Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 926

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн, 

улсын яллагч Б.Алтанцэцэг,

Хохирогч Б.Баттүшиг,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О-т холбогдох эрүүгийн 1806 09302 0863 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Э.О, 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эсгэлтийн лабораторчин мэргэжилтэй, Цахилах хөхөө ХХК-д туслах ажилтай, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18 дугаар гудамжны 880 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн Баялаг-Ундраа төвийн 195 дугаартай лангуу түрээслэгч Б.Баттүшигийн павилонд нэвтэрч 40 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анх Нарантуул захын Баялаг-Ундраа худалдааны төвд харуулаар ажилладаг байсан. Би хохирогчийн лангуу дээр очиж лац чинь эвдэрсэн байна гэж хэлсэн. Тэгээд маргааш орой нь очиход лац байхгүй болохоор нь ороод 1 ширхэг утас авсан тэгээд ингэж мөнгө олох боломжтой юм байна гэж бодож утас хулгайлсан” гэв.

Хохирогч Б.Баттүшиг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би О-ын хэлсний дагуу шилэн хаалгаа циликондсон байсан. Цоожоо циликоноор наасан боловч хууларч унаад байсан. Манайхаас хулгай хийгээд байсныг нь би сүүлд нь мэдсэн. Зөвхөн наад талаас нь цоожилж явж байсан болохоор мэдээгүй юм. Хамгийн гол нь хохирлоо барагдуулж авмаар байна. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Баттүшиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа төвийн 195 дугаартай лангууг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсэлж гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж байгаа. Би 2018 оны 11 сарын эхэн үед гар утсуудаа тоолж зарагдсан бараагаа тооцож үзэхэд гар утас дутаад байсан тул дахин тооллого хийхээр болсон 2018 оны 11 сарын 15-ны өдөр орой лангуугаа хаах үедээ лангуун дотор байгаа гар утасныхаа байршлын зургийг дараад маргааш нь 10 цагт ажил дээрээ ирээд гар утсуудаа шалгахад ай фоне-6 маркийн гар утас алга болсон байсан. Баялаг Ундраа төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд тус төвд хамгаалагчаар ажилладаг Э.О гэх залуу 2018 оны 11 сарын 14, 15-ны өдрүүдэд манай лангуунаас гар утас хулгайлан авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. ингээд 2018 оны 11 сарын 13-ны өдрийн камерын бичлэгийг шүүж үзэхэд Э.О мөн манай лангуунаас гар утас хулгайлж байсан тул цагдаад мэдэгдсэн. Зарагдсан гар утас болон үлдэгдэл гар утсуудаа тоолж үзэхэд 40 ширхэг гар утас дутсан байна" гэх мэдүүлэг /хх 5-10/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Нэнсэмжид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээл үйлчилгээний төвд байрлах арвинтай барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг эхнэрийн хамт явуулдаг. 2018 оны 11 сард Э.О гэх залуу хар хөх өнгийн самсунг глакси эс-6 маркийн гар утсыг 150.000 төгрөгний зээлийн барьцаанд тавьж 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс өмнө 2018 оны 10 сарын 29-ний өдөр ай фоне 6 эс маркийн гар утсыг 250.000 төгрөгний зээлийн барьцаанд тавьж байсан. 14 хоногийн дараа зээлээ төлж тухайн гар утсыг авсан. Мөн самсунг глакси эс 6 маркийн гар утсыг зээлийн барыдаанд тавихдаа Самсунг А-5 маркийн гар утсыг хамт тавьсан. Э.О-аас 150.000 төгрөгөө нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх 25-26/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-25/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 53/ шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 73/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн Баялаг-Ундраа төвийн 195 дугаартай лангуу түрээслэгч Б.Баттүшигийн павилонд нэвтэрч 40 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Б.Баттүшигийн: "...2018 оны 11 сарын 15-ны өдөр орой лангуугаа хаах үедээ лангуун дотор байгаа гар утасныхаа байршлын зургийг дараад маргааш нь 10 цагт ажил дээрээ ирээд гар утсуудаа шалгахад ай фоне-6 маркийн гар утас алга болсон байсан. Баялаг Ундраа төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд тус төвд хамгаалагчаар ажилладаг Э.О гэх залуу 2018 оны 11 сарын 14, 15-ны өдрүүдэд манай лангуунаас гар утас хулгайлан авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан…"  гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ч.Нэнсэмжидийн: "Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээл үйлчилгээний төвд байрлах арвинтай барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг эхнэрийн хамт явуулдаг. 2018 оны 11 сард Э.О гэх залуу хар хөх өнгийн самсунг глакси эс-6 маркийн гар утсыг 150.000 төгрөгний зээлийн барьцаанд тавьж 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс өмнө 2018 оны 10 сарын 29-ний өдөр ай фоне 6 эс маркийн гар утсыг 250.000 төгрөгний зээлийн барьцаанд тавьж байсан. 14 хоногийн дараа зээлээ төлж тухайн гар утсыг авсан. Мөн самсунг глакси эс 6 маркийн гар утсыг зээлийн барыдаанд тавихдаа Самсунг А-5 маркийн гар утсыг хамт тавьсан. Э.О-ас 150.000 төгрөгөө нэхэмжилж байна" гэсэн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.О нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс нийт 8.710.000 төгрөгийг гаргуулж үүнээс Б.Баттүшигт 8.360.000 төгрөг, иргэний нэхэмлэгч Б.Чингүүнжавд 200.000 төгрөг, иргэний нэхэмлэгч Ч.Нэнжсэмжидэд 150.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Э.О-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.О-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Э.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О-ын урьд цагдан хоригдсон нийт 9 / ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.О-аас нийт 8.710.000 /найман сая долоон зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Б.Баттүшигт 8.360.000 төгрөг, иргэний нэхэмлэгч Б.Чингүүнжавд 200.000 төгрөг, иргэний нэхэмлэгч Ч.Нэнжсэмжидэд 150.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР