Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00095

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04081 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууц хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, ******* байр, ******* хаягт байрлах орон сууцыг *******аас 88,315,000 төгрөгөөр худалдан авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт нэр солиулахтай холбоотой материал бүрдүүлж байсан.

1.2.Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт үл таних эмэгтэй дуудлага худалдаагаар орон сууцыг авах сонирхолтой, орж үзье гэж ирсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудасны албадан дуудлага худалдааны зард орон сууцыг 69,140,385 төгрөгөөс дуудлага худалдаагаар худалдах гэж байгааг олж мэдсэн, хариуцсан шийдвэр гүйцэтгэгч аас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл авсан. Миний өмчлөл, эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг надад мэдэгдээгүй, намайг оролцуулалгүй явуулсан тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт заасны нэхэмжлэл гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, хувь хүний нууц гэх мэт үндэслэлээр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, бусад баримт, үнэлгээ болон дуудлага худалдаа зарласан тухай шийдвэр зэргийг өгөөгүй болно.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00587 дугаар шийдвэр, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 774 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу гүйцэтгэж байгаа ажиллагааны орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00587 дугаар захирамжаар *******, нараас 77,248,000 төгрөг гаргуулж "*******" ХЗХ-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Г.Лувсанцэрэн гудамж ******* байр, *******од байрлах, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлөөгүй тул дээрх орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хураасан. Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "" ХХК-ийг шинжээчээр томилоход зах зээлийн үнэлгээг 138,280,770 төгрөгөөр тогтоосон.Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний 2/15 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/5 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус явуулахаар шийдвэрлэж талуудад мэдэгдсэн.

2.2.Нэхэмжлэгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн өмчлөлтэй холбоотой гомдлыг *******т бус анх гэрээ байгуулсан гэх *******т холбогдуулан гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХЗХ-ны тайлбарын агуулга:

3.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00587 дугаар захирамжаар *******, нараас 77,525,085 төгрөг гаргуулж, ******* ХЗХ-д олгож шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/, Г.Лувсанцэвээн гудамж, ******* байр, ******* хаягт орших, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд ажиллагаа явуулсан ба хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан.

3.2.Гэтэл уг ажиллагаанд ямар ч хамааралгүй, ажиллагааны оролцогч биш ******* гэх этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрийгөө гуравдагч этгээд гэж тодорхойлсон ба ******* нь ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй *******, нарт холбогдох иргэний хэрэгт анхнаасаа гуравдагч этгээдээр оролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хууль зүйн боломжгүй. Мөн тэрээр нэхэмжлэлийн агуулгад өөрийгөө дээрх орон сууцны өмчлөгч гэх утгатай зүйл бичсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Иймээс ******* нь тухайн орон сууцны өмчлөгч биш бөгөөд энэхүү барьцаа хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд аливаа шаардлага гаргах эрхгүй этгээд юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн *******т холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож, Эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, ******* байр, ******* хаягт байрлах орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.1.2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, ******* байр, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 51.95 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг түүний жинхэнэ өмчлөгч *******аас 88,315,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Тус гэрээг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний дагуу урьдчилгаа 44,157,500 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 44,157,500 төгрөгийг хуваарийн дагуу төлж дуусгасан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гэрчилгээний нэр солиулахтай холбоотой материал бүрдүүлж, *******аас зарим нэг бичиг баримтыг авч амжаагүй, удахгүй авчирч өгнө гээд хүлээлгэж байх хугацаанд ******* нь тус эвлэрлийн гэрээнд барьцаалж надад мэдэгдэхгүй хэлцэл хийсэн нь шударга өмчлөгч миний эрхийг зөрчиж байгаа юм.

5.2.Нэхэмжлэгч ******* уг эд хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тогтоогдсон хэдий ч 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн анхны дуудлага худалдаа, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох боломжгүй, өөрөөр хэлбэл 2023 оны 01, 02 дугаар саруудад явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж шүүхийн шийдвэрт дүгнэсэн. Орон сууцны гэрчилгээнд нэр нь байгаа ******* нь бидэнд мэдэгдэхгүй тус үл хөдлөх эд хөрөнгийг үл таних тэй нийлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хураалгаж, улмаар тус ажиллагааны талаар нууж явуулж, нэхэмжлэгч миний эрхийг хохироосон юм. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Ц Мөнхбаатар, нарын хөрөнгөд холбогдуулан төлбөр төлөх хэмжээгээр явагдах ёстой боловч үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь хамруулан төлбөр гаргуулахаар надад мэдэгдэхгүйгээр явж байгаа нь миний эд хөрөнгийн эрхэд халдсан хууль бус үйлдэл юм. Энэ талаар өмнө бидэнд мэдэгдэх үүрэгтэй байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд буцаан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

  7.Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

******* яагаад барьцаа хөрөнгийн өмчлөгч болсныг ойлгохгүй байна. ******* ХЗХ нь *******т зээл олгох үед өөр хүний өмчлөлд байгаагүй. ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ямар нэгэн субъект биш гэж үзэж байна. Хоршоо нь ашгийн төлөө бус гишүүдийн хөрөнгөөр зээл гаргадаг байгууллага бөгөөд гурав дахь жилдээ ажиллагаа явагдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууц хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХЗХ нь хариуцагчийн байр суурийг дэмжсэн агуулгаар тайлбар гаргасан байна.

3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00587 дугаар захирамжаар ******* ХЗХ-ны нэхэмжилсэн 77,248,000 төгрөгийг *******, нар хуваарийн дагуу төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Г.Лувсанцэрэн гудамж ******* байр, *******од байрлах, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.Хариуцагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22290572 дугаар тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22290572/01 дугаар тогтоолоор орон сууцыг битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22290572 дугаар тогтоолоор хураан авсан, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/7 дугаар тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилж, орон сууцыг 138,280,770 төгрөгөөр үнэлүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. 

Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/15 дугаар тогтоолын дагуу анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явуулсан боловч санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй, хөрөнгө борлогдоогүй ба 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/5 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр явуулахаар шийдвэрлэжээ.

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-139/2567, 4-139/2568 дугаар мэдэгдлүүдээр, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-139/4544, 4-139/4545 дугаар мэдэгдлүүдээр тус тус төлбөр төлөгч *******, нарт мэдэгдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус маргаантай холбоотойгоор шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2023/04871 дугаар захирамжаар түдгэлзүүлжээ.

5.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ Миний өмчлөл, эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг надад мэдэгдээгүй, намайг оролцуулалгүй явуулсан гэж тайлбарлажээ.

5.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нэг үндэслэл нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00587 дугаар захирамж болон 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ГХ2022/00774 дугаар гүйцэтгэх хуудаст *******, нар 77,248,000 төгрөгийг хуваарийн дагуу ******* ХЗХ-д төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Г.Лувсанцэрэн гудамж ******* байр, *******од байрлах, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан заасан байна.

5.2.Түүнчлэн хэрэгт авагдсан Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2/935 дугаар лавлагаагаар уг орон сууц *******ын өмчлөлд бүртгэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/02783 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2023/01975 дугаар магадлалаар орон сууцны өмчлөгчөөр тогтоогджээ.

Тодруулбал тус шүүхийн шийдвэр гарахаас өмнө хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор битүүмжлэх, хураах, үнэлүүлэх ажиллагааг явуулсан байх ба эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-д тус тус заасантай нийцжээ. Мөн дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгч *******, нарт тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар хүргүүлсэн байна.

5.3.Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дээр дурдсанаар явуулах үед нэхэмжлэгч ******* үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдоогүй байсан тул түүнд ажиллагааны талаар мэдэгдэх, оролцуулах үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журамд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6.Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууц хасуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА