Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 17

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би “Жавхлант түрүү” ХХК-ийн  нэхэмжлэлтэй  Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдох Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

Тодорхойлох нь:

“Жавхлант түрүү” ХХК-ийн захирал Ё.Өнөтэгш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга С.Нямсүрэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 тоот захирамж гаргахдаа “Жавхлант түрүү” ХХК-ийг Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг болон газар эзэмших гэрээний болзлыг зөрчсөн гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийг хүчингүй болгсон байна. Жавхлант сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:  

            1.Засаг дарга С.Нямсүрэн нь уг захирамжийг Монгол улсын Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй, болон газар эзэмших гэрээний болзлыг зөрчсөн үндэслэлээр “Жавхлант түрүү” ХХК-ний нэгж талбарын 18606515640443 дугаартай 12.38 га, нэгж талбарын 18609515039845 дугаартай 27.56 га, нэгж талбарын 18606511638290 дугаартай 38.08 га 3 талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийг хүчингүй болгосон байна. Уг газруудад 2014 он, 2015 онуудад тосны ургамал тариалж, 2016 онд уринш хийсээр байтал буруу шийдвэр гаргасан байна. Манай компани нь тариалангийн ажил, бусад үйл ажиллагааны талаархи мэдээгээ тухай бүр тайлагнаж мэдээ хүргүүлж, Монгол улсын Газрын тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан заалтын дагуу газрын төлбөрийг төлж барагдуулж байсан.

            2. Жавхлант сумын Засаг даргын А/82 тоот захирамжийг хуулийн хугацаанд бидэнд мэдэгдээгүй бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 11-нд танилцуулсан. Энэ нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр “газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэнэ” гэснийг зөрчиж мэдэгдсэн,

            3. Монгол Улсын Газрын тухай хуулийн 40.4-д заасан үндэслэлээр сумын Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулна гэсэн заалтыг зөрчсөн,

            4. Монгол Улсын Газрын тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрхийн гэрчилгээг эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийг гэрчилгээ шинээр олгохгүй гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

            Иймд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга С.Нямсүрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга Ж.Отгондалай шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

1.”Жавхлант түрүү” ХХК нь 2014, 2015 онуудад 191 га талбайд тариалалт хийсэн мэдээ өгсөн ба уг мэдээнд 32/12 га, 26/28 га, 38/38 га талбай орж байгаа тус онуудад тариалалт хийсэн боловч ургац аваагүй, 2017 оны 05 дугаар сарын 02-нд Аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ирж ажиллахад “Бадралтрейд” ХХК-ний трактор комбайнч Мөнхбаатар, Ганболд, Чулуун-Эрдэнэ нар тухайн талбайд “Шинэ буудай” ХХК /захирал Л.Мягмаржав/ түрээслүүлж уг түрээсэлсэн иргэн тосны ургамал /рапс/ тариалсан гэж хэлсэн, газрын төлбөрийг төлж барагдуулсан болно.

2. Жавхлант сумын Засаг даргын А/82 тоот захирамжийг хуулийн хугацаанд нь “Жавхлант түрүү” ХХК-ний удирдлагад тухайн үед ажиллаж байсан газрын даамал Ц.Батчимэгт мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй урт хугацааны чөлөөтэй байгаа.

3. Тухайн үед ажиллаж байсан газрын даамал нь эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад /аймгийн газрын алба/ мэдэгдэж улсын бүртгэлд бүртгүүлж өөрчлөлт хийгээгүй болохыг Аймгийн газрын албаны ажилтан Алтантамир мэдэгдсэн.

4. “Жавхлант түрүү” ХХК-ний 32/12 га, 26/28 га, 38/38 га талбайг сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 12-ны өдрийн А/128 тоот захирамжаар “Анар энх” ХХК-д шилжүүлснийг “Жавхлант түрүү” ХХК-д мэдэгдээгүй улмаас 2016 оны 07 сард уриншийн боловсруулалт хийсэн болно.

5. Аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/235 тоот захирамжаар Жавхлант сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/126 дугаар захирамжууд нь хүчингүй болсон байна. Иймд сумын Засаг даргын зүгээс дээрх үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч “Жавхлант түрүү” ХХК нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаартай захирамжаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг болон газар эзэмших гэрээний болзлыг зөрчсөн гэж “Жавхлант түрүү” ХХК-ний 32/12 га, 26/28 га, 38/38 га 3 талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч зөвшөөрөл бүхий газар тариалангийн талбайдаа 2014 он, 2015 онуудад тосны ургамал тариалж, 2016 онд уринш хийсэн, газрын төлбөр төлсөн болон тариалалтын үйл ажиллагааны талаар мэдээгээ тухай бүр тайлагнаж мэдээгээ хүргүүлж байхад буруу шийдвэр гаргаж миний болон компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж тодорхойлжээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Жавхлант сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаар захирамжийг Аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/235 тоот захирамжаар хүчингүй болгосон, “Жавхлант түрүү” ХХК-ний тариалалт хийж, газрын төлбөрөө төлж байсан талаар Аймгийн ажлын хэсгийн дүгнэлт болон бусад холбогдох нотлох баримтуудаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан болно.

 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нар дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Жавхлант түрүү” ХХК-ний нэхэмжлэлтэй   Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын Тамгын газраас 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                             Ц.БАЙГАЛМАА