| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0487/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/577 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/577
2019 6 13 2019/ШЦТ/577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/0487/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: С.Мөнхгэрэл,
Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Удвал,
Шинжээч Б.Мөнхцацрал,
Шүүгдэгч Х.Г ХХК-г төлөөлж П.Саранхуяг, хуулийн этгээдийн өмгөөлөгч Б.Гантөмөр,
Шүүгдэгч С.Б., түүний өмгөөлөгч С.Тунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Х.Г ХХК, С.Б. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1820000990058 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах хаягтай, ......... регистрийн дугаартай, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйлсийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллаагаа явуулдаг Х.Г ХХК-г төлөөлж, тус компанийн гадаад худалдааны менежер ажилтай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 11-6 тоотод оршин суух хаягтай, П.С /РД:
Монгол улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, зураач, дархан мэргэжилтэй, Х.Г ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5-р хороолол 41-р байр 59 тоотод оршин суух хаягтай С.Б. /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Х.Г ХХК нь 2017 оны 11 дүгээр сард БНХАУ-ын нутаг дэвсгэрээс химийн хорт бодис цианидыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө олж авсан, карго илгээмжээр хууль бусаар Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, авсан;
Мөн Х.Г ХХК нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн байрандаа хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт бодис цианидыг хадгалсан;
Шүүгдэгч С.Б. нь 2017 оны 11 дүгээр сард БНХАУ-ын нутаг дэвсгэрээс химийн хорт бодис цианидыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө олж авсан, карго илгээмжээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Мөн 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х.Г ХХК-ийн байранд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт бодис цианидыг хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б. мэдүүлэхдээ: Тухайн бодисыг би улсын хилээр оруулж ирээгүй. Би мэргэжлийн дархан хүний хувьд 2017 оны 10 дугаар сард Өвөр Монголын Хөх хотод улсаа төлөөлөн үзэсгэлэнд оролцож айлчилж явахдаа бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулах үүднээс Гуанжоу хотод очсон. Шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилттэй технологийг хайх, хийж урлаж байгаа бүтээгдэхүүний металлын өнгөлгөөг сайжруулах, металлын бохирдлыг цэвэрлэх арга замыг хайх үүднээс өөрийн нэрийн хуудсыг хятадуудад үлдээж байсан. Надад тухайн үед бэлэн зүйл олдоогүй ба удалгүй Өвөр Монгол хүн над руу яриад таны сураглаж байсан бодисыг явуулаад миний дугаарыг бичиж илгээсэн талаар хэлсэн. Надад 2 савтай бодис явуулсан гэж хэлсэн. Удалгүй каргогоор над руу илгээмж ирсэн байсан ба би утсаар яриад очиж авсан. Намайг каргоны газар очиход бүрэнхий болж байсан ба 2 савтай зүйл байхаар нь аваад заавар байхгүй байхаар нь мэргэжлийн хүнээс лавлана гэж бодоод байлгаж байсан. Тухайн үед байгууллагын захиалга ихсэж, ачаалалтай байсан тул тэр бодисыг мартсан байсан. Удалгүй цагдаагийн байгууллагаас шалгаад тухайн бодисыг шалгахаар авч явсан. Би тухайн үед холбогдох бодисын талаар мэдлэггүй байсан. Тухайн бодис нь тусгай зөвшөөрөл шаарддаг бодис байсан. Зөвшөөрөл авсанаар хэрэглэх боломжтой талаар бид сүүлийн нэг сарын хугацаанд судлаж мэдсэн. Тухайн үед шалгагдаж байсан дархан хүмүүс зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн байсан. Би энэ асуудлыг шүүхэд ирнэ гэж бодоогүй. Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэнэ гэж би өөрийгөө бодсон. Би сураглаж явсан нь үнэн боловч ашиг олох зорилго байгаагүй. Би өөрөө бодисыг гардан оруулж ирээгүй. Би тухайн бодисыг ашиглаж амжаагүй байсан. Би тухайн бодисыг компанийн зүгээс хэрэв оруулж ирсэн бол ашиг гаргах үүднээс хэрэглэх байсан. Хийж байгаа бүтээгдэхүүнээ олон жилийн настай байлгах үүднээс бодож явсан юм. Цианит гэх бодисыг анхаарах түвшинд хэрэглэх ёстой талаар би саяхан мэдсэн байгаа. Алтнаас бусад металл нь 6 сарын дараа өнгөө алддаг юм. Металл нь өнгө алддаг учир би энэ талаар санаа зовж байсан юм. Металлын өнгөлгөө нь дархчуудын нийтлэг бэрхшээлтэй асуудал байдаг. Би мөрдөгч н.Бүрэндүүрэнд бүх зүйлийг хэлсэн байгаа. Би жилд 1-2 удаа гадагш явдаг. Х.Г ХХК нь 2002 онд 1 хүний гишүүнчлэлтэй байгуулагдсан. Би тухайн бодисыг уран бүтээлч хүний хувьд хадгалсан. Компанитай холбогдох асуудал байхгүй. Дарханы урлаг нь химийн бодисыг өдөр тутам янз бүрээр хэрэглэгдэг ажиллагаа юм. Химийн тусгай мэргэжил нь надад байхгүй. Би бичиг хэргийн талаар ч мэдлэг муутай. Химийн бодисыг хортой болон хоргүй байдлын талаар нарийн мэдэхгүй. Би тухайн бодисыг хайгаад гадаад явдаг хүн биш. Тухайн бодис 2017 оны 11 дүгээр сард Монголд орж ирсэн. Хадгалж байхдаа би компанийн үйл ажиллагаанд бүтээгдэхүүнээ сайжруулах үүднээс хэрэглэсэн зүйл байхгүй. Мэргэжлийн хүмүүст хандаагүй учир хэрэглээгүй. Тухайн үед бид маш ачаалалтай байсан тул ашиглаж амжаагүй байсан. Х.Г ХХК-ийн удирдлага нь би, дэд захирал нь манай эхнэр бөгөөд компаниа хэн нэгэнд итгэмжлэн хариуцуулсан зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Х.Г ХХК-г төлөөлж П.Саранхуяг мэдүүлэхдээ: “Би “Хас гоёл” компанийн хуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж байна. Тухайн үед надад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох уу гэхээр нь би оролцоно гэж хэлсэн боловч надад яллагдагч гэсэн баримтанд гарын үсэг зуруулах гэж оролдсон. Мөрдөгчид би энэ талаар хэлэхэд намайг шүүхийн ширээний ард суухгүй гэж хэлсэн. Би энэ асуудлын талаар ийм зүйл болно гэж бодоогүй. Надад хуулийн мэдлэг байхгүй юм. Мөрдөгч намайг хөтлөн явж гарын үсэг зуруулсан. Манай кампанийн захирал С. С.Б. нь миний хүргэн ах тул би хүргэн ахыгаа бодоод итгэмжлэгдсэн төлөөлөгч болохыг зөвшөөрсөн. Би тухайн компанид ажиллахгүй 2 сар болж байгааг харгалзан үзэхийг хүсч байна. Надад Х.Г ХХК-д хувьцаа эзэмшдэг зүйл байхгүй. Би Х.Г ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс тухайн компанид ажиллахгүй байгаа гэв.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Удвал мэдүүлэхдээ: Хохирогчоор оролцох тухай манай байгууллагад албан тоотоор хандсан тул мэргэжлийн хүний үүднээс би хохирогчоор тогтоогдсон байгаа. Шүүгдэгч нарын оруулж ирсэн гэх бодисын талаар би сайн мэдэхгүй байна. Хохирол төлбөр байхгүй байгаа. Хүн ам хүрээлэн буй орчинд хохирол учруулсан, ашигласан зүйл байхгүй. Калийн цианит нь хүний эрүүл мэндэд хортой 4 дүгээр зэрэглэлд багтсан бодис юм. Их хэмжээгээр амьсгалан хэрэглэсэн тохиолдолд амьсгал боогдуулах боломжтой гэв.
Шинжээч Б.Мөнхцацрал шүүхэд мэдүүлэхдээ: Цагдаагаас албан бичигтэй дээж ирсэн ба уг дээжийг ачихдаа амьсгал боогдох, хоолой хорсох шинж тэмдэг илэрч байсан талаараа албан бичигт тусгасан байсан. Бид лаборатори руу дээжийг оруулалгүй гадна дээжийг авсан. Хятад бичиг нь бордоо гэсэн бичигтэй байсан. 3 ширхэг өгөгдлөөс 2 ширхэг нь калийн цианит гарсан байдаг. Нөгөө нэг дээж нь зэсийн сулъфатын агууламжтай байсан. Калийн цианит гэдэг нь Засгийн газрын тогтоолоор хязгаарласан химийн хортой, аюултай бодисын нэгэн төлөөлөгч юм. Натрийн цианид, калийн цианит, калийн си эн гэсэн томъёотой нэгдэл гарсан. Тухайн бодисыг алт олборлох, органик синтез, электролизийн бодист хэрэглэдэг талаар тайлбар байдаг. Хорын зэрэг нь 4 дүгээр зэргийнх байдаг. Хүрээлэн буй орчинд аюултай, үхлийн аюултай ба натрийн цианиттай адил хэрэглэгддэг. Нэгдсэн үндэстний байгууллагын гаргасан зарчимд үндэслэн гаргасан тушаалд калийн цианид гэдэг нь калийн цианитын исэлдсэн хэлбэр тул илүү аюултай байдаг. 2007 оны Засгийн газрын тогтоолд калийн цианид гэх ерөнхий нэрээр ашиглахыг хориглосон заалт байдаг. Тухайн бодис нь тусгай зөвшөөрлөөр хил давуулан оруулж ирэх шаардлагатай байдаг. Бодисыг худалдахдаа зөвшөөрөлтэй байгууллагад худалдах шаардлагатай гэв.
Гэрч А.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг ажилд орсноос хойш манай захирал С.Батзориг бараа, материал татахаар Бүгд найрамдах Хятад ард улс руу явсан. Миний санаж байгаагаар 12 сарын эхээр байх захирал явахдаа 10 гаруй сая төгрөг бэлнээр авч явсан. Хятадад очсоны дараа манай бэлэн мөнгөний нярав Ж.Сарантуяагаас мөнгөн гуйвуулга хийлгэж мөнгө авсан байсан. Түүний дараагаар 2017 оны 12 сарын дундуур бараа, материалууд нь ирлээ гээд үйлдвэр дээр буусны дараа 1 билүү, 2 хоногийн дараа би бараа тус бүрийг бүртгэж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч Ж.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...хамгийн сүүлд 2017 оны 11-р сард ерөнхий захирал С.Батзориг Хятад улс руу явж бараа материалаа захиалаад ирсэн. Захиалсан бараа нь сүүлд нь захирлын араас 3 тасарч каргогоор ирсэн. Эдгээр барааны заримыг нь бүртгэлд авсан. Зарим нь ажлын ачааллаас болоод бүртгэгдээгүй орхигдсон. ...харин танайд хураагдсан гэх цэнхэр савтай зүйл ерөнхий захирлын Хятадаас захиалсан барааны 2 дахь каргогоор ирж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Гэрч Ц.Энхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дээрх бодисыг Монгол улсад импортоор оруулж ирэхдээ Гаалийн бүрдүүлэлтийг заавал хийх ёстой. Хэрэв каргогоор гаднаас явуулсныг Монгол улсад орж ирснийх нь дараа хүлээн авсан бол гаалийн нөхөн бүрдүүлэлтийг заавал хийх ёстой байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 198-199 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-10 тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Х.Г ХХК нь 2017 оны 11 дүгээр сард БНХАУ-ын нутаг дэвсгэрээс химийн хорт бодис цианидыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө олж авсан, карго илгээмжээр хууль бусаар Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, авсан;
2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн байрандаа хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт бодис цианидыг хадгалсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, Х.Г ХХК өөрөө болон уг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шүүгдэгч С. С.Б. нь тухайн химийн хортой, аюултай бодисыг улсын хилээр давуулсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Нийслэлийн Прокурорын газраас Х.Г ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б. нь тухайн химийн хорт бодисыг өөрийн биеэр хил давуулаагүй, химийн хорт бодис гэдгийг мэдэхгүй захиалсан, намайг Зөрчлийн тухай хуулиар шийтгэж өгнө үү гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос өгч буй мэдүүлэг, тайлбаруудаас дүгнэж үзэхэд тэрбээр дарханы урлагийн салбарт олон жил ажиллаж мэргэшсэн мэргэжлийн дархан хүний хувиар хийж урлаж байгаа бүтээгдэхүүнийхээ металлын өнгөлгөө, чанарыг сайжруулах, эдэлгээг уртасгах, металлын бохирдлыг цэвэрлэх арга замыг хайх хувь уран бүтээлч дархан хүний эрэл хайгуулын үүднээс химийн хортой, аюултай бодис болох цианидыг Бүгд найрамдах Хятад ард улс руу өөрийн биеэр зорчин явж, тухайн бодисыг сураглан олж, захиалан Монгол улсын хилээр нэвтрүүлэн авч, хадгалж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Алтанцэцэг, Ж.Сарантуяа, Гаалийн төв лабораторийн Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, шүүгдэгч С.Б.ын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний энэ үйлдэл нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө санаатай хийгдсэн үйлдэл гэж үзэх бололцоогүй, тийм нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Б.од Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Б.ын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, хүлээн авч хадгалж байсан калийн цианид, аммонийн хлорид, зэс аммонийн сулфат нэршилтэй химийн бодисууд нь Монгол улсын Засгийн газрын 2007.04.11-ний өдрийн №95 дугаартай тогтоолоор батлагдсан Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт болон Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015.10.08-ны өдрийн А/356/396 дугаартай тушаалаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай жагсаалтанд тус тус орсон хүн малын амьсгал боогдуулах үйлчлэл бүхий, онцгой тохиолдолд зөвхөн эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлтэйгөөр экспортолж, импортолж, үйлдвэрлэж, худалдах ёстой химийн хортой, аюултай бодисууд болно.
Шүүгдэгч С.Б.ын эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, түүнийг хүлээн авсан, хадгалсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг энэ зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна
Шүүгдэгч С.Б.од ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас одоогоор хүн ам, хүрээлэн буй орчинд хор уршиг тарьсан, аюултай нөхцөл байдал үүсээгүй байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан химийн хортой, аюултай бодис болох калийн цианид болон аммонийн хлорид, зэс аммонийн сулфатыг устгуулахаар Гаалийн төв лабораторид шилжүүлэхийг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Хас гоёл ХХК болон шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Г ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Б.д Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч С.Б.г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Б.г 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Б.д оногдуулсан 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.Б. анхааруулсугай.
7. Шүүгдэгч С.Б. нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Хас гоёл ХХК болон шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1) хар өнгийн тагтай, цэнхэр өнгийн хуванцар савтай гадна хэсэгтээ цаасан дээр 6005 7/8 гэсэн бичиглэлтэй савтай, дотор талдаа гялгар уутан дотор нунтаг цагаан өнгийн бодис мэт зүйл агуулсан 25.8 кг-ийн жинтэй, 2) хар өнгийн тагтай, цэнхэр өнгийн хуванцар савтай гадна хэсэгтээ цаасан дээр 6005 8/8 гэсэн бичиглэлтэй савтай, дотор талдаа шаргал өнгийн шуудайтай хавтгай дөрвөлжин хэлбэртэй ширхэг бүр нь 1-2 см хэмжээтэй шахмал бодис мэт зүйл агуулсан 26.5 кг-ийн жинтэй тус тус 2 ширхэг савтай бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Гаалийн төв лабораторид зохих журмын дагуу шилжүүлэхийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Х.Г ХХК, шүүгдэгч С.Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР