| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00330/И |
| Дугаар | 130/ШШ2016/00420 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2016/00420
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, РД: **********, ************** ХХК /захирал Н овогт Нийн Б, утас ************,*************/-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, утас *************, РД:***************Б овогт Аын Бт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч худалдаа үйлчилгээний ************** ХХК-ний өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны үнэ 290000 төгрөг, алданги 145000 төгрөг, бүгд 435000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч ************** ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б нь манай компанитай 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүний дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулгаас А80 маркийн 290000 төгрөгийн (200 х 1450 төгрөг) үнэ бүхий бензинийг хүлээж авсан билээ. Зээлийн гэрээний хугацаа дуусаж компаний зүгээс зээлдэгч А.Бтэй зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1000 хоног хэтрүүлсний алданги тооцоход (290000 төгрөг х 0,5%= 1450х1000 хоног=145000 төгрөг) 145000 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байна гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцон алданги 145000 төгрөг болж байна. Иймд иргэн А.Бээс үндсэн зээл болох 290000 төгрөг, алданги 145000 төгрөг нийт 435000 төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч ************** ХХК-ний өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар өгсөн мэдүүлэгт: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгч ************** компаний эрх, хууль ёсны ашиг хамгаалахын тулд оролцож байна. ************** ХХК нь А.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр иргэн Бтэй 10 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж А-80 маркийн бензин 200 литр, тус бүрийг 1450 төгрөгөөр үнэлж нийт 290000 төгрөгийн шатахуун авсан байдаг. Энэхүү гэрээний хугацаа дууссан боловч иргэн Б гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тухайн төлбөрийг төлөөгүй. ************** ХХК-д багагүй хохирол учраад байгаа. 2013 оны 4 дүгээр сарын 05-наас 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар гүйцэтгэх ёстой үүргээ 1000 хоногоор саатуулсан байдаг. Энэхүү 1000 хоногийн гэрээнд заасан алдангаар тооцож үзвэл 1450000 төгрөг гарч байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэх ёсгүй заалт байдаг. Үүний дагуу тооцож үзэхэд 145000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа. Үндсэн төлбөртэйгөө нийлээд 435000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэхүү нэхэмжлэлийн хувийг хариуцагч гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй байна. Эрх, үүргийг тайлбарласан, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхийг хүндэтгэж ирээгүй. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзэж байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан үндэслэлээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч А.Бт гардуулсан ба хариуцагч А.Б нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч А.Бт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч ************** ХХК-аас Нефть бүтээгдэхүүн зээлээр авах тухай товч гэрээ-гээр 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А80 маркийн нефть бүтээгдэхүүний нэг бүрийн үнийг 1450 төгрөгөөр 200 литр бүгд 290000 төгрөгийн зээл авсан ба 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл төлж өгөх, төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлөхөөр тохирсон болох нь нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч А.Бээс шатахууны үнэ 290000 төгрөг, алданги 145000 төгрөг, бүгд 435000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15500 төгрөгийг улсын орлого болгох хариуцагч А.Бээс 15500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 234.6-г тус тус баримтлан хариуцагч РД:***************Б овогт Аын Бээс шатахууны үнэ 290000 төгрөг, алданги 145000 төгрөг, бүгд 435000 төгрөгийггаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-нд олгосугай.
2.Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15500 /арван таван мянга таван зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Бээс 15500 /арван таван мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-нд олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК