Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00316

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3б-8-7 тоотод оршин суух, Онхот овогт Цэдэндоржийн Гал-Эрдэнэ /РД:РЭ56050411/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00253/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь 1956 онд төрсөн. 60 настай, ам бүл 5, хүүхдийн хамт амьдардаг. Би Хөвсгөл аймгийн Зам барилгын ангид 1973 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мужаанаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 3 жилийн цэргийн алба хааж ирээд тус ангид 1977 оны 07 дугаар сар 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал мужаанаар ажиллаж байсан юм. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Хөвсгөл аймгийн Зам барилгын ангид дээрх онуудад мужаанаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1973 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1977 оны 07 дугаар сар 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөвсгөл аймгийн ТӨХК-ийн цалингийн лавлагаа, Зам гүүр барилга трестийн Хөвсгөл аймаг дахь зам барилгын ангийн даргын 1973 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын контортын даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаар тушаал, Гүүр барилгын конторын харьяа нүүдлийн гүүр барилгын гуравдугаар ангийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар, 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 07А дугаар, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тушаалууд, Дэлгэрмөрөн ББХК-ийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар, 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар тушаалууд, тухайн үед Ц.Гал-Эрдэнэтэй хамт ажиллаж байсан гэрч Ч.Ёндонсамбуу, С.Баяраа нарын мэдүүлэг зэрэг баримтуудаарнотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Онхот овогт Цэдэндоржийн Гал-Эрдэнийг Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1973 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1977 оны 07 дугаар сар 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал мужаанаар нийт 18 /арван найм/ жил 7 /долоо/ сар 21 /хорин нэг/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөсчөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ