Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0273/З |
Дугаар | 001/ХТ2024/0067 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2024/0067
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн
яаманд тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0019 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2024/0203 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч Эдийн засаг хөгжлийн яамны өмгөөлөгч Т.М нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газар болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт төслийн Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний эргэн төлөлт хийгдсэн өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигч “А” ХХК-д үүссэн алдагдал болох 2.022.555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, концесс эзэмшигч “А” ХХК-нд үүссэн алдагдал болох 2.022.555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг, мөн концессын гэрээний наймдугаар бүлгийн 8.2-т заасны дагуу олгогдоогүй алданги болох 2,804,075,903 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах, концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10,725,491,868 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж, уг хохирлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах;
2.Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны сөрөг нэхэмжлэл: Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт төслийн Барих-шилжүүлэх /ВТ/ концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын төсвөөс илүү төлөгдсөн 3,543,720,460 төгрөгийг буцаан гаргуулах, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Чойр дэд станц төсөл-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэсэн гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д зааснаар илт хууль бусад тооцуулах.
3.Хэргийн нөхцөл байдал: Монгол Улсын Засгийн газар болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт төслийн Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээ нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл санхүүжилт болон гадаад валютын ханшийн зөрүүнээс 5,754,717,082 төгрөгийн алдагдал үүссэн тухай баримт үйлдэж, гарын үсэг, тамга дарсан, улмаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А-1/1382 дугаар албан бичгээр дээрх төлбөрийг 2022 оны төсөвт тусгах санал хүргүүлсэн, Сангийн яам уг саналд тусгагдсан санхүүжилтийг олгоогүй байна.
4.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “... 5,7 тэрбум нь ханшийн зөрүү биш санхүүжилтийн үлдэгдэл тооцсон, 19 тэрбумаар санал хүргүүлэхэд 14 тэрбумын төсөв баталсан, төр хугацаандаа мөнгөө шилжүүлээгүйгээс хохирсон, бусдаас зээл авч алданги төлж, эдийн засгийн хувьд алдагдал хүлээсэн, бүтээн байгуулалт хийж, улс эх орондоо хувь нэмэр оруулсан байхад төр өөрийн үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан, итгэл хамгаалагдах зарчим үйлчилнэ” гэж,
5.Хариуцагч нараас “... гэрээний төлбөрийг бүрэн шилжүүлсэн, Худалдан авах ажиллагааны газрын дарга нэмэлт гэрээ хийхдээ эрх хэмжээгээ хэтрүүлж, Сангийн яамны ханшаар биш нэхэмжлэгчийн хэлсэн ханшаар тооцож, 5 тэрбумын зөрүү үүсгэсэн, 2019 оныг 2460 төгрөгөөр бодох байтал 2600 бодож, төрд илтэд хохиролтой гэрээ байгуулсан, алдагдлыг Засгийн газрын хуралдаанаар орж баталгаажуулах хуультай, гэтэл хурлаар оруулаагүй, ханшийн зөрүү алдагдал үүсээгүй, нэгдмэл ашиг сонирхолтой, нэг санхүүтэй, 100%-ийн хувьцаа эзэмшигч “Н” компаниас авсан зээлийг хохиролд тооцохгүй, баримт байхгүй, 2019 оны 6 дугаар сард тооцоо хийхээс 2019 оны 9 дүгээр сард төлбөр хийсэн, 3 сар хугацаа хоцролт яаж 10 тэрбум болсон тооцоо байхгүй” гэж тус тус маргажээ.
6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
6.2.төсвийн төсөл боловсруулахдаа “Сангийн яамнаас тооцоолж гаргасан ханш” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл энэ нь эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс ам.долларын ханш хэрхэн өөрчлөгдөж болохыг тооцсон, бодит бус дүн байх тул энэ нь төсвийн төсөөллийг боловсруулахад ашиглагдахаас бус хөрөнгө оруулалтын бодит дүнг тооцох үндэслэл болохгүй.
6.3.Санхүүжилтийн дүнг зах зээлийн буюу Монголбанкны албан ёсны ханшаар тооцож, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх нь ... хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын агуулгад нийцэхээр байна.
6.4.Төлбөр хийгдэх сүүлийн хугацаа болох 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 636 хоног өнгөрчээ, алданги нь хохирол тооцогдох байна, Зээлийн хүүд илүү төлбөр төлөхөд хүрсэн, энэ нь захиргааны хууль бус эс үйлдэхүйгээс үүдэлтэй.
7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, “хохирол 10,725,491,868 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах, уг хохирлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох”-ыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээсэн. Үүнд:
7.1.Анхан шатны шүүх “улсын төсөвт тусгах үүргээ хэрэгжүүлээгүй” гэж үндэслэлтэй дүгнэсэн, ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал 2,022,555 ам.доллар болохыг Худалдан авах ажиллагааны газрын дарга ... баталгаажуулсан байна, ийнхүү алдагдлыг баталгаажуулсан атлаа үлдэгдэл төлбөрийг улсын төсөвт тусгах санал хүргүүлэхгүй байгаа нь хууль бус.
7.3.Зээлийн хүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхэд энэ магадлал саад болохгүй.
8.Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
8.1.хариуцагч ямар үүрэг зөрчиж, эс үйлдэхүй гаргасан тэрхүү нөхцөл байдал нь хууль бус байсан эсэх талаар дүгнэлт өгөөгүй, ханшийн зөрүүнээс алдагдал үүссэн тохиолдолд түүнээс алданги шаардах эрхийг концесс эзэмшигчид олгоогүй, гэрээгээр зохицуулаагүй, төсвийн хуультай зөрчилдөнө.
8.2.Үндсэн гэрээг Засгийн газар байгуулсан, нэмэлт алдагдал тооцсон гэрээг Засгийн газар байгуулаагүй, мэдэгдээгүй, хуралдаанаар хэлэлцүүлээгүй, илт хууль бус, Засгийн газрын зөвшөөрөлгүй баталгаажуулах боломжгүй.
8.4.Төлбөрийг концессын гэрээ байгуулагдах үеийн ханшаар тооцож олгохоор байна, гэтэл анхан шатны шүүх төлбөр гүйцэтгэх үеийн ханшаар тооцохоор хуулийг буруу тайлбарласан, уг заалтаар маргасаар байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй.
9.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
9.1.нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй, нэхэмжлэгчийн зүгээс төлбөр хугацаандаа төлөгдөөгүйн улмаас хугацаа хэтэрсэн хүүг хохиролд тооцож, улсын төсөвт суулгах хүсэлтийг гаргасан, гэтэл давж заалдах шатны шүүхээс уг зээлийн гэрээний бүх хүүг нэхэмжилсэн мэтээр үзэж, дээрх төлбөрийг хохиролд хамааруулахгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна,
9.2.Давж заалдах шатны шүүхээс хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлөх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэж, учирсан хохирлыг зөвхөн анзаар хязгаарласан, Иргэний хуульд үүргийн харилцаанд хугацаа хэтэрсний хохирлыг зөвхөн анзын зохицуулалтаар зохицуулаагүй,
9.3.Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.1, 101.2 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг тооцохдоо Иргэний хуулийн заалтуудыг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Хэрэглэх хуулийн тухайд: Хууль тогтоогчоос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Концессын тухай тухай (2010 оны) хуулийг хүчингүй болсонд тооцож, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөхөөр заасан. Гэвч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүй”, 2 дугаар зүйлд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай тухай (2010 оны) хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ болон бусад дагалдах гэрээний нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байна” гэсэн тул энэхүү маргаанд Концессын тухай тухай (2010 оны) хууль хэрэглэгдэнэ. Хэдийгээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д түншлэлийн гэрээ нь иргэний гэрээ байхаар заасан ч энэ нь хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш байгуулагдсан гэрээнд хамаарна, харин Концессын тухай тухай (2010 оны) хуулийн хүрээнд байгуулагдсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны гэрээнд тооцогдож байсан ба захиргааны гэрээтэй холбоотой аливаа маргааныг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Алдагдал баталгаажуулсан баримтаар үүргээ биелүүлээгүй гэж үзэх эсэх асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш, иргэний шүүхийн маргаанд хамаарна” гэх гомдол үндэслэлгүй байна.
12.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тухайд:
13.2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “А” ХХК (Концесс эзэмшигч) болон хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар буюу одоогийн Эдийн засаг хөгжлийн яамны (Концесс олгогч буюу Эрх бүхий этгээд) хооронд “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт төслийн барих-шилжүүлэх” концессын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байна.
14.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь концессын зүйл болох “Чойр” дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг “Барих-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр 2018 оны 06 дугаар сарын 30-ны дотор бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх, хариуцагч тал гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт нь 31,798,194 америк долларыг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
15.Концессын тухай (2010 оны) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2.8-д “концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих, концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх”, 6.2.12-т “концессын гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээ тухайлбал, концесс эзэмшигч санхүүжилт олохтой холбогдсон гэрээг концесс эзэмшигч болон бусад этгээдтэй байгуулах” гэж, талуудын хооронд байгуулагдсан Концессын гэрээний 2.13-т “Эргэн төлөлт хийх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс Концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд, дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцож, Концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана. Хоёр тал ханшийн зөрүүгээс үүссэн ашиг, алдагдал, хүү, хойшлуулсан нэмэлт төлбөр, төлбөрийн хуваарь зэргийг бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь “Эрх бүхий этгээд”-ийн хувиар нэхэмжлэгч талтай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэх баримт үйлдэж, баталгаажуулсан, үүнийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй тул уг тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэгчид төлбөр нэхэмжлэх эрх үүссэн байна.
16.Концессын гэрээний 2.12-т “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн дүнг тооцохдоо, Сангийн яамнаас тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханшийг баримтална” гэж, мөн гэрээний 2.13-т “Эргэн төлөлт хийх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс Концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд, дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцож, Концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана...” гэж тус тус заасан, үүнээс үзвэл талууд төлбөр тооцох нөхцөлийг хоёр янзаар тохиролцсон, тухайлбал нэг бол “тухайн жилд баримтлах Сангийн яамны тооцооны ханш”, эсхүл “эргэн төлөлт хийх өдрийн гадаад валютын ханш” гэсэн байна.
17.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд гэрээний дээрх хоёр заалтын аль алинаар тооцож төлбөр шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байна. Тодруулбал, хэрэгт авагдсан Сангийн яамны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 03/5829 дүгээр албан бичигт[1] заасан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг улсын төсөвт тусгахад баримталж байсан долларын ханшийг төсвийн цагалбарт нийцүүлэн, тухайн жилийн 8 дугаар сарын 15-наар тогтоосон, уг ханшийг баримталж тооцож үзэхэд, 2019 онд 2 удаа санхүүжилт олгохдоо Сангийн яамнаас тогтоосон “2672” гэх ханшаас “2669, 2733” доллароор бодож, зөрүү 220,444,382 төгрөг, 2020 онд 3 удаа санхүүжилт олгохдоо “2672” гэх ханшаас “2763, 2767, 2781” доллароор бодож, зөрүү 1,111,827,322 төгрөг, 2021 онд 3 удаа санхүүжилт олгохдоо “2845” гэх ханшаас “2849” буюу 21,786,898 төгрөгийн зөрүүг тус тус үүсгэжээ.
18.Ийнхүү талууд харилцан зөвшөөрч, тооцоо нийлж, тухай бүр төлбөрийг шилжүүлж байсан, хамгийн сүүлд буюу 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Концессын гэрээний дүн 31,798,194 ам.доллар, олгосон нийт санхүүжилт 29,771,066 ам.доллар, үлдэгдэл санхүүжилт 2,022,555 ам.доллар. Концессын гэрээний эргэн төлөлт хийгдсэн өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,082 төгрөгийн алдагдал үүссэн болно” гэж тооцоо нийлж, баталгаажуулсан байх ба уг үлдэгдэл төлбөрийг тооцохдоо гэрээний 2.12-т заасны дагуу буюу 2020 оны 08 дугаар сарын 15-наас 2021 оны 08 дугаар сарын 15-н хүртэлх төсвийн жилд баримтлах Сангийн яамны тооцооны ханш болох 2845.27 америк доллароор тооцсон нь холбогдох хууль болон гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд ханшийн зөрүүнээс үүссэн гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчийн шаардсанаар хариуцагч төлөх үүрэгтэй байх тул 5,754,717,082 төгрөгийг ирэх жилийн төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл зөв гэж үзнэ.
19.Харин уг шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн “төсвийн төсөл боловсруулахдаа “Сангийн яамнаас тооцоолж гаргасан ханш” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл энэ нь эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс ам.долларын ханш хэрхэн өөрчлөгдөж болохыг тооцсон, бодит бус дүн байх тул энэ нь төсвийн төсөөллийг боловсруулахад ашиглагдахаас бус хөрөнгө оруулалтын бодит дүнг тооцох үндэслэл болохгүй” гэх дүгнэлт буруу, гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрийн шийдлийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.
20. Хариуцагчийн зүгээс он тус бүр дээр хэдэн төгрөгийн зөрүү үүссэн талаар тодорхой тооцоолол гаргаж маргаагүй, “илүү төлөлт 3 тэрбум төгрөгийг буцаан шаардаж байгаа, 998,595,000 төгрөгийн ханшийн зөрүү[2] гарна, 2020 онд санхүүжилт 14 тэрбум гэсэн санал ирсэн, энэ хэмжээгээр санхүүжүүлсэн, нийт олгосон 81 тэрбум нь гэрээний үнэ 31,7 доллартой дүйцэж байгаа, төлбөрөө төлж дуусгасан”[3] гэх зэргээр маргах боловч тайлбарын үндэслэлээ нотлоогүй, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/1757 дугаар албан бичгээр[4] ирүүлсэн тооцооллын дэлгэрэнгүй үндэслэл (америк долларын ханшийг хэднээр огноолж төгрөгт хөрвүүлж тооцсон), холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь “хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх, хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэсэн зарчимд нийцжээ.
21.Мөн хариуцагчаас “2019 оны төлбөрийг 2460 төгрөгөөр бодох байсан” гэж маргаж байгаа ч 2460 төгрөг нь 2018 оны Сангийн яамны баримтлах төсвийн төслийг боловсруулахад баримтлах тооцооны ханш байх бөгөөд 2018 онд ямар нэгэн санхүүжилт олгоогүй байдаг. Иймээс хариуцагчийн “тухайн үеийн дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн, төрд илтэд хохиролтой гэрээ байгуулсан” гэх гомдол үндэслэлгүй. Дээр дурдсанчлан концессын гэрээнд төлбөрийг төгрөгт шилжүүлэн тооцох хоёр агуулга бүхий заалт байх бөгөөд талуудын зөвшилцлөөр аль алинаар нь тооцон шилжүүлж байсан. Түүнчлэн, хариуцагчийн хувьд хэрэв “төрд илтэд хохиролтой” гэж үзсэн бол гэрээ байгуулахаас татгалзах, цуцлах, улмаар эрх хэмжээгээ хэтрүүлсэн албан тушаалтанд зохих хариуцлагыг хүлээлгэж, үр дагаврыг таслан зогсоох бүрэн эрхтэй, боломжтой байсан атлаа гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан шүүхэд үүссэний дараа өмнөх шийдвэрээ үгүйсгэн маргаж буй нь үндэслэлгүй, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах ёстой.
22.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайд:
23.Нэхэмжлэгчийн “Концессын гэрээний 8.2-т заасны дагуу олгогдоогүй алданги 2,804,075,903 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах болон концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүйн улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол 10,725,491,868 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж, уг хохирлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
24.Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч, хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан, энэ тохиолдолд хохирлын хэмжээний талаар маргаантай байгаагаас гадна нэхэмжлэгч тал нэхэмжилж буй алданги, торгуулийн үндэслэл, тооцооллоо тодорхой гаргаж, хамтатган нэхэмжлээгүй гэж үзэхээр байна.
25.Тодруулбал, нэхэмжлэгч нь алданги болон хохирлыг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, хариуцагч хэзээ төлбөр төлөх ёстой байснаас хэдэн хоног хоцорч, хэдэн төгрөг шилжүүлсэн, үүнээс хамаарч хэдэн төгрөгийн алданги шаардаж байгаагаа он тус бүрээр тодорхой гаргаагүй, мөн төлбөр төлөх хугацааг хэтрүүлснээс нэхэмжлэгч нь бусдад хэдэн төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлж хохирсон зэргийг нотолсон баримт хангалтгүй байгаагаас гадна хариуцагч тал “6 сард тооцоо хийхээс 9 сард төлбөр хийсэн, 3 сар хугацаа хоцорсноос 10 тэрбумын хохирол үүсгэхгүй, өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж санхүүжүүлэх үүргийг нэхэмжлэгч хүлээсэн тул толгой компани болох 100%-ийн хувьцаа эзэмшигч “Н” ХХК-иас зээлсэн өр хохиролд тооцогдохгүй” гэж маргажээ.
26.Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн дээрх тайлбарт хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр “гэрээний 8.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, төлбөр хийгдэх сүүлийн хугацаа болох 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 636 хоног өнгөрчээ, энэ хугацаагаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам. долларын алдангийг тооцвол 128,634.498 ам.доллар болж байх тул “төлбөрийг бүрэн шилжүүлээгүй, үүнээс үүдэн хохирол үүссэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй” гэсэн алдаатай дүгнэлтээр холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь буруу байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анз буюу алданги, торгууль нь мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан гэм хорд тооцогдохгүй.
27.Мөн анхан шатны шүүх 10,725,491,868 төгрөгийн хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт 123,469,901.85 төгрөгийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд илүү төлсөн байна. “Н” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу “эргэн төлөлтийг зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд зээлдүүлэгч нь хүү тооцохгүй, зээлдэгчийг хүү төлөх үүргээс чөлөөлнө” гэсэн боловч тус зээлд 2017 оны 08 дугаар сарын 24-өөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл зээлийн хүүгийн өр 10,725,491,868.09 төгрөг болох нь тус байгууллагын хоорондын тооцоо нийлсэн актаар тогтоогдов...” гэж дүгнэн холбогдох шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх “өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барих гэрээний заалтын дагуу зээлийн хохиролд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэсэн дүгнэлтээр хэрэгсэхгүй болгосон нь аль аль нь үндэслэл муутай болсон байна.
28.Учир нь, Концессын гэрээний 4.1-д “концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн хөрөнгөөр болон хөрөнгө оруулалтын бусад арга хэлбэрээр олсон хөрөнгөөр барьж гүйцэтгэнэ” гэж заасан тул нэхэмжлэгч “А” ХХК нь уг гэрээний хугацаанд бусдад төлсөн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд төлсөн төлбөрийг хохирол гэж үзэхгүй, гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн Хас банктай 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 17 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үлдэгдэлгүй буюу хугацаандаа төлж дууссан[5] гэсэн баримт хэрэгт авагдсан байтал анхан шатны шүүх “123,469,901.85 төгрөгийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд илүү төлсөн байна” гэж дүгнэсэн нь, мөн “Н” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-н хүртэл байсан, зээлийн хүүгийн өр гэх 10,725,491,868.09 төгрөгийг хохиролд тооцсон нь үндэслэлгүй, энэ утгаараа давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Гэхдээ хэрэв хариуцагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй хэтрүүлснээс болж нэхэмжлэгч нь бусад зээлдүүлэгч байгууллагад илүү төлбөр буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн бол хохиролд тооцогдоно, гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн гэх хүү, нэмэгдүүлсэн төлбөрийг ялгаж салгалгүйгээр “нэхэмжлэгч гэрээний үүргийн дагуу өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх үүрэгтэй” гэсэн ерөнхий дүгнэлтээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
29.Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөрүүтэй, талуудын хооронд гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирлын хэмжээний талаар маргаантай, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөн цаашид концессын гэрээтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан холбогдох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ талаар болон илүү төлсөн төлбөрийн асуудлаар талуудын хэн алинд нь иргэний журмаар маргах боломжийг олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
30.Мөн дээрх үндэслэлээр хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамнаас гаргасан “улсын төсвөөс илүү төлсөн гэх 3,543,720,460 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
31.Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон тухайд:
32.Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт төслийн Барих-шилжүүлэх /ВТ/ концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”, “2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Чойр дэд станц төсөл-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэсэн гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны актад тооцуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв байна.
33.Талууд Концессын гэрээг анх байгуулахдаа гэрээний үнийг америк доллароор тодорхойлсон боловч төлбөрийг монгол төгрөгт шилжүүлэн тооцох агуулга бүхий заалттай (2.12, 2.13), бодит байдалд төлбөрийг төгрөгөөр шилжүүлсэн байх тул “үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог гүйцэтгэх хууль зөрчсөн” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, анх гэрээ байгуулахдаа хуульд нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгах нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.
34.Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.4-т “төсвийн захирагч нь төсвийн жилийн дундуур энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн жилийн төсөвтөө өөрчлөлт оруулж, зохицуулалт хийсэн бол гүйцэтгэлийг нь анхны батлагдсан зорилт, хүрэх үр дүнтэй харьцуулж тайлагнадаг байх” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагч “хөрөнгө оруулалтын нийт үнийн дүнг гэрээнд заасан, энэ хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж маргаж байгаа боловч гэрээний бусад заалтыг яагаад хэрэглэхгүй тухай үндэслэл тодорхойгүй, жишээлбэл, Концессын гэрээний 8.2-т алданги төлөхөөр зохицуулсан, үүний дагуу хариуцагч алданги төлөх тохиолдолд Төсвийн хуультай хэрхэн уялдах, хэн ямар чиг үүрэг хүлээх талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж, мэтгэлцээгүй, иймээс “хэрэгжих боломжгүй зүйлийг амласан” тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.
35.Концессын тухай (2010 оны) хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.1.2-д “концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад (Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага) олгох” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоолоор[6] гэрээ байгуулах эрхийг олгосны дагуу Засгийн газар болон “А” ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл төслийн барих шилжүүлэх концессын гэрээ”-г Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар байгуулсан, гэрээний агуулгыг талууд харилцан тохиролцож, бодит байдалд хэрэгжүүлсэн (нэхэмжлэгч гэрээний зүйлийг гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч төлбөрийн ихэнх хэсгийг шилжүүлсэн гэх мэт) байх тул тус гэрээний маргаан бүхий заалтуудыг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-ийн “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”, 55.1.2-ын “захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан”, 55.1.7-гийн “илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий” гэх үндэслэлээр илт хууль бусад тооцох үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
36.Сөрөг нэхэмжлэлийн “2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Чойр дэд станц төслийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэсэн гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д зааснаар илт хууль бусад тооцуулах” гэх шаардлагын тухайд; уг эрх зүйн баримт бичгийг “захиргааны гэрээ” үзэхгүй. Учир нь энэ нь талууд концессын гэрээний 2.13-т “Эргэн төлөлт хийх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс Концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд, дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцож, Концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана. Хоёр тал ханшийн зөрүүгээс үүссэн ашиг, алдагдал, хүү, хойшлуулсан нэмэлт төлбөр, төлбөрийн хуваарь зэргийг бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна” гэж заасны дагуу гэрээний үүргийн хэрэгжилтийг дүгнэсэн, гэрээний төлбөрийн талаарх “тооцоо нийлсэн акт”-ын[7] шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, аливаа гэрээний (захиргааны, иргэний...) талуудаас гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын, мөн хуулийн 52 дугаар зүйлд заасан захиргааны гэрээний шинжийг агуулахгүй юм.
37.Дээрх тооцоо нийлсэн баримтад гэрээний нэг тал буюу “Эрх бүхий этгээд” болох Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Улам-Өрнөх гарын үсэг зурж, баталгаажуулсныг “эрхгүй этгээд” гэж үзэхгүй, иймд “худалдан авах ажиллагааны газрын даргад Концессын гэрээний үнийн дүнгээр гэрээ байгуулах эрх олгосон болохоос ханшийн зөрүүний төлбөрийг санхүүжүүлэх эрх олгоогүй, тушаал шийдвэр гаргаагүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Эрх бүхий этгээд нь ханшийн зөрүүнээс үүссэн төлбөрийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах, зөвшөөрөл авах эсэх нь захиргааны байгууллага хоорондын асуудал бөгөөд өмнө нь дүгнэсэнчлэн уг тооцоо нийлсэн баримт нь захиргааны гэрээ биш тул Захиргааны ерөнхий хууль хэрэглэгдэхгүй болно.
38.Иймд хариуцагчаас “үндсэн гэрээг Засгийн газар байгуулсан, нэмэлт алдагдал тооцсон гэрээг Засгийн газар байгуулаагүй, мэдэгдээгүй, хуралдаанаар хэлэлцүүлээгүй, илт хууль бус, Засгийн газрын зөвшөөрөлгүй баталгаажуулах боломжгүй” гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагын талаар тодорхой дүгнээгүй ч дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдлийг хэвээр үлдээлээ.
39.Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0019 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2024/0203 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Концессын тухай (2010 оны хуулийн 6 дугаар 6.1.2, 6.2.7, 6.2.12, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.4-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газар болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт төслийн Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний эргэн төлөлт хийгдсэн өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигч “А” ХХК-д үүссэн алдагдал болох 2.022.555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгасугай” гэж,
2 дахь заалтыг “Концессын хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.12-т заасныг баримтлан хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны “Концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Чойр дэд станц төсөл-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн гэрээг илт хууль бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Концессын гэрээний наймдугаар бүлгийн 8.2-т заасны дагуу олгогдоогүй алданги болох 2,804,075,903 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах, концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10,725,491,868 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж, уг хохирлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах нэхэмжлэлийг болон хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны “улсын төсвөөс илүү төлөгдсөн 3,543,720,460 төгрөгийг буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, шийдвэр, магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “4” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ