| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03432/И |
| Дугаар | 210/МА2025/00132 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00132
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/05160 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00422 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 94,728,311 төгрөгийг гаргуулж ******* банкинд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэгч нь *******гийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны ******* тоотод байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаар тогтоолоор хурааж авсан. Уг тогтоолыг үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг зөрчиж, хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулаагүй. Гэрчүүдэд эрх, үүргийг тайлбарласан тухай тэмдэглэлд тусгагдаагүй. ******* болон ******* нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан мэтээр тогтоол үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00422 дугаар захирамжаар *******, *******нараас 94,728,311 төгрөгийг гаргуулж ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, шинжээч томилон үнэлгээ гаргуулж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 101,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаар тогтоолоор орон сууцыг хураах ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулсан ба шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, тэмдэглэлд гарын үсэг зуруулсан байна. Эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээшийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчин хураах тогтоол үйлдсэн. Учир нь шийдвэр гүйцэтгэгч нь *******, ******* нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэж хураах тогтоол үйлдэж, тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан байна. Шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн 2 гэрч оролцуулсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.5 дахь заалтыг хэрэгжүүлэх байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд эрх үүрэг тайлбарласан, санал хүсэлт гаргасан нэг ч баримт үйлдээгүй, гэрч оролцуулаагүй гэдгийг давхар нотолж байна. Шүүх хуралд *******, ******* нар гэрчээр оролцсон ба дээрх гэрчүүд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл шүүх үндэслэх хэсэгтээ гарын үсэг зурсан байх тул хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэгт зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
Шийдвэр гүйцэтгэгчээс тухайн шүүхийн шийдвэрт заасан хаягаар очиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан талаар шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлд дурдсан. Уг ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, тухайн тэмдэглэл болон хураасан тогтоолд гарын үсэг зуруулсан. Иймд хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.
3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00422 дугаар захирамжаар *******, ******* нар 94,728,311 төгрөгийг ******* банк ХК-д хуваарийн дагуу төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
4.******* нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2022/06891 дугаар захирамж, 102/ГХ2020/00529 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн явуулжээ.
4.1.Барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байрны ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хураасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4.2.Түүнчлэн шинжээч *******ХХК-аас орон сууцыг 108,153,800 төгрөгөөр үнэлсэн боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01322 дугаар шийдвэрээр хариуцагч байгууллагын шинжээч томилсон ажиллагааг хуульд нийцээгүй гэж дүгнэж, уг үнэлгээг хүчингүй болгожээ.
4.3.Үүний дараа шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаар тогтоолоор орон сууцыг хураан авах ажиллагааг явуулжээ.
Уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч *******, ******* нарыг оролцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, тэмдэглэл, гэрч *******, ******* нарын мэдүүлгээр тогтоогдсон байх ба анхан шатны шүүх тус ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж зөв дүгнэсэн. Шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
5.Үүнээс гадна нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07/20250483 дугаар тогтоол, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 9-1/1368 дугаар албан бичгийг үндэслэн шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх ба тэрээр маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаар тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор гомдол гаргаагүй, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
6.Иймд хариуцагч *******т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
7.Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураан авах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д тодорхойлсон иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний нэг төрөл бөгөөд талууд уг ажиллагааг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, шүүхэд тус тус гомдол гаргах эрхтэй талаар мөн хуулийн 44.3, 44.4 дэх хэсэгт зохицуулсан. Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон дээрх зохицуулалтыг тусгах нь оновчтой тул төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах үндэслэл, журамд хамаарах тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг баримталсныг залруулж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/05160 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...54 дүгээр зүйлийн 54.1... гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА