| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2022/02314/И |
| Дугаар | 210/МА2025/00117 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/00117
******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/05454 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******т холбогдох
2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаа гаргах нь гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөр 13,228,396 төгрөг, компанид учруулсан хохирол 88,532,533 төгрөг болон нэхэмжлэгч *******д учруулсан хохирол 19,384,000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон *******ын тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэл, ажилласан болохыг тогтоолгох, цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Н.Гантулгын өмгөөлөгч *******, нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* ХХК нь *******ын хүсэлтийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу байсан 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал 3 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд нийт 13,228,396 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосны дараа компанид буцаан төлөх нөхцөлөөр төлсөн. ******* компаниас шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авч 2019 онд тэтгэврээ тогтоолгосон боловч ******* ХХК-д дээрх төлбөрийг буцааж өгөөгүй. Түүний хийж өгсөн буцаан төлөх тухай баталгааны бичиг Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн тул ******* ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаа гаргах нь гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавар болох 13,228,396 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон *******ын тэтгэврийг хүчингүй болгохыг *******т даалгах шаардлага гаргасан.
1.2.******* нь ******* ХХК-ийг төлөөлөх эрх олгоогүй байхад хувийн журмаар компанийн нэрээр бусадтай гэрээ байгуулан, компанийн санхүүгээс нийт 88,532,533 төгрөгийг гаргуулан авч, буцаан ямар ч тооцоо хийхгүй компанийг хохироосон. ******* нь компаниас барилгын засал, засвар тохижилтын ажил авч цааш хувь хүнтэй өртөг зардлыг нэмэн, гэрээтэй, гэрээгүй хэлбэрээр засварын ажил хийлгэж дундаас нь ашиг авдаг байсан болохоос тус компанид үндсэн ажилчнаар ажиллаж байгаагүй гэжээ.
2.Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2.1.Миний бие ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, тухайн компанийн захирал юм. ******* нь манай компаниас барилгын дотор заслын ажил авч, ажлын төсөв зардлаас цалинжин ажиллаж байх үедээ надаас дансаар болон бэлнээр 17,384,000 төгрөг авсан. Миний бие *******ад ямар нэгэн өр төлбөргүй ба надаас авсан мөнгөө өгөхгүй, улмаар компаниас эрх олгоогүй байхад гэрээ байгуулан компанийг болон намайг хохироосон. Мөн надтай өглөг, авлагын тооцоо хийхгүй алга болсон.
2.2.******* нь компанийн шилжүүлсэн мөнгөнөөс хамтарч ажилласан *******д цалин хөлсийг нь олгоогүй гэсэн гомдлыг удаа дараа тавьсан тул аргагүйн эрхэнд тухайн үед компанийн кассын нярваас 1,500,000 төгрөгийг гаргуулсан. Мөн *******ын нэрийн өмнөөс *******т 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэжээ.
3.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
3.1.Би ******* ХХК-ийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 24/2015 дугаар тушаалаар талбайн инженерээр ажилд орж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43/2018 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан. ******* ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих барилгын ажил, Дорноговь аймгийн Сайншанд суманд Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг хийхэд талбайн инженерээр ажилласан. ******* ХХК-ийн нэхэмжлээд байгаа 88,532,533 төгрөгийг ******* аваагүй, ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч компанид хохирол учруулаагүй, дээрх хоёр барилгын ажилд зарцуулсан. Тухайлбал, 34,433,880 төгрөгийг 30 гаруй хүмүүсийн ажлын хөлсөнд өгсөн, 34,546,653 төгрөгийг бараа материал болон тээврийн бусад зардалд зарцуулсан.
3.2.Мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК-д баталгаа гаргах бичгийг хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй. 2018 онд хариуцагчийг дарамталж байгаад тухайн баталгааг бичүүлсэн. ******* 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох гэтэл ажлаас гарсан тушаал, ажилд орсон тушаал зэрэг тэтгэвэрт гаргахад зайлшгүй шаардлагатай баримтууд байхгүй байсан бөгөөд тухайн баримтуудыг ******* ХХК-аас нэхэхэд гаргаж өгөөгүй, бичиг баримтуудаа авахын тулд аргагүйн эрхэнд тухайн баталгааг бичиж өгсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
4.Хариуцагч ******* татгалзал, тайлбарын агуулга:
Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өргөдөл өгсөн хүн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдал зэргийг шалгаж үздэг. ******* 2018 оны 12 дугаар сард тэтгэвэр тогтоолгох өргөдлөө өгсөн, материалыг шалгаж үзэхэд 55 нас хүрсэн, нийт 16 жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан шаардлага хангаж байсан учраас хувь тэнцүүлснээр өндөр насны тэтгэвэр тогтоосон. ******* ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал 3 жилийн хугацаанд үндсэн ажилтнаар тооцон *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нийгмийн даатгалын байгууллага *******ын тэтгэврийг тогтоож өгсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна. ******* нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байгаагүй гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй учраас манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
5.Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь ******* ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд талбайн инженерээр ажиллах хугацаандаа ямар ч цалин аваагүй. Цалингаа авах гэхээр нэхэмжлэгчийн зүгээс хоорондоо тохирно, автомашин өгнө, хашаа байшин авч өгнө гэх мэтээр хууран мэхэлж өнөөдрийг хүрсэн тул ******* ХХК-д ажилласан 37 сарын хугацааны цалин болох 44,400,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* ХХК-д ажилласан байдлаа тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.
6.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч нарын татгалзал, тайлбарын агуулга:
Тухайн асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна. ******* нэхэмжлэгч компанид ажиллаж байгаагүй учраас цалин хөлс олгоогүй, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******т холбогдох нэхэмжлэгч ******* ХХК-ийн хохирол 103,751,929 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон *******ын тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай, нэхэмжлэгч Н.Гантулгын гаргасан 19,384,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч *******ын гаргасан цалин хөлс 44,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 942,204 төгрөг, нэхэмжлэгч *******гын төлсөн 46,950 төгрөг, хариуцагч *******ын төлсөн 450,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
8.Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
8.1.Шийдвэрийн 6-д: Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулж өөрийн өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч хуульд заасан аргаар хамгаалах урьдчилсан нөхцөл хэргийн баримтаар нотлогдож тогтоогдсонгүй гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 118 дугаар зүйлийн 118.4-д заасан үндэслэл журам, хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өөрөөр хэлбэл ногдох хэсгийг гаргах асуудлыг шийдвэрлэхдээ үйл баримтыг буруу тогтоосон, хэрэг маргааныг шийдвэрлээгүй тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
8.2.Шийдвэрийн 7-д: Хэрэгт нотлох баримтаар цугларсан бичгийн баримт болох Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ажлын газрын тодорхойлолт, ******* газрын архивын мэдээлэл, тэтгэвэр тогтоолтын хуудас, "*******" ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43/2018 дугаар ажлаас чөлөөлөх тухай тугаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, банк дахь *******ын тоот дансны хуулга, банк дахь *******ын тоот дансны хуулга, ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, тооцоо нийлэх гэрээ, гэрч гийн мэдүүлэг, хариуцагч *******ын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч "*******" ХХК-д 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл ажиллахдаа ажил олгогчоос тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч буюу ******* ХХК нь түүний хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны үндсэн дээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэжээ.
Шүүх хэрэгт авагдаагүй хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ******* ХХК нь түүний хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн" гэж хийсвэрээр дүгнэсэн. Мөн "тохиролцооны үндсэн дээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон нь тодорхойгүй, ойлгомжгүй, хууль бус байна. Хэрэгт хариуцагч *******ын өөрөө бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан ******* ХХК-д Баталгаа гаргах нь гэсэн бичгээр нэхэмжлэгч 2015-2018 оны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, хариуцагч тухайн төлөгдсөн шимтгэлийг буцааж төлөх тохиролцоо л хийгдсэн байдаг.
8.3.Шийдвэрийн 8-д: ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тайланд ******* нь 2015 оны 12 сараас 2018 оны 12 сарын хооронд ******* ХХК-аар нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж байсан боловч тухайн компанийн үндсэн ажилтны нэгэн ажил хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлс авч байгаагүй гэж дурдсан боловч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй" гэжээ.
Гэтэл ХХК-ийн тайланд ******* нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж байсан, компанийн үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс авч байгаагүй зэрэг үйл баримтыг тогтоосныг хариуцагч маргаагүй, шүүх хууль зүйн үндэслэл бүхий няцаалт хийж үгүйсгэж чадаагүй гэж үзэж байна.
8.4.Шийдвэрийн 9-д: нэхэмжлэгч нарын ... ******* нь компанид үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй... , ******* ХХК-иас барилгын засал тохижилтын ажил авч цааш хувь хүнтэй өртөг зардлыг нэмээд гэрээтэй, гэрээгүй ямар нэгэн хэлбэрээр ажил хийлгэж дундаас нь ашиг авдаг... гэх тайлбар нь ******* газраас ирүүлсэн тэтгэврийн хувийн хэрэг материал, Техник туслалцааны үйлдвэр барилга трестээс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 301449 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, лавлагаа, ******* ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны 159 дугаартай Ажлын газрын тодорхойлолт зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байгаа ба хариуцагч ******* нь барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй бөгөөд мэргэжлийнхээ дагуу ******* ХХК-д барилгын талбайн инженер буюу байнгын ажлын байранд ажил олгогчийн удирдлага, өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд тогтсон цалин хөлс авч ажиллаж, ажил олгогч нь түүнийг нийгмийн даатгалд хамруулан шимтгэл төлж байсан нь талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болж байна гэжээ.
Шүүх тэтгэврийн хувийн хэрэг материалаас ямар баримтад дүгнэлт өгсөн нь тодорхойгүй, хэрэгт *******ын 2 нийгмийн даатгалын дэвтэр байдаг ба нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, лавлагаа, ******* ХХК-ийн Ажлын газрын тодорхойлолтыг хэн хэрхэн бичсэн, нийгмийн даатгал шимтгэлийг яагаад төлж байсан зэрэг үйл баримтыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэсэн үндэслэлийг шүүх няцааж үгүйсгээгүй, мөн ******* ХХК-д барилгын талбайн инженерийн орон тоо, байнгын ажлын байр байгаа эсэхийг тогтоогоогүй, ажил олгогчоос ямар үүрэг, даалгавар өгч байсан зэрэг нь нотлогдоогүй ба өөрөөр хэлбэл хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлээр шүүхийн дээрх дүгнэлт давхар үгүйсгэгдэж байна.
8.5.Шийдвэрийн 10-д: ******* нь нэхэмжлэгч компанид ажиллаж байх хугацаандаа ... "Өвөрхангай аймгийн төв, Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Дорноговь аймгийн төв, Сайншанд суманд Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг хийхээр болоход эдгээр 2 барилгын ажлын талбайн инженерээр ажиллаж компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу мөнгөн хөрөнгийг зарцуулж барилгын ажилд шаардлагатай худалдан авалтыг хийж байсан нь *******, нарын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт тооцоо нийлэх гэрээ, мөнгөн зарлагын баримт, нэхэмжлэх, мөнгөн шилжүүлгийн баримт, үйлчилгээний тасалбар, ******* болон *******ын нарын дансны хуулга, гэрч гийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна гэжээ.
Дээрх дүгнэлт нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гийн нэхэмжлэлтэй "*******" ХХК-д холбогдох иргэний хэргийн маргааны үйл баримтад урьдчилан дүгнэлт хийж тухайн шүүхээс гарах шийдвэрт нөлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.
8.6.Шийдвэрийн 11,12-д: Хариуцагч *******ын хувьд компанийн мөнгийг өөрийн дансаар хүлээн авч зарцуулж байсан үйл баримтын талаар маргаагүй боловч түүний тухайн мөнгийг хувьдаа ашиглаагүй, нэхэмжлэгчийн барилгын ажилд зарцуулсан, мөнгөн зарлагын баримтад нэхэмжлэгч компанийг төлөөлж гарын үсэг зурж байсан гэх тайлбар нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд түүнийг компанийн хөрөнгийг хууль бусаар зөвшөөрөлгүй зарцуулсан, хувьдаа ашигласан гэх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй гэжээ.
Хариуцагчийн тайлбар нь бусад бичгийн баримтаар нотлогдож, шүүх тухайн баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч тогтоосноор хэргийн бодит байдалд нийцнэ. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргийнхээ дагуу хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан компаниас эрх олгоогүй байхад хувийн журмаар компанийн нэрээр бусадтай гэрээ хийж компанид 79,489,533 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлийг баримтаар үгүйсгээгүй, нотолж чадаагүй, хариуцагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь илтэд нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна.
8.7.Шийдвэрийн 13-д Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд хариуцагчид шилжүүлсэн барилгын материал, үйлчилгээ авахтай холбоотой мөнгөн хөрөнгийн зарцуулалтад зөрчил үүссэн, хариуцагч хувьдаа ашиглаж, шамшигдуулсан гэж үзсэн тохиолдолд энэ талаар зөрчлийг тухайн хугацаанд мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажил олгогчийн хувьд ажилтны гаргасан зөрчил эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй, ийнхүү хугацаа хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна гэжээ.
******* ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/0773 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцсоноор *******ыг мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглаж, шамшигдуулсан болохыг олж мэдсэн. Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан аль үндэслэлд хамааруулсан нь тодорхойгүй, гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн хоногийг хэрхэн тооцсон хууль зүйн үндэслэл нь ойлгомжгүй.
8.8.Шийдвэрийн 14-д: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний 101/ШШ2020/02145 дугаар шийдвэрээр ******* ХХК нь *******д ажлын хөлс 1,500,000 төгрөг төлөхөөр талууд эвлэрснийг баталж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй тул *******д шүүхийн шийдвэрээр төлсөн мөнгийг хариуцагч ******* төлөх үүрэгтэй байсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй" гэжээ.
Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж шүүх буруу дүгнэсэн. Хариуцагч ******* нь хамтарч ажилласан *******д ажлын хөлс 1,500,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй гэж гомдол гаргаснаар *******ын өмнөөс *******д төлсөн ажлын хөлс 1,500,000 төгрөгийг үүрэг хүлээсэн этгээдээс нэхэмжлэх хууль үндэслэлтэй, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлснийг шүүх хууль бус үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
8.9.Шийдвэрийн 15-д: Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-ийн 4 дүгээр зүйлийн 1, 5-д заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасан. Нийгмийн даатгалын байгууллагаас *******ын өргөдлийг хүлээн авч хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэл бүрдсэн гэж үзэж хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон байх бөгөөд уг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хариуцагчид өндөр насны тэтгэвэр тогтоосон НДБ-ын шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх ойлгоогүйгээс хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. 2015-2018 онд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэн тэтгэврийг нэмж тогтоосон асуудалд шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 5, ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тайлан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл зэрэг бичгийн баримтуудыг нэхэмжлэлийн тухайн шаардлагад хэрхэн хамааралтай, эс хамааралтай талаар үнэлэлт өгөхгүйгээр маргааны үйл баримтыг дутуу дүгнэсэн.
8.10.Шийдвэрийн 16-д: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор ******* ХХК-д Баталгаа гаргах нь гэсэн *******ын гарын үсэг бүхий бичгийн баримтыг нотлох баримтаар гаргасан боловч энэ нь тухайн агуулгаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул хэлцлийг хүчингүйд тооцох үндэслэлгүй ба Нийгмийн даатгалын хуульд заасны дагуу ажил олгогчоос ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан гаргуулах боломжгүй болно гэжээ.
Дээрх тодорхой баримтаар дэлгэрэнгүй тайлбарласан ба шүүх "тухайн агуулгаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй" гэж ямар хуулийн зүйл заалтаар энэхүү дүгнэлт гаргасан нь тодорхойгүй хууль бус дүгнэлт гаргасан.
8.11.Нэхэмжлэгч *******гын нэхэмжлэлийн талаар шийдвэрийн 17, 18, 19-д: Нэхэмжлэгч *******аас ... ******* нь манай компаниас барилгын дотор заслын ажил авч тухайн ажлынхаа төсөв зардлаас цалинжин ажиллаж байх үедээ надаас мөнгө төгрөгийн шаардлагаар дансаар болон бэлнээр 17,348,000 төгрөг авсан ... *******ын нэрийн өмнөөс *******т 2,000,000 төгрөг төлсөн..., үндэслэлээр нийт 19,348,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ. Тодруулбал ******* ХХК-ийн Өвөрхангай, Дорноговь аймагт хийж гүйцэтгэсэн барилгын ажилтай холбогдуулж *******ад шилжүүлсэн гэх 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,672,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,512,000 төгрөг болон бэлнээр өгсөн 1,800,333 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан дээрх мөнгөн шаардлага нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай давхацсан, тус компаниас хариуцагчид үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэх 89,011,795 төгрөгийн шаардлагад орсон ба энэ мөнгөн хөрөнгийг хариуцагч *******аас буцаан гаргуулах хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй гэжээ.
******* ХХК-аас анх нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр *******ыг оролцуулах хүсэлт гаргаснаар 19,384,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тус бүрээр асууж тодруулан илүү буюу давхацсан тохиолдолд хасаж тооцоод тооцооллын алдааг залруулан шийдвэрлэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлд дурдсан мөнгөн шаардлага бүхэлдээ буюу 19,384,000 төгрөг "*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай давхацсан мэтээр дүгнэлт хийсэн нь шүүгч хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцаж, шинжлэн судлахгүйгээр буруу зөрүү тодорхойгүй бүрэн гүйцэт дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгч *******ын ажилтан *******т шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй байна. банкны орлогын баримтаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *******гийн *******т 2,000,000 төгрөгийг *******аас шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч тухайн мөнгөний гүйлгээний утганд "*******аас материалын үнэ тэмдэглэгдсэнээс гадна уг мөнгө нэхэмжлэгчийн хөрөнгө болох нь цаашлаад хариуцагч нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн хохирол болох нь нотлогдож тогтоогдсонгүй" гэжээ.
Энэ бол *******, *******в нарын тооцооны асуудал. Нэхэмжлэгч *******ын хувьд *******ын өгөх ёстой мөнгийг *******т шилжүүлсэн нь 2 өөр асуудал юм. Гэтэл шүүх үүнийг ялгаж салгаж дүгнээгүй байна.
8.12.Хариуцагч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар шийдвэрийн 20, 21-д: Хариуцагч нь нэхэмжлэгч компанид ажиллаж байсан болохыг тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 37 сарын цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч ажиллаж байсан болохыг тогтоолгох шаардлага нь бие даасан шаардлага болж чадахгүй, харин ажилласан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагынхаа үндэслэл болсон байна" гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал ... хамт шийдвэрлэнэ гэж заасныг шүүх ******* ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн ямар шаардлагатай тооцогдох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй гэж үзэж байна.
Шийдвэрийн 22, 23-д: ...хариуцагч ******* нь ******* ХХК-д талбайн инженер ажил, албан тушаалд ажиллаж байсан, талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болох нь тогтоогдсон. Түүнчлэн нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор ажилтан, ажил олгогч хэн аль нь нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж байснаас үзэхэд цалин хөлс аваагүй, ажил олгогчийн хуулиар хүлээсэн цалин хөлс олгох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй" гэжээ.
Хариуцагч цалин хөлс авч байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргасан нь түүнийг ******* ХХК-д талбайн инженер ажил, албан тушаалд ажиллаж байсан, талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэх шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байгаа бөгөөд ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэдгээ нотлоогүй байхад шүүх ажилтан ... нийгмийн даатгалын шитгэлийг зохих журмын дагуу төлж байсан" гэж хууль бус, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх хариуцагч *******ын цалин хөлс 44,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Шийдвэрийн 24-д: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хариуцагч ******* нь ажил олгогчоос цалин хөлс олгоогүй үйлдэлтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гаргаагүй байна гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдсан үйл баримтаас халихгүйгээр хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд хариуцагч ******* нь 2015-2018 онд цалин хөлс авах хууль зүйн үндэслэлгүй гэдгээ маш сайн мэдэж байсан учраас 6 жилийн хугацаанд гомдол гаргаагүй бодит нөхцөл байдал нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл гэж үзэж байна.
8.13.Анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны оролцогч нэхэмжлэгч ******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан эрхийнхээ дагуу хөдөө орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хангах, өвөлжилтийн ажил хүлээлгэх комисст ажиллаж байгаа хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх, тайлбар нотолгоо гаргах үг хэлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.
Шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг нотлох, үгүйсгэх байдлаар үнэлж дүгнээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 116 дугаар зүйлийн 116.3-д заасны дагуу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрээ гаргаагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг шийдвэрт заагаагүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд үгүйсгэсэн болон татгалзсан үндэслэлээ нотлох баримтын хамт өөрөө гаргах үүрэгтэй, гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хариуцагч талд ашигтайгаар үнэлэхийн тулд хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нэхэмжлэлийн ямар шаардлагад аль баримт нь хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй болох, ямар баримтыг хэрхэн үгүйсгэж байгааг дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-д заасан журмын дагуу үнэлж дүгнэж чадаагүйгээс шийдвэр хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
9.Давж заалдах гомдолд хариуцагч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
9.1.Хариуцагч ******* нэхэмжлэгчийн инженерээр Өвөрхангай, Дорноговь аймгуудад барилга байгууламж барьж ажиллах хугацаанд гэрт удаа дараа ирж байсан атлаа хаяг мэдэхгүй мэтээр эрэн сурвалжлуулах захирамж гаргуулсан нь намайг зальтай хүн гэж ойлгуулах гэсэн оролдлого байсан. Миний бие барилгын инженер хүн атлаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх төдийгөөр тохиролцож нэхэмжлэгч байгууллагад 3 жил цалин хөлс авалгүй ажиллахгүй нь эрүүл ухаантай хэн ч бодсон ойлгомжтой. Харин ч надтай хамтран ажиллаж барилгын инженерийн хариуцлагатай ажил алба гүйцэтгүүлж 2 барилга байгууламж улсын комисст хүлээлгэн өгсөн хойно хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажиллуулснаа далимдуулан барилгуудаа улсын комисст хүлээлгэн өгөөд олсон ашиг орлогоосоо хуваалцах тухай тохиролцсон ам хэлцэл-ээ биелүүлэхгүй байгаад нь гомдолтой байна.
9.2.Нэхэмжлэгч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлж ирсэн нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/2021/01773 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байна. Нэхэмжлэгч байгууллагын инженерийн албан үүргийг хариуцан гүйцэтгэх хугацаанд нэхэмжлэгчийн "тэнд очоод гэрээ байгуулаадхаач, тэнд тэдэн төгрөг дутлаа, тэр ажлаа дуусгаад Дорноговь руу барилгад гаргаадхаач, захиалагчийн тийм хуралд ороодхооч ..." гэхчлэн байнга утасдаж үүрэгдэж байсны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг төлөөлөн туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, ажил хүлээж авах, захиалагч нартай уулзах, хурал зөвлөгөөнд нь оролцох, ажлаа танилцуулах, ажил хүлээлгэн өгөх, зарим шаардлагатай тохиолдолд өөрөөсөө ч мөнгө төгрөг гарган ойр зуурын зардлыг хаах зэргээр нэхэмжлэгчийн өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.
9.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэх хэсэгт ******* нь ******* ХХК-ийн удирдлагад өөрийн амьдрал ахуйгаа танилцуулан хүссэний дагуу түүний өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу байсан 3 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлсөн... төлөгдсөн мөнгийг тэтгэвэр тогтоолгосны дараа компанид буцаан төлөхөөр тохирсон..." гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.
9.4.Мөн ******* нь ******* ХХК-ийг төлөөлөх эрх олгоогүй байхад хувийн журмаар компанийн нэрээр бусадтай гэрээ байгуулан компаниас нийт 89,011,795 төгрөгийг санхүүгээс гаргуулан авч, эргэж ямар ч тооцоо хийхгүй хохироож, алдагдалд оруулсан гэсэн нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаар шийдвэрээр үгүйсгэгдсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч надад ******* ХХК-ийг төлөөлөх эрх олгогдсон, хариуцагч үүнийг шударгаар биелүүлсэн нь тогтоогдсон.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
10.Давж заалдах гомдолд хариуцагч ******* гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан, ******* ******* ХХК-д 3 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн, хувь тэнцүүлж өндөр насны тэтгэвэрт гарсан. *******ад өндөр насны тэтгэвэр тогтоосон нийгмийн даатгалын байгууллагын үйлдэл хуульд заасан үйлдэл бөгөөд нэхэмжлэгчийн ямар ч хууль ёсны эрхийг хөндөөгүй. *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг ******* ХХК хуурамчаар төлсөн талаар улсын байцаагчийн акт, шүүхийн шийдвэр байхгүй, ийм үйл баримт тогтоогдоогүй тул иргэн *******ын өндөр насны тэтгэврийг өөрчлөх болон зогсоохгүй. *******ын дээрх үйлдэл тогтоогдвол өндөр насны тэтгэврийг нь зогсооно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан бүтэн хэлэлцэхээс өмнө зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хойшилдог байсан. Нэхэмжлэгч эвлэрэх санал гаргахдаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж эвлэрэх санал гаргадаггүй ба өөр нөхцөлөөр эвлэрэх санал гаргадаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаа гаргах нь гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөр 13,228,396 төгрөг, компанид учруулсан хохирол 88,532,533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч ******* нь хохирол 19,384,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хариуцагч *******ад холбогдуулан, мөн нэхэмжлэгч ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлээр *******ад тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч *******т холбогдуулан тус тус гаргасан.
Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч ******* нь ажилласан болохыг тогтоолгох, цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...компанийг төлөөлөх эрх олгоогүй байхад хувийн журмаар компанийн нэрээр бусадтай гэрээ байгуулан, компанийн санхүүгээс нийт 88,532,533 төгрөгийг гаргуулан авч, буцаан ямар ч тооцоо хийхгүй компанийг хохироосон. ******* нь компаниас барилгын засал, засвар тохижилтын ажил авч цааш хувь хүнтэй өртөг зардлыг нэмэн, гэрээтэй, гэрээгүй хэлбэрээр засварын ажил хийлгэж дундаас нь ашиг авдаг байсан болохоос тус компанид үндсэн ажилчнаар ажиллаж байгаагүй гэж тодорхойлжээ.
Хариуцагч ******* нь ...******* ХХК-д талбайн инженерээр ажилд орж ажилласан. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих барилгын ажил, Дорноговь аймгийн Сайншанд суманд Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг хийхэд талбайн инженерээр ажилласан гэж тайлбарлаж мэтгэлцжээ.
4.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлд уг компани болон ******* нарын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, тухайн харилцаанд талууд ямар үүрэг хүлээсэн, өөрөөр хэлбэл, хариуцагчид мөнгөн хөрөнгө ямар үндэслэлээр шилжүүлж, мөн ямар үндэслэлээр буцаан шаардаж байгаа талаар тодорхой тусгаагүй буюу маргааны зүйл тодорхой болоогүй байна.
Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тодорхойлсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгах журамтай. Тодруулбал нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгаа нь шаардлага бөгөөд тухайн шаардлага ямар бодит нөхцөлд үндэслэгдсэн, ямар учир шалтгаантай болох нь үндэслэл болно.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байвал шүүх тодруулах, талуудыг маргаанд чиглүүлэх ажиллагааг хийх учиртай.
5.Дээр дурдсанаар маргааны зүйл тодорхой бус байгаа нөхцөлд давж заалдах шатны шүүхээс хэргийн талаар эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтын үнэлгээтэй холбоотой давж заалдах гомдлын үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/05454 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 942,204 төгрөг, нэхэмжлэгч Н.Гантулгын төлсөн 46,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА