Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 892

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр

нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч У.Түвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох эрүүгийн 1706 01884 0847 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.М, 1968 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 3 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 

Шүүгдэгч Н.М нь 2017 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Пүрэвсамдангаас 2 ширхэг приус 20 загварын авто машиныг зээлээр худалдаж авна гэж хуурч мэхлэн төлбөрийг нь өгөлгүй залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, зүйлчлэл болон гэм бурууд маргахгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.

Хохирогч Р.Пүрэвсамдан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэхдээ: "...Түүний дараа 2015 оны 08 дугаар сард Н.М өөрөө над дээр хүү Анандын хамт ирж уулзаад 1 машин авъя гээд машинуудаас үзэж байгаад 2004 оны сувдан цагаан өнгийн, улсын дугааргүй приус 20 загварын машиныг 10 сая төгрөгөөр тохирч урьдчилгаанд нь 500.000 төгрөг өгөөд 9.5 сая төгрөгийг нь 20 хоногийн дотор өгнө гэж тохироод явсан. Тэр машиныг мөн л ажилчдаа хөдөө гадаа явуулна, хөдөө тендер авсан гэж ярьж байсан. Түүнээс дахиад 10 хоногийн дараа М ирснээ машины хэрэг гарлаа гээд өмнө нь дугаар авсан байсан, 2006 оны цэнхэр өнгийн 72-53 УНЕ улсын дугаартай миний нэр дээр байсан приус 20 маркийн машиныг 9.5 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод аваад явсан. Ингээд 2 машиныхаа төлбөрийг бөөнд нь 10 хоногийн дараа төлье гэж хэлсэн боловч түүнээс хойш огт мөнгө өгөөгүй..."гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

“...Би 2015 оны 08 сард Н.М гэх хүнд 2  ширхэг приус-20 маркийн автомашиныг нэгийг нь 10.000.000 төгрөг, нөгөөг нь 9.500.000 төгрөг нийтдээ 19.500.000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд тухайн үед машинаа өгсөн ба хоёр машины мөнгийг 1 сарын дотор өгнө гэж хэлчихээд өгөлгүй өдийг хүртэл залилсан. 2017 оны 01 сард миний М-д зарсан машиныг худалдаж авсан гэх нэг эрэгтэй хүн ирээд нэрээ шилжүүлж авъя гэхээр нь би машинаа тэр хүнээс учрыг нь хэлээд авсан. Удалгүй 5 хоногийн дараа нөгөө хүн дахиж ирээд би наад машиныг чинь мөнгөөр нь авъя уг нь би Мөнхбатаас ажлын хөлсөнд авсан машин байгаа юм гэж хэлсэн тэгээд би тэр 6.000.000 төгрөгөөр зарчихсан юм. Одоо нэг машин буюу 9.500.000 төгрөгний машинаа авч чадаагүй байгаа учраас цагдаад хандсан. Авч чадаагүй байгаа машины мөнгө 9.500.000 төгрөг, нөгөө машины үлдэгдэл 3.500.000 төгрөг нийтдээ 13.000.000 төгрөгний хохирол учирсан...” /хх-ийн 17-19/,

“...2015 оны 06 дугаар сарын эхээр Н.Мөнхбатын ажилчин Ганбаяр гэж хүүхэд ирээд 2 ширхэг 20 Приус маркын автомашиныг ту бүрийг нь 9.500.000 төгрөгөөр нийт 19.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч барьцаанд нь 5.000.000 төгрөгний машин үлдээгээд явж 2015 оын 07 дугаар сарын эхээр 19.000.000 төгрөгөө өгөөд барьцаанд өгсөн машинаа аваад 2 машиныхаа нэрийг шилжүүлж аваад явсан. 19.000.000 төгрөгийг өгөхдөө Н.М надтай Их дэлгүүрийн урд талд уулзаад мобайл банкаар шилжүүлж өгсөн. 2004 оны Сувдан цагаан өнгийн улсын дугааргүй приус 20 маркын машиныг 10.000.000 төгрөгөөр тохирч урьдчилгаанд нь 500.000 төгрөг өгөөд 9.500.000 төгрөгийг нь 20 хоногийн дотор өгнө гэж тохироод явсан. Н.М надад ямар ч мөнгө өгөөгүй. 2017 оны 2004 оны цагаан өнгийн машиныг М-аас өрөндөө авсан гээд нэг хүн надаас нэрээ үилжүүлж авна гээд ирэхээр эь би учрыг нь хэлээд машинаа авчихсан. Би М-ас авас ёстой 19.000.000 төгрөгнөөс төгрөгнөөс даатгалын 3.800.000 төгрөг, 1 машинаа зарж 6.000.000 төгрөг нийт 9.800.000 төгрөг авсан. Одоо би түүнээс 9.200.000 төгрөгөө нэхэмжилж яаралтай гаргуулж авмаар байна...” /хх-ийн 39-40/,

Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын үед байх манай 2 ажилтан болох Мөнхдэлгэр, Тэнгис гэх хоёр приус 20 маркын автомашин лизингээр авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Пүрэвсамдантай тухайн үед техникийн зах дээр байдаг ажил дээр нь очиж уулзаад 2 ажилтандаа машиныг нь авч өгсөн. Тэгээд тухайн үед 2 автомашиныг 16.000.000 төгрөгөөр бодож авсан ба мөнгийг нь санхүүжилт орж ирэхээр өгнө гэж хэлээд авсан. Тэрнээс хойш манай 2 ажилтан машинаа унаад ойролцоогоор 1 сар орчмын дараа ажлаасаа гараад явсан. Нэг автомашиных нь мөнгийг барагдуулсан. Одоо нэг машины тооцоо үлдсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

“...үнэ тохироод 2 ширхэг приус 20 машин нийт 19.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд дээрх машиныг худалдаж авахдаа охин Анужингийн нэр дээр худалдах худалдан авах гэрээ хийж авсан. Ингээд машиныг зээлээр авахдаа 1 сарын дотор мөнгийг нь төлөхөөр тохирсон боловч тухайн үед барьж байсан барилгын санхүүжил улсын төсвөөс орж ирэхгүй удаад төлж чадаагүй. Санхүүжилт 2017 оны сүүлээр орж ирсэн боловч их хэмжээний хүмүүст өгөх өглөг байсан учраас Пүрэвсамданд өгч чадаагүй...” /хх-ийн 41/, Төлбөр барагдуулах хэлцэл /хх-ийн 78/, Хохирлын баримт /хх-ийн 84/, Хохирогч Р.Пүрэвсамдангийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хх-ийн 11/, Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 43/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 52-54/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 11/, Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-45/ хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.М нь 2017 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Пүрэвсамдангаас 2 ширхэг приус 20 загварын авто машиныг зээлээр худалдаж авна гэж хуурч мэхлэн төлбөрийг нь өгөлгүй залилсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.М-ыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Намжил овогт Намжилын Мөнхбатыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.М-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.М нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР