| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2022/05550/И |
| Дугаар | 210/МА2023/01247 |
| Огноо | 2023-06-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2023/01247
2023 06 23 210/МА2023/01247
Б.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/02008 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.М-өд холбогдох
Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батдорж, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Б.Б нь 2020 оны 12 дугаар сард орон сууц худалдан авахаар судалж, хамт ажиллаж байсан танил Б.М- нь Баянзүрх дүүрэг, ***дугаар хороо, Мандала хотхонд байршилтай *** өрөө орон сууцыг санал болгож, улмаар тухайн орон сууцыг Б.М-ийн хамт очиж үзэн тавилгын хамт нийт 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон.
1.2. Б.Б нь орон сууцны үнэ 280,000,000 төгрөгийг худалдагч Б.С- Голомт банкин дахь ***тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Б.Снь эцэг Ц.Б-ын өмчлөлийн орон сууцыг худалдах зар тавьж, орон сууцны үнийг шилжүүлэн авсан байсан. Орон сууцны өмчлөгч Ц.Б- нь орон сууцны төлбөрийг Б.Б-н байр судлуулсан танил Б.М-ийг төлсөн, түүнийг худалдан авагч гэж буруу ойлгож Б.М-тэй 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг Б.М-ийн өмчлөлд шилжүүлсэн.
Б.Б энэ асуудлыг сүүлд мэдэж, Б.М-өөс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг удаа дараа шаардсан ба Б.М- эхэндээ шилжүүлнэ гэдэг байсан боловч сүүлдээ татгалзаж, өөрөө худалдан авсан мэтээр өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарч, Б.Б-н өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.
Иймд эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, *** Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, *** дугаар байр, ***тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Б-г тогтоож, тус орон сууцнаас Б.М-ийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Б.М- нь Ц.Б-тай байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Б.Б нь миний худалдаж авсан орон сууцны үнэ 280,000,000 төгрөгийг төлсөн нь хууль зөрчсөн, андуурч эндүүрсэн зүйл огт болоогүй.
2.2. Б.Б нь надад эхнэр болох санал тавьж, сүйн бөгж бэлэглэж, хамтдаа амьдрах орон сууц судалж олохыг санал болгосон. Түүний саналаар зарын дагуу хамтдаа очиж байр үзэж, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хэний өмчлөлд бүртгүүлсэн, хэн хэдэн төгрөгийн хураамж төлсөн зэрэг намайг орон сууцны өмчлөгч болсон талаар маш сайн мэдэж байсан.
Худалдагч Ц.Б-ын охин Б.С...Б.М- гэх эмэгтэй надтай холбогдож нөхөр гэх Б.Б-н хамт ирж орон сууцыг үзсэн, Б.М- уг орон сууцыг худалдаж авахаар болж төлбөрийг дансаар шилжүүлсэн. Аав орон сууцыг 2021 оны 01 дүгээр сард улсын бүртгэлд Б.М-ийн нэр дээр шилжүүлж өгсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасан нь худалдан авагч, худалдагч нарын буруу зөрүү ойлголцол байгаагүйг нотолж байна. Б.Б нь дээрх асуудлаар надад ярьж хэлж байгаагүй, харин Ц.Б-ын охин Б.Сос 280,000,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан ба шүүх түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М-өд холбогдох Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, ***Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, **гаар байр, *** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай, *** м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцнаас Б.М-ийг албадан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,628,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч орон сууцыг өмнөх өмчлөгчөөс нь худалдан авах хэлцэл хийгдэхэд оролцсон өөрийн оролцоо, өмчлөгчөөр бүртгэгдээгүй үйл баримтыг нотлоогүй... гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тухайн үедээ мэдээгүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, худалдагч буюу өмчлөгч Ц.Б-ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Гэтэл Б.Б анхнаасаа тухайн орон сууцыг худалдан авах зорилгоор уг орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддогоос гадна хариуцагч огт маргадаггүй.
Хэрэв Б.Б орон сууцны үнийг төлөөгүй байсан бол тухайн гэрээ хэлцэл хийгдэх боломжгүй байсан нь илтэд тодорхой асуудал бөгөөд үүнээс харахад Б.Б-г тухайн худалдах, худалдан авах хэлцэл хийгдэхэд өөрийн оролцоог нотлоогүй гэх шүүхийн дүгнэлт илт үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна.
4.2. Түүнчлэн ...хариуцагч түүний өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэжээ.
4.2.1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлд эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих талаар тодорхой тусгасан. Б.Б-н хувьд, Б.М-өд өгөх ямар нэгэн өр зээл байхгүй бөгөөд Б.Б нь маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ Б.М-тэй байгуулагдсан талаар 2 өдрийн дараа мэдсэн боловч тухайн үед өөрөө эрүүгийн хэрэгт шалгагдаж байсантай холбоотойгоор, түүнчлэн анхнаасаа найз Б.М-өөр өөртөө орон сууц авахаар судлуулж байсны хувьд түүнд итгэж, түүнийг хэсэг хугацааны дараа буцаан өөрийнх нь нэр дээр шилжүүлж өгнө гэсний дагуу түүнд итгэж тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
4.2.2. Хэсэг хугацааны дараа Б.Б болон түүний эхнэр нарын зүгээс тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг Б.М-өөс удаа дараа шаардсан боловч Б.М- эхэндээ шилжүүлнэ гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасанчлан бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах зорилго агуулж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын мэдүүлэг болон татварыг нэхэмжлэгч Б.Б бөглөсөн, төлснийг далимдуулж, анхнаасаа тухайн орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахад нэхэмжлэгчийг мэдэж байсан, надад орон сууц худалдаж авч өгөх гэж байсан, бид нэг гэр бүл, хамт амьдрах гэж байсан мэтээр огт үндэслэлгүй тайлбар өгч, мөн орон сууцаа нэхэхэд нэхэмжлэгчийг цагдан хориулах талаар Нийслэлийн прокурор, Авлигатай тэмцэх газарт тус тус өргөдөл гаргасан байдаг.
4.2.3. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нь анхнаасаа тухайн орон сууцыг өгөхгүй байх зорилгыг агуулж байсан нь тодорхой харагдаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарсаар байгаа нь Б.Б-н өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд бодитоор саад учруулж буй нөхцөл байдал мөн бөгөөд түүнийг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандсан байхад анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй хэмээн дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
4.3. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *** дугаартай гар утсанд үзлэг хийлгэх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас нотлох баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч талаас тухайн хүсэлтээ шүүх хуралдаанд дахин гаргахад шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь илтэд хоорондоо зөрчилтэй хууль зөрчсөн үйлдэл бөгөөд үүнээс үзвэл ашиг сонирхлын зөрчилтэйг илэрхийлж байна.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хуульд заасан болон гэрээний үндсэн дээр өмчлөгч болдог. Нэхэмжлэгч нь орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцнаас Б.М-ийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч орон сууцыг өмнөх өмчлөгчөөс нь худалдан авах хэлцэл хийгдэхэд оролцсон өөрийн оролцоо, өмчлөгчөөр бүртгэгдээгүй үйл баримтыг нотлоогүй, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн болохыг шүүхийн хэлэлцүүлэгт нотолсонгүй гэж зөв дүгнэсэн.
Б.М- нь Б.Б-н өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд Б.Б орон сууцны өмчлөгчөөр Б.М- бүртгэгдсэн талаар маргахгүй гэж тайлбарласан атлаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй. Орон сууцны төлбөрийг 3 хувааж төлсөн талаар талууд маргаагүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4, 167 дугаар зүйлийн 167.1, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Мөн шүүх ямар хуулийн ямар заалтыг буруу хэрэглэсэн талаар гомдолд дурдаагүй байна.
5.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар хариуцагч талын үзлэг хийлгэх хүсэлтийг тодорхойгүй гэсэн үндэслэлээр татгалзсан тул хүсэлтээ тодруулан дахин гаргасан. Шүүх дахин гаргасан хүсэлтийг хангаж, үзлэг хийж баталгаажуулсан, үзлэгийн тэмдэглэлийг маргаагүй. Иймд ашиг сонирхлын зөрчил байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй.
5.3. Б.Б орон сууцны төлбөрийг төлсөн боловч өмчлөгчөөр бүртгүүлээгүй тул өмчлөгч гэдгээ нотлоогүй гэж үзэж байна. Ц.Б-, Б.М- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч Б.Б шаардах эрхгүй. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.М-өд холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... орон сууцыг Б.М-ийн хамт очиж үзэн 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон, ...худалдагч Ц.Б- нь орон сууцны төлбөрийг Б.Б-н байр судлуулж байсан түүний танил Б.М- төлсөн, түүнийг худалдан авч байна хэмээн буруу ойлгож Б.М-ийн өмчлөлд шилжүүлсэн, ... орон сууцны өмчлөх эрхийг нэр дээрээ шилжүүлэхийг Б.М-өөс удаа дараа шаардаж байсан ба эхэндээ шилжүүлнэ гэдэг байсан боловч сүүлдээ татгалзаж, өөрөө худалдан авсан мэтээр орон сууцанд амьдарч байгаа... гэж,
хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Б.Б нь миний худалдан авсан орон сууцны үнэ 280,000,000 төгрөгийг төлсөн, хууль зөрчсөн, эсхүл андуурч эндүүрсэн зүйл болоогүй, Б.Б нь гэрлэх санал тавьж, сүйн бөгж бэлэглэж, хамтдаа амьдрах орон сууц судалж олохыг санал болгосон... гэж тус тус тайлбарласан.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.
3.1. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, **** Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, **** байр, *** тоот хаягт байршилтай, * м.кв** талбайтай орон сууцны үнэд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80,000,000 төгрөг, нийт 280,000,000 төгрөгийг худалдагч Ц.Б-д шилжүүлсэн.
3.2. Хариуцагч нь худалдагч Ц.Б-тай байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн дээрх орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
3.3. Мөн нэхэмжлэгч нь өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой татвар 2,300,000 төгрөгийг төлж, мэдүүлгийг бичсэн байна.
3.4. Нэхэмжлэгч нь Ц.Б-ын төлбөрийг хүлээн авсан Б.Сд холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус үндэслэлээр 280,000,000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/00846 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон.
4. Хариуцагчийн нэр дээрх улсын бүртгэл нь гуравдагч этгээд Ц.Б-тай хийсэн хэлцлийн хүрээнд хийгдсэн, тухайн эрх зүйн харилцаанд хамааралтай бөгөөд орон сууцны өмчлөх эрхийн талаар зохигч хоорондоо маргах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүйг анхан шатны шүүх зөв дүгнээгүй байна. Тодруулбал, шүүх нэхэмжлэгч орон сууцыг өмнөх өмчлөгчөөс худалдан авах хэлцэл хийгдэхэд оролцсон өөрийн оролцоо, өмчлөгчөөр бүртгэгдээгүй үйл баримтыг нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
5. Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбарыг харьцуулж үзэхэд, гуравдагч этгээдээс маргаан бүхий орон сууцыг худалдан авах хэлцэл хийхэд нэхэмжлэгч, хариуцагч нар хамтдаа оролцсон байх боловч хариуцагчийн гаргаж буй миний худалдан авсан орон сууцны үнийг нэхэмжлэгч төлсөн, орон сууц авч өгсөн гэх тайлбар тогтоогдоогүй байна. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс үзлэг хийсэн 88088666, 99082030 дугааруудын харилцсан зурвасуудаар хариуцагчийн татгалзал эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй. Мөн нэхэмжлэгч тухайн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг бичсэн, холбогдох татвар төлснийг нэхэмжлэгчид орон сууц авч өгөх хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах, хэрэв хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах журамтай.
6. Иймээс нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны үнэ 280,000,000 төгрөгийг бүрэн төлсөн үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нийцсэн байна. Мөн нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож байгаа тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсных гэж дүгнэх боломжгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх үндэстэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/02008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-г эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай, Баянзүрх дүүрэг, **** дугаар хороо, *** Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, *д**угаар байр, *** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг хариуцагч Б.М-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ... үлдээсүгэй гэснийг ... үлдээж, хариуцагч Б.М-өөс 1,628,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Боос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,628,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА