| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/00854/И |
| Дугаар | 210/МА2022/02112 |
| Огноо | 2022-12-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2022/02112
2022 12 14 210/МА2022/02112
Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02759 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б, Э.Өнарт холбогдох, гэм хорын хохиролд 103,719,738 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цогтбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхжин, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Манай компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* зочид буудлын 1 дүгээр давхрын өргөтгөл хэсгийг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ц.Б, Э.Ө түрээсийн гэрээ байгуулж түрээслүүлсэн бөгөөд тэд ******* найт клуб ажиллуулсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* найт клубын хэсгээс гал гарч өргөтгөл хэсэг бүхэлдээ шатсан. Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн дүгнэлтээр галын голомт 1 дүгээр давхрын баарны дотор талдаа хойд талын хэсэгт байна, гал түймэр ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй, ил гал гэдэгт асаасан чүдэнз, асаасан тамхи, асаасан лаа, галын цог, асаасан арц, хүж болон бусад галыг тооцно гэж дүгнэсэн.Ингээд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгасан ба хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгөд 94,315,088 төгрөг, бусад хөдлөх эд хөрөнгөд 9,404,650 төгрөг, нийт 103,719,738 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Тухайн өдөр ******* баар хамгийн сүүлд буюу шөнийн 03 цагт хаасан бөгөөд түрээсийн гэрээний нэмэлт нөхцөлд газ, цахилгаанаас үүдэлтэй аюул осол, гал түймэр, ус алдах гэх мэт аюулгүй ажиллагааг түрээслэгч тал бүрэн хариуцахаар заасан. Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1163 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шаардан авах эрхтэй гэх хариу өгсөн. Иймд хариуцагч Ц.Б, Э.Өнараас 103,719,738 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06 цагт Ц ХХК-ийн өмчлөлийн барилгад гал гарсан. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ажлын байрны аюулгүй байдлын дүгнэлтэд нэхэмжлэгчийн үйл ажиллагааны чиглэлийг зочид буудал, хүнсний дэлгүүр гэсэн, бар, цэнгээний газрын үйл ажиллагаа эрхэлж байгаа объектын хувьд галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй. Барилгын өргөтгөл хэсэгт бар, караоке, цэнгээний газар, нарийн боовны цех ажиллуулах ажлын байрны шаардлага хангасан эсэх талаарх баримт хэрэгт хавсаргаагүй. Мөн галын шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Дүгнэлт гаргасан шинжээч П.М нь анх хэргийн газрын үзлэгт оролцохдоо гал цахилгааны массаас үүссэн байж болзошгүй талаар хэлсэн. Гэрчийн мэдүүлгээр гал үүрийн 6 цагт баарны дотор талаас нь гарсан гэдэг, баар шөнийн 3 цагт хаасан. Хэрэв ил галаас болж гал гарсан гэж үзвэл гал хэдэн цагаас эхэлж гарсан гэх асуултад хариулт өгөөгүй. Ажлын байрны аюулгүй байдлын дүгнэлтэд заасан галын аюулгүй байдлын багаж, хэрэгсэл бүрэн байсан бол галыг унтраах арга хэмжээ авах боломжтой байсан. Мөн баарны цахилгааны шит нь байнга доголддог. Энэ талаар хариуцагч Ц.Б удаа дараа шаардлага тавьдаг байсан ч засаагүй. Түүнчлэн хариуцагч нарын санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч Ц.Б, Э.Өнарыг нэхэмжлэгч Ц ХХК-ийн өмчлөлийн баар цэнгээний газрыг түрээсэлж, ажиллуулсных нь төлөө гэм буруутайд тооцож болохгүй. Ц.Б, Э.Өнарын яг ямар үйлдлээс болж уг хохирол учирч, яаж хохирсон бэ гэдэг нь тодорхойгүй. Барилгын үнэлгээний асуудал яригддагаас өөр баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Баас 103,719,738 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, хариуцагч Э.Ө-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676,549 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас 676,549 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. Гэрээний дагуу хүлээлгэж өгсөн эд зүйлсийн хохиролд 9,404,650 төгрөгийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад гэм хорын хохиролд оруулан тооцсон нь үндэслэлгүй.
4.б. Түрээсийн гэрээ нь Ц.Быг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсон.
4.в. Гэм бурууг дүгнэхдээ санаатай, болгоомжгүй ямар үйлдэл, эс үйлдлийн улмаас хэрхэн гэм хор учруулсныг дүгнээгүй. Хариуцагч Ц.Б хохирлыг санаатай учруулаагүй тул түүний болгоомжгүй эс үйлдэхүйгээс үүдэн бий болсон гэж үзэх хуулийн үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу гал гарах хүртэл хугацаанд түрээсээ тогтмол төлдөг, тухайн хөрөнгөд 6,000,000 төгрөгийн тохижилт, 20,000,000 гаруй төгрөгийн засвар зэрэг хөрөнгө оруулалт оруулсан, хариуцагч нь эрхэлсэн ажилгүй, тодорхой эд хөрөнгө өмчлөх эрхгүй гэдгийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнд өөрчлөлт оруулж, 50 хувиар багасаж 51,859,869 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэгэнт гал гарч, эд хөрөнгөд хохирол учирсан. Түрээсийн гэрээнд эд хөрөнгийг бүхэлд нь тусгаж, акт хавсаргаж үйлдсэн байдаг. Тухайн объектыг түрээслэхдээ эд хөрөнгүүдийг хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд эд хөрөнгийг хүлээн аваагүй гэж аливаа байдлаар маргаан гаргаж байгаагүй. Гомдлын хоёр дахь үндэслэлийн хувьд түрээслэгч гэж үгийн алдаа гаргасан байсан тул дээрх гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсэн. Дээрх хугацаанд хариуцагч талаас гэм хорын хохирлыг төлөх чадамжгүй талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг багасгах боломжгүй. Өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж гал алдсан. Хэрэв ажилтны буруугаас болсон байсан ч түрээслэгч гэрээнд заасны дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Ц.Б, Э.Өнарт холбогдуулан гэм хорын хохирол 103,719,738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц ХХК, хариуцагч Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу хариуцагчийн түрээсэлж байсан Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол Морингийн зам ******* хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөл хэсгийн 1 дүгээр давхрын объектод 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гал гарсан үйл баримтыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 277/1*******8 тоот дүгнэлт, мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 180200393 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1163 дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/15 дугаар хариу мэдэгдэх хуудсыг үндэслэн зөв тогтоосон байна. (хэргийн 10-11, 13-19, 43 дахь тал)
4.Хариуцагч нар нь ... Ц.Б, Э.Өнарын яг ямар үйлдлээс болж уг хохирол учирч, яаж хохирсон бэ гэдэг нь тодорхойгүй гэж маргасан ба Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ... галын голомт 1 дүгээр давхрын баарны дотор талдаа ертөнцийн зүгээр хойд хэсэгт үүссэн, ... гал түймэр ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй ... ил гал гэдэгт асаасан чүдэнз, асаасан тамхи, асаасан лаа, асаасан арц, галын цог, арц хүж болон бусад ил галыг тооцно гэж дүгнэснийг үндэслэн түрээслэгч Ц.Быг гэм буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Мөн дээрх галын улмаас нэхэмжлэгч Ц ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан шалтгаант холбоотой болохыг ******* ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн шүүх зөв тогтоосон.
5.Үнэлгээний тайланд үл хөдлөх хөрөнгийн хохирол 94,315,088 төгрөг, хөдлөх эд хөрөнгийн хохирол 9,404,650 төгрөг гэж тодорхойлсон ба хариуцагчийн давж заалдах гомдолд ... гэрээний дагуу хүлээлгэж өгсөн эд зүйлсийн хохирол 9,404,650 төгрөгийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад гэм хорын хохиролд оруулан тооцсон нь үндэслэлгүй гэж дурдсан.
5.а. Үнэлгээний тайланд тусгагдсан хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн хөдлөх эд хөрөнгө мөн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэх боломжтой.
5.б. Тодруулбал, хэрэгт авагдсан түрээсийн гэрээний хавсралт болох жагсаалтад бичигдсэн эд хөрөнгө, түүний нэр төрөл, тоо хэмжээг үнэлгээний тайлантай харьцуулан үзэхэд хөдлөх эд хөрөнгийн нийт хохирол 5,879,340 төгрөг байна. Үүнд: компьютер-1-240,000 төгрөг, онгоц-2-45,000 төгрөг, бөөрөнхий гэрлэн чимэглэл-1-48,000 төгрөг, тек-2-900,000 төгрөг, бүтээлэг-18-316,800 төгрөг, хөргөгч-2-400,000 төгрөг, сандал-16-490,000 төгрөг, буйдан-23-2,300,000 төгрөг, ширээ-8-889,000 төгрөг, сагс-6-54,000 төгрөг, таваг (зуушны-10, 2-р хоолны-10, 1-р хоолны-10)-37,200 төгрөг, аяга-10-15,000 төгрөг, халбага-10-5,100 төгрөг, сэрээ-20-10,200 төгрөг, хутга-10-5,100 төгрөг, тавиур-1-25,000 төгрөг, өсгөгч-4-95,760 төгрөг, удирдлага-2-3,180 төгрөг тус тус багтсан байна.
6.Түүнчлэн галын улмаас түрээсийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн аль аль нь устсан байхад шүүх хөдлөх эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсгийн зохицуулалтаар шийдвэрлэсэн нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
7.Хариуцагчийн давж заалдах гомдолд ... гал гарах хүртэл хугацаанд түрээсээ тогтмол төлдөг, тухайн хөрөнгөд 6,000,000 төгрөгийн тохижилт, 20,000,000 гаруй төгрөгийн засвар зэрэг хөрөнгө оруулалт оруулсан, хариуцагч нь эрхэлсэн ажилгүй, тодорхой эд хөрөнгө өмчлөх эрхгүй гэдгийг харгалзан үнийн дүнг 50 хувиар багасгаж 51,859,869 төгрөгийг олгохоор шийдвэрлэж өгнө үү гэж дурдсан ба Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах үндэслэлгүй болно.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах, хариуцагч Ц.Баас 100,194,428 (94,315,088+5,879,340) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02759 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, гэснийг хасаж, 103 719 738 гэснийг 100,194,428 гэж, олгож, гэсний дараа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,525,310 төгрөг болон гэж нэмж, 2 дахь заалтын 676 549 гэснийг, 658,922 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Д.ЗОЛЗАЯА