| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03798/И |
| Дугаар | 210/МА2025/00050 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00050
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/04523 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид 29,004,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан ажил олгогчийн үүргийг зөрчин 2020 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийн өр 19,336,000 төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги 9,668,000 төгрөг, нийт 29,004,000 төгрөгийн өр үүсгээд байна.
Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид дээрх өрийг төлөхийг удаа дараа шаардаж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1529 дугаар албан бичгээр Голомт банк ХК дахь дансны гүйлгээг зогсоосон. Мөн улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00000393 дугаар албан шаардлагыг хүргүүлсэн боловч төлбөр тооцоо хийгээгүй.
Иймд хариуцагчаас 29,004,000 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй болно.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 29,004,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газарт олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 302, төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хүсэлтэй байгаагаа нэхэмжлэл гардан авсан өдрөөс хойш илэрхийлж байсан. Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед миний хань хүнд өвчний улмаас насан өөд болж, уй гашууд автсан хүнд өдөр байсан учраас сэтгэл санааны байдлаас болоод шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй.
Иймээс уг байдлыг харгалзан үзэж давж заалдах шатанд эвлэрлийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч өмнө нь Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газарт ирж уулзаж байсан. Үндсэн төлбөрөө төлнө, харин алдангийн асуудлаар эвлэрэх, хувааж төлөх, бууруулах асуудлыг ярьсан. Анхан шатны шүүх хуралдаан болох өдөр ар гэрт нь ажил явдал гарсан учраас оролцож чадаагүй. Шүүх хуралдаанд ирсэн бол талууд ярьсны дагуу эвлэрээд тодорхой хувиар багасгах боломжтой байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 19,336,000 төгрөг, алданги 9,668,000 төгрөг, нийт 29,004,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тайлбар гаргаагүй байна.
3.******* ХХК нь 2020 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийн өр 19,336,000 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй талаар зохигч шүүхэд маргаагүй.
4.Анхан шатны шүүх 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэйг зөв дүгнэж, хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл 19,336,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
5.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа тус хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан ба Зөрчлийн тухай хуульд Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн 10.17 дугаар зүйлийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулжээ. Уг зүйлийн тайлбар хэсэгт шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож төлүүлэхээр заасан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байцаагч тус зөрчлийг шалгаж шийдвэрлэх ба хэргийн баримтаас үзэхэд хариуцагч компанийн шимтгэл төлөх үүрэгт ногдуулах алдангийг хянан шийдвэрлээгүй байна.
Иймд алдангийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүх алдангийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүйг залруулна.
6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги 9,668,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/04523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...29,004,000 гэснийг 19,336,000 гэж, ...олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 9,668,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ...56.1 гэснийг 56.2 гэж, ...302,970 гэснийг 254,630 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169.638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА