Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02145

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 19 210/МА2022/02145

 

 

С.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03302 дугаар шийдвэртэй, С.Агийн нэхэмжлэлтэй, З.Бд холбогдох, 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2010 оноос хойш гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч, 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Э төрсөн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан. Нэхэмжлэгч нь 2014 оноос хойш тодорхой хөдөлмөр эрхэлж гэр бүлийн хэрэглээний зардал, худалдан авсан эд хөрөнгө болон бусад зардлын ихэнхийг гаргаж байсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул хамтран амьдрах хугацаанд бий болсон Баянгол дүүрэг, ****** дугаар хороо, *****байр, ****** тоот хаягт байрлах 1 өрөө орон сууц, ****** УНД улсын дугаартай Мерседес бенз (Mercedes benz) ML350 маркийн тээврийн хэрэгсэл, Шувуун фабрикт байрлах газар зэргээс өөрт болон хүүхдэд ногдох хувь 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй тул гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байхгүй. Мөн хариуцагчийн өмчлөл, эзэмшилд ямар нэгэн газар байхгүй. ***** УНД улсын дугаартай Мерседес бенз (Mercedes benz) ML350 маркийн тээврийн хэрэгсэл нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш буюу нэхэмжлэгчтэй хамтын амьдрал дуусгавар болсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бий болсон хөрөнгө юм. Мөн Баянгол дүүрэг, ****** дугаар хороо, ****** байр, ****** тоот хаягт байрлах 1 өрөө орон сууц нь бэлэглэлийн гэрээгээр 2014 онд олж авсан хариуцагчийн хуваарьт хөрөнгө бөгөөд энэхүү орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр худалдан борлуулсан. Тухайн хөрөнгүүдийг бий болоход хамтран амьдрагчийн оролцоо байгаагүй, бэлэглэлийн гэрээний дагуу бий болсон хуваарьт хөрөнгө тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Бгээс 35,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч З.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 335,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ад олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхээс орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй буюу дундын хөрөнгө гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хамтын амьдралын хэрэглээний зардал, бусад зардлын ихэнх хэсгийг гаргаж байсан гэх маргаантай нөхцөл байдал нь хариуцагчийн хуваарьт хөрөнгөөс ногдох хувь гаргуулах, эсхүл түүний хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох үндэслэл болохгүй. Маргаан бүхий орон сууцыг бий болгоход өөрийн хөдөлмөрийн хөлсийг зарцуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй байхад түүний ажил хөдөлмөр хийдэг, нийгмийн даатгал төлсөн, түрээсийн гэрээ байгуулсан нь тухайн орон сууцыг авахад оролцсон оролцоог нотолж буй мэтээр үнэлснийг үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй.

4.б. Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3-т заасан нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойш хугацаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч ч хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэх үндэслэлээр хариуцагчаас шаардсан. Шүүх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзээгүй атлаа Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар нэхэмжлэгч өөрт ногдох хэсгээ салгаж авах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гомдлыг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч З.Бд холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс, бодитойгоор харьцуулж үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч З.Бгээс 35,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хариуцагчтай 2010-2020 онд гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрах хугацаанд 2014 оноос хойш ажил эрхэлж, гэр бүлийн худалдан авсан эд хөрөнгө, хэрэглээний болон бусад зардлын ихэнхийг гаргаж байсан. Хамтран амьдрах хугацаанд бий болсон Баянгол дүүрэгт байрлах 1 өрөө орон сууц, ****** УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Шувуун фабрикт байрлах газар зэргээс өөрт болон хүүхдэд ногдох хувь 50,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

5.Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... Нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй тул гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байхгүй. Хариуцагчийн өмчлөл, эзэмшилд ямар нэгэн газар байхгүй. ****** УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хамтын амьдрал дуусгавар болсны дараа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр авсан, мөн Баянгол дүүрэгт байрлах 1 өрөө орон сууц нь бэлэглэлийн гэрээгээр 2014 онд шилжүүлж авсан хуваарьт хөрөнгө, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр худалдан борлуулсан. Дээрх хөрөнгүүдийг бий болоход хамтран амьдрагчийн оролцоо байгаагүй гэж маргажээ.

 

6.Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч З.Б нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003158 дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 44а байр, 25 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг Т.С- 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан, мөн ****** УНД улсын дугаартай Мерседес бенз (Mercedes benz) ML350 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэгджээ. (хэргийн 56, 58 дахь тал)

Мөн нэхэмжлэгч С.Агийн Төрийн банкин дахь ****** тоот данснаас 2018-2019 онд 296,000 төгрөг, Хаан банкин дахь *****тоот данснаас 2015-2017 онд 532,600 төгрөгийг тус тус хариуцагч З.Бд шилжүүлсэн болох нь нотлогдсон, харин бэлэн зарлагын гүйлгээгээр 4,288,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан байна. (хэргийн 103-124 дэх тал)

 

7.Дээрх баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх журамтай боловч маргаан бүхий орон сууцыг бий болоход өөрийн хөдөлмөрийн хөлсийг зарцуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, баримтыг хариуцагч баримтаар няцаагаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт уг журамд нийцээгүй байна.

7.а. Маргаан бүхий орон сууц Т.С- 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагч З.Бд шилжиж, өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар баталгаажсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

7.б. Үүнээс гадна нэхэмжлэгчийн дансны 5,116,600 төгрөгийн зарлагын гүйлгээгээр орон сууц бий болоход хувь оруулсан гэж дүгнэх үндэслэлгүй.

7.в. Мөн хамтран амьдрах хугацаанд нэхэмжлэгч ажил эрхэлж, гэр бүлийн худалдан авсан эд хөрөнгө, хэрэглээний болон бусад зардлын ихэнхийг гаргаж байсан гэх тайлбар нь орон сууцны өмчлөх эрхийг тодорхойлох үндэслэл болохгүй.

 

8.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан бөгөөд зохигчдын хооронд маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөх талаар эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ... ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч С.А нь маргаан бүхий орон сууцыг авахад хувь оруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул орон сууцнаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болно.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч З.Бд холбогдуулан гаргасан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03302 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч З.Бд холбогдуулан гаргасан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА