| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1032 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.М ад холбогдох эрүүгийн 1906 03551 1466 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мужаан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, ах нарын хамт Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Н.М .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Отгонбаатартай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /хх-5-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 7307 дугаартай дүгнэлт /хх-25/, Н.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-40/, шүүгдэгч Н.М ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Отгонбаатартай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Отгонбаатарын өгсөн: “...Тэгээд харих санаатай манай найз Цээлэгмаа нь офицерийн автобусны буудлаас салаад явсан. Би ганцаараа автобусанд сууж 13 дугаар хорооллын автобусны буудал очиж буугаад Сансарын тунел орж унаанд суух санаатай хойшоо алхаж байтал Сансарын тунелийн баруун талд үл таних 30 орчим насны 2 залуу зөрж өнгөрөхдөө надтай мөрлөлцөөд гарсан юм. Тэрнээсээ болж муудалцаад тэр 2 залуугийн нэг болох намхан биетэй, бор царайтай, хар өнгийн цамцтай залуу намайг заамдаж аваад миний дал нуруу болон уруул хэсэг рүү гараараа цохиод байсан юм. Тэгээд би тэр залууг тавиулах гээд ноцолдож байгаад доошоо тонгойтол хажууд нь зогсож байсан өндөр биетэй бага зэргийн шар царайтай залуу нь миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хамарнаас цус гараад зогсож байтал 2 цагдаа ирээд тэр хоёр залууг барьж ирсэн юм. Өндөр нуруутай залуу болох Н.М нь доош дарж байгаад миний хамран тус газар 1 удаа өшиглөж хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг учруулсан харин бусад гэмтлүүдийг нь намхан нуруутай залуу буюу Д.Болдбаяр учруулсан.” /хх-6/ гэх мэдүүлэг,
Мөн түүний хавтаст хэрэгтэй материалтай танилцуулсан тухай тэмдэглэлд: “...Эмчилгээний зардал хүлээж авсан гомдол саналгүй тул шүүх хуралд суухгүй.” /хх-49/ гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Болдбаатарын өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр миний найз Н.М ын төрсөн өдрийн баяр болоод бид хоёр 20:00 цагийн орчим Дарь-Эхэд гэрийн орчим уулзаад бид хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелын нэрийг нь мэдэхгүй караокены өрөөнд ороод бид дуу дуулангаа 2, 2 шил Сэрүүн гэдэг пиво 0.75 литры Хар Экспортын архи хувааж ууцгаан шөнө 01:00 цаг өнгөрч байхад Баянцээлийн үйлчилгээний төвд байрлах нэрийг нь мэдэхгүй бааранд ороод 0.5 литрын Хар Чингис архи даруулгад 1, 1 ширхэг Кока Кола авч уугаад шөнө баар хаах үед гарсан байж цаг хэд болсоныг санахгүй байна. Тэндээс гараад юу болсоныг нь санахгүй байна. Нэг мэдсэн эрүүлжүүлэх байранд ухаан ороод Н.М аас юу болсон талаар асуутал бид хоёр бааранд архи ууж гараад салхинд цохиулаад тасарсан үедээ хүнтэй маргалдаад хүн зодсон юм шиг байна гэж хэлсэн.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар
сарын 2-ны өдрийн 7307 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Отгонбаатарын биед зүүн нүдний дотор булангийн цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, голомилон цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зулгаралт, хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-25/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.М ын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед Д.Болдбаатар бүх тооцоог хийсэн байна лээ. Нэг мэдсэн Сансарын тунелын доошоо урууддаг автобусны буудал орчим явж байтал Болдбаатар үл таних 30 орчим насны нэг залуутай мөрлөлцөөд түүнтэй маргалдсан тухайн үед би маш их архи уусан учир юу ч санахгүй байна. Нэг мэдсэн эрүүлжүүлэх байранд ухаан орсон. Би Э.Отгонбаатартай учраа олсон хохирлоо барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-39-40/ гэх мэдүүлэг,
Хохирлын баримтууд /хх-31-33/,
Шүүгдэгч Н.М ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.М ын 2019 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Отгонбаатартай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Э.Отгонбаатар нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Н.М ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Н.М ад 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.М ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.М нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС