| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 1813001160179 |
| Дугаар | 12 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 12
Р.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Р.А-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр магадлалтай, Р.А-т холбогдох 1813001160179 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** өдөр Баян-Өлгий аймгийн Д**** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн *** оршин суудаг, ял шийтгэлгүй, *** овогт *** /РД: ****/
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар улсын яллагчийн яллах дүгнэлтээс Р.А-ыг Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх иргэний танхимын зохицуулагчаар ажилд орохдоо Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер" мэргэжлээр 2010 онд төгссөн гэх ******** дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан” гэх хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч ****овогт ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хучин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ын өмчлөлийн, 2001 онд Герман Улсад үйлдвэрлэгдэж, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, ВМW Х5 маркийн, **-** БӨҮ улсын дугаартай, 8.800.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг шүүгдэгч Р.А-аас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн гэмт хэргийн хор уршиг 49.626.019 төгрөг болон шүүхээс түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.А-аас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 49.626.019 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Баян-Өлгий аймгийн” гэсний дараа “Д**** сумын” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.А-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Р.А-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 49.626.019 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн явдал нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна.Учир нь би төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, уг албан тушаалд түр хугацаагаар ажиллаж байсан, ажил олгогчоос уг албан тушаалд удаа дараа сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг аймгийн Төрийн албаны зөвлөлд гаргаж байсан боловч надаас үл шалтгаалах замаар уг албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаж байгаагүй, уг албан тушаалыг хашиж байхад сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын зохицуулагчаар ажиллаж байсан. Надад холбогдох хэргийг 2018 онд аймгийн Прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, хэргийг дахин ямар үндэслэлээр сэргээсэн нь тодорхой бус зэрэг бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй явдалд гомдолтой байна. А би Д**** сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед ХАСХОМ-ын нэмэгдэл хөлс авч байсан ба үүнд 5.860.000 төгрөг гарч байсан. Уг цалин хөлсийг 49.626.019 төгрөгөөс хасаж тооцох ёстой, хохирол бодитой биш гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ДШМ/41 дугаартай магадлалд өөрчлөлт оруулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 49.626.019 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Р.А-т холбогдох хэргийг 2018 онд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон байтал 4 жилийн дараа түүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа явдалд гомдолтой байна. 2018 онд хэрэгт шалгагдаж байхад яагаад ажлаас нь гаргаагүй юм бэ. Гэтэл өнөөдрийн байдлаар Р.А-аас 50 гаруй сая төгрөгийн хохирол төлүүлж байгаа асуудалд гомдолтой байна. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна ...” гэв.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан шатны шүүх шүүгдэгч Р.А-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Цахилгаан холбоо мэргэжлээр төгссөн буюу дээд боловсрол эзэмшсэн гэх хуурамч диплом ашиглаж Баян-Өлгий аймгийн Д***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимын зохицуулагчаар буюу Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан албан тушаалд ажилласан хугацааг гэмт хэрэг үргэлжилсэн хугацаанаас хасаж тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргах хүртэл үргэлжилсэн байна. Шүүгдэгч нь дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан буюу гэмт хэрэг үйлдэх замаар төрийн албанд томилогдон эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, цалин хөлс авч, гэмт хэрэг үйлдэж орлого олсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон байна. Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Д***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимын зохицуулагчаар томилогдоход ямар нэгэн шалгуур тавигдаагүй гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан шаардлагад нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогын зарим хэсэг болох нийгмийн даатгалын нэрийн дансанд шилжсэн хэсгийг хасаж тооцсон нь мөн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар 62.266.519 төгрөгийг буюу нийт гэмт хэрэг үйлдэж олсон бүх орлогыг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгчээс 62.266.519 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдлыг үндэслэн Р.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2. Шүүгдэгч Р.А-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 49.626.019 төгрөгийг Р.А-аас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй, нэмэгдэл цалинг хасаж тооцох ёстой ...” гэжээ.
Анхан шатны шүүх Р.А-ын хуурамч диплом ашиглаж Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэний танхимын зохицуулагчаар ажилласан хугацааны цалинг гэмт хэргийн улмаас улсад учирсан хохиролд тооцохгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэмт хэрэг төгссөн үеийг тооцоолохдоо алдаа гаргаж хохирол тогтоосныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Р.А хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг мэдсэн атлаа таслан зогсоохгүйгээр, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр үргэлжлүүлж, түүнд цалин авах боломж бүрдүүлсэн байх тул Р.А-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу ял сонсгосон 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг Р.А-аас хурааж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Р.А-ын гэмт үйлдэл нь 2013 оноос хойш удааширсан үйлдэл бөгөөд 2018 оны 03 дугаар сард цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, энэхүү мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шаардлагатай ажиллагаа хийгдэж, Р.А хуурамч диплом ашиглаж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдож, 2018 оны 09 дүгээр 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Р.А нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Р.А нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Д**** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.
Иймд Р.А-ын гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Д**** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацаанд авсан цалин, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс Иргэний танхимын зохицуулагчийн ажлын хажуугаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлыг 20 хувийн нэмэгдэлтэй хавсран гүйцэтгэсэн хугацааны нэмэгдэл цалин, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрээр тооцоход Р.А нь нийт 11.289.642 төгрөгийн хохирлыг улсын төсөвт учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид төрөөс олгосон цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон 11.289.642 төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3. Р.А нь Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх ******* дугаартай хуурамч диплом ашиглаж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр томилогдож, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж хууль бус орлого олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
5. Анхан шатны шүүх Р.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.
6. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.
7. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирлын хэмжээг өөрчлөн тогтоосон өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “... хохирлыг зөв тооцож өгнө үү ...” гэсэн агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолын 7, 9 дэх заалтын “49.626.019” гэснийг “11.289.642 /арван нэгэн сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун дөчин хоёр/” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ