Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/00023

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/04012 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/008 дугаар тушаалыг болон ГЗТ23/009 дугаар тушаалын 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах, цалин, урамшуулал болон алдангид нийт 12,552,275.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь ******* ХХК-ийн даатгалын ахлах брокер албан тушаалд 2018.07.18-ны өдрөөс эхлэн ажилласан ба 2023.10.27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон боловч мөн өдрийн ГЗТ23/008 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр өөрт нь хаалттай хэлбэрээр сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

1.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдээгүй, сахилгын зөрчлийн талаар тайлбар аваагүй, тушаалын үндэслэлд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, удаа дараа зөрчил гаргасан гэх боловч сахилгын зөрчлийг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн, зөрчлийг хэзээ илрүүлсэн талаар дурдаагүй.

а.Ажлын цагийг баримтлаагүй, ажлын цагтаа ажилдаа ирэхгүй байх: Тус байгууллага нь ажлын цагийн бүртгэлийн системгүй тул ажилтнууд гадуур уулзалт, сургалт орох, даатгалын компани болон харилцагч нарын гэрээ хүргэж өгөх, авах, харилцагчийн нөхөн төлбөрт газар дээр нь очиж ажиллах зэргээр өөрийн ажлын цагийг зохицуулан, ажиллах ёстой бөгөөд миний хувьд цагаа баримтлан ажилладаг.

б.Ажлаас гарах өргөдөл өгснөөс хойш ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажлын цагаа баримтлахгүй, ажил үүргээ гүйцэтгэхгүй цалгардуулсан: Миний харилцагч болох дотоод болон гадаад даатгалын компаниудтай и-мэйлээр харилцах, гэрээ бүртгэл хийх, миний ажлыг хүлээн авч буй ажилтан *******, ******* нарт зааж зөвлөх, даатгалын гэрээг тайлбарлах, төсөл хөтөлбөрийн дагуу сургалтаа орох, тайлан бичих зэргээр өөрийн хийх ёстой бүх ажлыг шударгаар, бүрэн гүйцэтгэлтэй хийж байсан. 2023.11.23-ны өдөр 14 цагийн орчимд ажлын байран дээр ажлаа хийж байхад гүйцэтгэх захирал ******* нь ажлын платформ "MS оffice"-д орох эрхийг хааж, хувийн и-мэйл хаягаар ажлаа хийх тухай шаардлага тавьсан. Үүний дагуу 2023.11.30-ны өдрийг хүртэл өөрийн хувийн и-мэйл хаягаас ажлаа хийсэн.

в.Хийсэн ажлаа тайлагнах тухай ажил олгогчийн шийдвэрт захирагдаагүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын тайлан гаргаж өгөөгүй: Миний бие ажиллаж байсан бүх файл, мэдээлэл, и-мэйл зэрэг рүү нэвтрэх эрхийг гүйцэтгэх захирал *******ы *******.mn цахим хаяг руу 2023.11.13-ны өдөр явуулсан бөгөөд уг ажлын файл, мэдээлэл рүү гүйцэтгэх захирал удаа дараа орж шалган, и-мэйл харилцаатай танилцсан. Түүний зааврын дагуу шинэ ажилтнууд *******, ******* нарт ажлаа зааж хүлээлгэн өгсөн ба ажлаас гарсны дараа уг ажилтнууд нь надаас ажлаа асууж тодруулах зэргээр надтай холбогдоход өөрийн мэддэг бүх юмаа зааж зөвлөж байсан. Дээр дурдсаны дагуу байнга нээлттэй хамтран ажиллаж төсөл хөтөлбөрийн сургалтын тайлан зэргийг гаргаж өгсөн.

г.Даатгалын зуучлалын үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрдөгдөх хууль тогтоомжуудыг судалж мэдээгүй, үүний улмаас зуучлалын үйл ажиллагаа явуулахдаа алдаа гаргасан буюу үйлчлүүлэгчид буруу мэдээлэл зөвлөгөө өгсөн, хохирол учруулсан: Хэзээ илэрсэн харилцагчийн гомдол, зөрчил болохыг надад өмнө нь мэдэгдэж байгаагүй, ямар алдаа гаргасан гэж үзэж байгаа талаар надаас тайлбар авч байгаагүй буюу намайг ажиллаж байх хугацаанд харилцагчдаас надад мэдэгдсэн гомдол, хохирол учирсан тухай мэдэгдэл ирж байгаагүй. Миний бие олон улсын даатгалын мэргэшсэн гэрчилгээтэй, мөн СЗХ-ны даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй даатгалын брокер юм.

д.Хувьдаа давуу байдал олгох үүднээс банкны онлайн гүйлгээ хийх эрх мэдлээ урвуулан ашигласан, урьдчилгаа цалинг өөрт хэтрүүлэн шилжүүлэх, зөрчлүүдийг удаа дараа гаргасан: ******* ХХК нь цалин урамшуулал тооцох, урьдчилгаа цалинг олгох дотоод журамгүй байсан ба ажилтан бүр урьдчилгаа цалин хэдийг авах тухай өөрийн хүсэлтээ гүйцэтгэх захиралд илэрхийлсний үндсэн дээр тооцдог байсан. Уг урьдчилгаа цалин нь мөн ажилтан бүрд өөр байдаг ба гүйцэтгэх захирал өөрөө шилжүүлэх зөвшөөрлийг өгдөг байсан тул өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан гэх үндэслэл байхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-т зааснаар ажил олгогч ******* ХХК нь хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тусгайлан нэрлэж заасан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ байхгүй, ажилтан сахилгын ямар зөрчил хэзээ яаж гаргасан нь тодорхой бус, сахилгын зөрчил илрүүлсэн хугацаа, гаргасан зөрчил тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлгүй байна.

1.3.******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дүгээр тушаалын Тушаах хэсгийн 2-т Тушаалын 1-т заасан хугацаанд багтаан Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т заасан зүйлсийг ажил олгогчид бүрэн хүлээлгэж өгөх, өөрт хадгалахгүй, устгахгүй, бусдад дамжуулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосугай гэж, 3-т Компанийн болон түүний харилцагч, үйлчлүүлэгчдийн нууцлал бүхий мэдээллүүд, бичиг баримтууд, ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах аливаа мэдээллийг хугацаагүй хадгалж, хувийн болон бусад зорилгоор хувьдаа ашиглахгүй, бусдад задруулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосугай гэжээ.

Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.8-д заасанчлан ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг задруулахгүй байх нийтлэг үүрэгтэй боловч урьдчилан нууцын баталгаа гаргуулж, нууц материалуудтай танилцуулаагүй атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд ажилтанд тусгайлан үүрэг болгосон хэм хэмжээ нь биелэгдэх боломжтой байх учиртай юм. Намайг тус компанид ажиллах хугацаанд ажил олгогчийн зүгээс нууцын журам, нууцын баталгаа, нууц мэдээлэл зэрэг бичиг, баримтуудыг бүрэн танилцуулж, хүлээлгэн өгч байгаагүй. Иймд тушаалын дээрх заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.4.Компанийн бүхий л ажилтнууд үндсэн цалингаас гадна даатгалын зуучлалын үйл ажиллагаанаас олсон зуучлалын орлогоос тухайн даатгалын брокерт ногдох урамшуулал, олон улсын байгууллагын зарласан тендерт оролцож уг төслийг хэрэгжүүлэх явцад өөрийн компанитай болон бусад хувь хүмүүстэй хамтран ажилласны урамшуулал гэх мэт цалин хөлсийг ажилд орсноос хойш авдаг ба компани ч үүнийг цаг тухайд нь олгож ирсэн.

Би 2023 оны 11 дүгээр сард групп ХХК-тай байгуулсан Хөрөнгө бизнес тасалдлын даатгалын гэрээний дагуу олгох урамшуулал 4,923,270 төгрөг, Даатгалын зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу олгох урамшуулал 210,000 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу олгох урамшуулал 230,400 төгрөг, ХХК-тай байгуулсан Хөрөнгийн даатгалын гэрээний дагуу олгох урамшуулал 399,581.81 төгрөг, GIZ (Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэг) олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй даатгалын сургалт зохион байгуулах төслийн хүрээнд компани болон бусад хувь хүмүүстэй хамтран ажилласны цалин 6,388,333 төгрөг, нийт 12,151,592 төгрөгийг одоог хүртэл авч чадаагүй. Уг цалин хөлсийг олгохгүй байх талаар тодорхой баримттай шалтгааныг ажил олгогчоос мэдэгдээгүй ба хүний нөөцийн захирал аман байдлаар болон фэйсбүүк мессэнжэрээр ажлаас гарч байгаа тул урамшууллыг олгохгүй гэсэн компанийн удирдлагын шийдвэр гаргасан гэх тайлбарыг хэлсэн. Үүнтэй санал нийлэхгүй бөгөөд хийсэн ажлын урамшуулал, цалин хөлсийг олгох ёстой.

1.5.Мөн цалинг сард 2 удаа буюу сар бүрийн 05-ны өдөр урьдчилгаа цалин, 20-ны өдөр сүүлийн цалинг тооцож олгодог байсан боловч 2023.11.30-ны өдөр ажлын цаг дууссаны дараа 20:13 минутад цалин хөлс тооцсон тухай и-мэйлийг хувийн и-мэйл рүү илгээсэн. Ажил олгогч нь цалинг олгох ёстой өдрөөс хойш 10 хоногийн дараа шилжүүлсэн, уг цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцсон зэрэг үйлдэл гаргасан нь шударга бус бөгөөд намайг илтэд хохироосон үйлдэл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар алданги 400,683.75 төгрөг нэхэмжилсэн гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу 2023.11.27-ны өдрийн 23/009 дугаар тушаалыг гаргасан. Тушаалын 1 дэх заалтаар ажилтан *******гийн хүсэлтийн дагуу түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023.11.30-ны өдрөөр дуусгавар болгосон, 2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасан зүйлсийг ажил олгогчид бүрэн хүлээлгэж өгөх, өөрт хадгалахгүй, устгахгүй, бусдад дамжуулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосон, 3 дахь заалтаар компанийн болон түүний харилцагч, үйлчлүүлэгчдийн нууцлал бүхий мэдээллүүд, бичиг баримтууд, ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах аливаа мэдээллийг хугацаагүй хадгалж, хувийн болон бусад зорилгоор хувьцаа ашиглахгүй, бусдад задруулахгүй байхыг ажилтанд үүрэг болгосон.

а.Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан. Бид даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах явцад үйлчлүүлэгч, харилцагчдын нууцлалд хамаарах мэдээлэлтэй харьцдаг. Энэ утгаар бид хувь хүний нууцад хамаарах мэдээллийг хугацаагүй хадгалах, үйлчилгээ үзүүлэхээс бусад зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.1.3 дахь заалтуудын дагуу мэдээлэл хариуцагч болохын хувьд манай компани нь иргэний нууцад хамаарах мэдээллийг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй. Бид тус үүргээ хэрэгжүүлж тушаалын 3 дахь заалтад дээрх байдлаар тусгах замаар өөрсдийн үйлчлүүлэгч, харилцагчдын мэдээллийн нууцлалыг хадгалах арга хэмжээ авсан болно.

Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна", 5.2 дахь хэсэгт "Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй", 5.3 дахь хэсэгт "Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хүний эмзэг мэдээллийг байгууллагын нууцын нэг адил хамгаална, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно" гэж заасан. Үүний дагуу ******* нь компанид ажиллаж байх хугацаанд олж мэдсэн компанийн болон түүний үйлчлүүлэгч, харилцагчдын нууцлалыг хадгалах, зөвхөн ажил үүрэгтээ ашиглах, бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

Даатгалын зуучлалын үйл ажиллагаа нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиар зохицуулагддаг. Даатгалын зуучлагч болох манай компани нь даатгалын мэргэжлийн оролцогчийн статустай явдаг. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллага, албан тушаалтан нь өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглосон. Ийнхүү нууцлал нь хамгаалагдах мэдээллийн нэг нь үйлчлүүлэгч, эсхүл үйлчлүүлэгч байсан этгээдийн мэдээлэл байхаар тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-д заасан. Иймд даатгалын зуучлалын компани, түүний албан тушаалтан, ажилтан болох ******* нь өөрийн үйлчлүүлэгч, үйлчлүүлэгч байсан этгээдийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2020.03.11-ний өдрийн 114 дугаар тогтоолоор баталсан Даатгалын зах зээлийн ёс зүйн журмын 3.1.3-т даатгалын зах зээлд оролцогч нь компанийн болон даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, задруулахгүй байх үүрэгтэй тухай заасан. ******* нь дээрх ёс зүйн шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй. Бид түүнд ёс зүйн энэ шаардлагыг л тавьсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг олж мэдсэн, танилцсан бол задруулахгүй байх үүрэг хүлээх талаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт ажил үүргийн онцлогтой холбоотойгоор нууцын зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах эсхүл тусгайлан гэрээ байгуулж болохоор заасан. Бид энэ хүрээнд нууцлал хадгалах талаар хөдөлмөрийн гэрээний 3.2.11-т заасан, мөн 5.1.3-т компанийн нууцлал бүхий мэдээллийг санаатайгаар задруулах, бусдад дамжуулах нь хөдөлмөрийн ноцтой зөрчил байхаар заасан.

Компанийн гүйцэтгэх захирлын 2023.11.10-ны өдрийн ГЗТ23/007 дугаар тушаалаар байгууллагын маш нууц мэдээллүүдийг шинэчлэн баталж, *******д 2023.11.16-ны өдөр цахимаар мэдэгдсэн байна.

б.Тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шаардлагын үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт нийцсэн. ******* ажлаа хүлээлгэн өгөхдөө компанийн үйл ажиллагаандаа ашигладаг санхүүгийн программын удирдлага, нэвтрэх эрхийг бидэнд хүлээлгэж өгөөгүй, бидний тус программд нэвтрэх, ашиглах эрхийг цуцалж, тухайн санхүүгийн программыг компаниас булааж, компанийн эд хөрөнгийн эрхэд ноцтой халдсан юм. Бид түүнтэй холбогдож, ярьж, шаардлага тавьж байж түүнийг буцаан авсан.

2.2.Бид ажилтан *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа урамшуулал олгох талаар тохиролцоогүй. Хөдөлмөрийн гэрээний "Хавсралт 2 - Цалин хөлс" хэсгийн 4-т "Ажилтны ... урамшууллыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тогтоож олгоно" гэж заасан. Харин Хөдөлмөрийн дотоод журамд ажилчдад урамшуулал олгох талаар заагаагүй, энэ хүрээнд хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Гагцхүү өнгөрсөн хугацаанд компанийн гүйцэтгэх захирал сайн дурын үндсэн дээр урамшуулал олгож ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тусгах гол нөхцөл болох цалин хөлсний хэмжээг тусгасан.

2.3.Гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/008 дугаар тушаалаар *******д өөрт нь хаалттай хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалд сахилгын шийтгэлийг ногдуулах болсон үндэслэл, бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тусгасан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний зөрчигдсөн заалтуудыг болон ажилтны гаргасан зөрчлүүдийг бичсэн байгаа.

Нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэн өгөх тухай хүсэлтээ өгснөөс хойш ажлаа огт хийхгүй, ажлын цагаа баримтлахгүй байх, ажлаа цалгардуулах зөрчлийг илт гаргах болсон. Энэ хооронд удирдлагын өгсөн үүрэг даалгавар, шийдвэрт захирагдахгүй, эсэргүүцэх, биелүүлэхгүй байх, үл тоомсорлох болсон. Мөн ажилдаа хайнга хандсанаас болж компанийн үйлчлүүлэгч ******* групп компанийн даатгалыг хийхдээ мэргэжлийн алдаа гаргаж, үүнээс болж даатгуулагч хохирсон. Тухайн компани нь *******гийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг манай компаниас нэхэмжилсэн.

Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн тул дээрх тушаал нь нэхэмжлэгчид одоо ямар нэгэн үр дагаваргүй болсон, нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь одоо манай компанид ажиллахгүй байгаа учир бид түүнийг сахилгын зөрчилтэйд тооцох, сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халах зэрэг шийдвэр гаргах боломжгүй. Тухайн тушаалын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдсөн эсэх, яагаад маргах шаардлагатай эсэх талаар нэхэмжлэлдээ тайлбарлаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.4.Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна.

а.Нэхэмжлэгч нь компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар бид гомдол ирсэн үед хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах зохицуулалттай.

б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, хөдөлмөрийн гэрээний 9.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлуудын талаар эвлэрэл, харилцан тохиролцож шийдвэрлэх талаар хандаж байгаагүй. Иймд шүүхээс гадуур тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн хэрэг юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 104 дүгээр зүйлийн 104.2, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/008 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулах нь тушаалыг хүчингүй болгож, мөн гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/009 дугаар тушаалын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, ******* ХХК-аас 12,552,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар ******* ХХК-аас 356,186 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу нотлох баримтыг дутуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчдын эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй.

а.Тодруулбал, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.01.12-ны өдрийн 02 дугаартай шийдвэр, тэмдэглэлийг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байдлаар өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй.

б.Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Орчуулгын товчоо, гэсэн тэмдэг бүхий 10 хуудас баримт нь ямар баримтуудыг орчуулж өгч байгаа нь тодорхой бус байна. Орчуулгын товчоо, гэсэн тэмдэг нь хуулийн этгээдийн тэмдэг эсэх нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д зааснаар баримт бичгийн орчуулгыг нотариатаар гэрчлүүлж өгөөгүй. Хэргийн 165-194, 209-230 дахь талуудад авагдсан баримтууд орчуулгагүй, хэн өгсөн нь тодорхойгүй. 2 дахь хавтаст хэргийн 32-42, 50-52 дахь талд мөн адил орчуулга бүхий баримт авагдсан гадаад хэл дээрх баримт нь байхгүй, гэрээний хавсралт орчуулагдаагүй. 2 дахь хавтаст хэргийн 50-52 дахь талд авагдсан баримтуудын хувьд орчуулгын нэр байхгүй, ямар хэлнээс орчуулга хийж байгаа талаарх тэмдэглэл байхгүй.

в.Шүүгчийн 2024.09.17-ны өдрийн захирамжаар хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар буюу PDF файлаас хэвлэсэн байдлаар ирүүлэхийг даалгасан нь хуульд заасан нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах журмыг зөрчсөн.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад шүүгчийн зүгээс нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх талаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг талуудад тайлбарлаж өгөөгүй буруу ойлголт өгч байсан байна.

г.Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан М.Мөнх-Эрдэнийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг 2024.10.22-ны өдрийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон бөгөөд үндэслэлээ гэрчээр асуулгах хүсэлт нь талуудын маргаанд хамааралгүй байна. Тодруулбал, ийг гэрчээр асуулгаж, ажлаа хүлээлгэж өгсөн эсэхийг нотлуулах нь нэхэмжлэлийн шаардлага хамаарахгүй тул гэрчээр асуух нь ач холбогдолгүй гэж тайлбарласан мөртлөө шүүхийн шийдвэрийн 15 дахь талд 3.1-д ******* нь ажлаа хүлээлгэж өгсөн талаар зохигч маргаагүй хэмээн буруу дүгнэлт хийсэн.

д.Шүүгчийн 2024.09.17-ны өдрийн 17388 дугаар захирамжид хариуцагчийн хүсэлтийг хангасан талаар тайлбарласан боловч захирамжлах хэсэгт тусгаагүй, мөн нэхэмжлэгчээс гаргуулахаар болсон нотлох баримтуудыг дутуу цуглуулсан буюу шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулаагүй байна.

е.Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны тэмдэглэлийг 2024.10.25-ны өдөрт багтаан гаргаж өгөх ёстой боловч гаргаагүй. Бид шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, давж заалдах гомдолдоо түүнээс иш татах, хэрэв тэмдэглэл буруу бичигдсэн бол түүнийг залруулах талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргахыг хүссэн. Иймд энэ процессын алдааг зөвтгөх үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй болсон гэж үзэж байна.

4.2. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн тухай:

а.Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2023.11.27-ны өдрийн 009 дугаар тушаалын 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар маргасан. Анхан шатны шүүх нь тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагч нь ажилтан *******д Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан үл өрсөлдөх үүрэг хүлээлгээгүй тул 3 дахь заалтыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй гэсэн. Гэвч ажил олгогчийн болон үйлчлүүлэгчийн нууцлалыг хадгалах үүрэг нь үл өрсөлдөх гэрээ, үл өрсөлдөх үүрэгтэй хамааралгүй. Харин нэхэмжлэгч ******* нь Байгууллагын нууцын тухай хуулийн 5.1.5.2. 5.3, 7.2, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 29.1, 43.1 дэх заалтууд, Санхүүгийн зохицуулах хорооны 2020.03.11-ний өдрийн 114 дугаар тогтоолоор баталсан Даатгалын зах зээлийн ёс зүйн журмын холбогдох заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2, 49.3 дахь заалтууд, хөдөлмөрийн гэрээний 3.2.11 дэх заалтуудын дагуу ******* нь ажил олгогчийн болон үйлчлүүлэгч, харилцагчдын нууцлалыг хадгалах үүрэг хүлээж байгаа. Бид хуулийн тус зохицуулалтуудын талаар хариу тайлбарт дэлгэрэнгүй тайлбарласан болно. Шүүхийн шийдвэрийн 15 дахь тал 3.4-т нэхэмжлэгч *******д байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийг танилцуулаагүйд зохигчид маргаагүй, компани нь нууцад хамаарах мэдээллийг танилцуулсан гэх байдлаа баримтаар нотлоогүй гэсэн нь огтоос үндэслэлгүй, илт гуйвуулсан зүйл байна.

б.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилласан хугацааны цалин, урамшуулал болох 11,151,592 төгрөг, алданги 400,683 төгрөг, нийт 12,552,275.8 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийг яагаад бүрэн хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ямар ч тооцоолол байхгүй, урамшууллыг 15 эсвэл 30 хувийн аль хувиар тооцсон, хэрхэн тооцсон гэдэг нь ойлгомжгүй, ямар гэрээний аль дүнгээс хэдэн хувиар тооцоход тийм үнийн дүн гарч байгаа нь ойлгомжгүй.

Хөдөлмөрийн гэрээнд урамшуулал тохироогүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр хийх тул бичмэл бус байдлаар цалин тохирсон гэх үндэслэлгүй юм. Үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 2018.05.20-ны өдрийн бичвэрийг талуудын тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй. Энэ бол талуудын гэрээ байгуулах бэлтгэл үе шатны харилцааг харуулсан. Үүнээс хойш 3 сарын дараа гэрээ байгуулахдаа талууд өөрөөр тохирсон байх бүрэн боломжтой. Иймд гэрээ байгуулахаас өмнөх харилцаа, нөхцөл байдлыг гэрээний нэг хэсэг, тохиролцоо байсан мэтээр дүгнэх үндэслэлгүй юм. Тус харилцаанд зарим үг болон огноо нь гадаад хэл дээр бичигдсэн байна. Гэтэл үзлэгийн тэмдэглэлд тэдгээрийг шууд монгол хэлээр буулгасан байна. Өөрөөр хэлбэл, орчуулга хийлгэхгүйгээр гадаад хэл дээрх үгсийг монгол хэл рүү хөрвүүлж буулгасан нь алдаатай юм.

Шүүх нь хариуцагчийн маргаж байгаа зүйлсийг маргаагүй хэмээн бичсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн 17 дахь тал 4.2-т *******д 11,633,333 төгрөгийг олгохоор тохиролцсон талaap маргаагүй хэмээн буруу, илт гуйвуулж бичсэн. Бид тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлсэн.

Нэхэмжлэгч нь цалин нэхэмжилж байгаа үндэслэлээ тайлбарлахдаа цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцсон зэрэг үйлдэл гаргасан нь шударга бус бөгөөд намайг илтэд хохироосон гэсэн. Гэтэл шүүх нэхэмжилсэн байдлаар нь цалин гаргуулахаар шийдсэн бөгөөд нийгмийн даатгал суутгасныг буруутгасан мэт шийдсэн. Зүй нь, хэдэн төгрөгийн нийгмийн даатгал суутгасныг эс зөвшөөрч байгаа эсэх, нийгмийн даатгал суутгахгүй гэж байгаа үндэслэл нь юу эсэх зэргийг тодруулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх байсан байна.

Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй холбоотой цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ямар цалин хөлс гэж үзэж байгаагаа шүүх тайлбарлаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ч цалингийн аль бүрэлдэхүүн хэсэг хэмээн нэхэмжилж байгаа нь тодорхой бус байсан. Иймд үүнийг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, процессын алдаа болсон гэж үзэж байна гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж гомдолд дурдсан нь үндэслэлгүй. ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 156.4 дэх хэсэгт зааснаар байнгын бус маргаан таслах комиссыг байгуулсан эсэх, тухайн комисст ямар гишүүн томилсон эсэх нь тодорхойгүй, *******г ажиллаж байх хугацаанд компанид хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгаагүй учраас дүүргийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. Үүнийг хуульд нийцсэн буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзээд шүүх нэхэмжлэлийг хүлээж авсан ******* ХХК нь захирал, нягтлан, ахлах брокер гэх 5-6 ажилтны бүрэлдэхүүнтэй компани юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсэгт зааснаар байгууллагын захирал болон нягтлан, ахлах брокерууд комисст орох боломжгүй учраас ******* ХХК-ийн ямар албан тушаалтнууд уг комисст орох нь тодорхой бус юм.

5.2.Мөн англи хэл дээрх баримтууд хуулийн дагуу орчуулагдаагүй гэж гомдолд дурдсан. Хуульд орчуулгыг хэрхэн хийх талаар зохицуулсан эрх зүйн орчин байхгүй. Монголын орчуулагчдын нэгдсэн холбооноос орчуулагч нар нь өмгөөлөгч нар шиг гишүүнээр элсээд тамга тэмдэг аваад үйл ажиллагаа эрхэлдэг. Өөрөөр хэлбэл, шүүхийн байгууллагад өмгөөлөгчийн тамга тэмдэг дараад тайлбар гаргаж өгөхөд хуульчийн гэрчилгээг давхар хавсаргаагүй байна, өмгөөлөгч гэж мэдэх боломжгүй гэх асуудал яригддаггүй учраас хуулийн этгээдийг төлөөлж орчуулга хийсэн үү эсхүл хувь хүнийг төлөөлж орчуулга хийсэн үү гэх асуудал хөндөгдөх ёсгүй, үүнийг зохицуулах эрх зүйн орчин байхгүй. Тухайн орчуулагч нь мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэлийн дагуу орчуулга хийсэн бол тухайн орчуулгыг албан ёсных гэж үзээд бүхий л харилцаанд нотлох баримтаар хэрэглэдэг. Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д заасны дагуу нотариатаар гэрчлүүлээгүй гэх боловч тухайн орчуулагчийн орчуулсан эх хувь баримтыг өөртөө авч үлдээд хуулбар хувийг шүүхэд гаргаж өгөх тохиолдолд нотариатаар гэрчлүүлдэг болохоос бүх орчуулагчийн орчуулсан орчуулгыг нотариат баталж, гэрчлэх албагүй. Дээр дурдсанаар хуулбарлаж өгөх тохиолдолд Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д зааснаар гэрчлүүлнэ. Иймд англи хэл дээр баримтууд хуулийн дагуу хийгдээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэх гомдлын агуулга үндэслэлгүй.

5.3.Мөн шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх шатанд ямар ямар нотлох баримтаас аль хэсгийг нь авч нотлох баримтаар шинжлэн судлахыг тогтоогоод тухайн хэсгийг орчуулаад талууд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар өгье гэж тохиролцсон. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөд талууд орчуулга хийлгээд шүүхэд өгсөн. Нотлох баримт гаргуулах талаар шүүх хэргийн оролцогчдод буруу зөвлөгөө, тайлбар өгсний улмаас PDF файлаар баримт хэвлэгдээд хэрэгт авагдсан гэж тайлбарласан. Үүнд манайд эх хувиараа байхгүй буюу PDF файл дээрх цахим гэрээ байгаа учраас файлаар гаргаж өгөх, эсхүл PDF файлаас нь хэвлэж өгөх боломжтой талаар тайлбарласан талууд хүлээн зөвшөөрөөд, шүүхээс тухайн баримтыг хүлээж аваад хэргийг шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд талууд тухайн үед хүлээн зөвшөөрөөд харилцан тохиролцоод хэргийг шийдвэрлүүлэх зорилгоор баримтыг гаргаж өгсөн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж дахиад нэг хэргийн оролцогч байгаа мэт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн хэд хэдэн баримт үндэслэлгүй гэх байдлаар хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан нь үндэслэлгүй.

5.4.Гэрчээр *******-ийг оролцуулаагүй гэж гомдолд дурдсан боловч гэрч оролцуулаагүй нь үндэслэлтэй. Тухайлбал, ******* нь *******г ******* ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаснаас хойш орсон учраас *******г ажилласан байсан үеийн нөхцөл байдлыг гэрчилж чадахгүй гэдэг байдлаар оролцуулаагүй нь үндэслэлтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхэд *******гийн ХХК-д томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Үүнд ажлаас чөлөөлөх тушаалын нууцлалтай холбоотой хэсэгт ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажилд орсон учраас үүнийг нотлох байдлаар нотлох баримт гаргуулъя гэсэн болохоос хөдөлмөрийн гэрээний хавсралтууд болох эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын гэрээ зэргийг гаргуулах талаар хүсэлт гаргаагүй. Иймд *******гийн ХХК-д томилогдсон тушаал болон хөдөлмөрийн гэрээний хуулбаруудыг гаргаж өгсөн.

5.5.Мөн шүүх хуралдааны тэмдэглэл огт гараагүй гэж гомдолд дурдсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд ярихаас илүүтэй анхан шатны шүүхийн тамгын газарт хандаж асуудлаа шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй. Хариуцагч талаас тэмдэглэл гараагүй учраас танилцаагүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч талаас тэмдэглэлтэй холбоотой ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг өмнөх шүүх хуралдаанд хэлсэн. Хөдөлмөрийн гэрээг хуулбарлаж өгсөн гэх асуудал дурдсан. Гэвч хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлсийг тохирсон гэж тайлбарладаг атлаа хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгээд эсхүл нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах нэг үндэслэл болгож тайлбарладаг. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд нь хариуцлагатай байх ёстой бөгөөд ажилтан авч цалинжуулж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй. Хэрэв байгуулаагүй бол нөхөн байгуулах үүрэгтэй.

Анх *******г ажилд ороход ******* захирал цалин хөлсний талаар ярьсан боловч урамшууллын талаар хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй. Урамшууллын талаар тусгаж хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэг нь ажил олгогчид өөрт нь байсан. Гэтэл хөдөлмөрийн маргаанд татгалзлын үндэслэлээ болгосон баримтуудыг ажил олгогч өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Учир нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүх баримт, гэрээ, тушаал шийдвэрүүд нь ажил олгогчийн талд хадгалагддаг тул *******гийн нэхэмжилсэн цалин, хөлс урамшуулал болон сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлаар няцаалт хийх бол холбогдох бүх баримтуудыг гаргаж няцаах байсан. Түүнээс анхан шатны шүүхэд гэрч асуулгаж, *******г ажлын байранд огт ирээгүй гэх байдлаар тайлбар өгсний дараа сахилгын шийтгэл ногдуулдаг систем Монгол Улсад үйлчлээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын зөрчлийг илрүүлсэн бол тухайн ажилтанд мэдэгдэнэ, тайлбар мэдүүлэг авна, ямар сахилгын шийтгэлийг хэрхэн ногдуулах талаар танилцуулсны дараа шийдвэрээ гаргах нарийн дэг журамтай хуулиар зохицуулсан харилцаа юм. Гэтэл тухайн харилцааг огт үүсгээгүй атлаа шүүх хуралдаанд гэрчээр нотлуулаад сахилгын зөрчил гаргасан нь үнэн гэж үзсэн. Сахилгын зөрчилд маш олон төрлийн зөрчлүүдийг дурдсан. ******* ажлаас халагдсан учраас сахилгын шийтгэл нь ямар нэгэн хор уршиг учруулахгүй гэж тайлбарладаг боловч маш их хамааралтай байхаас гадна дараа дараагийн байгууллагад ажилд ороход өмнөх байгууллагадаа хэрхэн ажиллаж байсан талаар тодорхойлолт авахыг Хөдөлмөрийн тухай хуулиар зөвшөөрсөн. Гэтэл ******* нь олон төрлийн сахилгын зөрчил гаргасан байвал дараагийн ажилд томилогдоход сөргөөр нөлөөлнө.

Мөн ажил олгогчид ажлаас чөлөөлөгдөх талаар хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасантай холбогдуулаад нууцлалын журмыг шинэчилсэн гэж ойлгосон. 2023.11.17-ны өдрийн тушаалыг баталсан өдрөөс эхлэн бүх ажилтнууд дагаж мөрдөнө гэж заасан, нууцын журам батлагдсан өдрөөс хойш *******д ямар нууц материал танилцуулсан нь ойлгомжгүй бус учраас үүрэг хүлээлгэх үндэслэлгүй. Үүнийг тодруулахаар хийсэн үзлэгээр нууцлалын жагсаалтад авагдсан баримтуудыг бүх хэргийн оролцогч зөвшөөрсний үндсэнд үзлэг хийгээгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. ******* өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтээр үзлэг хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023.11.27-ны өдрийн ГЗТ23/008 дугаар тушаалыг болон ГЗТ23/009 дугаар тушаалын 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах, цалин, урамшуулал болон алдангид нийт 12,552,275.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн байх боловч гэрээ хуулбар хэлбэрээр хэрэгт авагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан ба уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээг шүүх үнэлсэн нь алдаатай болжээ.

3.2.Дээрх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдлоор авч хэлэлцэж байгаа хэрэгт байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэхээр мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт заасан. Үүнээс үзвэл нотлох үүргийн хуваарилалтаар хөдөлмөрийн гэрээг шаардлага хангасан байдлаар ажил олгогч буюу хариуцагч тал гаргах байсныг шүүх анхаараагүй байна.

3.3.Хөдөлмөрийн гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа нөхцөлд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй буюу давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 

4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дээрх байдлаар зөрчсөнийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/04012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 356,187 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА