| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээ Байгалмаа |
| Хэргийн индекс | 135/2024/00342/и |
| Дугаар | 209/МА2025/00009 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 209/МА2025/00009
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/01649 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх" тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: "-2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох,
-гэрээний зүйл болох 43,864,900 төгрөгийг гаргуулах,
-орон сууцны хамтран өмчлөгчөөр *******, ******* нарыг тогтоолгох,
-өмчлөх эрхийн улсын бүртгэлд *******, ******* нарыг нэмж бүртгүүлэхийг *******од даалгах,
-эд хөрөнгийн даатгалд төлсөн 990,000 төгрөгийг буцаан гаргуулах" тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...******* миний бие *******тай 2012 онд танилцаад, бидний дундаас 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү ******* төрсөн. Бид 1 жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаад, 2015 оны 3 дугаар сараас тус тустаа амьдрах болсон. Шүүхийн шийдвэрээр хүү *******ийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг *******оос гаргуулах шийдвэр гарсан.
...******* нь та хоёрыг орон сууцтай болоход чинь тусалж байрны урьдчилгаа өгье чи нийгмийн даатгал төлдөг юм чинь ипотекийн зээл ав гэж хэлээд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* надтай бэлэглэлийн гэрээ байгуулж 43,864,900 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн юм.
Миний бие орон сууцтай болохын тулд 2023 оны 06 дугаар сарын 28-нд Голомт банкнаас 78,318,100 төгрөгийн ипотекийн зээл авч 15 жилийн хугацаатай, сар бүр 721,000 төгрөг төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн *******,,, тоот 42.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авч өөрийн нэр дээр нэг хүний өмчөөр улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд энэ байрандаа хүүгийн хамт амьдарч байсан.
******* 2023 оны 9 дүгээр сард Солонгос явсан, 2024 оны 1 сард хүү *******ий өвлийн амралт болоход *******гийн том дагавар охин нь дүүтэйгээ амралтаар нь хамт баймаар байна гээд хот руу авч явсан. Гэтэл хүүгийн амралт дуусаж хичээлдээ орох болоход хүүг Дархан руу ирүүлэхгүй хоёр долоо хоног хиртэй хичээлийг нь таслуулсан.
******* хүү *******ийг өвлийн амралтаар нь авч явснаас хойш хүүтэй минь уулзуулахгүй утсаар ярих гэхээр утсыг нь таслаад, фейсбүүкийг нь устгаад миний бие хүүтэйгээ ч уулзах боломжгүй, өөрийн өмчлөлийн гэртээ ч орж чадахгүй айл амьтнаар хоноглож өөрийн эзэмшлийн орон байрнаасаа хөөгдөж хүнд байдалтай байгаа тул *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг минь чөлөөлж өгнө үү гэжээ. /1-р х.х-1/
2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:
******* бид хоёр 2011 оноос хамтран амьдарч дундаасаа 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү *******ийг төрүүлсэн, бид таарч тохирохгүйн улмаас 2014 онд шүүхийн шийдвэрээр хүү *******ийг эх миний асрамжид үлдээж, эцэг *******оос тэтгэлэг гаргуулах шийдвэр гарсан.
Хүү *******ийг эцэгтэй нь ойр дотно байлгах, мөн би Солонгос улсад биеэ эмчлүүлэх зорилгоор 2023 оны 9 сард явсан ба явахаасаа өмнө хагалгааны эрсдэл яагаа ч билээ гээд хүүгээ аавтай нь үлдээж, хүүдээ хоёр өрөө байр аваад арагшаа санаа зовох зүйлгүй гэдэг үүднээс байраа хүүгийн нэр дээр шилжүүлнэ гэж бодож байтал насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэсэн учраас *******ын нэг хүний нэр дээр бүртгүүлсэн юм.
2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *******, ******* бид хоёрын хооронд бэлэглэлийн гэрээг бичгээр хийхдээ гэрээний гол нөхцөлийг тохирч бэлэглэх болсон үндэслэлд хүү *******ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж өгч байгаа гэж тусгасан юм.
Учир нь хүүгээ аавтай нь үлдээхэд ******* өөрийн гэсэн гэр орон байхгүй байсан. Ингээд би *******ын зээл 10,300,000 төгрөгийг, мөн байрны урьдчилгаа 33,564,900 төгрөгийг төлөөд Дархан-Уул аймаг, *******, 8-р баг, 17-р хороолол, , тоот, 42,22 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, хоёр өрөө орон сууцыг авсан. Авсныхаа дараа доторх тохижилтыг нь бас би өөрөө хийж нийт 40 орчим сая төгрөг тавилга бусад сантехник, засвар бүх зүйлд зарцуулсан. Гэтэл Солонгосоос хүүтэйгээ орой болгон ихэнхдээ ярьдаг, заримдаа мессеж бичээд яаж байна сайн байгаа биз дээ гээд харилцах болгонд хүү маань дуу муутай нэг л нүүр лүү эгцэлж харахгүй гомдсон шинжтэй, маш их жин хассан турсан байдалтай байгаад байсан.
Ингээд хотод миний өмнөх амьдралын маань том охин ийг дүүгээ хичээл амрахаар хотод хэд хоног хамт бай гээд байлгасан. Тэгтэл аниадаа бүх юм аа ярьсан байсан бөгөөд аавтайгаа байхад хүү маань 1 сар 5 хоног хоол идээгүй ус уусан хоол ундаар гачигдуулсан, хүүхдэдээ хоол авахгүй хөргөгчийн 70 хувийг пиво архи дарс авч хийдэг, аав нь байрандаа согтуу байдаг хүүхдэд анхаарал халамж тавиагүй, эмэгтэй аниа нар орой болгон авчирдаг ямар ч байсан 4-5 аниа ирдэг бас зөндөө ах нар ирдэг, хоёр удаа гэртээ гав ганцаараа хоносон, хааяа орой хүнээр дамжлуулан согтуу ирж байсан зэрэг хүүхдээ үл хайхрах байдалд байлгаж байсныг нь би том охиноосоо сонсож мэдээд Солонгосоос 2024 оны 02 сарын 04-нд буцаж Монголд ирээд хүүгээсээ нэг түлхүүр аваад гэртээ орсон.
Би бэлэглэлийн гэрээнд хүү *******ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж энэ байрыг Ганболдын нэр дээр гэрчилгээ авсан, өөрөөр хэлбэл хүүдээ зориулж авсан байр юм. Би *******од гомдоод Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаад хүүхдээ асрамжлах явцад хүүхдийнхээ эрхийг зөрчсөн тухай гомдол гаргаж шалгуулсан бөгөөд энэ нөхцөл байдал тогтоогдож *******ыг 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.
Иймд би салсан нөхөр *******од төрсөн хүү *******ийг Монголд байх хугацаанд нь аавтайгаа амьдрах нөхцөл боломжийг нь хангуулах хүсэл зорилгоор өөрийн мөнгөөр авч өгсөн байр учраас би энэ байрыг чөлөөлж өгөхгүй.Хүүдээ зориулж өгсөн байр учраас хүү маань энэ байрандаа амьдардаг. Байраа буцааж авах учраас байрыг чөлөөлж өгөхгүй гэжээ. /1-р х.х 39-40/
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд өөрчилж гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа :
... Хүүхдээ тав тухтай орчинд өсөж торних, сурч боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орон сууцтай болгох талаар *******той харилцан ярьж тохиролцон 42,22 мкв орон сууцыг зээлээр авахаар болсон. ******* өөрийн хувийн хэрэгцээнд авсан хэрэглээний зээлийн үлдэгдэлтэй байсан. Орон сууцны урьдчилгаанд ******* нь 43,864,900 төгрөг, байрны тохижилтод 40,000,000 төгрөг, харин ******* 78,318,100 төгрөгийн орон сууцны зээлээр бүрдүүлж 2 талаас харилцан адил хөрөнгө оруулсан.
******* нь орон сууцыг дан ганц өөрийнхөө нэр дээр нэг хүний өмчлөлөөр бүртгүүлсэн нь хүү Г.Ганчилүгэний эрх ашгийг ноцтой зөрчсөнөөс гадна *******гийн хүүдээ орон сууц бэлдэж өгөх гэсэн хүслийг нь өөртөө давуу байдал болгон ашигласан тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл юм.
Иймд: - 1). Г.Ганчилүгэнийг *******ын хүү болохыг хувьд эцэг *******ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож, Улсын бүртгэлд бүртгүүлэхийг эцэг *******од даалгах,
- 2). *******, ******* нарын хооронд байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, гэрээ хүчингүй болсонтойгоор бэлэглэлийн зүйл болох 43,864,900 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хүчингүй болсны үр дагавар, гэрээний үр дүнд бий болсон хөрөнгийн хамтран өмчлөгчөөр *******г тогтоож, Улсын бүртгэлд бүртгүүлэхийг *******од даалгах,
- 3). Эд хөрөнгийн даатгалд *******гийн төлсөн 990,000 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэжээ. / 2-р х.х 62-63 /
4. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа :
... хүү ******* насанд хүрхээрэй миний өвлөгч болох нь гарцаагүй, хүүгээ би харж хандан тэжээн тэтгэх, байр орон сууцаар хангах нь миний үүрэг учраас, нэмж өмчлөгчөөр бүртгүүлэх шаардлага байхгүй гэж ойлгож байна,
...******* нь анх намайг байр авах үед хүүтэйгээ амьдрахад зориулж 43,864,900 төгрөгийг бэлгийн гэрээгээр шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ би энэ хүнийг гомдоосон асуудал огт байхгүй. Хуульд бэлэг хүлээн авагчийг ноцтой гомдоосон тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцдог. ...хүүхдийн эрх ашиг сонирхлыг зөрчиж, хүүхдээ үл хайхарсан, хоол ундыг хасаж байсан хүүхдийн гэрт архи ууж, архинд явуулдаг байсан гэх мэтчилэн гүтгэлгийн чанартай зүйл бичиж хүүхдээс минь тулгаж асуун өөрөө зохион бичиж гүтгэж байгаа.
Шүүхийн шийдвэрээр хүүхдийн асрамж тогтоогдсон байхад ******* нь хүүгээ бараг харж асардаггүй манай аав ээж эгч маань ихэнхдээ харж асардаг, надаас тэтгэврийн мөнгө л авдаг байсан. ...Түүнчлэн хүүг над дээр байсан 5 жилийн хугацаанд хүүхдийн мөнгө, хүүхдийн группийн мөнгө зэргийг бүгдийг нь хүүд зориулах биш өөрөө авч хэрэглэдэг байсан. ******* хүүгээ асран хамгаалж байх хугацаандаа өөрөө архи авч хүүг минь хараа хяналтгүй орхисноор осолд орж гэмтэж байсан бөгөөд группт орсон байсан.
... маргаан бүхий байрыг өөрөө аваад миний нэр дээр зээл гаргуулсан, мөн 40,000,000 төгрөгөөр засвар тохижилт хийсэн мэтээр ор үндэслэлгүй худал зүйл ярьж байна. Энэ байрыг би *******г байхгүй үед өөрөө судалж шинээр ашиглалтад орж байгаа байрыг авсан. Үүнд ямар ч засвар үйлчилгээ шаардлагагүй байсан. Харин ******* хүүхдийн өрөөнд унтлагын ком 3.5 сая төгрөгөөр, гал зуухны ком 4.5 сая төгрөгөөр авч өгсөн. Одоо би энэ тусдаа амьдраад олон жил болж байгаа атал дундаас төрсөн хүүгээр минь далимдуулж олон олон эрх ашгийг хохироож байгаад нь гомдолтой байна. Иймд би өөрийнхөө, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /2-р х.х 68- /
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Дархан-Уул аймгийн *******ын 8-р баг, 17-р хороолол, ны тоот, 42.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 6 сарын 22-ны өдөр байгуулсан 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч *******оос 43,864,900 төгрөг, мөн үл хөдлөх эд хөрөнгийн даатгалд төлсөн 990,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 382,224 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Хүү ******* нь эцэг *******, эх ******* хоёрын нэр дээр байгаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох бүрэн эрхтэй.
*******ын,, 408 дугаар байр, тоот 42,22 м.кв талбай бүхий орон сууцыг *******, ******* нараас гаргасан мөнгөөр авсан, хөрөнгө мөн байтал ******* нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд зөвхөн өөрийгөө өмчлөгчөөр бүртгүүлж, хүү *******ийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 25 дугаар зүйлийн 25.2 гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн хүүхдийг ялгаварлан гадуурхаж, ашиг сонирхлыг хохироохыг хориглоно гэсэн зохицуулалтууд байдаг.
******* сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа ... *******г нэмж өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй..., Хүүгийн тухайд бол тэртэй тэргүй миний хүү ******* цаашид насанд хүрэхээрээ миний өвлөгч болох нь гарцаагүй, хүүгээ би харж хандан тэжээн тэтгэх, байр орон сууцаар хангах нь миний үүрэг гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын *******ийг хамтран өмчлөгчөөр тогтоож, мөн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан гэж үзэж байна.
Иймд хүү *******ийг *******ын, 408 дугаар байр, тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг эцэг *******од даалгахыг хүссэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /2-р х.х 1100-101 /
7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ :
8. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
10. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг *******ын, 17 дугаар хороолол, тоот 42,22 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... төрсөн хүү *******ийг Монголд байх хугацаанд нь аавтайгаа амьдрах нөхцөл боломжийг нь хангуулах хүсэл зорилгоор өөрийн мөнгөөр авч өгсөн байр учир энэ байрыг чөлөөлж өгөхгүй, хүүдээ зориулж өгсөн байр, хүү маань энэ байрандаа амьдардаг гэх агуулга бүхий тайлбарыг /1-р х.х-39/,
Улмаар 1).2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, 2).гэрээний зүйл болох 43,864,900 төгрөгийг *******оос буцаан гаргуулах, 3).*******ын, тоот хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр *******, хүү ******* нарыг тогтоолгох, 4).Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд *******, хүү ******* нарыг нэмж бүртгүүлэхийг *******од даалгах, 5).Эд хөрөнгийн даатгалд төлсөн 990,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан./ 2-р х.х-62/.
Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... энэ байрыг гаас тусдаа амьдраад 8 жил болсны дараагаар 2023 онд 150 сарын хугацаатай ипотекийн зээлээр худалдаж авсан. Банкны барьцаанд байгаа, г нэмж бүртгүүлэх боломжгүй, хүүгийн тухайд насанд хүрэхээрээ миний өвлөгч болох нь гарцаагүй, хүүгээ харж хандах,тэжээн тэтгэх,байр орон сууцаар хангах нь миний үүрэг учраас нэмж бүртгүүлэх шаардлага байхгүй гэж ойлгож байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ******* нь байр авах үед хүүтэйгээ амьдрахад зориулж 43,864,900 төгрөгийг бэлгийн гэрээгээр шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ би энэ хүнийг гомдоосон асуудал огт гаргаагүй, ... хүүг 5 настай байхад надад үлдээгээд 5,6 жил Солонгос руу явж 2024 оны 1 сард ирээд байрыг хууль бусаар эзэмдэж авч, сайхан амьдарч байсан хүү бид хоёрын харьцаанд асуудал үүсгэсэн. ******* 40 сая төгрөгөөр байр засаж тохижуулсан мэтээр ор үндэсгүй худал зүйл ярьж байна. Шинээр баригдсан байр авсан, ямар ч засвар үйлчилгээ шаардлагагүй байсан. Хүүгээр минь далимдуулж эрх ашгийг хохироож байгаад гомдолтой. Өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэх агуулга бүхий тайлбарыг /1-р х.х- 99, 2-р х.х-68/ тус тус гаргаж талууд маргажээ.
Хэргээс судлан үзвэл:
11. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2012 онд танилцаж, улмаар тэдний дундаас 2013 оны 06 сарын 11-ны өдөр хүү ******* төрсөн, зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтын амьдралтай байсан боловч хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон гэх ба үүнээс хойш ******* нь хүү *******ийг өөрийн асрамжид авч, эцэг *******оос нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 147 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
12. Зохигч нар 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Бэлэглэлийн гэрээ”- г бичгээр байгуулсан байх бөгөөд “мөнгө” бэлэглэх болсон үндэслэл нь хүү *******ийгээ Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж ******* нь нийт 43,864,900 төгрөгийг *******ын данс руу шилжүүлж өгсөн байх ба зориулалт нь 10,300,000 төгрөгийг *******ын цалингийн зээл хаахад, 33,564,900 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт зарцуулна гэж тохирчээ. /1-р х.х-11/
13. Нэхэмжлэгч ******* нь Голомт банктай зээлийн болон ипотекийн гэрээ байгуулж орон сууцны үнэ 70 хувь болох 78,318,100 төгрөгийн зээл авч Дархан-Уул аймаг *******ын, 17 дугаар хороолол, тоот 42,22 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдан авсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг дан ганц өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан, энэхүү өмчлөх эрхийн гэрчилгээг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Голомт банкинд барьцаалуулсан нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р х.х-12,14-18, 19/
14. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ болон банктай байгуулсан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
15. Хариуцагч ******* нэхэмжлэгч *******од холбогдуулан “...бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан” гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлээр шилжүүлсэн зүйлээ буцаан авах, мөн Дархан-Уул аймаг, *******ын, тоот хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү *******, ******* нарыг тогтоолгох, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд *******, хүү ******* нарыг нэмж бүртгүүлэхийг *******од даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийн даатгалд төлсөн 990,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
16. Анхан шатны шүүх зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч ******* нь бэлэглэгч *******тай байгуулсан гэрээнд заасан хүү *******ийг асрамжлах үүргээ хангалттай биелүүлээгүй, өөрийн асрамжид байх хугацаанд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн насанд хүрээгүй хүүхдийг үл хайхарч бэлэглэлийн гэрээний 4.2-т заасан бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон гэж дүгнэж, талуудын хооронд байгуулсан 2023 оны 6 сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх заалтыг зөрчөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
17. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон тул бэлэглэлийн зүйл буюу 43 864 900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч *******д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т нийцсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын “*******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлийн, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлээр шилжүүлсэн 43,864,900 төгрөгийг буцаан гаргуулах, эд хөрөнгийн даатгалд төлсөн 990 000 төгрөгийг гаргуулах гэх шаардлагуудыг хангаж, үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Учир нь нэхэмжлэгч *******ын хувьд хариуцагч *******гийн бэлэглэсэн 43 864 900 төгрөгийн 33 564 900 төгрөгийг орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаанд шилжүүлж, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Голомт банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 78 318 100 төгрөгийн зээл авч, нийт 111 883 000 төгрөгөөр худалдан авснаар бэлэглэлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч *******гийн хувьд орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 43 864 900 төгрөгийг бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлээр шилжүүлсэн зүйлээ буцаан авах шаардлага гаргаж, түүний шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн учир Дархан-Уул аймаг, *******ын, тоот хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү *******ийг бүртгүүлэхийг *******од даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/01649 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1,172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Х.БАЙГАЛМАА