| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00195/И |
| Дугаар | 00313 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00313
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, цэцэрлэгийн багш ажилтай, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар баг, Мандал, задгайн гудамжны 02-03 тоотод оршин суух, Улаанмалгайт овогт Наранчимэгийн Батчимэг /РД:ГЖ87042801/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1992 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн Хужирт гэх газар оршин суух, Хард овогт Баттулгын Баттүвшин /РД:ГЖ92030617/-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00195/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Батчимэг, хариуцагч Б.Баттүвшин, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Б.Баттүвшинтэй 2010 онд танилцаж, 2012 оноос дотносон үерхэж эхэлсэн. 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү Санчир төрсөн. Одоо хүүгийн хамт амьдарч байгаа. Б.Баттүвшин нь 2015 оны 10 дугаар сард өөр хүнтэй гэр бүл болсон. Хүүхдийг өөрийн асрамжинд авна. Эцэг тогтоолгож, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Баттүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Батчимэгтэй 2014 онд танилцаж дотоносон. Энэ хугацаанд шөнө дунд согтуу утасддаг, сумын залуучууд гэрт нь ирж хаалга цонхыг нь нүдээд байна гэх зэргээр гэртээ оруулахыг шаарддаг зэргээр хөнгөн явдалтайг мэдээд бид хоёр салсан. 2014 оны 08 дугаар сард манай гэрт ирсэн ба ирэхдээ хүүхэдтэй болох боломжгүй байсан. Иймээс би хүү Санчирыг өөрийн хүү гэхэд эргэлзэж байна. Иймээс хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батчимэг нь хариуцагч Б.Баттүшигт холбогдуулан шүүхэд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Батчимэг, хариуцагч Б.Баттүвшин нар нь 2010 онд танилцаж дотноссон. Тэдний дундаас 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү Санчир төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4060 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Батчимэг нь хүү Б.Санчирыг өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй гэх, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Санчирыг эх Н.Батчимэгийн асрамжинд үлдээж эцэг Б.Баттүвшингээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Улаанмалгайт овогт Батчимэгийн Санчирын эцгээр Хард овогт Баттулгын Баттүвшинг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Санчирыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Баттүвшингээс тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Батчимэгд даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ ньтэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлторуулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттүвшингээс 47052 /дөчин долоон мянга тавин хоёр/ төгрөг гаргуулж Төрийн санд, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Батчимэгд тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН