| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/03070/И |
| Дугаар | 210/МА2023/00640 |
| Огноо | 2023-03-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2023/00640
2023 03 27 210/МА2023/00640
И.Бн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00487 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч И.Бн нэхэмжлэлтэй
Хариуцагч МОХНН УБТЗ холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Б.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
И.Б нь МОХНН УБТЗ-ийн удирдах газрын Дотоод аудит хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилласан. Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/2/32 дугаартай тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Энэ тушаал нь холбогдох хууль, дүрэм, журамд нийцээгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл болсон.
Маргаан таслах комисс, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст тус тус гомдол гаргаж урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч И.Б дотоод аудит хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байхдаа ажилтан Б.Бн гэр бүлийн хүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэрчийн мэдүүлэг, байцаалт авсан. Бусдын халдашгүй эрхэд халдаж, төрийн байгууллага, иргэнээс мэдүүлэг авах, байцаалт тодруулга авах, хууль сануулах, өгсөн мэдүүлэгтэй танилцуулах зэрэг эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагддаг мөрдөн байцаах, цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх байгууллагын эрхийг эдэлсэн. Банкны дансны хуулгыг хууран мэхлэх замаар авсан нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замын системд алба болон гүйцэтгэх ажиллагааны мэдээлэгч элсүүлсэн нь тогтоогдсон.
Иймд сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.Бг МОХНН УБТЗйн Дотоод аудит, хяналтын албаны Дотоод хяналтын шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 29,762,874 төгрөгийг хариуцагч МОХНН УБТЗ гаргуулж, нэхэмжлэгч И.Бд олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 46.2.7-д зааснаар нэхэмжлэгч И.Бн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагч МОХНН УБТЗ даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 306,764 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хэл амаар доромжлон үл хүндлэн харьцсан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ёс зүйгүй үйлдлийг шүүгч таслан зогсоогоогүй, шүүх хуралдааны дэг сахиулах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчээс асуулт асуухад өмгөөлөгч нь хариулахгүй байхыг шаардах, хэлэх үгийг зааж өгөх, өмнөөс нь хариулах зэрэг үйлдэл гаргаж байхад энэхүү үйлдлийг таслан зогсоогоогүй, дэг зөрчиж байгааг шүүгчид сануулахад хуулийн дагуу шийдвэрлэхгүй нэхэмжлэгч талд үйлчилсэн. Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагын эсрэг тайлбар, татгалзлаа хэлэх боломж олгоогүй, мэтгэлцэх тэгш боломжоор хангаагүй ба шүүхийн хэлэлцүүлгийг нэхэмжлэгч талаар эхлэн нэхэмжлэгч талын тайлбараар дуусгасан. Гэрчээс мэдүүлэг авахдаа хэт нэг талыг барьсан асуулт асуух, хариултыг тулгах замаар гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх боломж олгоогүй.
4.2.Тээврийн прокурорын газрын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 588 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд Б.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байдал тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нотлох баримтыг анхаараагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
4.3.Нэхэмжлэгч нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж, гэр бүлийн гишүүнээс тайлбар авсан, хувийн мэдээллийг гаргуулсан болох нь холбогдох хүмүүсийн гаргасан гомдол, нотлох баримт илт байхад шүүх дүгнэлт хийсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь И.Б хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхдээ төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжид заасны дагуу хийж, тайлагнасан. Тухайн шалгалтыг хийхэд ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй, хаанаас ямар мэдээлэл ирснийг мэдээгүй. Бусдыг мөрдөж эрүүдэн шүүсэн гэх утгатай гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
5.2.Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсэг нь хуульд нийцээгүй талаар тодорхой гомдол гаргаагүй. Тушаалд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд байхгүй заалтуудыг баримталсан. Хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3 нь ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэгт нийцэхгүй байна. Мөн дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмын 4.15, 4.3-т зааснаар И.Бн явуулсан хяналт шалгалттай нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2.Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч МОХНН УБТЗ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШЗ2022/18431 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчаас Б.Бн хөдөлмөрийн гэрээ, нууцын гэрээ, И.Бн нууцын гэрээг тус тус гаргуулсан ба эдгээр баримтыг хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байна. (хэргийн 2 дахь хавтас 65-73 дахь тал)
Мөн хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргасан УБТЗ ХНН-ийн худалдан авалт, борлуулалтын албаны захиалга, нийлүүлэлтийн менежер албан тушаалтай Б.Бг шалгах удирдамжийн хугацааг сунгуулах талаар илтгэх хуудас 2021.07.05, төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж 2021.06.18 №ТБ-31/01/18, Д.Э-гаас асууж авсан тайлбар 2021.07.08, Худалдан авалт борлуулалтын албаны дарга О.Б-д хаягласан Б.Бн тодорхойлолт, Худалдан авалт борлуулалтын албаны хурлын протокол 2021.08.03, Д.Э-гээс асууж авсан тайлбар 2021.07.06, Б.Боос тайлбар авсан тухай тэмдэглэл 2021.07.07, Б.Боос авсан тайлбар 2021.06.30, тендерийн урилга, Д.Э-гаас асууж авсан тайлбар 2021.07.08, Г.Гоос тайлбар авсан тухай тэмдэглэл 2021.07.07, цахим шуудангийн хуулбар, И.Бн тэмдэглэл 2021.06.25, П.Цын тайлбар, Г.Гын хөдөлмөрийн гэрээ, Б.Бн диплом, иргэний үнэмлэх, ажилтны анкет, Г.Гын нууцын гэрээ, Г.Гын ажлын байрны тодорхойлолт, Б.Боос авсан тайлбар 2021.06.30, Худалдан авалт борлуулалтын албаны мэргэжилтэн Б.Б дээр НВА албанаас хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын тайланг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл 2021.08.09, МОХНН УБТЗйн даргын тушаал 2021.04.07 №Б-I-214, 2020.12.04 №Б-II-192, 2019.06.17 №Б-I-291 баримтуудыг тус тус (хэргийн 2 дахь хавтас 104-153 дахь тал) мөн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" тэмдэг дарж баталгаажуулах этгээдэд зохигч хамаарахгүй бөгөөд хариуцагч МОХНН УБТЗнь дээрх нотлох баримтуудыг мөн хуулийн 44.2 дахь хэсэгт зааснаар эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй.
Иймээс анхан шатны шүүхийг нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзнэ. Түүнчлэн зохигчийн гаргасан нотлох баримт хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан нотлох баримтаас хасах боломжтой байхад уг ажиллагааг хийлгүйгээр тухайн баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
5.Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч МОХНН УБТЗ давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,765 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА