Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0098

 

“Бцб” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 934 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Бцб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 934 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бцб” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжийн “Бцб” ХХК-д, мөн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/552 дугаар захирамжийн “Бөз” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: “...“Бцб” ХХК-ийг төлөөлөх эрхгүй М.Э газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бусадтай байгуулсан талаар нэхэмжлэлд бичиж, төлөөлөх эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус тул түүнийг шалгах үүргээ захиргаа биелүүлээгүй хэмээн хариуцагчийг шүүх хуралдаан дээр буруутгасан байхад шүүхийн шийдвэрт “... “Он” ХХК-ийн газар эзэмших хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн гэрчилгээний ард М.Э-ыг... бүртгэсэн байдлаар үгүйсгэгдэж байх тул ...” гэжээ.

Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх үүргээ шүүх биелүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээний ард М.Э гэдэг хүний нэр байхгүй байхад түүнийг үнэлэхгүй байгаагаа эсхүл тухайн хэрэгт яагаад хамааралгүй хэмээн үзэж байгаа үндэслэлээ тус тус тайлбарлаж чадахгүй байна.Тэгэхээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Нэгэнт М.Э нь “Бцб” ХХК-ийг төлөөлөх эрхтэй хэмээн шүүх үзсэн учраас түүнээс хойших үйл явдал нь бүгд хуульд нийцсэн тул шүүхийн бусад дүгнэлттэй маргах боломжгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Бцб” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжийн “Бцб” ХХК-д, мөн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/552 дугаар захирамжийн “Бөз” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулахаар “...компанийг төлөөлөх эрхгүй этгээд М.Э газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бусадтай байгуулж, шилжүүлэх хүсэлт гаргасан байхад төлөөлөх эрхийг шалгахгүйгээр “Он” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус” гэж маргажээ.

Анхан шатны шүүхээс “...”Бцб” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард М овогтой Э-ыг захирлаар томилсныг 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэсэн байх тул ...компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж хариуцагчаас үзэх боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд хүсэлтдээ нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээдийн зөвшөөрсөн тухай нотолгоо, хураамж төлсөн баримт зэргийг хавсаргахаар заасан, харин мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар тухайн шатны Засаг дарга эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан баримтуудыг хавсаргасан эсэх, шилжүүлэхийг хүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулах үүрэгтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Бцб” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж гаргасан хүсэлт, холбогдох бусад баримтуудыг хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлэн өгсөн байх тул хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзах үндэслэлгүй байжээ.

Тодруулбал, “Бцб” ХХК-иас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т тусгайлан заасан баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлсэн, тус компанийн үүсгэн байгуулах баримт бичиг нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, “Бцб” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг М.Э гэж эрх бүхий байгууллага болох улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэсэн баримтад үндэслэн хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэрийг гаргасан байх тул “...компанийг төлөөлөх эрхтэй эсэхийг шалгаж тогтоогоогүй” гэж буруутгах боломжгүй.

Газар эзэмшигчээр бүртгэгдсэн этгээд болон шилжүүлэн авч байгаа этгээдийн бүрдүүлэн ирүүлсэн баримт бичгүүд нь хуурамч эсэхийг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй, уг асуудлаар нэхэмжлэгч “Бцб” ХХК нь маргах эрхтэй, ийнхүү нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг М.Э гэж бүртгэгдсэнийг хуурамч болохыг тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн гэж маргаж байх боловч 2016 онд гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг шилжүүлснээс хойш нэхэмжлэгч нь тухайн газрыг бодитойгоор эзэмшиж байсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй, мөн хугацаанаас хойш газрын төлбөр төлж байсан баримтгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 934 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН