Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 14

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.Чойсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох,

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайхан  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Г.Амартүвшин   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг  нар оролцов.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч С.Чойсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Чойсүрэн нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчоор 2012 оноос эхлэн ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, хуулийн дагуу алба ажлаа гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаартай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарч намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн байсан. Тус ажлаас чөлөөлсөн захирамжийг эс зөвшөөрч миний бие нь Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдлыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан ба хариу нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гарсныг миний бие нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр авсан. Тус тоотод улс төрийн албан тушаал нь салбар зөвлөлд хамаарахгүй тул хуулийн байгууллагаар шийдвэрлүүл гэсний дагуу тус шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл  гаргаж байна.

            Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг баримталсан ба уг заалт нь хуулиндаа сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж зааж өгсөн байна. Гэтэл Засаг дарга нь намайг чөлөөлөх тухай саналаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж хэлэлцээгүй байж шууд Д.Өнөрсайханг орлогч даргаар томилуулахаар хуралд оруулж ирсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

            Уул нь бид аль аль нь нэг нам учраас энэ асуудлыг хуулийн зохицуулалтаас гадна нам дотроо бүлгээрээ хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байтал огт дурьдаагүй, энэ талаар намын хорооны даргад мэдэгдээгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Д.Өнөрсайханг Алтанбулаг сумын Засаг даргын орлогчоор томилох тухай асуудлыг түр хойшлуулсан байхад 2 хоногийн дараа өөрийн эрх хэмжээг хуулинд зааснаас хэтрүүлж намайг чөлөөлсөн захирамжийг гаргасан байна. Хэдийгээр Засаг дарга хуралтай зөвшилцөж Засаг даргын орлогчийг чөлөөлөх эрхтэй боловч ямар үндэслэл шалтгаанаар намайг чөлөөлөх ёстой болсон талаархи тайлбарыг албан ёсоор өөрөөс нь авмаар байна. Миний бие нь тодорхой хугацаанд төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байсныхаа хэрээр тэр зүтгэлээ үнэлүүлэх ёстой. Гэтэл намайг чөлөөлсөн захирамжид ямар ч хуулиар зохицуулсан тэтгэмж, цалин олгоогүйгээр /амралтын мөнгө бодож олгоогүй/ чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн мөн гомдолтой байна.

            Тухайн захирамжид дурьдсан хуулийн зүйл заалт нь намайг ажлаас халах үндэслэл биш байх тул Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох тухай, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах /шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар/ нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн Сүхбаатар овогтой Чойсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг хийж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

            С.Чойсүрэн нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж үзэж байна. Сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, өөрчлөх талаар хуульд зааснаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Төрийн салбар зөвлөлд хандсан гэдгээ нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан ба “Улс төрийн албан тушаалтны гомдол салбар зөвлөлд хамаарахгүй”  гэсэн хариу авчээ.

            Гомдлыг хүлээн авсан байгууллага албан тушаалтан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргаж явуулах бөгөөд гомдлыг хүлээн авсан байгууллага өөрийн харьяаллын биш гэдгээ хариу мэдэгдсэн байна.

            Иймд нэхэмжлэгчийн урьдчилан шийдвэрлүүлэх журмын талаар алдаа гаргасан ба хууль мэдэхгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар хуулийн шаардлага хангуулна уу.

            С.Чойсүрэн нь Сүхбаатар суманд ажиллахаар тохирсон хэмээн ажлаас чөлөөлөгдөх шийдвэрээ өөрөө гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн иргэдийн хуралдаанд “Тохижилт үйлчилгээний ажлын тайланг тавь” гэхэд Засаг даргын тамгын газарт “өөр ажилд орох тул амжихгүй” гэдгээ хэлсэн байсан. Энэ талаар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болсон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлд дурдагдсан байгаа. Мөн өөр газарт ажилд орохоор өргөдөл гаргасан, төрийн албаны шалгалт өгөөгүй тул орж чадаагүй талаар гэрчлэх гэрч байгаа.

            С.Чойсүрэн нь ажиллаж байх хугацаандаа өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй тул хамтран ажиллахад хэцүү байсан. Засаг даргын 4 жил ажиллах мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл бэлтгэж боловсруулах нь ажил үүргийн хуваариар орлогч даргын гүйцэтгэх ёстой ажил байдаг боловч Чойсүрэн хийхээс дургүйцэж хайнга хандсан тул Засаг даргын тамгын газрын дарга Ү.Янжинлхам гүйцэтгэсэн.

            Тэр үед Сүхбаатар сумын Гантулга надад Чойсүрэнг Тамгын газрын даргаараа авч ажиллуулах бодолтой байна гэж хэлсэн. Төрийн албанд таарах хүн гэж би дэмжиж байсан. Тушаал хүлээгээд ажил хийхгүй байсан нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй байсан тул Чойсүрэнг ажлаас халж Д.Өнөрсайханыг орлогч дарга болгохоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралд санал оруулсан.

            Нэхэмжлэгч талаас чөлөөлөгдсөн захирамжаа хүлээн аваад 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “6 сарын тэтгэлэг олгоно уу” гэсэн өргөдөл сумын Засаг даргад гаргасныг олгохоор цохож өгсөн боловч боломжтой эсэх талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж эцсийн шийдэлд хүрээгүй. Хуульд зааснаар 6 сараар тэтгэлэг олгох боломжгүй талаар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан ёсны хариу өгсөн. Харин ээлжийн амралтын мөнгийг сумын Засаг даргын 2017 оны Б/11 тоот захирамжаар олгохоор шийдвэрлэсэн. Ажлаас халагдсны тэтгэмжийг харилцан тохиролцож олгохоор шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

            2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар Засаг даргын орлогчийг томилсон асуудлыг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн бөгөөд С.Чойсүрэнг ажилд эргүүлэн авах хууль зүйн үндэслэлгүй. Тухайн үедээ ярилцаж тохиролцчихоод Сүхбаатар сумын Тамгын газрын даргаар ажилд орж чадаагүй болохоороо ажлаас үндэслэлгүй халсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Орлогч дарга гэдэг бол сонгуулийн үр дүнгээр томилогддог биш, Засаг дарга өөрөө томилдог улс төрийн албан тушаал ба иргэдийн хуралд танилцуулаад Засаг даргаа өөрөө томилдог албан тушаал юм. С.Чойсүрэнг өмнөх засаг дарга би энэ хүнтэй ажиллана гээд ажилд авсан байна. Гэтэл 4 жилийн сонгуульт хугацаа нь өнгөрчихсөн, тухайн хүнийг ажилд авсан Засаг дарга бол дараагийн сонгууль эхлэхэд  бүрэн эрхийнх нь хугацаа автоматаар дуусчихдаг. Дараагийн сонгууль эхлэхэд бүрэн эрхийн хугацаа нь автоматаар дуусаад дахиж сонгуульд өрсөлдөхөд эрх нь нээлттэй үлддэг. Гэтэл тэр хүнийг хамтран ажиллана гээд өөрийнх нь сонгож авсан Засаг даргынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч байхад орлогч даргын хугацаа дуусч байгаа гэж үзэж байна. Тэтгэмжийн асуудал нь хуулиар олгоогүй учир яригдахааргүй болсон. Би С.Чойсүрэн дарга надтай олон удаа хамтарч ажиллая гэж надаас асуусан би хамтарч ажиллахгүй гэж хэлж байсан. Яг энэ ажил өөрчлөгдөх талаар би С.Чойсүрэнд хэлж байсан ч С.Чойсүрэн даргыг залуу хүн байна надтай цуг ажилчих болов уу? гээд сар гаран харсан. Тэгээд бид 2 бас таараагүй. Энэ орлогч даргаа сонгох асуудал хурлаар  орно гэж байна. Энэ бол орохгүй. Зөвхөн сонгуульд гарсан намын бүлэг гэж байгаа иргэдийн хуралд сууж байгаа намын бүлэг хэлэлцээд энийг шийдвэрлэсэн. Тэрнээс намын гишүүдийн хурал гэдэг бол тусдаа хурал юм. Тухайн үед бол намын бүлгийнхээ хурлаар оруулаад дотроо бүтэц зохион байгуулалтаа хэлэлцээд явчихсан. Тэгээд би ерөөсөө Чойсүрэн даргатай ярилцаад чи орлогч даргын ажил үүргийн хуваарьтай Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлах хэрэгжүүлэх боловсруулах ажлуудыг хийнэ. Тэгэхэд яг энэ ажлыг боловсруулж байхад Чойсүрэн дарга огт оролцоогүй. Тэгээд чи яасан бэ гэсэн чинь би Сүхбаатар сумын тамгын газарт ажилд орох гэж байгаа тушаал гарвал орно, тэгэхээр би энд оролцохгүй гэсэн. Тэгээд би тамгын газрын дарга Янжиндуламыг дуудаад С.Чойсүрэн дарга оролцохгүй гэнэ, чи энэ мөрийн хөтөлбөрийг хариуцаад боловсруулаад хуралд оруулаарай гэж үүрэг даалгавар өгсөн. Би “...С.Чойсүрэн даргад хэлсэн 1 сарын 30-нд иргэдийн хуралтай, уг хуралд өмнөх хойшлогдсон тохижилт үйлчилгээний тайлан тооцоог хариуцдаг. Тэрийгээ гүйцээчихээд, тайлангаа тавьчихаад, сараа гүйцээчихээд ингээд ажлаа өгөөч гэсэн чинь үгүй би миний ажилд орох тушаал гарвал л ажилдаа орлоо, Сүхбаатар сумын тамгын газар орно...” талаараа хэлсэн би мэдэж байсан. Төрийн алба тасралтгүй үргэлжлэх ёстой байтал орлогч дарга тайлан мэдээ гаргахгүй ажил хийгдэхгүй болохоор би захирамж гаргасан. Гэхдээ би захирамж гаргахаас өмнө иргэдийн хурлаар С.Чойсүрэн дарга ажиллаж чадахгүй гэсэн солих гэж байгаа, оронд нь Д.Өнөрсайхан гэдэг хүнийг орлогч даргаар авах гэж байгаа гэдгээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар орж хэлэлцүүлсэн. Тэгэхэд тэргүүлэгчид хууль зүйн мэдлэг муутай, өмнөх С.Чойсүрэнг ажлаас халаагүй байж Д.Өнөрсайхан гэдэг хүнийг оруулж ирэхгүй чи С.Чойсүрэн гэдэг хүнээ яах гэж байгаа тэр асуудлаа шийд гэсэн. Үндсэндээ С.Чойсүрэнг халж байж дараагийн авах хүнээ оруулж ир гэдэг ийм асуудал тавьсан. Гэхдээ хурлаар хэлэлцсэн байтал тэмдэглэлд тусгаагүй нь миний буруу биш. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг тэмдэглэл хөтөлснийг би хянах эрх байхгүй шүү дээ гэв.

 

Үндэслэх нь:

            Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга  2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын орлогч ажилтай С.Чойсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь улс төрийн албан тушаал бөгөөд 11 дүгээр зүйлийн 11.3-т улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно гэжээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг дарга, түүний орлогчийн эрх зүйн байдлыг тодорхойлох боловч уг хуульд Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан зохицуулаагүй байна.

             Гэхдээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн сумын Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж сумын Засаг даргын бүрэн эрхийг заасан байна.

            Энэ бүрэн эрхийн дагуу Алтанбулаг сумын Засаг дарга тус сумын Засаг даргын орлогч ажилтай С.Чойсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Засаг даргын орлогчийг чөлөөлөх асуудлыг зөвшилцөж, санал хураалт явуулаагүй, мөн эрх зүйн акт гаргаагүй байна.  

            Улсын Дээд шүүхийн 2009 оны 08 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа “хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан “зөвшилцөх” гэдгийг Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 1996 оны 216 дугаар тогтоолд зааснаар ойлгож хэрэглэнэ”, Улсын Дээд шүүхийн 1996 оны 216 дугаар тогтоолд “хуульд заагаагүй бусад тохиолдолд заавал нэгдсэн саналд хүрсэн байхыг шаардахгүй”, “зөвшилцлийг биечлэн уулзаж явуулсан бол зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлнө” гэж тайлбарласан байх тул Алтанбулаг сумын Засаг дарга Засаг даргын орлогчийг чөлөөлөх асуудлыг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн гэж үзэх боломжгүй байна.

            Учир нь: Хариуцагч Алтанбулаг сумын Засаг дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай Алтанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэлүүдэд, гэрч Ү.Янжиндулам, Т.Гантулга нарын мэдүүлэг зэргээр Засаг даргын орлогч С.Чойсүрэнг ажлаас чөлөөлөх асуудал яригдсан, С.Чойсүрэнтэй биечлэн уулзаж байсан гэх боловч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тэмдэглэлээс үзэхэд Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөх бус Д.Өнөрсайханг Засаг даргын орлогчоор томилох асуудал яригдаж тэмдэглэгдсэн, мэдүүлэг өгсөн гэрчүүд Алтанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид биш байх тул Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд зааснаар орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэсэн заалтын шаардлагыг хангахгүй байна.

            Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Алтанбулаг сумын Засаг дарга нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх асуудлаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцсөн, нэхэмжлэгчтэй биечлэн уулзсан талаар тэмдэглэл  хөтөлсөн, ямар нэгэн бичгийн баримт үйлдсэн нь тус тус тогтоогдохгүй байна.

            Маргаан бүхий захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын гаргасан ажлаас чөлөөлөх тухай захирамжийн үндэслэл нь тодорхой бус байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухай эрх зүйн акт гаргасан нь тодорхойгүй, алдаатай захиргааны акт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Алтанбулаг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан үеийн цалингийн тооцоонд үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор заасны дагуу тооцоолон нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1009.139.00 / нэг сая есөн мянга нэг зуун гучин есөн төгрөг/ төгрөгөөр бодож, нэг сарын ажиллавал зохих ажлын хоногийг дунджаар 22 хоногоор тооцож, нэг өдрийн ажлын цалин 45.869.95 /дөчин таван мянга найман зуун жаран есөн төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацааг 2017 оны  01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажиллавал зохих ажлын 39 хоногоор тоолж, дундаж цалинтай тэнцэх олговор нийт 1.989.880 /нэг сая есөн зуун наян ес мянга найман зуун наян төгрөг/ төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч С.Чойсүрэнд олгох нь зүйтэй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13  дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд С.Чойсүрэнг эгүүлэн томилсугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.Чойсүрэнд 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу ажлын 39 хоногийн цалин 1.989.880 /нэг сая есөн зуун наян ес мянга найман зуун наян төгрөг /  төгрөгийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газраас буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Чойсүрэнд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, Давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.БАЙГАЛМАА