаа хүнд байдалтай явсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Хохирогч Д.Б гийн өгсөн: Миний талийгаач эхнэр Хөвсгөл аймагт байдаг аав, ээжийнхээ нутаглуулсан газар дээр очье гээд хүү Д гийнхөө Гранд Марк-2 гэдэг машинтай нь эхнэр Т , Т ийн төрсөн дүү Ж , О , миний дүү С ийн хүү болох А нар явсан. Улаанбаатар хотоос 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед гарсан. Лам аав ээжийнхээ газар усыг аргад гэж хэлсэн болохоор эхнэр, дүү нарынхаа хамт явсан. Тэгээд зогсолтгүй явсаар байгаад Булган аймгийн Хутаг-өндөр сумын Уньт баг дээр ирсэн. Уньт дээр ирэхэд үүр цайгаад 06 цаг өнгөрөөд 07 дөхөж байсан байх Д нойр хүрээд байна гээд Ж би машинд шөнөжин унтчихсан би барья гээд Д хойно миний ард суугаад би жолоочийн хажууд урд суугаад арын голын суудал дээр Т , жолоочийн ар талд О сууж явсан. Уньтаас хөдлөөд их хол яваагүй байх хэсэг зүүрмэглээд явж байхад гэнэт л түс хийх чимээ гараад машин замын хажууруу гарахад эргэх шиг болсон тэгээд хэсэг би ухаан балартаад нэг сэрэхэд машинаас гараад уначихсан байсан. Хажууд эхнэр Т маань газар хэвтчихсэн өндийх гээд чадахгүй харагдахаар нь эхнэр дээр очоод толгойг нь тэврээд суусан. Надад юм хэлэх гээд хэлж чадахгүй удаагүй амьсгал хураачихсан. Тэр үед ач хүү маань хажууд ирээд зогссон байхаар нь миний хүү яаж байна зүгээр үү гэж асуухад даарч байна гэхээр нь хөтлөөд замын цаана байсан айл руу дагуулаад явж байхад урдаас тэр айлын нэг эмэгтэй гарч ирэхээр нь ач хүүгээ өгөөд оруулсан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Хохирогч Л.А ын өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай ээж О Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Улаан шороот гэх газар **-** УБП улсын дугаартй Тоёота Гранд марк-2 маркийн автомашинд төрсөн ах Ж , эгч Т , Т ийн нөхөр Б , Т ийн хүү Д , Т ийн ач А нарын хамт явж байгаад зам тээврийн осолд орж ээж О , Д гийн эх Т нар амь насаа алдсан. Осол болох үед би байгаагүй учраас юу болсныг сайн мэдэхгүй 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 09 цагт ослын талаар дуулаад хөдөө очсон. Осол гаргасан жолооч Ж нь манай ээжийн төрсөн ах учраас ямар нэг гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-71-72 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Д гийн өгсөн: С.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Улаан шороот гэх газар **-** УБП улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн автомашин жолоодон яваад зам тээврийн осол гаргаж, зорчигч С.Т , С.О нарын амь насыг хохироосон хэрэгт **-** УБП улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин байсан бөгөөд би өөрийн ээжийн дүү Ж аар тухайн үед жолоодуулж явсан. Тээврийн хэрэгсэл болон өөрийн зүгээс ямар нэг гомдол саналгүй нэхэмжлэх зүйл огт байхгүй гэх мэдүүлэг /хх-74-75 тал/,
Гэрч Х.Д ын өгсөн...Би өглөө 06 цаг 30 минутын үед босоод үнээгээ саагаад байж байхад ойролцоогоор 07 цагийн үед байх манайх засмал замаас 30 орчим метрийн зайтай л байдаг юм гэнэт түс хийх чимээ гараад би өндийгөөд харсан чинь машин замын доод тал руу эргэлдээд унаж байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Гэрч Б.Д гийн өгсөн...Тэгээд миний нойр хүрээд ээжийн дүү Ж д жолоо шилжүүлээд цааш хөдөлсөн...Онгоцны буудлаас цааш хөдлөөд Ж ах жолоо бариад жолоочийн хажуу урд суудал дээр аав, Б , аавын ард би суугаад миний хажууд А ээж Т , О эгч суугаад хөдөлсөн...нэг сэрэхэд машин онхолдоод цагдаа эмнэлэг ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот дүгнэлтээр: 1.С.О ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл, үнхэлцэг хальсны урагдал зүрх задрал, хурц цус алдалт /2500мл/ өвчүү ясны хугарал, уушигны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. талийгаач С.О ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. талийгаач С.О нь цээжний битүү гэмтэл, үнхэлцэг хальсны урагдал зүрх задрал, хурц цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 63 тоот дүгнэлтээр: 1.С.Т ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл, үнхэлцэг хальсны урагдал зүрх задрал, хурц цус алдалт /2800мл/ өвчүү ясны хугарал, баруун шилбэний ил хугарал, зүүн дунд чөмөгний хугарал, мөчдийн зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Талийгаач С.Т ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач С.Т нь цээжний битүү гэмтэл, үнхэлцэг хальсны урагдал зүрх задрал, хурц цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,
Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр: 1.Жолооч С.Ж регистрийн дугаартай В ангилалын ***** дугаартай жолооны үнэмлэх хүчинтэй байна. Жолооч С.Ж нь МУ-ын Замын хөдөлгөөний Дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна.
2. Жолооч С.Ж нь МУ-ын Замын хөдөлгөөний Дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн нь хэргийн газрын үзлэг, хэргийн газрын схем зураг жолооч С.Ж , зорчигч Д.Б , Б.Д нараас авсан тайлбар зэргээр тогтоогдож байна.
3. тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгслийн тэнхлэг тохиргоо алдагдах нь тухайн тээврийн хэрэгслийн дугуйны хээ элэгдэхэд нөлөөлөхөөс жолооны хүрдэнд нөлөөлөхгүй.
4. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын нөхцөл байдал зэргээс шалтгаалаагүй байна. Жолооч аюул саад бий болох үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх дүгнэлт /хх-29 тал/
Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 03 дугаар зүйлийн 28-ны өдрийн 181 дугаартай дүгнэлт: 1. Жолооч С.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалты зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-118-119 тал/
Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №349 дугаартай дүгнэлт: С.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.
2. С.Ж нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.
3. С.Ж нь одоо Тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. С.Ж нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна.
4. С.Ж нь Тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. С.Ж нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. С.Ж нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай байна.
6. С.Ж ы дээрхи эмгэг нь 2017-08-26-ны өдрийн зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-125-128 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №14304 дугаартай дүгнэлт: Б.Д гийн биед баруун дунд чөмөгний дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-227 тал/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол / хх-ийн 1 хуудас/, гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3 хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-9 хуудас/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-15 хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-36, 40-43 хуудас/ Ял шалгах хуудас / хх-ийн 95 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Улаан шороот” гэх газарт **-** УБП улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б. Д гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж,С.Т , С.О нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Б , Б.Д С нарын өгсөн мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Х.Д , Б.Д , Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот дүгнэлт, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 63 тоот дүгнэлт, Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 03 дугаар зүйлийн 28-ны өдрийн 181 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №14304 дугаартай дүгнэлтүүд болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад С. Ж д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал/ гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн шалгаж тогтоогүй, Зам тээврийн ослын хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь хүний буюу тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолоочийн буруутай үйлдэл байсан уу аль эсвэл тухайн жолоочийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн үү гэдгийг үнэн зөв тогтоох зайлшгүй шаардлагатай байхад Тоёото Гранд марк-2 маркийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг оношилгоо хийгээгүй атал “ тэнхэлэг тохиргоо алдагдсан” байдлыг ямар эх сурвалжаас хэрхэн тогтоож дүгнээд байгаа нь ойлгомжгүй байхад ослын хэрэгт С. Ж нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.2- дахь заалтыг зөрчсөн “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мөрдөгч, прокурор нотлох барримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба хэргийн яллах болон цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно заасан байна. Нэгэнт мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг гарсан байдал, түүний шалтгаан нөхцөл зэргийг эргэлзээгүй тогтоох боломжгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ..эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгтайгаар шийдвэрлэнэ” заасныг үндэслэн С.Ж д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж мэтгэлзжээ.
Энэ болсон үйл баримтын талаар хэрэгт шүүгдэгч С.Ж ы өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө Булган аймгийн Булган сум өнгөрч зогсоод Д “нойр хүрээд байна, ахаа та машин бариад явчих” гэхээр нь за тэгвэл “ах нь бариад явъя” гээд жолоогоо надад шилжүүлсэн. Тэгээд цаашаагаа явж байтал машин баруун тийшээгээ жолоо булааж байхаар нь зүүн тийшээ дараад тоормозоо гишгэтэл тас хийгээд явчихсан. Цаашаа юу болсныг сайн санахгүй байна гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Д өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ж ах, О эгчийг ажлаас нь аваад Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу эмээ, өвөөгийн газрыг тахих ажлаар явсан Тэгээд би Улаанбаатар хотоос гарснаас хойш шөнөжингөө машин барьж яваад Булган аймгийн Булган сум өнгөрөөд онгоцны буудлын харалдаа зогсож цайлсан. Тэгэхэд миний нойр хүрээд болохгүй болохоор нь Ж ахыг та машин жаахан бариад явчих уу? миний нойр хүрээд байна гэж хэлсэн. Би Ж ахад жолоогоо шилжүүлээд унтсан. Яаж осол болсныг мэдэхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Б гийн өгсөн: Улаанбаатар хотоос 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед гарч зогсолтгүй явсаар байгаад Булган аймгийн Хутаг-өндөр сумын Уньт баг дээр ирсэн. Уньт дээр ирэхэд үүр цайгаад 06 цаг өнгөрөөд 07 дөхөж байсан байх Д нойр хүрээд байна гээд Ж би машинд шөнөжин унтчихсан би барья гээд Уньтаас хөдлөөд их хол яваагүй байх хэсэг зүүрмэглээд явж байхад гэнэт л түс хийх чимээ гараад машин замын хажууруу гарахад эргэх шиг болсон тэгээд хэсэг би ухаан балартаад нэг сэрэхэд машинаас гараад уначихсан байсан гэх мэдүүлэг ,
Гэрч Х.Д ын өгсөн...Би өглөө 06 цаг 30 минутын үед босоод үнээгээ саагаад байж байхад ойролцоогоор 07 цагийн үед байх манайх засмал замаас 30 орчим метрийн зайтай л байдаг юм гэнэт түс хийх чимээ гараад би өндийгөөд харсан чинь машин замын доод тал руу эргэлдээд унаж байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “... Жолооч С.Ж нь МУ-ын Замын хөдөлгөөний Дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 03 дугаар зүйлийн 28-ны өдрийн 181 дугаартай дүгнэлт: Жолооч С.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагдсан үүгээр шүүгдэгч С.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Улаан шороот” гэх газарт **-** УБП улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б. Д гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, С.Т , С.О нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн С. Ж д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан гомдлын үндэслэл няцаагдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт авто ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий техникийн шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн , шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх шүүх үнэлж шийдвэрлэв.
Иймд хэргийн талаар нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч С.Ж ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Ж ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Д гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, С.Т , С.О нарын амь насыг хохирч хүнд хор уршиг учирсан боловч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ж д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж байгаа хэдий ч шүүгдэгч С.Ж нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүл мэндийн байдлын хувьд ослын улмаас тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй болж, эмнэлэг магадлах комиссийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар 12 сарын хугацаагаар тогтоогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан №***** дугаартай С.Ж ы жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт С.Ж ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ж д оногдуулсан 1 /нэг/ жилйн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж д оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдлэж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тоолсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан №***** дугаартай С.Ж ы жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ж д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ