Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00184

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/04763 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэрээр *******-иас 807,850,145 төгрөг гаргуулж *******,*******,*******,*******д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн ******* тоот хаягт байрлалтай 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн зоорийн давхрын гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, үнэлгээг хийлгэсэнтэй холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох нэхэмжэлийг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 00056 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн.

1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүнээс сонссон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах талаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчид урьдчилан мэдэгдэж, дуудлага худалдаанд оролцох эрхийг нь хангах үүрэгтэй боловч энэ талаар мэдэгдээгүй, хууль зөрчсөн.

1.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас маргаан бүхий 2 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг эцэслэн тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 2 сарын хугацаа өнгөрсний дараа тухайн хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулж хууль зөрчсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 27 өдрийн 3/1 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 576 дугаар шийдвэрээр *******-иас 807,850,145 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, үнэлгээчин томилж хөрөнгийг үнэлүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн.

2.2. Шинжээч 4 өрөө орон сууцыг 406,624,660 төгрөгөөр, мөн хаягт байрлах зоорийн давхар гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 34,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Уг үнэлгээтэй холбогдуулан гаргасан *******ийн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3034 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1908 дугаар магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Уг тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дугаар тогтоолоор албадан борлуулах ажиллагаа явуулж байна.

2.3. Дээрх тогтоолыг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4-182/5284 дугаартай мэдэгдлийн хамт гардуулахаар үүрэн телефоны дугаарт залгасан боловч аваагүй, эргэж хариу өгөөгүй тул 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр оршин суугаа хаягаар баталгаат шуудан илгээсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******т холбогдох 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/1 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******ийн үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээний маргааныг эцэслэн шийдвэрлэснээс хойш хуульд заасан 2 сарын хугацаа өнгөрсний дараа албадан дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн.

2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор анхны албадан дуудлага худалдаанд оруулах байсан боловч уг хугацаанд оруулалгүй хугацаа хэтрүүлсэн байхад шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гарсан мэтээр буруу тооцож, хуульд заасан хугацаанд албадан дуудлага худалдааг явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар *******ийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж бүртгүүлээгүй тул албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хууль зөрчсөн гэж маргасан.

Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх талаар шүүхийн шийдвэртээ дурдсан атлаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг ажиллагааг хийгээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байхад энэ талаар үйл баримтыг үнэлэхгүйгээр хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан, нэг талд давуу байдал олгосон.

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим сайт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцогдохгүй бөгөөд хуульд зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт өдөр тутмын сонин хэвлэл, мөн телевиз, радио зэрэг орно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар *******ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр буюу өдөр тутмын сонин, телевиз, радиогоор нийтэд мэдээлэх ажиллагaar хийгээгүй бөгөөд энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй.

Шүүхээс нэхэмжлэгч өөрөө цахим сайтаас мэдээлэл олж авсан байх бөгөөд энэ нь ******* анхны албадан дуудлага худалдааны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдсэнд тооцогдоно гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарахад хүргэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00149 дугаар тогтоолоор *******-иас 807,850,145 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг,*******д олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл ын өмчлөлийн ******* тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 67 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, ******* гудамжинд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 262,8 м.кв талбай бүхий дэлгүүр, 128 м.кв талбай бүхий агуулах, *******ийн өмчлөлийн ******* тоотод байршилтай 115 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбай бүхий зоорийн давхрын гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 8-16 дугаар тал/

3.1. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд *******ийн өмчлөлийн ******* тоотод байршилтай, 115 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн байрны зоорийн давхарт байршилтай 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй автозогсоолыг тус тус битүүмжилж, хураан авах, үнэлгээ тогтоох ажиллагааг гүйцэтгэсэн байна.

*******ийн гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03043 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01908 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 149-162 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул дээрх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоосон ажиллагааны талаар шүүх дахин дүгнэхгүй юм.

4. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн дуудлага худалдааны үнийг тогтоож, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 167 дугаар тал/

4.1. Энэ талаарх 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4-182/5284 дугаартай мэдэгдлийг шуудангийн байгууллагаар хүргүүлснийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ******* хүлээн авсан болох нь -ийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 18/552 дугаартай албан бичиг болон хүргэлтийн баримтаар /хх-ийн 209-210/ тогтоогдсон үйл баримтыг шүүх зөв тогтоосон. Тухайн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна.

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянуулах гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 00056 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсанаас хойш 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, дуудлага худалдааг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явуулахаар тогтоосон нь хууль зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 00056 дугаар тогтоолын огноог 2024 оны 1 дүгээр сарын 14 гэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэлийг өөрчлөх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэлийг бичгээр гаргах болохыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан. Ийнхүү бичгээр гаргаснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэх, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх эрхээр хангагдаж, мэтгэлцэх зарчим хэрэгжих учиртай.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбараар нэхэмжлэлийн үндэслэлийг ихэсгэсэн, өөрчилсөн гэж үзэхгүй тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлийг нэхэмжлэлд заагаагүй, энэ талаар мэтгэлцээгүй гэж үзнэ. Иймд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Харин нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хариуцагч байгууллага иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэж тодорхойлогдсон байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, хэсэг оновчтой бус болсныг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/04763 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...65 дугаар зүйлийн 65.1 гэснийг 122 дугаар зүйлийн 122.5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА