Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 903

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Д.Амуундарь,                            

улсын яллагч Г.Цэрэнжамц,

Өсвөр насны шүүгдэгч Л.М, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Нямцэцэг, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Л.Мнарт холбогдох эрүүгийн 1906 01744 0962 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн Л.М, 2001 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, эгч, хүргэн ах, дүүгийн хамтаар Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Нарны зам 133-116 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.М, 1999 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймаг, Адаацаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах дүү нарын хамтаар Дундговь аймаг, Адаацаг сум 1 баг 56-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Д.М нь өсвөр насны шүүгдэгч Л.Магсаржавтай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Амгалан дулааны цахилгаан станцын хажууд насанд хүрээгүй хохирогч С.Одгэрэлийн эзэмшлийн “Самсунг С-4” маркийн гар утсыг хоолойг нь боон хүч хэрэглэж дээрэмдэн 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Өсвөр насны шүүгдэгч Л.М нь шүүгдэгч Д.М-тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Амгалан дулааны цахилгаан станцын хажууд насанд хүрээгүй хохирогч С.Одгэрэлийн эзэмшлийн “Самсунг С-4” маркийн гар утсыг хоолойг нь боон хүч хэрэглэж дээрэмдэн 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Өсвөр насны шүүгдэгч Л.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдрийн орой 9 цагийн үед М-ын гэр рүү явж байх замд Одгэрэл гэдэг охин бид хоёрын урд явж байсан. Тэгээд бид хоёр гар утсыг нь авсан. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өглөө Яармагийн тэц 3 дээр цагийн ажил хийчихээд тараад явж байхад Одгэрэл гэдэг хүүхэд бид хоёрын урд явж байсан. Гэр лүүгээ харих замдаа тэр хүүхдийн утсыг аваад зугтаасан. Энэ гэмт хэргийг би хийсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна. Цаашид өөрөө мөнгө олж амьдралаа авч явна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Л.М-ын хууль ёсны төлөөлөгч: “Яагаад ийм хэрэг хийснийг мэдэхгүй байна. 2 настайгаасаа манайд ирж өссөн. Суурь хүмүүжил нь сайн хүүхэд. Өөрөө ажил хийе гээд байхаар нь зөвшөөрсөн. М ч гэсэн сайн хүүхэд. Яагаад энэ хоёрыг ийм зүйл хийснийг мэдэхгүй байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч С.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "…2019 оны 03 дугаар сарын 11-ний орой 19 цаг 30 минутанд 10 дугаар хороололд сургалтнаасаа тараад Баянзүрх дүүрэг 8 дугаар хороонд орших гэрлүүгээ явсан. Ботаникийн эцэс дээр автобуснаас 21 цаг өнгөрч байхад буусан. Ботаникийн эцэст байрлах Нийслэлийн 27 дугаар сургуулийн хажуугаар явж байхад араас 2 хүүхэд дагаад байсан. Амгалан дулааны цахилгаан станцын хажуугаар нарийн гудмаар орох гэж байхад араас дагаж байсан хоёр хүүхдийн нэг нь нарийн гудам руу эргэж байх үед урд гарч ирээд алхсан би тухайн үед ээжтэйгээ утсаар ярьж байгаад өөрийнхаа Самсунг С-4 маркийн гар утсаа гартаа барьсан алхаж байх үед нарийн гудмаар нэлээн яваад цаашаагаа өргөн гудам руу гарах гэж байх үед араас нэг хүүхэд намайг боогоод бага зэргийн гэдийлгээд тухайн урд явж байсан хүүхэд нь эргэж хараад миний гарнаас Самсунг С-4 маркийн гар утасыг минь булааж аваад араас боож байсан хүүхэд буцаад Ботаникийн чиглэл рүү гүйгээд нөгөө гар утас авсан хүүхэд нь нарийн гудмаар гараад өргөн гудам руу гүйгээд явсан..."  гэх мэдүүлэг. /хх 13/,

Өсвөр насны яллагдагч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Амгалан цахилгаан станцын хажууд баруун талд алхаж явж байхад бид хоёрын урд талдп үл таних охин явж байсан ба чихэвч зүүчихсэн утсаа оролдчихсон явж байсан, М бид ярилцаад тэр охины гар утасыг авахаар болоод би тэр охины гар утасыг авахаар болоод би тэр охины урд талд нь гараад алхсан нарийн гудамж дуусах үед би эргээд хархад М ардаас барьчихсан байх шиг байхаар нь би тэр охины гарт нь барьж байсан гар утасыг булааж аваад чигээрээ хойшоо гүйсэн..." гэх мэдүүлэг /хх 44/,

Яллагдагч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Амгалан цахилгаан станцын хажууд баруун талд алхаж явж байхад бид хоёрын урд талд үл таних охин явж байсан ба чихэвч зүүчихсэн утсаа оролдчихсон явж байсан, М бид ярилцаад тэр охины гар утасыг авчих уу гэж ярилцаад Магсаржав тэр охины урд гарж алхаад нилээн явж байхад нь би тэр үл таних охины ар талаас нь очиж амыг нь дархад, М эргэж хараад гар утасыг нь аваад цаашаа чигээрээ зугтаасан..." гэх мэдүүлэг /хх 60-61/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 19-21/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 24-26/, Хөрөнгийн үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05/195 дугаартай дүгнэлт /хх 29/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 43, 66/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45, 70/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Амгалан дулааны цахилгаан станцын хажууд насанд хүрээгүй хохирогч С.Одгэрэлийн эзэмшлийн “Самсунг С-4” маркийн гар утсыг хоолойг нь боон хүч хэрэглэж дээрэмдэн 80.000 төгрөгний хохирол учруулсан болох

Насанд хүрээгүй хохирогч С.Одгэрэлийн: "…2019 оны 03 дугаар сарын 11-ний орой 19 цаг 30 минутанд 10 дугаар хороололд сургалтнаасаа тараад Баянзүрх дүүрэг 8 дугаар хороонд орших гэрлүүгээ ...явж байхад араас 2 хүүхэд дагаад байсан. Амгалан дулааны цахилгаан станцын хажуугаар нарийн гудмаар орох гэж байхад араас дагаж байсан хоёр хүүхдийн нэг нь нарийн гудам руу эргэж байх үед урд гарч ирээд алхсан би тухайн үед ээжтэйгээ утсаар ярьж байгаад өөрийнхөө Самсунг С-4 маркийн гар утсаа гартаа барьсан алхаж байх үед нарийн гудмаар нэлээн яваад цаашаагаа өргөн гудам руу гарах гэж байх үед араас нэг хүүхэд намайг боогоод бага зэргийн гэдийлгээд тухайн урд явж байсан хүүхэд нь эргэж хараад миний гарнаас Самсунг С-4 маркийн гар утасыг минь булааж аваад араас боож байсан хүүхэд буцаад Ботаникийн чиглэл рүү гүйгээд нөгөө гар утас авсан хүүхэд нь нарийн гудмаар гараад өргөн гудам руу гүйгээд явсан..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Д.М, Өсвөр насны шүүгдэгч Л.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.М, өсвөр насны шүүгдэгч Л.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Л.М, шүүгдэгч Д.М нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Өсвөр насны шүүгдэгч Л.М, шүүгдэгч Д.М нар нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М-т дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Өсвөр насны шүүгдэгч Л.М-ыг ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1-д хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг 1 жилийн хугацаанд хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.М, Л.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэхээр тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.М, Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Д.М-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР