Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/01237

 

Х.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 270 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00072 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.Ж-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох,

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 18, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай 15 дугаар тушаалуудын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аймгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Иманжүсипийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажилд томилох тухай 176 дугаар тушаалаар тус аймгийн Төрөх тасагт хагалгааны сувилагчаар томилогдсон. Би тус тасагт ажиллах хугацаанд хариуцсан ажилдаа эзэн ёсоор хандаж ямар нэгэн зөрчил гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлж ирсэн. Гэтэл ажил олгогч намайг ямар ч шалтгаангүй 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тус эмнэлгийн Сүрьеэгийн тасагт ээлжийн сувилагчийн ажилд шилжүүлж, түүнчлэн ямар ч шалтгаангүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Би ажил олгогчийн дээрх 2 тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би тухайн ажилд шилжсэнээр цалин хөлс маань 200 000 төгрөгөөр буурч байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15, 18 дугаар тушаалуудын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Ж- намайг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн ажилтнуудаас сувилагч X.Жагсалаг, Х.Меруерт нар нь хоорондоо хувийн өс хонзонтой, нэг нэгнийгээ байнга хэл амаар доромжилдог, хэрүүл маргаан үүсгэдэг. Уг хоёр сувилагчийн хоорондын харилцаа улам хүндэрсэн, хүн амины хэрэг гарах магадлалтай тул өөр тасагт шилжүүлэн ажиллуулсан. Захиргааны зөвлөлийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд төрөх тасгийн хагалгааны сувилагч Х.Ж-, наркозын сувилагч Х.Меруерт нар хоорондоо хувийн маргаанаас үүдэлтэй, ёс зүйн зөрчилтэй бөгөөд хагалгааны өрөөнд хамтран ажиллах боломжгүй гэсэн хүсэлтийн дагуу цаашдаа гарах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар өөр тасагт шилжүүлэн ажиллуулсан болно. Дараа нь сувилагч Х.Ж-, Х.Меруерт нарт 2016 оны 03 дугаар сард эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг таниулах зорилгоор ёс зүйн хэсгийн хорооны хуралд оруулж хоорондоо эвлэрүүлж, дахин зөрчил гаргахгүй талаар амласан тул төрөх тасагт хамтран ажиллуулсан болно.

Гэвч дахин эмнэлгийн ажилтнуудын хооронд харилцах ёс зүйг зөрчсөн тул гэмт хэргээс урьдчилан сэргийлж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэний үндсэн дээр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хоёр сувилагчид сануулах арга хэмжээ авч, сувилагч Х.Ж-, Х.Меруерт нарыг өөр тасагт адил цалин хөлс бүхий албан тушаалд шилжүүлэн томилсон болно.

Сувилагч Х.Ж-ийн Х.Меруертийг хэл амаар доромжилж зодсон болох үйлдлийг хууль хяналтын байгууллага шийдвэрлэдэг асуудал бөгөөд эмнэлгийн ажилтнуудын хоорондын харилцааны ёс зүйн асуудал мөн түүнээс гарч болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сануулах, ёс зүйг зөрчсөн ажилтнуудаас арга хэмжээ авах нь ажил олгогчийн үүрэг юм. Гэтэл Х.Ж- нь сувилагч Х.Меруертийн биед санаатайгаар гэмтэл учруулж хэл амаар доромжилсон нь тогтоогдож сувилагч Х.Меруерт нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хүсэлт гаргасан тул аймгийн прокурорын газраас X.Жагсалагт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Прокурорын газраас мэдэгдэл ирсэн юм. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас ирсэн мэдэгдлээр Х.Ж- нь X.Меруертийг зодож, хэл амаар доромжилж хэрүүл маргаан хийсэн нь материалд явагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул сувилагч Х.Меруертээс Х.Ж-ийн гомдлын дагуу арга хэмжээ авах нь ямар ч үндэслэлгүй гэсэн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны шийдвэр гарч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг зөрчсөн сувилагчдыг ёс зүйн салбар хороонд уламжилж, асуудлыг шийдвэрлүүлэхээр шийдвэр гарсан байна. Прокурорын мэдэгдлийн дагуу Х.Ж-, Х.Меруерт нарт эмнэлгийн мэргэжилтэн, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, бусдын биед санаатай гэмтэл учруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар ажил зохиолгосон болно. X.Меруертийг хэл амаар доромжилж биед нь санаатайгаар гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож буй сувилагч Х.Жагслаг нь нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хагалгааны сувилагчаар эгүүлэн томилогдсон тохиолдолд сувилагч Х.Меруерт нь ялагдаж, Х.Ж- нь ялсан болж хувийн өс хонзонтой хоёр сувилагч дахин бие биенээ хэл амаар доромжилж, зодож, хүн амины хэрэг гарч хоёр сувилагчийн хувийн өс хонзонгоос болж өвчтөн хохирч болзошгүй юм.

Иймд гомдол гаргагч Х.Ж-ийг дотоод журмын дагуу цаашид гарах хүн амины хэргээс урьдчилан сэргийлж өөр тасагт адил цалин хөлс бүхий албан тушаалд шилжүүлэн ажиллуулж байгаа явдал тул сувилагч Х.Ж-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 270 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 18 дугаар тушаалын нэхэмжлэгч Х.Жагслагт сануулах арга хэмжээ авсан холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай 15 дугаар тушаалын нэхэмжлэгч Х.Ж-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ж- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгээс 35 100 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00072 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 270 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15, 18 дугаар тушаалуудын нэхэмжлэгч Х.Ж-т холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, Шеруши сүйиндик овогт Хуанганы Жагсалагыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтын “35 100 төгрөг” гэснийг “70 200 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Х.Ж- нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 5-ын 5.1, 5.3-т заасныг зөрчсөн нь тогтоогдоогүй, ёс зүйн зөрчлийг хэзээ гаргасан нь нотлогдоогүй байна гэж үзлээ. Хариуцагч талын нотлох баримтаар гаргаж өгсөн Төрөх тасгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ажилчдын хурлын протокол, Нэгдсэн Эмнэлгийн захиргааны зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын протоколуудаас үзэхэд Х.Ж- нь ёс зүйн ямар зөрчлийг хэзээ гаргасан нь тодорхойгүй зөвхөн хуралд оролцсон хүмүүсийн саналыг тусгасан байна.” гэжээ. Гэтэл 2016 оны 03 дугаар сараас эхлэн Эрүүл Мэндийн Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 тоот Тушаалын 1-р хавсралтын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт “Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ”. Мөн 5.3-т “Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар хамтран ажиллах ба ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргах ... зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана.” гэснийг зөрчсөн нэхэмжлэгч Х.Ж-, сувилагч Х.Меруерт нарыг өөр тасагт сольж ажиллуулж, удаа дараа эмнэлгийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны хуралд орж ёс зүйн сургалтанд сууж байсан, нэхэмжлэгч Х.Ж- нь сувилагч Х.Меруертийг ажлын байрандаа хэл амаар доромжилж, зодож гэмтэл учруулсан нь Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 5/05 дугаартай прокурорын мэдэгдэл, мөнгө зээлдүүлсэн маргаанаас үүдэлтэй хоорондоо байнга хэрэлдэж, маргалддаг, өс хонзонгийн харьцаатай, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5/48 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж тухай” тогтоол зэрэг эмнэлгийн мэргэжилтний хооронд харилцах горимыг ноцтойгоор зөрчсөн нэхэмжлэгч Х.Ж-, сувилагч Х.Меруерт нарын хамт төрөх тасгийн хагалгаа баг нь хамтран ажиллах боломжгүй, хоёр сувилагч цагдаа хүртэл очиж байгаа, өвчтөн хохирч болзошгүй гэх зэрэг төрөх тасгийн хамт олон болон нэгдсэн эмнэлгийн удирдлагууд төрөх тасагт очиж хурал хийж хоёр сувилагчийг солих тухай хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлж нэхэмжлэгч Х.Ж- нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болохыг мөн цалин хөлс нь буураагүй, илүү төрөх тасагт илүү цагаар ажилласан нь үндсэн цалингийн хэмжээнд хамааралгүй ойлголт, эрх зүйн байдал нь дордоогүй болохыг тус тус тогтоогоод байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Х.Ж- нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Нэгдсэн Эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлсэн болно. Нэгдсэн Эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад ажил олгогч ижил цалин хөлс бүхий албан тушаалын ажилагсдыг эмнэлэг дотроо зохицуулан ажиллуулж болох ба үүнийг өөр ажилд шилжүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Жагслаг, сувилагч Х.Меруерт нарыг өөр тасагт адил цалин хөлс бүхий албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан явдал билээ.

Иймд Нэгдсэн Эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад заасны дагуу эрх зүйн үр дагавар үүсгэдэг эрхийн акт мөн болохыг анхан шатны шүүх үнэлсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүх Нэгдсэн Эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.5 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч тал тайлбар гаргасны дараа, хариуцагч талын хариу тайлбарыг сонсох ёстой байтал шууд нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа явагдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнтэй адилтган авч үздэг юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Нэгдсэн эмнэлгийн даргын 18 тоот тушаалын нэхэмжлэгч Х.Ж-т холбогдох хэсгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтад нийцээгүй байна гэх үндэслэлээр хүчингүй болгосон бөгөөд хариуцагч тал болон нэхэмжлэгч тал уг шийдвэрт гомдол гаргаагүй байхад 18 дугаар тушаалд гомдол гаргасан мэтээр давж заалдах шатны шүүхийн магадлалд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 болон 18 дугаар тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж тус тус хүчингүй болгосон нь зөвхөн нэг талыг баримталж анхан шатны шүүхийн шийдвэрт анхаарлаа хандуулаагүй зөвхөн нэг талын эрх ашгийг илүүүд үзэж магадлал гаргасан нь үндэслэл муутай юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг анхан шатны шүүх үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл муутай үнэлжээ.

Нэхэмжлэгч Х.Ж- нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 болон 18 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, эмнэлгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Х.Ж-т сануулах сахилгын шийтгэл ногдуулж, өөр тасагт ажиллуулахаар шилжүүлэхдээ хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Х.Ж- нь сэтгэц наркологийн тасагт сувилагчаар ажиллаж байгаад Нэгдсэн эмнэлгийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар тушаалаар төрөх тасгийн хагалгааны сувилагчаар томилогдон ажиллажээ.

Нэгдсэн эмнэлгийн захиргааны зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, байгууллагын дотоод журмыг үндэслэн төрөх тасгийн хагалгааны сувилагч Х.Ж-, наркозын сувилагч Х.Меруерт нарыг хувийн харилцаанаас үүдэн ёс зүйн зөрчил гаргасан, нэг тасагт хамтран ажиллах боломжгүй байдлыг харгалзан Х.Ж-ийг мэс заслын ээлжийн сувилагч Бергентайтай, Х.Меруертийг сэхээний тасгийн ээлжийн сувилагч Айжантай ажлыг нь түр хугацаагаар солилцуулж ажиллуулахаар Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тушаал гарч байжээ. Ийнхүү түр хугацааны зохион байгуулалтын арга хэмжээ авахын тулд ажил олгогч ямар нэг зөрчил гаргаагүй Бергентай, Айжан, Айгерим, Аймелдир гэгч дөрвөн сувилагчийн ажлыг түр хугацаагаар өөрчилж байжээ.

Ёс зүйн зөрчил гаргасан Х.Ж- нь урьд ажиллаж байсан албан тушаалдаа эргэж ажилласан байх ба тэдгээрийн ажлыг түр хугацаагаар өөрчилсөн ажил олгогч ажилтнуудыг хуучин ажилд буцаан томилох тушаал гаргаагүй боловч нэхэмжлэгч Х.Ж- төрөх тасгийн хагалгааны сувилагчаар 14 хоногийн дараа эргэж ажилласан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

Ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 дугаар тушаал гарган, нэхэмжлэгч  Х.Ж-ийг сүрьегийн тасгийн ээлжийн сувилагчаар, Х.Меруертийг эрчимт эмчилгээний тасгийн мэдээгүйжүүлэлтийн сувилагчаар тус тус томилсон байна. Мөн өдрийн 18 дугаар тушаалаар Х.Ж-, Х.Меруерт нарт эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг удаа дараа зөрчсөн тул сануулах арга хэмжээ авчээ.

Х.Ж- болон Х.Меруерт нарын хувийн асуудлаас үүдэлтэй таарамжгүй харилцаа удаан хугацаанд үргэлжилж, хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэж, өвчтөн үйлчлүүлэгчид эмнэлгийн байгууллагын талаар буруу ойлголт төрүүлэх нөхцөл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Тухайлбал, дээрх хоёр сувилагчийн зан харьцааны талаар Төрөх тасгийн хамт олон 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, Нэгдсэн эмнэлгийн Захиргааны зөвлөл 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороо 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус тус хуралдан хэлэлцэж байсан байна. Дээрх хурлуудын тэмдэглэлд Х.Ж- болон Х.Меруерт нарын гаргасан зөрчил, зан харьцааны байдал тодорхой тусгагдсан байна. Давж заалдах шатны шүүх эдгээр мэдээллийг зөвхөн хуралд оролцсон хүмүүсийн санал гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Үүнээс гадна Х.Меруертийн гомдлыг прокурорын байгууллага хянан шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан байна. Аймгийн прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 5\05 дугаартай мэдэгдэлд “Х.Ж- нь Х.Меруертийг зодож, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан хийсэн нь материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна”, харин “гомдол гаргагч Х.Меруерт дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаас татгалзсан хүсэлт гаргасан тул прокуророос Х.Ж-т холбогдох гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн” гэжээ. Прокурорын дээрх мэдэгдэл маргааны үндэслэл болж буй өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн тушаалаас хойш гарсан боловч уг мэдэгдэлд дурдагдаж буй үйл баримт тушаалаас өмнөх зөрчилд хамааралтай гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 15, 18 дугаар тушаалын эрх зүйн үндэслэлийн талаар дүгнэхдээ сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулахыг хориглосон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан оновчгүй хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д зааснаар ажил олгогч нь  хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах зэрэг гурван хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах боломжтой байна.  

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг өөр тасагт ээлжийн сувилагчаар томилсон ажил олгогчийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл гэж үзэж, нэг зөрчилд ажлаас халах, сануулах гэсэн хоёр шийтгэлийг давхардуулан ногдуулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-т заасан шаардлагыг зөрчсөн гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин сануулах сахилгын шийтгэл ногдуулсан мөн өдрийн 18 дугаар тушаалыг хүчингүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, сануулах шийтгэл ногдуулсан тушаалын Х.Ж-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.

Нэхэмжлэгч Х.Ж-ийн гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон тул ажил олгогчийн зүгээс түүнд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Харин уг тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч аймгийн Нэгдсэн эмнэлэг гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийг сүрьеэгийн тасгийн ээлжийн сувилагчаар шилжүүлэн ажиллуулах тухай ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 дугаар тушаалыг ажлаас халах сахилгын шийтгэлтэй адилтгаж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Ажилтны зөвшөөрөлгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлэх ажил олгогчийн шийдвэрийг ажлаас халахтай адилтган үзэх эрх зүйн үндэслэл байдаг боловч тухайн тохиолдолд хоорондын таарамжгүй харилцаа бүхий хоёр сувилагчийг өөр өөр нэгжид ажиллуулахаар шийдвэрлэсэн ажил олгогчийн арга хэмжээ эдгээр хүмүүсийг шийтгэх бус харин байгууллагын хэвийн ажиллагааг хангах зорилготой байгааг шүүх анхаараагүй байна. Ажил олгогчийн дээрх тушаалаар Ж.Ахерке, Ж.Гульбахат, Ө.Алтынгүл гэгч сувилагч нарын ажил мөн өөрчлөгдсөн гэж үзэхээр байна.

Баян-Өлгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2.-т “ажил олгогч нь ажлын ачааллыг жигд байлгах, ажил үйлчилгээний шаардлагыг харгалзан ижил цалин хөлс бүхий албан тушаалын ажиллагсдыг эмнэлэг дотроо зохицуулан ажиллуулах ба үүнийг өөр ажилд шилжүүлсэн гэж үзэхгүй” гэж заажээ. Нэхэмжлэгч Х.Ж-ийн цалин хөлс буурч, эрх зүйн байдал дордсон гэх тайлбарыг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж үзжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00072 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.            

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН