| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/00313/И |
| Дугаар | 130/ШШ2016/00423 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2016/00423
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, Б сарик овогт Кийн Сы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.С, иргэдийн төлөөлөгч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн төлбөр 1620000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч К.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Өлгий сумын 9, 5 дугаар багуудад фермерийн аж ахуй эрхэлдэг. 2 жилийн өмнө галзуу өвчин гарч дөнгөж төрсөн тугалтай үхэр уг өвчнөөр өвдсөн. Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын газар, Өлгий суманд хандаж авах ёстой арга хэмжээг авсан. Дээрх байгууллагуудын шинжилгээгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон. Дээрх байгууллагууд акт гаргаж устгаж бусад малд халдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэсэн. Би иргэн хүний хувьд үүргээ биелүүлж хүлээн зөвшөөрсөн. Онцгой байдлын газрын дарга, Мэргэжлийн хяналтын байцаагч Асан гэдэг хүн надад хуулийн заалт харуулсан. Үхрийг маань хогийн цэг дээр аваачиж устгаж булсан. 14 хоног гэрийн ойр орчмыг хамгаалалтад авсан. Энэ үед өндөр настай эцэг эх, залуу хүний хувьд надад хэцүү байсан. Өлгий сумын 5 дугаар багийн Сы гэрээс галзуу өвчин гарсан гэж миний нэр хүндийг гутаасан. Би уучилсан. Хуулийн дагуу надад 30 хоногийн дотор нөхөн төлбөр төлөх байсан боловч Засаг дарга мөнгө байхгүй, дараа ав, өвс тэжээл өгье гэж хэлж тогтоол хийсэн. Сүүлдээ өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Иймд би гомдоод шүүхэд хандсан юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К.С нь хариуцагч Аймгийн Засаг даргаас устгалд оруулсан тугалтай үхрийн үнэ 1620000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.5.12-д өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар нядлах, устгах ажлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцан зохион байгуулах, сум, дүүргийн Засаг дарга бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтаас үзэхэд аймгийн Засаг даргад өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар нядлах, шууд устгах эрх олгогдоогүй байх ба сум, дүүгийн Засаг даргад өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар нядлах, устгах ажлыг зохион байгуулах эрх хэмжээг олгосон байна.
Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д малаа зайлшгүй шаардлагаар нядлуулсан, устгуулснаас учирсан хохирлын асуудлыг сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан байх тул энэ хэргийн хариуцагч нь аймгийн Засаг дарга биш гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч К.Сы аймгийн Засаг даргаас 1620000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К.С нь Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д зааснаар өөрт нь учирсан хохирлын асуудлыг сумын Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч К.Сы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40870 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д тус тус зааснаар нэхэмжлэгч К.Сы хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Нөхөн төлбөр1620000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К.Сы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ
К.БҮЛДИРГЕН