Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 038

 

Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Санырау овогт Зейнелийн Алмабек, Бахат овогт Байболдын Алтанбаатар, Ители овогт Онтуганы Асылбек, Уах овогт Дүкений Маралбек, Шеруши Төлек овогт Заманбекийн Мухтар, Найман овогт Тогтарханы Жандос, Шыбарайгыр овогт Хупырын Харий, Казбек овогт Хуандыхын Жахсылых, Жагалбай овогт Рахымын Гүлзада нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ержан, хариуцагч З.Алмабек, О.Асылбек, Р.Гүлдаза, хариуцагчийн өмгөөлөгч Р.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эзэмшил газрыг чөлөөлүүлж, барьсан гаражийг албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэлд: Манай байгууллага өөрийн ажилчдын хэрэгцээнд 24 айлын орон сууцны барилга барих зориулалтаар аймгийн Засаг даргын 2008 оны 4-р сарын 11-ний өдрийн 146-р захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай, 031304259 нэгж талбарын дугаартай, 312 кв.м газрыг газрын албатай гэрээ байгуулан 0173747 дугаартай гэрчилгээ авч, хуулийн дагуу газрын татварыг тогтмол төлж эзэмшиж байна. Хэдий тийм боловч уг газарт иргэд дур мэдэн хууль бусаар автомашины гараж барьж ашиглаж, бид газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломж олгохгүй бидний эрхийг зөрчиж байгаа тул. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай, 312 кв.м талбайтай, 0173747 дугаартай гэрчилгээтэй, 031304259 нэгж талбарын дугаартай газрыг хууль бусаар ашиглаж байгаа нэр бүхий хариуцагч нарын гаражийн объектыг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч З.Алмабек шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний гараж байрлаж байгаа газар Капитрон банкны нэхэмжлэлд дурдсан 031304259 нэгж талбарын дугаартай, 312 кв.м газартай ямар ч холбогдолгүй. Миний гараж одоо бидний амьдарч байгаа 8 айлын орон сууцны хананд наалдсан байрлалтай ба Капитрон банкны барилга барих газар нь түүнээс цааш үргэлжилж байгаа. Гэвч уг газарт ямар нэгэн барилгын ажил хийгдсэн нөхцөлд бидний амьдарч байгаа 8 айлын орон сууцны цонхыг хаах нөхцөл бүрдэх учраас тус байшинд амьдарч байгаа бүх оршин суугчид бүрэн эсэргүүцэх болно. Бидний амьдарч байгаа 8 айлын орон сууцны орчин тойронд хүүхдийн тоглоомын талбай, гараж барих зориулалтын газар байхгүй байгаа учраас бид байшингийнхаа гадна талын 5-10 метрийн хүүхдийн тоглоомын талбай хийх газарт бусдад газар эзэмшүүлэх, барилгын ажил эхлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Капитрон банкны нэхэмжлэлд дурдсан газрын зөвшөөрөл 2008 онд олгогдож, 6 жил өнгөрсөн боловч өдийг хүртэл ямар нэгэн барилгын ажил эхлээгүй байгаа учраас уг газар нь хүчин төгөлдөр биш гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл аймгийн Засаг даргын А бүсэд байрлалтай тухайлсан газруудыг 2 жил барилгын ажил эхлүүлээгүй нөхцөлд хүчингүй болгох тухай захирамж гарч байсан ба хүчингүй болгосон газруудын жагсаалт интернетэд тавигдаж байсан.

Миний гараж баригдаж байх үед надад Капитрон банкны зүгээс ямар нэгэн эсэргүүцсэн мэдэгдэл хийж байгаагүй учраас би мэдээгүй. Учир нь тухайн үед Өлгий сумын Засаг даргын орон сууцны хажууд уртаараа хэдэн метр ч хамаагүй өргөнөөрөө 4.5 метрээс хэтрүүлэхгүй газрыг тухайн орон сууцанд амьдарч байгаа иргэдэд эзэмшүүлж болох тухай захирамж гарч байсан учраас барьж болно гэж бодож, 6000000 төгрөг зарцуулж, хүн хөлсөлж, хөдөлмөрлөж байж бариулсан гаражаа нураалгах хүсэлгүй байна. гэжээ.

 

Хариуцагч Д.Маралбек шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хүмүүс байрны урд талд гараж барихад ганцхан гаражийн газар үлдсэн ба түүнд нь би гараж барьж ашиглаж байгаа. Байранд амьдардаг бид гаражгүй байх боломжгүйг харгалзаж, уг жижигхэн газраас өөр газарт байшингаа барьж болохгүй юм уу. Энэ 6 гаражийн газарт хүн амьдардаг байр барих боломжгүй. Хэрвээ албадан нүүлгэвэл бидний гараж барихад гарсан материал болон зардлыг нөхөн олговол албадан нүүлгэхийг зөвшөөрнө. гэжээ.

 

Хариуцагч Х.Жахсылых шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өлгий сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай 2-60 айлын орон сууцны урьд талд байрлалтай блокоор барьсан авто машины гаражийг өөрийн төрсөн дүү болох Хуандых овогтой Еркежанд 2 өрөө байрын хамт бэлэглэлийн журмаар өгсөн. Иймд хамтран хариуцагчаар Х.Еркежаныг татаж намайг чөлөөлнө үү. гэжээ.

 

Хариуцагч Ж.Гүлзада шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 3-р 60 айлын орон сууцанд 1994 оноос хойш амьдарч байна. Би Монгол Улсын иргэний хувьд нийтийн эзэмшлийн газраас яагаад ганц гаражийн газар эзэмшиж болдоггүй юм бэ. Бидний уг газарт барьсан гаражийг нураалаа гэхэд нөгөө талд нь гараж, амбаар барьсан хүмүүс дахин гомдол, эсэргүүцэл гаргана. Уг газар нь барилга барихаар газар биш. Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь тэр газарт яаж хэмжиж, яаж багтааж барилга барих гэж байгааг би ойлгохгүй байна.

Одоогоор уг газрын 2 талд 2 орон сууц барьж, дээрээс нь олон гаражуудыг барьчихсан байгаа. Одоо тэр газрын урд талд харалдаа барьсан гаражуудаас машин арай гэж орж гарч байгаа. Одоо энэхүү хэрэгт хариуцагчаар татагдсан 9 хүний гаражийг албадан нүүлгэх шийдвэр гаргалаа гэхэд уг 9 хүнээс 2 хүн нь гаражаа бусдад худалдсан байгаа. Хэрэв эдгээр 9 хүний гаражийг албадан нүүлгэвэл иргэд бид л хохирч үлдэнэ. гэжээ.

 

Хариуцагч О.Асылбек шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2008 оны намар Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, 2-р 6 айлын орон сууц, 3-р 60 айлын орон сууцнуудын дунд байдаг нийтийн эзэмшлийн талбай бүхий газарт бусад оршин суугч нарын адил гараж барьж тээврийн хэрэгслээ хадгалж байгаа. 2-р 60 айл, болон 3-р 60 айлын 120 гаруй оршин суугч нар харилцан тохиролцож, хоёр орон сууцны дунд байгаа нийтийн эзэмшлийн талбайд гараж болон амбаар барин хэрэглэж байгаа. Миний гараж барьсан газар нь Капитрон банкны эзэмшил байгаа газарт байрлах эсэх талаар өнөөдөр л мэдлээ. Намайг гараж барих үед нэхэмжлэгч яагаад ирж хэлээгүйг ойлгохгүй байна. 4-5 сая төгрөг зарцуулж барьсан гаражаа нураалгахыг хүсэхгүй байна.

Капитрон банк тус газрыг 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн аймгийн Засаг дарга С.Хавалын 146 дугаар захирамжаар эзэмшилд авсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс мэдсэн. Уг захирамж нь хууль зөрчиж гарсан захирамжгэдэг нь илт харагдаж байна. Энэ нийтийн эзэмшлийн талбай бүхий газар бол 2-р 60 айл, болон 3-р 60 айл, сүүлд баригдсан 8 айлын орон сууцны хүүхдийн тоглоомын талбай болон оршин суугчдын нийтийн эрх ашигт нийцсэн зүйлд ашиглах газар байх бөгөөд уг талбайд барилга барих зориулалтаар бусдад эзэмшүүлсэн нь хууль бус байна. Тухайн үеийн аймгийн Засаг дарга уг газрыг 24 айлын орон сууц барих зориулалтаар Капитрон банкинд эзэмшүүлэхдээ Монгол Улсын газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-г ноцтой зөрчсөн байна. Засаг дарга төсөвт байгууллагад зайлшгүй шаардлагатай газрыг захирамж гарган эзэмшүүлэхээс биш хувийн хэвшлийн байгууллагад шууд эзэмшүүлэх эрхгүй. Капитрон банкны эзэмшил гэх газар нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар байна. Капитрон банк нь уг газрыг 2008 онд эзэмшиж авсан бөгөөд 2 жилийн дотор гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх тул газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна.

Иймд Капитрон банкны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Одоогийн кадастрын зураг дээр Капитрон банкны эзэмшилд байгаа газар нь хасагдсан байна. Харин бидний гаражууд орсон байгаа. Мөн 2010 онд уг газрын эргэн тойрноос А.Ерболат, Кендебай гэх хоёр иргэнд орон сууц барихаар газар эзэмшүүлсэн ба уг хоёр иргэний газар нь Капитрон банкны эзэмшиж байгаа газартай давхацсан байна. Энэ нь Капитрон банкны газар хүчингүй болсны тод жишээ гэж бодож байна. Тухайн үеийн аймгийн Засаг дарга Капитрон банканд 24 айлын орон сууц барих газрыг эзэмшүүлэх үед газрын тухай хуулийн 56.6, 56.7-д заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан төлөвлөөгүй газар эзэмшүүлсэн байна.

Миний гараж нь иргэн А.Ерболатын 2011-2012 онд барьж ашиглалтад өгсөн 8 айлын орон сууцны хойд талын хананд тулж байрлаж байгаа ба уг газар нь энэ 8 айлын орон сууцны нийтийн эзэмшлийн газарт багтана. Иймд Капитрон банк хөндлөнгөөс оролцож байна гэж үзэж байна. Мөн иргэний хэрэгт авагдсан материалаас үзэхэд Капитрон банкны эзэмшилд байгаа гэх газар ахлах 6 дугаар сургуулийн дотуур байрны цахилгаан кабель утас байгааг анхааруулсан байна. Капитрон банкны эзэмшил гэх газар нь 8 айлын орон сууцны газартай давхцаж байгаа ба ирээдүйд уг газарт 24 айлын орон сууц барих ямар ч боломжгүй болох нь тод харагдаж байна. Энэ газарт 24 айлын орон сууц барихыг 8 айлын орон сууцны оршин суугчид болон 2-р 60 айл, 3-р 60 айлын нийт оршин суугчид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 146 захирамж нь хууль зөрчиж гарсан захирамж байх тул уг захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлоо аймгийн Засаг дарга Х.Дармен болон захиргааны хэргийн шүүхэд гаргах болно. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 106 дүгээр зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Өлгий сумын 5-р багт байршилтай, 312 м.кв талбайтай эзэмшил газраас З.Алмабек, Б.Алтанбаатар, О.Асылбек, Д.Маралбек, З.Мухтар, Т.Жандос, Х.Харий, Х.Жахсылых, Р.Гүлзада нарын тус бүрийн барьсан гаражийг албадан чөлөөлсүгэй. 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Алмабек, Б.Алтанбаатар, О.Асылбек, Д.Маралбек, З.Мухтар, Т.Жандос, Х.Харий, Х.Жахсылых, Р.Гүлзада нарын тус бүрээс 7800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух З.Алмабек, О.Асылбек, З.Мухтар бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг хүлээн авч танилцаад анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Шийдвэрийг дээрх үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Бид нийтийн эзэмшлийн газарт автомашины гараж барьсан буюу одоо гараж байрлаж байгаа газар Капитрон банкны нэхэмжлэлд дурдсан 031304259 дугаар бүхий нэгж талбарын дугаартай, 312 м.кв газартай холбогдолгүй газар гэж үзэж байна. Бидний барьсан автомашины гараж нь бидний амьдарч буй 8 айлын орон сууцны хананд наалдсан байрлалтай. Бид уг маргаан бүхий газарт гараж барихад Капитрон банкны зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, тухайн газарт авто гараж барьж болохгүй гэсэн шаардлага тавиагүй.

2. Бид хувиасаа олон зуун сая төгрөг гарган үл хөдлөх эд хөрөнгө буюу автомашины гаражийг барьсан. Хэрвээ бидний өмчлөлийн автомашины гаражийг нүүлгэх асуудал гарвал эдийн засгийн хохирол хүлээх эрсдэлтэй бөгөөд үүнийг хэн хариуцах ёстой вэ? Хэрэв Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь барилга байгууламж барьсан тохиолдолд бидний одоо амьдарч буй 8 айлын орон сууцны цонхыг хаах, нарны гэрэл хаах сөрөг талтай. Энэ тохиолдолд мэргэжлийн байгууллага барилга барих зөвшөөрөл олгохгүй. Иймд нэхэмжлэгч анхнаасаа уг газрыг орон сууц барихаар эзэмшилд авсан боловч бодит байдалд орон сууцны барилга байгууламж барих техникийн үндэслэл байхгүй.

3. Нэхэмжлэгч уг газрыг өөрийн эзэмшилдээ хууль ёсоор аваад бараг 8 жил болж байгаа боловч орон сууц барилга баригдаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж байгаа тул эрхийн гэрчилгээ нь хүчингүй болох үндэслэл болно.

4. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 24 дүгээр тогтоол болон Өлгий сумын инженерийн шугам сүлжээ бүхий хэсэг дэх нийтийн эдэлбэр газар-ыг заасан хавсралт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 392 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Журам батлах тухай 96 дугаар тогтоол болон түүний хавсралт, тус аймгийн Засаг даргын 2010 аймгийн 10 дугаар сарын 11-ний өдрийн Комисс байгуулах тухай 199 дүгээр захирамжаар Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт эзэмшүүлсэн 312 м.кв газар нь орон сууцанд амьдарч буй оршин суугчдын дундын эзэмшлийн газар болох нь тогтоогдож байна.

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр .....Монгол Улсын иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшил газрыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Одоо дээрх 346 дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд Капитрон банкны эзэмшлийн гэх 312 м.кв газраас албадан нүүлгэх асуудал нь хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

6. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 168 дугаар захирамжаар Өлгий сумын төвийн нийтийн зориулалттай орон сууцнуудын газрын байршил, хэмжээг схем зургийн хамт баталж, Береке сууц өмчлөгчдийн холбоонд хууль журмын дагуу хувийн хэрэг нээж, газар ашиглах эрхийг баталгаажуулсан байна. Хавтаст хэрэгт авагдсан орон сууцнуудын газрын байршил, хэмжээ, схем зурагт Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт эзэмшүүлсэн 312 м.кв газар багтаж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Энэ нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, 18 дугаар зүйлийн 18.1-т заасантай нийцэж байгаа. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг ноцтой зөрчиж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 350 дугаар шийдвэр нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, нэг талыг барьсан, иргэд бидний Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр учраас хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч З.Алмабек нарын 9 хүнд холбогдуулан гаражийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамж, 0173747 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, тус аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 173 дугаар Газрыг албадан чөлөөлүүлэх тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэлд хавсаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, анхан шатны шүүх талуудын хүсэлтээр маргаан бүхий газарт үзлэг хийгээгүйгээс зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй, хуульд заасан тохиолдолд, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан журам зөрчигджээ. Хариуцагч нарын өмгөөлөгчөөс 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан ...чөлөөлүүлэх гэж байгаа газар нь хариуцагч нарын хувийн өмч болох автомашины гаражууд байрлаж байгаа газартай давхцаж байгаа эсэхийг ... аймгийн газрын алба, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, бусад холбогдох мэргэжилтэн нарыг оролцуулан шүүгчийн захирамжаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай байна гэсэн үзлэг хийлгэх тухай хариуцагч талын хүсэлтийг шүүхээс тодруулахгүйгээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1058 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх журмыг зөрчиж, хариуцагчид мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Капитрон банк ХХК-ийн эзэмшил газарт хариуцагч З.Алмабек нарын 9 хүний өмчлөлийн гараж байрлаж байгаа эсэх нь тодорхойгүй ба хэргийн 177 дугаар талд авагдсан газрын байршлын кадастрын зургийг шүүхийн журмаар бүрдүүлсэн эсэх, эсхүл зохигчоос гаргаж өгсөн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн уг баримтад шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4.-т заасан бичмэл баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй учраас шүүхээс үнэлэх боломжгүй.

 

0173747 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг судалбал, Капитрон банк ХХК-д газар эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбар уг газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй этгээд мөн эсэх талаар анхан шатны шүүхээс тодруулаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч З.Алмабек, О.Асылбек, З.Мухтар нарын Капитрон банк ХХК-ийн эзэмшил газрын хууль зүйн үндэслэлийн талаар гаргасан давж заалдах гомдлыг шүүхээс хүлээж авах үндэслэлгүй учраас хангахгүй орхиж шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч З.Алмабек, О.Асылбек, З.Мухтар нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК