Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 221/2023/0080/З |
Дугаар | 001/ХТ2024/0065 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2024/0065
Э.Э-гийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Засгийн газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмын 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсгийн “…хамран сургах тойргийн дагуу …” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах,
2.Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Э.Э нь ерөнхий боловсролын “Олонлог” төв сургуулийг 2023 онд төгсөхдөө, Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик-800, англи хэл-800, физик-725 гэсэн оноогоор шалгуулж, Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2 хичээлээр 800 хэмжээст оноо авсан 5 хүүхдийн нэгээр шалгарсан байна. Улмаар Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах гэсэн боловч “хамран сурах тойрог”-ийн сургуулийг төгсөөгүй гэсэн үндэслэлээр тэтгэлэгт хамрагдаагүй байна.
3.Нэхэмжлэгчээс: “... хувийн сургуульд сурсан хүүхэд энэ тэтгэлэгт оролцох ямар ч боломжгүй болж, төгссөн сургуулиар нь ялгасан, зөвхөн төрийн сургуульд сурсан хүүхдэд тэтгэлэг олгож, тэгш бус хандсан, төрийн өмчит боловсролын сургуульд суралцагчдыг бүхэлд нь зорилтот бүлэг буюу цаашид өөрсдийн зардлаар суралцах боломжгүй суралцагчид гэж үзэх боломжгүй, эсрэгээ хувийн хэвшлийн сургуульд суралцагчдыг өөрсдийн зардлаар суралцах боломжтой гэж үзэх ч боломжгүй, нийгмийн халамж ч гэсэн нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц үндэслэл байх ёстой” гэж,
4.Хариуцагчаас: “... Монгол Улсын сум, хороо тус бүрээс нэг иргэний сонгон шалгаруулахаар ерөнхий шалгуурыг тавьсан бөгөөд гадаадын их, дээд сургуульд өөрийн төлбөрөөр суралцах боломжгүй, сурлагын амжилт гаргаж буй төрийн өмчийн сургуулийн хамран сурах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж буй суралцагчийг дэмжих зорилгоор тус тэтгэлгийг олгохоор журамласан. Хувийн болон төрийн өмчийн сургуулийн хичээлийн хөтөлбөр, хичээлийн багц цаг, хичээлийн агуулга нь харилцан адилгүй байдаг. Хамран сурах тойрог буюу тэгш суралцах боломжийг төрөөс зохицуулах хэрэгтэй бөгөөд шалгуурын байдлаар журамлаж өгөх нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал” гэж тус тус маргажээ.
5.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
5.1.Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалт нь бэлтгэл хөтөлбөрт болон тэтгэлэгт хөтөлбөрт тус тус сонгон шалгаруулах гэсэн 2 үе шаттай. Маргаан бүхий журмын 3.2.1 нь бэлтгэл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдагсдад хамааралтай. Өөрөөр хэлбэл журмын шаардлага нь зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд л хамааралтай, хувийн сургууль төгсөгчид бэлтгэл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй.
5.3.“тэгш боломж”-ийг зөвхөн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдагсдад хамран сургах тойргийн буюу төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч байхаар, сургалтын амжилт гаргасан ч цаашид өөрсдийн зардлаар суралцах боломжгүй, тодруулбал нийгмийн зорилтот бүлэгт илүүтэй чиглэх зорилгоор журамласны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.
5.4.нэхэмжлэгч тухайд заавал Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт бус Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт, эсхүл Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын дагуу төрөөс олгох санхүүгийн дэмжлэгт тус тус хамрагдах боломжтой.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.Нэхэмжлэгчийн зүгээс тухайн маргаан бүхий заалтыг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа гэж маргаагүй бөгөөд, Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуульд нийцсэн бусад ердийн хуульд нийцээгүй болохыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, мэтгэлцээндээ тодорхой дурдсан. Тодруулбал, дээр заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүйгээс гадна Боловсролын тухай /2002/ хуулийн 5 дугаар зүйлд заасан Боловсролын үндсэн зарчмуудын нэг болох 5.1.4-д иргэнийг сурч боловсроход үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана гэж заасныг зөрчиж байгаа болохыг тайлбарласан.
6.2.Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгохоор, өөрөөр хэлбэл, боловсролыг тэгш, бүх нийтэд хүртээмжтэй олгохоор заасан болохоос, зөвхөн сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан төрийн өмчийн сургуульд суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгохоор хуульчлаагүй.
6.3.Суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шударга өрсөлдөөнийг дэмжиж байх үндсэн зарчмыг баримтлахаар заасан бөгөөд үүнд төгссөн сургуулиас хамаарч ялгамжтай хандах агуулга ерөөсөө тусгагдаагүй байна.
6.4.Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэгт хамрагдах суралцагчдын хамрах хүрээг дур мэдэн хязгаарлаж, зөвхөн төрийн өмчийн сургуульд суралцаж төгссөн суралцагчид л тухайн тэтгэлэгт хамрагдах боломжтой боломжит тэтгэлэг горилогч байхаар журамласан нь Монгол Улсын сум, нийслэлийн хороо бүрийн төлөөллийг жигд хангах гэсэн чиглэлд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн маргаан бүхий заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан “тусгайлан эрх олгосон тухай хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” шаардлагыг хангахгүй байгаа юм.
6.5.Давж заалдах шатны шүүх шийдвэртээ “өөрөө хэлбэл, “тэгш боломж”-ийг зөвхөн тэтгэлгийг бэлтгэл хөтөлбөрт хамрагчдад хамран сурах тойргийн буюу төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч байхаар, сургалтын амжилт гаргасан ч цаашид өөрсдийн зардлаар суралцах боломжгүй, тодруулбал нийгмийн зорилгот бүлэгт илүүтэй чиглэх зорилгоор журамласны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй” гэх дүгнэлтийг хийснээрээ шүүх засаглал өөрөө хүний эрхийг үл хүндэтгэсэн, ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, шударга бус явдлыг хүлээн зөвшөөрч өөгшүүлсэн шийдвэр гаргасан.
6.6.Энэ тохиолдолд төрийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд суралцагчдыг бүхэлд нь “зорилгот бүлэг” буюу цаашид өөрсдийн зардлаар суралцах боломжгүй суралцагчид гэж үзэх боломжгүй. Эсрэгээрээ, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд суралцагчдыг “цаашид өөрсдийн зардлаар суралцах боломжтой” бүлэг гэж үзэх ч боломжгүй. Иймд, шүүхийн тодорхойлолт хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Хэрэв шүүхийн тодорхойлсны дагуу авч, ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь зорилтот бүлэгт чиглэсэн нэг төрлийн нийгмийн халамж гэж ойлгогдох бөгөөд нийгмийн халамж ч гэсэн тухай тохиолдолд нийтэд (халамжид хамрагдаагүй хэсэг) хүлээн зөвшөөрөгдөхүйц үндэслэл бүхий байх ёстой гэдийг анхаарах шаардлагатай юм гэжээ.
7.Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
9.Боловсролын тухай (2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "... тэтгэлэг гэж дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн суралцах болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгох буцалтгүй мөнгөн тусламжийг /ойлгох/”-оор; 43 дугаар зүйлийн 43.2.9-д “сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох”-оор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 23 дугаар зарлигийн 1.4-т “Монгол Улсын иргэдийг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх”-аар тус тус заасан, иргэнд дээд боловсрол эзэмшихэд нь зориулан олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь суралцагчид төрөөс буюу төсвийн хөрөнгөнөөс олгож буй санхүүгийн дэмжлэг, тусламжийн агуулгатай байна.
10.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай (2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон) хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ыг баталсан, уг журмын 3.1-д “Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг бэлтгэл хөтөлбөрт болон тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулах гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна”, 3.2-т “Бэлтгэл хөтөлбөрт Монгол Улсын сум, хороо тус бүрээс дараах шалгуур хангасан нэг иргэнийг сонгон шалгаруулна: 3.2.1. сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцан төгссөн байх” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон боловсролын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
11.Боловсролын тухай (2002 оны) хуулийн 5.1.4-т “иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана” гэж заасан нь “иргэний сурч боловсрох” үндсэн эрхийн агуулгад хамааралтай, харин иргэн гадаад дотоодын их дээд сургуульд суралцахдаа төрөөс санхүүгийн дэмжлэг тусламж авахтай холбоотой харилцаанд шууд хамааралгүй.
12.Тодруулбал, төрөөс олгож буй аливаа санхүүгийн дэмжлэг, тусламж нь тодорхой болзол шалгуур хангасан тохиолдолд олгогдох нөхцөлтэй байгааг “тэгш эрхийн зарчим зөрчсөн” гэж үзэхгүй, тусламж дэмжлэг олгох шалгуур нөхцөлүүд нь төрийн бодлогыг илэрхийлэх бөгөөд нийгмийн нэг бүлэгт чиглэсэн, эсхүл тухайн бүлэг дотор дахин шалгуур нөхцөл тавьж хэсэг этгээдэд чиглүүлэх боломжтой, үүнийг шүүх “хууль бус” гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүйгээс гадна Боловсролын тухай (2002 оны) хуулийн 5 дугаар зүйлд заасан боловсролын үндсэн зарчмуудын нэг болох 5.1.4-д иргэнийг сурч боловсроход үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана гэж заасныг зөрчиж байгаа” гэх гомдол үндэслэлгүй байна.
13.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгохтой холбоотой асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхдөө “сум, хороо бүрийн төлөөллийг жигд хангах” агуулгыг тусгайлан дурдсан, сум хороо бүрийн төлөөллийг жигд хангах обьектив шалгуур болгож тухайн баг, сум, хороог хамран сургах тойргийн сургуульд суралцагсдаас сонгон шалгаруулахаар журамласан нь энэ тохиолдолд “зорилгодоо нийцсэн” гэж үзэхээр байна.
14.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг “сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцан төгссөн байх” шаардлагыг хангасан иргэнд олгохоор нөхцөл болзол тавьсан нь өөрийн амьдардаг баг, хорооны нутаг дэвсгэрийн харьяалах ерөнхий боловсролын сургуульд суралцагсдад чиглэсэн, тэдгээрт төрөөс санхүүгийн дэмжлэг, тусламж олгох зорилготой байх бөгөөд төрөөс ийм бодлого баримталсныг “буруу” гэх, “бүгдэд нээлттэй байх ёстой” гэх хууль зүйн үндэслэлгүй.
15.Тухайн тохиолдолд, “тэгш эрхийн зарчим” нь журмын 3.2.1, 3.2.2, 3.2.3 -т заасан нөхцөлийг хангасан нийт иргэн тэгш эрхийн үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байх агуулгаар хангагдах юм.
16.Давж заалдах шатны шүүх дээрх асуудлаар “ ... төгссөн сургуулиас нь хамаарч ялгамжтай журамласнаар Монгол Улсын Үндсэн хуулийг ... зөрчсөн эсэх, өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэхэд тус шүүх дүгнэлт өгөх эрхгүй” гэж буруу дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчээс ердийн хууль буюу Боловсролын хуулийн тодорхой заалтыг нэрлэн зааж, тэгш эрхийн зарчим зөрчсөн гэж маргаж байхад үүнийг Үндсэн хуулийн эрх зүйн маргаан гэж үзэхгүй, захиргааны хэргийн шүүх энэ асуудлаар бүрэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой болно.
17.Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Засгийн газар тэтгэлэгт хамрагдах суралцагчдын хамрах хүрээг дур мэдэн хязгаарлаж, зөвхөн төрийн өмчийн сургуульд суралцаж төгссөн суралцагчид хамрагдах боломжтой байхаар журамласан ... нь Захиргааны ерөнхий хуулийн ... “тусгайлан эрх олгосон тухай хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн”, “... шүүх засаглал өөрөө хүний эрхийг үл хүндэтгэсэн, ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, шударга бус явдлыг хүлээн зөвшөөрч өөгшүүлсэн шийдвэр гаргасан” гэх агуулгатай гомдлын үндэслэлүүдийг хүлээж авахгүй.
18.Дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ