Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00049

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/04465 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/01284 дүгээр захирамжаар ******* ХХК, *******, Зээлийн батлан даалтын сан нараас 377,023,244.62 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,091,733 төгрөгийг гаргуулан ******* ХК-д олгох, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, ******* хаягт байрлах, 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2.Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш 700,000,000 төгрөг, түүнээс дээш үнэлгээтэй байхад ******* нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4-180/4648, 4/180/4649 дугаар мэдэгдэлдээ зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 403,920,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Ийнхүү үнэлсэн нь зах зээлийн ханшид нийцэхгүй, үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ямар аргачлал, судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй.

1.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч нараас үнийн санал авах, үнийн саналыг танилцуулах, харилцан тохиролцох боломж олголгүйгээр үнэлгээчин томилж, үнэлгээ тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг ноцтой зөрчсөн гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, ******* хаягт байрлах, 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 180/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22291047/03 дугаар тогтоолоор хураасан.

2.2.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зах зээлийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч нарын зүгээс 1 м.кв талбайг 5,500,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч нь шинжээчээр үнэлгээ тогтоолгох санал ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/70 дугаар тогтоолоор ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин *******ийг хөндлөнгийн шинжээчээр томилон үнэлгээг хийлгүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 403,920,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаар 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4-180/17972 дугаар мэдэгдлээр ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хөндлөнгийн шинжээч ХХК-аас 403,920,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй. Өмнө нь 2 удаа эд хөрөнгийг хураасны үндсэн дээр төлөөлөгчтэй тохиролцох гэсэн боловч зах зээлийн үнэлгээнээс хамаагүй дээгүүр буюу 600,000,000, 650,000,000, сүүлдээ 726,000,000 төгрөг зэрэг үнийг хэлсэн учраас үнийн санал дээр тохиролцохгүй юм байна гээд шинжээч томилуулсан. Иймээс шинжээчийн үнэлгээ хууль ёсны мөн процессын алдаагүй гараагүй гэж үзэж байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ хийх процессыг хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасныг зөрчсөн. Үнэлгээ хийлгэхээс өмнө буюу шинжээч томилохоос өмнө талуудаас үнэлгээний саналуудыг авах, авсан саналуудыг танилцуулах, харилцан тохиролцох боломж нөхцөлүүдийг олгосон байх урьдач нөхцөл тавигдсан. Харин тус ажиллагааг хийсний дараа тохиролцоонд талууд хүрээгүй бол үнэлгээчнийг томилох дарааллыг тусгасан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шинжээч томилж, үнэлгээг тогтоох ажиллагааг эхлүүлсэн. Нэхэмжлэгч мөн сарын 06-ны өдөр үнийн саналыг бичгээр хүргүүлсэн. Харин үүнээс өмнө 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХК-аас барьцаа хөрөнгө үнэлэх, үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт өгсөн. Гэтэл талууд нь үнэлгээ дээр харилцан тохиролцох процесс хэрэгжүүлсэн эсэх, нэхэмжлэгчийн гаргасан үнийн саналыг банкинд танилцуулж, тус санал хүсэлтийг хүлээн авах эсэхийг тодруулсан баримт байхгүй, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Шүүх маргааныг шийдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь зохицуулалтыг хэрэглэж, шүүх энэ асуудлаар дүгнэлт өгөх эрх хэмжээгүй, уг үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл энэ зохицуулалт нь диспозитив зохицуулалт болохоос бус заавал тухайн журмыг хэрэгжүүлэх нөхцөл заасан хэм хэмжээ биш юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт шууд шүүхэд хандаж болох агуулгыг тусгасан, мөн гомдол гаргах тодорхой хугацааг тусгасан. Иймээс шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

7.Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д тодорхой дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдол гаргахаар заасан. Нэхэмжлэгч нь талууд хоорондоо тохиролцоогүй гэж ярьж байна. ******* ХК-ийн зүгээс тохиролцохгүй гэх асуудлыг аль эртнээс тавьсан. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн албан бичиг нь тохиролцохгүй байсан болохоор шинжээч томилох агуулгатай. Нэхэмжлэгч зах зээлийн ханшнаас хэт өндрөөр 600,000,000, 700,000,000 төгрөгөөр үнэлсэн учраас шинжээч томилуулаад явах байр суурьтай байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/01284 дугаар захирамжаар ******* ХХК, ******* нараас 377,023,244.62 төгрөгийг хуваарийн дагуу, мөн улсын тэмдэгтийн хураамж 1,091,733 төгрөгийг ******* ХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, ******* хаягт байрлах, 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон ирээдүйд орж ирэх орлого, түүний үр шимээр хангуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад хүрэлцэхгүй тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сан төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4.******* нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 180/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22291047/03 дугаар тогтоолоор хураан авсан байх ба эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй.

 

5.Төлбөр авагч ******* ХК шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн, төлбөр төлөгч ******* ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч орон сууцыг 726,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн байх ба шийдвэр гүйцэтгэгч нь талуудыг үнийн талаар тохиролцоогүй гэж үзэж 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/70 дугаар тогтоолоор ХХК (үнэлгээчин *******э)-ийг шинжээчээр томилжээ.

Нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгуулах нэг үндэслэлээ Төлбөр төлөгч нараас гаргасан үнийн саналыг төлбөр авагчид танилцуулаагүй, харилцан тохиролцох боломж олголгүйгээр үнэлгээчин томилсон нь хууль зөрчсөн гэж тайлбарласныг анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнүүдийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 44.2.9-д хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах гэж тусгасан.

Дээрх хуулийн 44.3 дахь хэсэгт талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 44.4 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор тус тус заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/70 дугаар Шинжээч томилох тухай тогтоолыг төлбөр төлөгч нараас гаргасан үнийн саналыг төлбөр авагчид танилцуулаагүй, харилцан тохиролцох боломж олголгүйгээр үнэлгээчин томилж хууль зөрчсөн гэх үндэслэлээр зөвшөөрөөгүй тохиолдолд дээрх зохицуулалтын дагуу холбогдох гомдлоо эрх бүхий албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх журамтай ба хэргийн баримтаар ийнхүү гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байдал тогтоогдоогүй тул түүнийг энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар зөв дүгнэжээ.

 

6.Шинжээчийн үнэлгээний тайланд орон сууцыг 403,920,000 төгрөгөөр үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэгч нь тус үнэлгээний талаар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4-180/4648, 4-180/4649 дугаар мэдэгдлүүдээр талуудад мэдэгджээ.

6.1.Үнэлгээний тайланд дээрх хөрөнгийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргуудаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн хандлагын аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгчээ.

Орон сууцыг үнэлэхдээ c21.mn, unegui.mn, remax.mn сайтуудад байршсан мэдээллүүдэд үндэслэн, Хан-Уул дүүрэгт байрлах Blue sky хотхоны 4 орон сууцыг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, зориулалт, хийц, ашиглалтад орсон огноо, дотоод засал, төхөөрөмжлөгдсөн байдал гэсэн хүчин зүйлүүдийг тооцон, талбайн дундаж үнийг 3,060,000 төгрөгөөр тодорхойлж, 132 м.кв талбайгаар тооцон 403,920,000 төгрөгөөр үнэ цэнийг тогтоосон байна.

6.2.Дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан байна.

6.3.Нэхэмжлэгч нь үнэлгээ зах зээлийн ханшид нийцээгүй, хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ямар аргачлал, судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйг шүүх зөв дүгнэжээ.

 

7.Хариуцагч *******т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

8.Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзлээ. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад төлбөр төлөгчийн шүүхэд гомдол гаргах эрхийг тодорхойлсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тусгах нь оновчтой тул тус хуулийн 44.3 дахь хэсгийг баримталсныг залруулах, түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд тус хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасныг улсын орлогод хэвээр үлдээхээр өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/04465 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...44.3... гэснийг 44.4 гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.ЗОЛЗАЯА