Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00131

 

  

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04501 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Хохирол 10,395,522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.07.05-ны өдрийн 133 дугаар зарлигаар тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.

*******ийн даргын 2022.07.21-ний өдрийн 165 дугаар тушаалаар 36 сарын тэтгэмжид 97,200,00 төгрөгийг надад олгосон. Миний бие тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэж зөрүүг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийн харьяалал зөрчсөн, захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар хариуцагч *******өөс 63,180,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба үүний дагуу 2024.04.17-ны өдөр 63,180,000 төгрөг надад олгосон.

Шүүхийн шийдвэрт хариуцагч ******* тэтгэмжийг тооцохдоо Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчийн нэмэгдлийг оруулан тооцоогүй нь шүүгчээр ажиллаж байсан миний хуулиар баталгаажсан нийгмийн баталгааг зөрчсөн эс үйлдэхүй гэж дүгнэсэн.

1.2.Иймээс захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас надад хохирол учирсан гэж үзсэн. Миний бие тэтгэвэрт гарснаас хойш хаус худалдаж авахад мөнгө дутсан тул ******* банк ХК-аас 1 жилийн хугацаатай 21,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан, мөн энэ хугацаанд жижиг хэмжээтэй удаа дараагийн зээлүүдийг авч байсан ба хугацаандаа төлж дуусгахад би нийт 3,395,522 төгрөгийн хүү төлсөн. Мөн *******өөс тэтгэмжийг бүрэн олгосон байсан бол би 40,000,000 төгрөгийг хадгаламжинд хийснээр орлогоо нэмэгдүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгөөс зээлд төлсөн 21,000,000 төгрөгийг хасаж тооцож тэгшитгээд 40,000,000 төгрөгийг ******* банк ХК-ийн хадгаламжийн 1 жилийн хүүгээр тооцвол, 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 20 сарын хугацаанд 7,000,000 төгрөгийн хүүгийн орлого олох байсан байна.

Иймд хариуцагчаас түүний эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 3,395,522 төгрөг, олох байсан орлогод 7,000,000 төгрөг, нийт 10,395,522 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Манай байгууллагын үйлдэл (эс үйлдэл) болон *******т учирсан гэх хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь учирсан хохиролд 3,395,522 төгрөг шаардсан байх боловч нэхэмжлэгчид өндөр насны тэтгэмжийг дутуу олгосны улмаас тэрээр зээл авах хэрэгцээ шаардлага үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг өөрөө гаргасан учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.07.05-ны өдрийн 133 дугаар зарлиг гарсан. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, мөн түүнээс хойш 8 сарын дараа зээл авсан байх тул зээл нь тэтгэвэрт гарсан үйл баримт (улмаар 36 сарын тэтгэмж дутуу олгосон)-тай шалтгаант холбоогүй гэж үзэхээр байгаа.

2.2.Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд олох байсан орлого гэж 7,000,000 төгрөг шаарджээ. *******ийн даргын 2022.07.21-ний өдрийн 165 дугаар тушаалаар *******т нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөг олгосон. ******* нь 36 сарын тэтгэмж олгосон 2022.07.21-ний өдрөөс хойш анх 2022.12.26-ны өдөр буюу 5 сарын дараа шүүхэд хандсан. Нэхэмжлэгч 2022.12.26-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир энэ хугацааг орлого олох байсан хугацаа-нд оруулах үндэслэлгүй, энэ хугацаагаар нэхэмжлэлийн хэмжээ нэмэгдсэн нь хариуцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Түүнчлэн 36 сарын тэтгэмжээс хадгаламж үүсгэх байсныг нотлох баримт байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагч *******өөс 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,395,522 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 181,279 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхээс ...хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн тэтгэмжийн мөнгийг тухайн үед нь бүрэн буюу 160,380,000 (97,200,000+63,180,000) төгрөгийг олгосон байсан бол нэхэмжлэгч ******* нь мөнгөө банкинд хадгалуулж, хүүгийн орлого олох боломжтой байсан гэж үзэх ба энэхүү олох байсан орлого нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирлын бүрэлдэхүүнд хамаарч байна. Тодруулбал, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн тэтгэмжийн мөнгийг дутуу олгосон үйлдэлдээ гэм буруутай болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.22-ны өдрийн 883 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.29-ний өдрийн 144 дүгээр магадлалаар нэгэнт тогтоогдсон, энэхүү буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ******* нь 40,000,000 төгрөгөө банкинд хадгалж 7,000,000 төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдаж хохирсон гэж үзэхээр байх ба үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул хариуцагч ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хохирлыг нэхэмжлэгч *******т хариуцан төлөх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Учир нь *******ийн даргын 2022.07.21-ний өдрийн 165 дугаар тушаалаар *******т нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөгийг олгосон. ******* нь үүнээс хойш анх 2022.12.26-ны өдөр буюу 5 сарын дараа шүүхэд хандсан, тус өдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир энэ хугацааг орлого олох байсан хугацаа-д оруулах үндэслэлгүй, энэ хугацаагаар нэхэмжлэлийн хэмжээ нэмэгдсэн нь хариуцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байна.

4.2.Түүнчлэн анхан шатны шүүхээс хариуцагч *******ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ******* нь хувийн сууц, газар худалдан авахад зориулж 21,130,000 төгрөгийн болон нэмэлт 14 удаагийн тэтгэврийн зээл авч, хүүд 3,395,522 төгрөг төлж хохирсон гэж үзэх үндэслэлгүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэсэг буюу 7,000,000 төгрөгийн хэмжээнд давж заалдах гомдол гаргасан байна. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Захиргааны байгууллага буюу ******* хуулийг зөв тайлбарлаж хэрэглээд намайг тэтгэвэрт гарахад 97,000,000 төгрөг олгохдоо 63,000,000 төгрөгийг хамт олгосон бол надад санхүүгийн эрсдэл үүсэхгүй байсан. Энэ дүнгээр тооцоолоод байшин авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулаад мөнгөө шилжүүлээд, дутсан тул 21,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан. Мөн хэрэв хариуцагч нь хугацаандаа тэтгэмжийг олгосон бол мөнгийг хадгаламжинд хадгалж 7,000,000 төгрөгийн орлого олох боломжоо алдсан гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо тэтгэвэр авдаг ******* банк ХК-ийн нийтэд илэрхий ердийн хадгаламж жилийн 10,4 хувийн хүүгээр тооцсон бөгөөд 40,000,000 төгрөгийг хадгалуулсан бол 7,315,000 төгрөгийн хүү авах байсан учраас тэгшитгээд 7,000,000 төгрөгийг олох байсан орлогоор нэхэмжилсэн гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хохирол 10,395,522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... өндөр насны тэтгэвэрт гарах үед ******* хуульд заасан 36 сарын тэтгэмжийг дутуу олгосны улмаас 21,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч, 3,395,522 төгрөгийн хүү төлсөн, мөн 40,000,000 төгрөгийг банкинд хадгалуулсан бол 7,000,000 төгрөгийн хүүгийн орлого олох байсан тул эдгээр хохирлыг шаардах эрхтэй гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарснаас хойш 8 сарын дараа зээл авсан, мөн хувийн сууц авахад мөнгө дутаж тэтгэврийн зээл авсан үйлдэлд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй, түүнчлэн 5 сарын дараа шүүхэд хандсан хугацааг орлого олох байсан хугацаанд оруулах үндэслэлгүй, тэтгэмжийн мөнгөнөөс хадгаламж үүсгэх байсныг нотлох баримтгүй гэсэн үндэслэл заан татгалзжээ.

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.07.05-ны өдрийн 133 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

4.2.Улмаар *******ийн даргын 2022.07.21-ний өдрийн 165 дугаар тушаалаар *******т нэг удаагийн тэтгэмжид 97,200,000 төгрөг олгосон байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.22-ны өдрийн 128/ШШ2023/0883 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.29-ний өдрийн 221/МА2024/0144 дугаар магадлалаар *******өөс тэтгэмжийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгийг *******т олгохыг *******д даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт ******* нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан шүүгчийн сарын дундаж цалингийн хэмжээг дан ганц албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцож, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй нь шүүгчээр ажиллаж байсан *******ийн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар баталгаажсан нийгмийн баталгааг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гаргасан, нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа *******ийн эс үйлдэхүй нь хууль бус гэж дүгнэжээ.

4.3.Хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн 2024.04.17-ны өдөр 63,180,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд гэм хорыг арилгах нийтлэг зохицуулалтын хүрээнд гэм хорыг арилгах хэмжээ нь учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлого байхаар мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан.

5.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчид тэтгэмж 160,380,000 төгрөгийг бүрэн олгоогүй хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүй, мөн нэхэмжлэгч тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг банкны хугацаатай хадгаламжид байршуулж хүүгийн орлого олох боломжоо алдсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирлыг тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг банкны хугацаатай хадгаламжид байршуулж хүүгийн орлого олох боломжоо алдсан гэж тодорхойлсон нь дээрх зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

5.2.Түүнчлэн нэхэмжлэгчид анх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн 2022.07.21-ний өдрөөс хойш хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж тэтгэмжийн зөрүү олгогдсон 2024.04.16-ны өдрийг хүртэл хугацаанд хохирол тооцогдох үндэслэлтэй, мөн ******* банк ХК-ийн хугацаатай хадгаламжийн жилийн хүүний хэмжээ 10.5% болох нь шүүхийн хийсэн үзлэгээр нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.

Иймээс хариуцагч нь нэхэмжлэгч тушаал гарснаас хойш анх 2022.12.26-ны өдөр буюу 5 сарын дараа шүүхэд хандсан учир энэ хугацааг орлого олох байсан хугацаанд оруулах үндэслэлгүй, энэ хугацаагаар нэхэмжлэлийн хэмжээ нэмэгдсэн, хариуцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

5.3.Нэхэмжлэгч нь зээлийн хүүд төлсөн 3,395,522 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх диспозитив зарчмын дагуу энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

5.4.Харин шүүх төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах талаар зохицуулсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий үндэслэлийг зохицуулсан бол мөн хуулийн 498 дугаар зүйлд гэм хор учруулснаас үүсэх тусгай төрлийг зохицуулсан байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар тухайлсан төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдсон байх учиртай. Харин хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл нийтийн эрх зүйн байгууллага болох *******ийн эс үйлдэхүй хууль бус болохыг захиргааны хэргийн шүүх тогтоосон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн анхан шатны шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа олох байсан орлого нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирлын бүрэлдэхүүнд хамаарах талаар дүгнэсэн нь буруу. Учир нь, нэхэмжлэгч нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх хохирлыг шаардсан. Гэтэл шүүх үүргийн эрх зүйн харилцаанаас үүсэх буюу үүрэг гүйцэтгэгч нь амалсан үүргээ гүйцэтгээгүйн төлөө хүлээх хариуцлагад хамаарах хохирлыг нөхөн төлөх зохицуулалтыг хэрэглэсэн байгааг залруулна.

6.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04501 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД   Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 Д.ЗОЛЗАЯА