Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2016/00421

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт оршин суух, РД:****, утас:****, Т овогт Д-ийн Б,

Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, РД:*****, утас:***, О овогт Х-н Б нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Б, Х.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 7744162 /долоон сая долоон зуун дөчин дөрвөн мянган нэг зуун жаран хоёр/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Даулетбек овогтой Б, Х овогтой Б нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 11103902 /арван нэгэн сая нэг зуун гурван мянган есөн зуун гурван/ төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 5841732 төгрөг, зээлийн хүүд 2149015 төгрөг, нийт 7990747 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Д,Б нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 622 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2.Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу: Үндсэн зээлийн үлдэгдэл 5,262,240 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,268,497 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 213,425 төгрөг, нийт 7744162 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б Х банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Х банкнаас 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 11103902 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Тухайн зээл авах үед эхнэр Х.Б хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Эхнэр Х.Б нь 2015 оны 9 дүгээр сард Казахстан улсад явсан. Хэзээ ирэх нь тодорхой бус. Би Х банкны эхнэр Б бид хоёроос нэхэмжилсэн 7744162 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Зээл авах үеэр барьцаанд тавьсан гэрийн эд хогшлыг зээлээ төлж чадахгүй бол үүргийн гүйцэтгэлд өгөхөд татгалзах зүйлгүй. Миний энэхүү тайлбарын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Серик шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Бы зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч нь Казахстан улсад явсан нь Өлгий сумын багийн даргын тодорхойлолтоор нотлогдсон тул хариуцагч Д.Баар гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Д.Б, Х.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5262240 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2268497 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 213425 төгрөг, нийт 7744162 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 7744162 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б нь Казахстан улс руу 2015 оны 9 дүгээр сард явсан, хэзээ ирэх нь тодорхой бус болох нь Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт болон хариуцагч Д.Бы шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хариуцагч Д.Баар гаргуулахаар шүүхэд тайлбар ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Б нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 7744162 төгрөгийг сайн дураараа төлөхгүй бол 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох 600000 төгрөгийн үнэтэй гэрийн эд хогшлыг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй байна

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Б нь үндсэн зээлийн үлдэгдэл 5,262,240 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,268,497 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 213,425 төгрөг, нийт 7744162 /долоон сая долоон зуун дөчин дөрвөн мянган нэг зуун жаран хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138857 төгрөгийн тал нь болох 69428 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ********** дугаартай данснаас 69428 төгрөг, мөн хариуцагч Д.Баас 69428 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бы өмчлөлийн гэрийн эд хогшлыг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарыг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ