| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1037 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч В.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч В.А холбогдох эрүүгийн 1906 02707 1390 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, дээд боловсролтой, технологич, инженер мэргэжилтэй, “ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, В.А .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч В.А нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Батгэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Батгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-7-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 6890 дугаартай дүгнэлт /хх-24/, шүүгдэгч В.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч В.А нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Батгэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батгэрэлийн өгсөн: “...Би В.Амартүвшинтэй 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр танилцсан. В.А нь над руу утсаар залгаж танилцсан. Тэрнээс хойш уулздаг болсон. Гэтэл сүүлдээ авир ааш нь дийлдэхгүй намайг зодож цохьдог болсон. Хамгийн сүүлд 4 дүгээр сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт намайг өөрийнхөө приүс маркийн машин дотор зодсон. Миний нүүр рүү олон удаа цохисон. Би уйлаад “намайг битгий зодооч, намайг аллаа” гэж зөндөө гуйсан. Намайг завсар зайгүй зодсон. Би болсон явдлын маргааш өглөө нь ажилдаа явахдаа xapaxaд миний нүүрний зүүн тал битүү хавдартай болсон. Хацар нүүр хөхөрсөн. Хоолой боосон байсан учраас хүзүү улайсан. Миний баруун гарын ард мушгиад ямар ч хөдөлгөөнгүй болгосон. Тэгээд намайг элэг рүү хэд хэдэн удаа цохьсон.” /хх-7-8/ гэх мэдүүлэг,
Мөн түүний хохирогчоор өгсөн: “..В.А одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх хүсэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 5439 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Батгэрэлийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн сарвууны ар хэсэг, алга хэсэг, баруун бугалга, зүүн бугалга, эрүү, хүзүү, баруун гуя, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-24/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд В.А яллагдагчаар өгсөн: “...Болсон явдалд маш их харамсаж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж шийдвэрлэж өгнө үү.” /хх-32/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч В.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-39/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч В.А 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Батгэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Батгэрэл нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар В.А холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч В.А 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, В.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.А г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар В.А 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар В.А нь шүүхээс оногдуулсан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар
В.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, В.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба В.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл В.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС