| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/0967/Э |
| Дугаар | 993 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 993
2019 06 20 2019/ШЦТ/993
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
хохирогч Ц.Ц ,
шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А т холбогдох эрүүгийн 1806 05362 1258 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.А , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч П.А нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хард рок пабын гадна Ц.Ц тай үл ойлголцлын улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн толгойг мөргөснийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ц.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би шүүх шинжилгээгээр тогтоолгосон баримтыг төлсөн, дараа нь би хамраа тэгшлүүлсэн, тэрний дараа би 2 удаа цус алдсан. Эхний цус алдалтанд нэгдүгээр эмнэлэгт очиж цусаа тогтоолгосон. Хоёр хоног хөвөнтэй байж байгаад хөвөнгөө авахад дахиад цус алдсан. Би “Сонгодо” эмнэлэгт очиж шарлага хийлгэсэн. Би хэрэг гарсны дараа шүүгдэгчтэй утсаар ярихад чи цагдаад хэл, юм олж долоохгүй гэж хэлсэн нь миний дургүйг хүргэсэн. Азбаяр мөргөсөн гэдгээ мэдэж байж дээрэнгүй байдлаар хандсан. Би цаашид хамраа тэгшлүүлэх эмчилгээ хийлгэнэ. Өмнө нь Азбаяр хэргээ хүлээдэггүй байсан. Өнөөдөр хэргээ хүлээсэн тул би баримтаар нэхэмжилсэн мөнгөө нэхэмжилж байна. Хэрвээ шүүгдэгч гэм буруу дээрээ маргасан бол би хамар тэгшлүүлсэн мөнгөө нэхэмжилнэ гэж бодож байсан. Гэтэл гэм буруу дээрээ маргаагүй тул одоо өөр нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч П.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэрээ авах гээд машин дотроо хүлээгээд сууж байхад гэнэт юм хагарах чимээ гараад түс тас гээд дуугарахаар нь би хартал миний эхнэрийн сууж байсан ширээн дээр маргаан болж байсан. Би машинаасаа буугаад ширээн дээр очиход нэг үл таних залуу танхайрч байсан. Би уг залуу дээр очоод болиоч гэж хэлэхэд тэр залуу миний хоёр гарыг барьж явсан. Энэ үед миний эхнэр Ичинхорлоо намайг салгаж аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 60-63 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө би эхнэр Одонтуулыг авахаар Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах Хард рок нэртэй пабад очсон. Намайг очиход эхнэр найзтайгаа нилээд согтсон сууж байхаар нь авч явах гэхэд хоёр найз нь явуулахгүй надтай маргалдсан. Манай эхнэр бас их согтуу байсан болохоор найзуудтайгаа нийлээд надтай маргалдаад байж байхад нэг залуу ирээд шилэн хүзүүн дээрээс базаад намайг чирсэн. Дахиад хүзүүн дээрээс базаад нүүр лүү мөргөсөн. Шөнө толгой руу ар дагз руу хатгаад өвдөөд хоносон...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр нь эхнэрээ аваад явах гэтэл гэнэт нэг залуу гарч ирээд нөхрийнх нь шилэн хүзүүнээс барьж холдуулсан нөхөр нь уг залуугаас мултраад буцаад эхнэр дээрээ ирсэн. Тэр үед араас нь нөгөө залуу хүрч ирээд нөхөртэй нь зууралдаж байгаад түлхэлцсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19 дугаар хуудас/,
Гэрч Б.Пүрэвдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одонтуулын нөхөр уг залуутай маргалдаад ширээнээс жаахан холдсон. Маргаан ширүүсч байгаад сүүлд ирсэн эмэгтэй найз залуугаа аваад явсан. Одноо, Одноогийн нөхөр бид 3 хамтдаа явсан. Машин дотор явж байхдаа саяны залуу хамар цохиод хугалчихлаа маргааш цагдаад өгнө гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 57-58 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹7853 дүгнэлтэд “Ц.Ц ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…хамарт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамарт учирсан гэмтэл нь ихэнхи тохиолдолд хамраас цус гардаг. Цөөн тохиолдолд хамраас цус гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Хамар ясны хугарал нь шинэ гэмтэл байсан. Хамрын ойролцоо цус хуралт, зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэл байсан болно…” гэх мэдүүлэг. /хэргийн 59 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч П.А нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хард рок пабын гадна Ц.Ц тай үл ойлголцлын улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн толгойг мөргөснийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би шүүх шинжилгээгээр тогтоолгосон баримтыг төлсөн, дараа нь би хамраа тэгшлүүлсэн, тэрний дараа би 2 удаа цус алдсан. Эхний цус алдалтанд нэгдүгээр эмнэлэгт очиж цусаа тогтоолгосон. Хоёр хоног хөвөнтэй байж байгаад хөвөнгөө авахад дахиад цус алдсан. Би “Сонгодо” эмнэлэгт очиж шарлага хийлгэсэн. Өмнө нь мөрдөн байцаагч надад Азбаяр хэргээ хүлээхгүй байна, чи худлаа яриад байгаа юм биш үү? гэж хэлж байсан. Өнөөдөр хэргээ хүлээж баримтаар нэхэмжилсэн 128.000 төгрөгийг өгсөн учир өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр нь эхнэрээ аваад явах гэтэл гэнэт нэг залуу гарч ирээд нөхрийнх нь шилэн хүзүүнээс барьж холдуулсан нөхөр нь уг залуугаас мултраад буцаад эхнэр дээрээ ирсэн. Тэр үед араас нь нөгөө залуу хүрч ирээд нөхөртэй нь зууралдаж байгаад түлхэлцсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19 дугаар хуудас/, гэрч Б.Пүрэвдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одонтуулын нөхөр уг залуутай маргалдаад ширээнээс жаахан холдсон. Маргаан ширүүсч байгаад сүүлд ирсэн эмэгтэй найз залуугаа аваад явсан. Одноо, Одноогийн нөхөр бид 3 хамтдаа явсан. Машин дотор явж байхдаа саяны залуу хамар цохиод хугалчихлаа маргааш цагдаад өгнө гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 57-58 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹7853 “Ц.Ц ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 24 дүгээр хуудас/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…хамарт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамарт учирсан гэмтэл нь ихэнхи тохиолдолд хамраас цус гардаг. Цөөн тохиолдолд хамраас цус гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Хамар ясны хугарал нь шинэ гэмтэл байсан. Хамрын ойролцоо цус хуралт, зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэл байсан болно…” гэх мэдүүлэг. /хэргийн 59 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч П.А т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч П.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.