| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 156/2024/00391/И |
| Дугаар | 226/МА2025/00004 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 226/МА2025/00004
2025 01 22 226/МА2025/00003
П.А-ны нэхэмжлэлтэй, Х-д холбогдох иргэний хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нэхэмжлэгч П.А ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 156/ШШ2024/00539 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.А-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Х-д холбогдох “1 500 000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч П.А нэхэмжлэл болон тайлбартаа: “...Миний бие эрүүгийн хэргийн хохирогч болж, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр ........ 00 давхрын авто зогсоолоор миний хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн тул ШШГГ нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Тухайн гүйцэтгэх ажиллагааг хийхдээ уг эд хөрөнгийг яаж битүүмжилсэн, битүүмжлэх үед тухайн авто зогсоол Н.Т гэх хүний нэр дээр байсан эсэхийг шалгасан эсэх нь тодорхойгүй байдаг. Би тухайн үед уг авто зогсоолыг дуудлага худалдаанд оруулахыг хүссэн. М.кв нь зөрүүтэй, хэт өндөр үнээр үнэлэгдэж гарсан, үнийн зөрүү 1,500,000 төгрөгийг би төлж байсан. Уг авто зогсоолыг дуудлага худалдаанд оруулахгүй гэсэн тул тухайн авто зогсоолыг би эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу Н.Т-ын төлөх ёстой хохирлын төлбөрт тооцуулж авсан. Ингээд уг авто зогсоолын гэрчилгээг гаргуулан надад өгсөн. Дараа нь би уг авто зогсоолыг Б.Э гэх хүнд зарахад Б.Э маргааш нь машинаа тавих гэтэл өөр эзэмшигчтэй байсан. Ингээд нэг авто зогсоол 2 өмчлөгчтэй болж, 2 үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй болсон байсныг мэдсэн. Үүнээс болж Б.Э нь намайг залилан хийсэн гээд авто зогсоолыг эзэмших, хэрэглэх, ашиглах боломжгүй юм байна гээд надад холбогдуулан иргэний хэргийн шүүхэд өгч, гурван шатны шүүхээр явж Б.Э-д холбогдуулан би төлбөр төлөгч болж 3 жил санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирч байна. Надад 2 гэрчилгээтэй нэг авто зогсоол шилжигдэж ирсэн. Тухайн авто зогсоолыг надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах гүйцэтгэгч Б.Н-д дарга санал болгосон. Би тухайн үед авто зогсоолын квадрат метр зөрүүтэй, хэт өндөр үнэлэгдсэн байна гэхэд та авсан нь ононо оо, өөр арга байхгүй, хэрэв м.кв зөрүүтэй гээд шүүхээр явбал Н.Т ирэхгүй, мөн хугацаа алдах учраас та авах нь зөв гэсэн. Өөр ямар боломж байна вэ гэж асуухад дуудлага худалдаанд оруулах боломжтой гэж хэлсэн. Би дуудлага худалдаанд оруулаад өгөөч гэхэд дэнчин тавих хүн байхгүй учраас та зүгээр л ав гэсэн. Тухайн үед 5,100,000 төгрөгийн үнэлгээтэй байсан авто зогсоолыг надад 10,800,000 төгрөгөөр үнэлж өгсөн, маш өндөр үнээр үнэлэгдсэн байсан. Тухайн үед А57 байранд авто зогсоол 7 сая, 8 сая төгрөгийн үнэлгээтэй л байсан. Миний авах зогсоол 9,130,000 төгрөг байсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 10,800,000 төгрөгөөр үнэлж 1,500,000 төгрөгийн зөрүү гарч, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус ШШГА-ны дансанд 1,500,000 төгрөгийг хийсэн. Гэтэл зөрүү мөнгө төлж авсан авто зогсоолоо би ашиглах, захиран зарцуулах, хэрэглэх боломжгүй болохоор барахгүй намайг төлбөр төлөгч болгосон. Би авто зогсоолын асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газар луу маш олон удаа очсон. Би ................. СӨХ дээр очиж тус авто зогсоолыг өөр хүн ашигладаг эсэх, машин тавьдаг эсэхийг лавлаж асуухад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолооч Шүхрээ гэх хүн машинаа тавьдаг гэж хэлсэн. Энэ талаар Б.Н-д даргад хэлэхэд Ш-ийн юм гэж юу байдаг юм гээд өнгөрсөн.
2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ШШГА-аас над руу залгаж таны эд хөрөнгийг битүүмжилнэ, дансыг чинь хаана, тань дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна гээд маргаан үүссэн. Би ШШГА-ны өгсөн авто зогсоол дээр буцаад төлбөр төлөгч болчихсон. Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр залгаад авто зогсоол асуудалтай байгаа тул гүйцэтгэх ажиллагааг битгий хааж өгөөч гэж Б.Н даргад хэлсэн боловч энэ ажиллагааг Б.Н дарга өөрөө гүйцэтгэсэн. Хамгийн сүүлд намайг Одхүү гэдэг шийдвэр гүйцэтгэгчтэй уулзуулж байсан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиж дахин надад гүйцэтгэх ажиллагаа хийж өгөөч гэж хүсэхэд Улсын Дээд шүүхийн шийдвэр учраас гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн гэж хэлдэг. Дахин гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байсаар байгаад 3 жилийн хугацааг өнгөрөөсөн. Надад өгсөн гэрчилгээ хүчингүй, авто зогсоол байхгүй болсон учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд хийсэн 1,500,000 төгрөгөө нэхэмжилж байгаа...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариу тайлбартаа: “...Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 9,159,624 төгрөгийг Т-аас гаргуулж П.А-д олгохоор шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч талаас гомдол гаргаж Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны 175 дугаартай тогтоолоор ................ тоот эрхийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэлтэй гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хохирол төлбөрийг хангуулах шийдвэр гарсны дагуу Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу тус хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг тухайн үед явуулж, талуудад танилцуулж ажилласан. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу шинжээч томилж тус хөрөнгийг 10,800,000 төгрөгөөр үнэлсэн.
Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч Т , төлбөр авагч П.А нарт албан бичгээр танилцуулахад Т-ын зүгээс үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал гомдол гаргаагүй. Төлбөр авагч П.А-д үнэлгээг танилцуулахад өндөр үнээр үнэлэгдсэн байна гэж бичгээр ямар нэгэн гомдол гаргаагүй. Харин П.А Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр тооцоонд суутган авах хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бичгээр гаргаж өгсөн тул шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслээд эд хөрөнгийг П.А-ны нэр дээр шилжүүлэх хүсэлтийг манай байгууллагаас Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснээр тус хөрөнгө П.А-ны нэр дээр шилжигдэн очсон.
П.А нь 9,100,000 төгрөгийн төлбөр авагч, гэтэл тухайн төлбөрт авах хөрөнгө нь 10,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул зөрүү төлбөр 1,500,000 төгрөгийг манай байгууллагын дансанд шилжүүлж төвлөрүүлсэн. Шилжүүлсэн мөнгийг манай байгууллага Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1271 дугаартай шийдвэрээр Т-аас 2,309,816 төгрөгийг гаргуулж Б гэх иргэнд олгохоор шийдвэрлэгдсэн. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 309 дугаартай гүйцэтгэх хуудаст шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан материал дээр 1,500,000 төгрөгийг Б гэх иргэний дансанд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлэн олгосон.
Энэ бүх ажиллагаа явагдаж байх үед Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн бүртгэлийн доголдолтой, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 2 эзэмшигчтэй болон ямар нэгэн маргаантай талаар мэдээлэл ирж байгаагүй. Иймээс тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ П.А-ны нэр дээр хуулийн дагуу шилжсэн. П.А-ны нэхэмжлээд байгаа 1,500,000 төгрөг манай байгууллагын дансанд төвлөрч, П.А-ны төлбөр төлөгч Т-ын өр төлбөрт төлөгдөн дуусгавар болсон. Энэ мөнгөнөөс манай байгууллага ямар нэгэн байдлаар идэж уугаагүй, нууж хаагаагүй, мөнгө нь төлбөрт шилжүүлэгдсэн нь нотлох баримтаар харагдаж байна. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Х-с 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн. П.А нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаагүй, харин зөрүү төлсөн 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байтал Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтуудыг барьж шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай хамаатуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д "Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно" гэж заасан болно. Тус хуулийн дагуу төлбөр төлөгч Н.Т-д 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3/1076 дугаартай хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч ямар нэгэн санал гаргаагүй.
Харин төлбөр авагч П.А-д 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3/1077 дугаартай хөрөнгийн үнэлгээний таларх мэдэгдлийг хүргүүлэхэд П.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д "Төлбөр авагч хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гүйцэтгэх баримт бичгийн шаардлагад нийцэхүйц хөрөнгийг төлбөрт суутган авах тухай хүсэлт гаргаж болно" 78.2-д "Төлбөр авагч энэ хуулийн 78.1-д заасан санал гаргасан, төлбөр төлөгч энэ хуульд заасан хугацаанд хөрөнгөө бие даан борлуулаагүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэх хуудсанд заасан үнээр төлбөр авагчид төлбөрт суутган шилжүүлнэ" гэсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр П.А нь төлбөрт тооцон авах тухай хүсэлт гаргасны дагуу тус хөрөнгө П.А-ны нэр дээр шилжигдэж, гэрчилгээг П.А-д олгосон болно.
П.А- тус хөрөнгийг бусдад шилжүүлэх явцад 2 өмчлөгчтэй нь илэрч П.А-ны нэр дээрх хөрөнгийг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хүчингүй болгож шийдвэрлэсэн нь манай байгууллагын буруу биш ........ Улсын бүртгэлийн буруутай үйл ажиллагаа юм. Хэрвээ Х............. Улсын Бүртгэлийн хэлтэс 2 гэрчилгээ гаргаж хууль бус ажиллагаа явуулаагүй бол өнөөдөр П.А 1.500.000 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжлэхгүй байсан гэж бодож байна. Тус нэхэмжлэлийн гол буруутай эзэн болох ............ Улсын бүртгэлийн газар, төлбөр төлөгч Н.Т нараас 1.500.000 төгрөгийг гаргуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
ШШГТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар төлбөр төлөгчөөс ямар нэгэн санал, гомдол гаргаагүй, үнэлгээн дээр гомдол гаргаагүй, төлбөр авагч ШШГТХ-ийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар төлбөрт тооцон авах санал гаргасан бол заавал албадан дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлж болно. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 156/ШШ2024/00539 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...А-аас төлбөрт тооцон авах санал гаргасны дагуу манайх дуудлага худалдаанд оруулалгүйгээр төлбөрийг А-ны нэр дээр шилжүүлж өгсөн байгаа. ...Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусаад А-ны нэр дээр бүх хөрөнгө шилжээд А цааш нь худалдан борлуулах шатанд энэ хөрөнгө нь 2 гэрчилгээтэй байсан гэдэг нь илэрсэн. Ийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан гэж бодохгүй байна...” гэв.
Нэхэмжлэгч П.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Надад хуучин эзнийх нь гэрчилгээ шүү гэж ямар ч гэрчилгээ харагдаагүй. Яг энэ гэрчилгээ байгаагүй. Энэ гэрчилгээг энэ хүнийг төлөөлөөд бид нар танд шилжүүллээ гэсэн тийм үнэт цаасыг харуулаагүй. Ямар нэгэн бичиг баримтыг ч би бүрдүүлж өгөөгүй байхад “ ..таны нэр дээр энийг шилжүүлнэ, Улсын бүртгэлээр шилжилтийг хийнэ” гэж хэлсэн. Шилжилт хийх үед надад 10.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнийн санал ирсэн. Хавтаст хэрэг дээр авто зогсоол битүүмжлэгдсэн. “Вендо” компанийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт дээр 5.100.000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл нэг жилийн дараа гэхэд энэ үнэлгээг надад 107 хувиар нэмж зарж байгаа юм.
Тэгэхээр нь “Жаргалан” ХХК-ийн СӨХ-өөс очиж тухайн зогсоол дээр ямар хүн машинаа тавьдаг, төлбөр тооцоог яаж хийдэг юм бэ? гэж асуухад “...ямар ч хүн төлбөр тооцоог нь хийдэггүй” гэж хэлсэн. Тухайн зогсоолд “..шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн Ш жолооч, мөн 4 дүгээр сургуулийн захирал нар машинаа тавьдаг, гэхдээ бидэнд цэвэрлэгээний мөнгийг өгдөггүй, эзэн нь олддоггүй зогсоол” гэж хэлсэн. Тэгэхээр нь би квадрат метрийг нь газар зүй хэмжилтийн компаниар хэмжүүлэхэд 12м2 гарсан. Надад үнийн дүн дээрээ 13.68м2 гэж ирж байгаа юм.
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очоод 50 дугаар тогтоол гэсэн тогтоол байгаа, тэр тогтоолтой танилцаад шийдвэрийг нь аваад ир гэсэн юм. Би Н дарга дээр очоод “...энэ чинь хэт өндөр үнэлэгдсэн байна. 5.100.000 төгрөгөөр авсан зогсоолыг 1 жилийн дараа 10.800.000 төгрөг буюу хэт өндөр болгоод үнэлчихэж байгаа юм уу? гэхэд Н “.. та одоо Т-с юу ч авч чадахгүй, одоо энэ авто зогсоолоо авч чадахгүй бол ....аймагт байгаа хөрөнгө нь энэ хөрөнгө юм байна, Т .... аймаг руу шилжсэн учраас та юу ч авч чадахгүй, юу ч үгүй сална, авсан хүн онодог юм, та ав, өөр хөрөнгө байхгүй учраас гүйцэтгэх ажиллагаа танд хийж өгөхгүй шүү” гэж хэлж байгаа юм.
...Би энийг зарж чадахгүй ш дээ авахгүй гэхээр намайг хоосон үлдээх гээд байсан учраас би авахаас өөр аргагүй болоод “тэгвэл танайд өөр ямар сонголт байдаг юм бэ” гэхэд “дуудлага худалдаа” байдаг гэж хэлсэн. Дуудлага худалдаанд та оруулаад өгөөч гэхээр “..дэнчин тавих хүн байхгүй, болохгүй, бүтэхгүй, чи энийг авбал ононо, өөр өгөх хөрөнгө бид нарт байхгүй ш дээ” гэх зэргээр намайг айлгаж сүрдүүлээд байхаар нь би авсан.
Би ямар ч хүнд өргүй байсан. ...Тийм учраас би мөнгөө авмаар байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Х-д холбогдуулан “1,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н Шүүхийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэгдсэн ................... давхрын 01 тоот хаягт байршилтай авто зогсоолыг төлбөр төлөгч Н.Т-с П.А-ны өмчлөлд шилжсэн. ШШГГ нь хуулийн хүрээнд ажиллагаа явуулсан тул нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг иргэн Н.Т-с нэхэмжлэх нь зүйтэй гэж маргажээ.
Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Х-сс 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч тал “...Тус нэхэмжлэлийн гол буруутай эзэн болох ........ газар, төлбөр төлөгч Н.Т нараас 1.500.000 төгрөгийг гаргуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
ШШГТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар төлбөр төлөгчөөс ямар нэгэн санал, гомдол гаргаагүй, үнэлгээн дээр гомдол гаргаагүй, төлбөр авагч ШШГТХ-ийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар төлбөрт тооцон авах санал гаргасан бол заавал албадан дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлж болно...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтуудаар /хх-ийн 84-114 хуудас/ төлбөр төлөгч Н.Т-д холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 11-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2021 оны 7 дугаар сарын 09-нд төлбөр төлөгч Н.Т-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн ..................тоот эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно...” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “....үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ...” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч П.А “...Би тухайн үед авто зогсоолын квадрат метр зөрүүтэй, хэт өндөр үнэлэгдсэн байна гэхэд та авсан нь ононо гэсэн. ...Би дуудлага худалдаанд оруулаад өгөөч гэхэд дэнчин тавих хүн байхгүй учраас та зүгээр л ав гэсэн. Тухайн үед 5,100,000 төгрөгийн үнэлгээтэй байсан авто зогсоолыг надад 10,800,000 төгрөгөөр үнэлж өгсөн...” гэсэн тайлбар өгсөн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар үнийн талаар харилцан тохиролцсон эсэх, дуудлага худалдаа явуулах, эс явуулах талаар төлбөр төлөгчөөс тодруулсан эсэх нь тогтоогдоогүй, хариуцагч тал энэ талаар шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Анхан шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийг хуульд заасан журмыг зөрчсөний улмаас төлөгдөх ёсгүй төлбөр болох 1,500,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 156/ШШ2024/00539 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Д.ГАНЗОРИГ